Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Timeline: Монголд бүртгэгдсэн шинэ коронавирусийн СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛУУД

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

ДЭМБ-аас 2020 оны нэгдүгээр сарын 3-наас БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгдсэнийг мэдээлсэн бол 9-ний өдөр хатгалгаа өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус болохыг зарласан юм.

Энэ өдрөөс эхлэн манай улс урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээж эхэлсэн бөгөөд олон нийтийн сүлжээгээр баталгаагүй мэдээлэл гарч байгаа тул ЭМЯ нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн өдөр бүр албан ёсны мэдээлэл өгнө гэдгээ мэдэгдэв.

Таван удаагийн эрсдлийн үнэлгээгээр ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ хэмээх дүгнэлт гарсан манай улсад одоогоор шинэ коронавирус буюу COVID-19 халдвар бүртгэгдээгүй байгаа юм.

Нэгдүгээр сарын 9-нд анхны сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бүртгэгдсэн сэжигтэй тохиодлуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Гуравдугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Мөн анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр/2020.03.30/ мэдээлэв.

2020.03.29

Гуравдугаар сарын 28-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Харин Монгол Улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ээс зарлав.

12 дахь тохиолдол нь Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр илэрсэн юм.

2020.03.28

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарынг 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарсан.

Тусгаарлалтад байгаа ХӨСҮТ-д тав, Увс аймагт хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэд дөрөв зэрэг нийт 32 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй" хэмээн 29-ний өдөр мэдээлэв.

2020.03.27

Гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр гээд нийт зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 221 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ" гэсэн мэдээллийг өчигдөр/2020.03.26/ өгөв.

Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ.

Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 10 тохиолдол:

  •     Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  •     Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  •     Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  •     Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  •     Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
2020.03.26

2020 оны гуравдугаар сарын 25-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй.

 

2020.03.25

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгалгаатай хүмүүст коронавирус байна уу гэж эрэн хайж, тандан хянаж байгаа юм. Мөн Монгол Улсад коронавирусийн халдвар байна уу гэдгийг баталгаажуулж байгаа гэсэн үг.

Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт тусгаарлагдсан нэг, нийт гурван хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй" гэдгийг 25-ны өдөр мэдээлэв.

2020.03.23

Гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Мөн "Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоогоор 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна" хэмээн ХӨСҮТ-өөс өнөөдөр/2020.03.24/ мэдээллээ.

2020.03.22

Гуравдугаар 21-нд ХӨСҮТ болон бусад аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв.

2020.03.21

Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.

Түүнчлэн гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ үндсэндээ хийгдэж дуусаад 21-ний өдрийн 11:00 цагийн байдлаар 153 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн.

Энэ онгоцонд ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч байсан. Өмнө нь ойрын хавьтал болох 89 хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг мэдээлээд байв.

2020.03.20

"Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй.

Харин 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн 10 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна" хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 21-ний өдөр мэдээлсэн.

2020.03.19

Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 20-ны өдөр мэдээлэв.

Мөн 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй.

2020.03.18

Гуравдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Харин 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг сэжигтэй тохиолдолд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан нь дахин лабораторийн шинжилгээгээр батлагдсаныг өнөөдөр/2020.03.19/ мэдээлэв. Ингээд COVID-19 халдварын нийт зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

2020.03.17

Гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй.

2020.03.16

Гуравдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу тус бүр сөрөг гарч, коронавирус илрээгүй.

 

2020.03.15

Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн "Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Энэ бол маш сайн мэдээ" хэмээн өнөөдөр/2020.03.16/ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцлон мэдээлэв.

 

2020.03.14

Гуравдугаар сарын 13-нд хяналтад орсон хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

2020.03.13

Гуравдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлахад шинжилгээгээр COVID-19 халдвар илрээгүйг ХӨСҮТ-өөс 14-ний өдөр мэдээлсэн.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан 7, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүн гээд нийт 8 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлийн хүмүүсийн шинжилгээний хариу байлаа. Ингээд батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа.

Бид нийт 414 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авч ажиллалаа" хэмээн 14-ний өдөр мэдээлэл хийхдээ ярилаа.

2020.03.12

Гуравдугаар сарын 11-нд ХӨСҮТ-д тусгаарласан найман хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг өнөөдөр/2020.03.13/ мэдээлэв. Уг найман сэжигтэй тохиолдол нь франц иргэний хавьтал болсон иргэдээс тусдаа гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тодотгон хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар франц иргэний хавьтал 207 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэсэн хариу гараад байна. Гэсэн хэдий ч тэдгээр иргэдийг 14 хоног тусгаарлана гэдгийг мэдээлэв.

