Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: 2017 оноос эхтэй Дарханы замыг засч шинэчлэх ажил дуусаагүй л явна

З.Санжаа, iKon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN

Улаанбаатар-Дархан авто замын ажлын гүйцэтгэл, 2020.08.01-ний байдлаар

 

 

Төдийгөөс өдийг хүртэл

Анхны мэдэгдэл

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн "мэргэжлийн" гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Зам тээврийн сайдаар томилогдсон Д.Ганбат 2017.01.27 -ны өдөр УБ-Дарханы замд МХЕГ, Замын цагдаагийн газрын төлөөллийн хамт ажиллав.

Стандартын шаардлага хангахгүй байгаа уг замыг 4 эгнээтэй, 1-р зэрэглэлийн, цемент бетон хийцийн өндөр чанартай зам болгож шинэчлэнэ гэж мэдэгдэв.

Замын ажлыг хавар эхлүүлнэ гэв.

2017.01.27
Шав тавьлаа

Цемент бетон хамтуу хучилттай болгох замын ажлыг эхлүүлж нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулав. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Э.Жавхлан, Зам тээврийн сайд Д.Ганбат болон төслийг хамтран хэрэгжүүлэгч БНХАУ-ын талын төлөөллүүд оролцов.

Төслийг концессоор хэрэгжүүлж 2018 онд бүрэн ашиглалтанд оруулна гэв. 

2017.06.21
Засаг унав

Эрх баригч МАН дотроо хагаралдаж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулав.

2017.09.07
Хүчингүй болгов

Шинээр бүрдсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хуралдаж Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов.

Концессор зам барих нь төсөвт дарамт болж байна, хөнгөлттэй зээл олж зам тавина гэв. 

2018.03.07
Зээл олдов

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл Дарханы замыг шинэчлэх ажлын хүрээнд 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг батлав. Үүний 58.5 сая нь хөнгөлөлттэй зээл 1.5 сая нь буцалтгүй тусламж.

2018.07.03
Шинэ сайдын шинэ мэдэгдэл

Зам тээврийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ дарханы замыг бүрэн шинэчлэхгүй хааш хааш нь 1 метр сунгана, УБ-Дархан хүртлэх замын суурийг хүчитгэнэ, цаашаа Сэлэнгэ хүртлэх замын өнгөн хучилтыг нь сайжруулах ажил хийнэ, 2019 оны хавар замын ажил эхэлнэ гэж мэдэгдэв.

2018.07.05
Дахиад нэг хүсэлт

Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төлөөлөлтэй уулзаж Дарханы замын ажилд нэмэлт санхүүжилт шаардлагатай байгааг хүсэв.

2015 онд хийгдсэн зургаар тус замын өргөнийг хэвээр нь, зузааныг 5 см-ээр баталсан нь замын ачааллыг тооцоогүй, тухайн үеийн хүмүүсийн сэтгэл дутсан буруутай ажиллагаанаас болж өнөөдөр энэ зургаар хөрөнгө нь батлагдсанд харамсаж байна. Тиймээс шинэ зургийн дагуу хөрөнгө санхүүжилтийг шийдэхэд дэмжиж өгөөч, 2019 оны хавар гэхэд барилгын ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэв.

2018.08.06
Ерөөсөө 4 эгнээтэй болгоё

Засаг хуралдаж Дарханы замыг 2 урсгал 4 эгнээтэйгээр шинээр барих шийд гаргав. Төсөлд нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. АХБ-ны хөнгөлттэй зээл + бусад эх үүсвэрээр шийднэ гэж мэдэгдэв.

2018.09.05
Сайд огцров

УИХ-ын чуулган хуралдаж Зам тээврийн сайдыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөв. Яамны байранд гарсан хүн амины хэрэгтэй холбоотойгоор...

2018.10.04
Сайд томилогдов

Ажлаа өгсөн сайдын орыг Я.Содбаатар залгав.

2018.10.05
Сайд огцров

Я.Содбаатар Зам тээврийн сайдаас огцрох хүсэлтээ ЕС-д өгөв. ЖДҮХС-гаас түүний хамаарал бүхий компани 2 жил дараалан зээл авсан нь тодорхой болсонтой холбоотойгоор...

2018.12.03
Сайд томилогдов

Зам тээврийн сайдаар Б.Энх-Амгалан томилогдов. Азаар дахиж сайд солигдсонгүй.

2019.02.02
Зээл олдов

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) Улаанбаатар-Дарханы замын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэхэд хамтарч ажиллана гэв.

- Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр УБ-Дархан-Сүхбаатар чиглэлийн одоо байгаа 2 эгнээ замыг бүрэн шинэчилнэ.

- ЕСБХБ-ны санхүүжилтээр шинээр УБ-Дархан чиглэлд 2 эгнээ нэмж барихаар тохирсон гэв.

2019.02.26
Зам хаах шийдвэр

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг 2019 оны 4 сарын 25-аас 11 сарын 25-ны өдрийг хүртэл хаах шийдвэр гаргав.

2019.03.15
Сангийн сайдын мэдэгдэл

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дарханы замыг 120 сая доллараар 4 эгнээтэй болгоно гэв. Ингэхдээ ЕСБХБ-тай нийт 300 хүртэл сая ам.долларыг 10-18 жилийн хугацаатай, эхний гурван жил үндсэн төлбөрөөс хөнгөлөх, үлдсэн хугацаанд тохирсон хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгөөр авах боломж бүрдэж байгаа бөгөөд 120 сая долларыг нь Дарханы замд хөрөнгө оруулна гэж мэдэгдэв.

 
2019.03.19
2019 онд дуусгана

Зам тээврийн сайд мэдээлэл хийхдээ: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх эхний хоёр эгнээ зам засварын ажлын тендер тавдугаар сарын 2-нд нээгдэнэ. Ингэснээр тус замыг 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар тооцож байна. 

Харин нөгөө хоёр эгнээ нь шинээр баригдах тул 2020 онд багтаж дуусна гэсэн тооцоотой байна.Зам шинэчлэхтэй холбоотой газар чөлөөлөхөд 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газар бас шийдсэн гэв. 

2019.04.10
10 хоногт түр зам тавь

Улаанбаатараас Дархан хүртлэх түр замыг 10 хоногт багтааж барь гэж үүрэг өгөв.

2019.05.28
Гүйцэтгэгчийг сонгож шалгаруулж гэрээ байгуулав

Азийн хөгжлийн банк замын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулав. Ингэхдээ УБ-Дархан чиглэлийн 204 км замыг 5 хэсэгт хувааж тус бүрт нь компаниудтай гэрээ байгуулсан байна. Үүнд:

Багц 1, Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам, БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Реүд энд Бридж компани /$13.1 сая/
Багц 2, Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто эам, БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп /$13.8 сая/
Багц 3, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам, БНХАУ-ын Гуйжоу Хайвэй Инженеринг групп /$14.5 сая/
Багц 4, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам, БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп /$11.7 сая/
Багц 5, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам, БНХАУ-ын Чайна Жео- Инженеринг Корпораци /$9.8 сая/

2019.06.12
Ажил эхлэв

Зам барилгын ажил албан ёсоор эхэлж Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн ажиллагаанд морилов. 2019.11.01 гэхэд одоо байгаа хоёр эгнээ замыг шинэчлэн ашиглалтад оруулна. Харин 4 эгнээ замыг 2020.07.11 гэхэд ашиглалтанд оруулна гэв.

2019.06.17
Өдөр шөнөгүй ажиллаж байна

Салбарын сайд Б.Энх-Амгалан замчид Дарханы замыг ашиглалтад оруулахаар өдөр, шөнөгүй ажиллаж байна гэв.

 
2019.08.07
Ажил удаашрав

Салбарын сайд ажил гүйцэтгэгч нартай уулзалт хийв.
Дарханы замд 5 тусдаа хэсэгт ажил гүйцэтгэж байгаагаас 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгч ажлаа эрчимжүүлэх, шаардлага биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаас гадна, торгууль ногдуулна гэдгийг сануулав. Харин 1, 3, 5 дугаар багцын гүйцэтгэгч компаниуд хоёр ээлж гарган, 24 цагаар ажиллаж байгаа ч бороо хур ихтэй цаг агаарын байдлаас шалтгаалж 18 хоногийн хоцрогдолтой ажиллаж байна гэв.

 
2019.08.29
Дарханыхан дугарав

Дарханы замын зарим хэсгийг өнөөдрийг хүртэл хуулаагүй хэр нь сайд нь "Дарханы зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно" гэж хэлээд байж байна. Замын нөхцөл байдал орон нутагт амьдардаг иргэдэд ямар хохирол учруулж, тэдний амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг Ерөнхий сайд болон бусад холбогдох албаныхан ирж үзээрэй хэмээн урилаа.

