ФОТО: Богд уулын арын шинэ замыг албан ёсоор нээлээ
"Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр 2012 оны 6 дугаар сарын 25-наас 2014 оны 9 дүгээр сарын 01-ний хооронд гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын барилгын ажлыг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Замын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын Дэд дарга Ч.Сайнбилэг, нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж нар оролцлоо.
Н.Алтанхуяг: Иргэд минь хурдаа тохируулж яваарай.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Хотын төвийн түгжрэлийг 30-аас багагүй хувиар бууруулах, иргэдийн цаг, мөнгийг ихээхэн хэмнэх, аялал жуулчлалын улиралд зочид гийчдийг түгжрэлгүй зорчуулах шинэ замыг Хөгжлийн банктай хийсэн гэрээний дагуу “ЭСТО” компани гүйцэтгэж, “Монконсалт” компани хяналт тавьж ажилласан юм. Авто замын засвар арчилгааг гүйцэтгэгч компани гурван жилийн хугацаанд бүрэн хариуцаж, Нийслэлийн Автозамын газарт шилжүүлнэ.
Нийслэлийн хамгийн олон эргэлттэй, өндөр далантай, өвөлдөө хальтиргаа үүсч болзошгүй уулын зам учраас цаашид замын арчилгаа, аюулгүй байдалд анхаарал тавих шаардлагатайг Засгийн газрын тэргүүн холбогдох газруудад анхааруулж байна. Харин иргэд минь хурдаа тохируулж яваарай" хэмээн уриаллаа.
Тус авто зам нь Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл 17.6 км үргэлжлэх бөгөөд 8 м өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7 у/м хүчитгэсэн төмөрбетон гүүр, 19 у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу Зайсан орчимд 1.2 км хэсэгт гэрэлтүүлэгтэй, огцом эргэлтүүд ихтэй учир 6 760 м замд аюулгүйн туузан хашилттай ажээ.
Гэрэл зургийг \Mpa.mn\
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