2020.03.11

Гуравдугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын "Бадрах Энержи" компанид тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарч шинэ коронавирус илэрснийг мэдээлж, тухайн иргэний хавьтал болсон иргэдийг тусгаарлав.

Тодруулбал, Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80 хавьтал нийт 123 хавьтлыг илрүүлэн тусгаарлаж, тандалт, судалгаа шинжилгээ, эмчийн үзлэг хийх ажлыг зохион байгуулж байгааг ХӨСҮТ-өөс 12-ны өдөр мэдээлэв.

2020.03.10

Гуравдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ээс 11-ний өдөр мэдээлсэн.

Мөн халдвартай болох нь тогтоогдсон франц иргэний хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээ хийх ажил тасралтгүй үргэжилж байгаа мэдээлэв.

2020.03.09
Манай улсад ажилладаг Франц улсын иргэнээс COVID-19 халдвар илэрлээ

Гуравдугаар сарын 7-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүйг 9-ний өдөр ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

Мөн энэ өдрийн орой Дорноговь аймагт эмчид хандсан Франц улсын иргэний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д илгээж шинжлүүлсэн байна. Ингээд шинжилгээний хариу 10-ны шөнийн 02:00 цагт гарсныг өнөө өглөө УОК-оос мэдээлэв. Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан тухайн иргэний шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарч, манай улсад ажилладаг Франц улсын иргэнээс COVID-19 халдвар илэрлээ.

2020.03.07

"Гуравдугаар сарын 6-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурван тохиолдол тусгаарлагдсан. Тэдгээр иргэдээс коронавирус илрээгүй. 6-ны өглөө онгоцоор ирсэн даруйд шинжилгээ хийгээд 24 цагийн дараа хариу нь гарсныг мэдээлж байна. 

ХӨСҮТ-д хоёр, Багабаянгийн амралтын газарт 12, Дархан-Уул гурав, Дорноговьд долоо, Өмнөговьд нэг нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа" хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 7-ны өдөр мэдээлэв.

2020.03.06

Гуравдугаар сарын 5-н шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдлыг тусгаарлаагүй хэмээн ХӨСҮТ-ийн захирад Д.Нямхүү мэдээлсэн.

2020.03.05

Гуравдугаар сарын 4-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын хариу сөрөг буюу коронавирус илрээгүйг ХӨСҮТ-өөс өнөөдөр/2020.03.06/ мэдээлэв.

2020.03.04

Гуравдугаар сарын 3-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв.

Мөн тэрбээр "Сэжигтэй тохиолдлыг шинжилж, ажиглалтад авахаас гадна уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрэгчдээс санамсаргүй түүврээр 60 хүнийг сонгон авч, шинэ коронавирусийн халдвар байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийхэд COVID-19 халдвар илрээгүй. Энэ бол баталгаажуулах тандалт судалгаа юм" гэдгийг хэллээ.

2020.03.03

Гуравдугаар сарын 2-нд "ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад шинжилгээ хийж байна. Мөн Сэлэнгэ аймагт нэг, Баянбаян сувилалд 78, Дархан-Уул аймагт 21 хүнийг, нийт 100 хүнийг ажиглалтад аваад байгаа" хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн. Тусгаарласан иргэдийн шинжилгээний хариу гарсан эсэх талаар мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-ээс өнөөдөр/2020.03.04/ ээлжит хэвлэлийн хурлын үеэр өгсөнгүй.

2020.03.02

Гуравдугаар сарын 1-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурав, нийт таван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан талаар мэдээллийг 3-ны өдөр өглөө.

2020.03.01

Хоёрдугаар сарын 29-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарласан ес, нийт 11 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гуравдугаар сарын 2-ны өдөр мэдээлэв.

2020.02.29

Хоёрдугаар сарын 28-нд тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдолд шинэ коронавирус илрээгүйг гуравдугаар сарын 1-ний өдөр мэдээлсэн.

 

2020.02.28

Хоёрдугаар сарын 27-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, Дорнод аймагт тусгаарлагдсан нэг тохиолдол буюу нийт таван тохиолдлын шинжилгээнээс шинэ коронавирус илрээгүй.

2020.02.27

Хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт тусгаарласан нэг нийт дөрвөн сэжигтэй тохиолдлоос COVID-19 халдвар илрээгүй.