2019.09.24
Дарханы замыг нээнэ

...хэлтсийн дарга мэдэгдэхдээ: Ямар ч байсан 11 сарын 1-н гэхэд замыг нээнэ. Зарим газар хуучин замаа одоо хүртэл хуулаагүй байна. Харин хуулсан хэсэг газруудаа яаралтай хучиж хөдөлгөөнийг нээнэ гэв.

2019.10.03
$120 сая -->> $137 сая болов

Засаг хуралдаж Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгох болов. 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх аж.

2019.03.19 нд сангийн сайд $120 саяар зам шинэчилнэ гэж мэдэгдэж байв.

2019.11.19
Дарханы замын гэрээг цуцлахыг хойшлуулав

Сангийн болон зам тээврийн сайд нар АХБ-ны төлөөлөлтэй уулзаж дарханы замын 2 олон 4 дүгээр багц ажлыг гүйцэтгэж байгаа газартай байгуулсан гэрээгээ цуцлахыг АХБ-д удаа дараа тавьж шаардаж бгаа боловч АХБ шийдэж өгөхгүй байгааг дахин сануулав.
Хариуд нь АХБ: Гэрээг цуцлахад гарч болох хүндрэл, цаг хугацаа алдах нөхцөл байдлыг тайлбарлаад гэрээ цуцлах тохиолдолд гүйцэтгэгч байгууллагаас гомдол гаргах, төслийн санхүүжилт татагдах, дараагийн гүйцэтгэгч шалгарах хүртэл хугацаа алдах эрсдэлтэй болохыг анхааруулж гэрээ цуцлахыг хойшлуулав.

Дарханы замын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээнүүдийг АХБ-ны Филиппин улсын Манила хот дахь төв оффист шийдвэрлэдэг байсан бол энэ оны 2 дугаар сараас АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шилжин ирж, мэргэжлийн инженер газар дээр нь ажиллах болсныг дуулгав. Ингэснээр аливаа асуудал, нөхцөл байдлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэх давуу талтайг онцоллоо.

2020.01.10
Хятад ажилчид авчирна

Б.Энх-Амгалан: Дарханы замын ажилд оролцох 105 хятад иргэнийг Ням гарагт чартер нислэгээр авчирна гэв.
Хожим нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хойшлуулав. (корона вирустэй холбоотойгоор)

2020.03.20
Ажил хагас хугас эхлэв

Дарханы замын 2 болон 4-р багц дээр тендерт ялсан компани Монголд төлөөлөгчийн газаргүй учраас ажлаа эхлүүлж чадахгүй, энд ажиллуулах менежер хайж байгаа. Мөн наашаа зарим тоног төхөөрөмж явуулсан нь хил дээр гацчихаад байгаа гэв. Харин 1,3,5 багцын ажил эхлэв.

 
2020.04.06
Сонгууль болж сайд солигдов

УИХ-ын ээлжит сонгууль явагдаж эрх баригч нам дахин ялалт байгуулсан ч засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Зам тээврийн сайдаар Л.Халтар томилогдов.

2020.06.24
Хятад ажилчид ирэв

Дарханы замын 1,3,5 багцад ажиллах 26 гадаад ажилтныг холбогдох журмын дагуу Монгол Улсад оруулж ирэн барилгын ажлын талбайд ажиглан тусгаарлаж, 2020.07.29-ний өдөр тусгаарлалтаас гарган ажилд нь оруулсан байна.

Үүнээс хойш 2 ээлжээр хятад ажилчид оруулж ирэв. 

 
2020.07.09
Салбарын сайд ажлын явцын талаар мэдээлэл өгөв

Ажил эхэлснээс /2019.06.19/ хойш өнөөг хүртэл дараах гүйцэтгэлтэй байна. Үүнд:

1-р багц: 53.13%
2-р багц: 9.49%
3-р багц: 42.91%
4-р багц: 5.3%
5-р багц: 38.19%

1-р багцын 37.26 км, 3-р багцын 45.74 км, 5-р багцын 30.53 км нийт 113.53 км авто замын хучилтын ажлыг 10 дугаар сард багтаан дуусгаж, 11 дүгээр сард холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, 12 дугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөн ажиллаж байна. 
Харин 2 болон 4-р багцын 91 км замын ажил 2020 онд дуусах боломжгүй болсон гэв. 

2020 онд 2, 4-р багц хэсэгт нэг ажил хийгдсэнгүй...

2020.08.06