10.00 цаг
Шударга ёс эвсэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд буюу "давхар дээл"-ийн тухай хэлэлцэх асуудлаас тав хоногийн хугацаатай завсарлага авлаа. Ингэснээр өнөөдөр энэхүү асуудлыг хэлэлцэх боломжгүй боллоо.
УИХ-ын нэгдсэн чуулган яг одоо “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
09.30 цаг
"ДАВХАР ДЭЭЛ"-тэй гишүүдийн үүдэнд хэн БИЧИГ НААВ?
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх буюу "давхар дээл"-ийн тухай асуудлыг хэлэлцэнэ.Үүнтэй холбоотойгоор МАН-аас тайван жагсаалыг зохион байгуулж байна.
УИХ-ын нэгдсэн чуулган яг одоо хуралдаж байна. Чуулганы хэлэлцэх асуудлын хуваарьт "давхар дээл"-ийн тухай хуулийг ХОЁРТ тусгажээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг сайд нарыг оролцохгүй байхыг МАН-аас уриалаад байгаа.
Өнөөдөр "давхар дээл"-тэй гишүүдийн өрөөний үүдэнд дараах бичгийг наасан байна. Уг бичгийг чухам хэн хэвлэж наасан нь одоогоор тодорхойгүй байна.
Тэдний үүдэнд наасан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД ТАНАА
Хуулийг сахиж Үлгэрлэх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн БИ: ............................
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж заасны дагуу дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр санал хураалтад оролцохгүй болохоо илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд: Н.Алтанхуяг
УИХ-ын гишүүн, Шадар сайд: Д.Тэрбишдагва
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн: Х.Тэмүүжин
Ч.Улаан
Л.Болд
С.Оюун
Н.Батбаяр
Ч.Сайханбилэг
Д.Бат-Эрдэнэ
Х.Баттулга
Ц.Баярсайхан
Д.Ганхуяг
Ц.Оюунгэрэл
Я.Санжмятав
М.Сономпил
Л.Гантөмөр
С.Эрдэнэ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!