2020.02.26
БНСУ-д зорчоод эргэн ирж, ажиглалтад орсон 51 хүний шинжилгээний хариу сөрөг гарав

Хоёрдугаар сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт хоёр, Төв аймгийн Цээл суманд нэг, Орхон аймагт нэг, Баян-Өлгий аймагт нэг буюу нийт таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Түүнчлэн БНСУ-д зорчоод ирсэн иргэдийг ажиглалтад авсан. Тодруулбал,

  • ХӨСҮТ-д зургаа,
  • Асралт мед эмнэлэгт 37 хүн,
  • аймгуудад 10,

Мөн Улаанбаатар хотод гэрт нь найман иргэнийг тусгаарлан ажиглалтад оруулсан бөгөөд шинжилгээний хариу гарсан талаар өнөөдөр/2020.02.27-нд/ мэдээлэв.

"Багануур дүүрэгт хоёр, Орхон, Баян-Өлгий, Төв аймгийн Цээл суманд тусгаарлагдсан тус бүр нэг тохиолдол буюу нийт таван хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй.

БНСУ-д зорчоод эргэн ирж, ажиглалтад орсон 51 хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй" гэдгийг  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлсэн юм.

 

2020.02.25

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн Орхон аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 26-ны өдөр мэдээлэв.

Энэ сарын 22-нд БНСУ-аас ирсэн эмэгтэй хоолой өвдсөн шалтгаанаар өөрөө эмнэлэгт хандсан байна. Тиймээс бид урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлаж шинжилгээ хийхэд, хариу сөрөг буюу халдваргүй гарчээ.

 

2020.02.24
Тэгү хотоос ирсэн 17 иргэнийг тусгаарлав

Хоёрдугаар сарын 23-ны өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн долоон хүнээс гадна нэг нийт найман хүнийг ХӨСҮТ-д, 17 хүнийг Жаргалантын аман дахь ОБЕГ-ын сургалтын төвд тусгааарласан. Өвчний голомт болох Тэгү хотоос ирсэн 17 иргэнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаа ЭМЯ-наас мэдээлэв.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүнээс коронавирус илрээгүй болохыг 25-ны өдөр мэдээлсэн бөгөөд ОБЕГ-ын сургалтын төвд 17 монголын иргэн ажиглалтад байгаа. Бүгдэд нь илэрсэн зовуурь шаналгаа байхгүй гэдгийг ЭМЯ-наас мэдээлсэн.

2020.02.23

Хоёрдугаар сарын 22-нд ХӨСҮТ-д зургаан тохиолдол тусгаарлагдсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй болохыг 24-ний өдөр мэдээлсэн.

2020.02.22

Хоёрдугаар сарын 21-ний өдөр онгоцоор ирсэн хоёр хүнийг тусгаарласан. Тухайн хоёр хүний нэг нь Вьетнамд сурдаг оюутан бөгөөд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бол нөгөө нь Шанхайд сурдаг нэг оюутан Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн юм. Тус хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 23-ны өдөр мэдээлэв.

2020.02.21
Тэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарав

Хоёрдугаар сарын 20-ны өдөр БНСУ-ын Тэгү хотоос Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-ийн ажиглалтад авч, шинжилгээ авсан. Хариу сөрөг гарсан буюу Covid-19 илрээгүй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хоёрдугаар сарын 22-ны өдөр мэдээлэв.

2020.02.20

Хоёрдугаар сарын 19-нд ХӨСҮТ-д нэг, Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, лабораторийн шинжилгээ хийсэн. Хоёр шинжилгээний хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны хоёрдугаар сарын 21-ний ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

2020.02.19

Хоёрдугаар сарын 18-ны өдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдэгүйг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 19-нд мэдээлсэн.

2020.02.18

Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авсан бөгөөд таван хариу сөрөг буюу халдваргүй гарав.

 

2020.02.17

Хоёрдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсныг 18-нд ЭМЯ-наас мэдээлсэн.

2020.02.16

Хоёрдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д хоёр, Замын-Үүдэд нэг буюу нийт гурван тохиолдлыг тусгаарлан, үзлэг шинжилгээ хийв.

ЭМЯ-наас шинжилгээний хариуг 17-ны өдөр танилцуулж, сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй.

2020.02.15
Завхан аймагт бүртгэдсэн сэжигтэй тохиолдол нь долоон настай хүүхэд байлаа

Хоёрдугаар сарын 14-нд Завхан аймгийн Сонгино суманд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл өдрийн 12:18 цагт аймгийн Эрүүл мэндийн газарт иржээ. Сэжигтэй тохиолдол нь долоон настай хүүхэд байсан бөгөөд түүнийг аав, ээжийнх нь хамт тусгаарласан.

Энэ өдөр нийт таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсныг 16-ны өдөр ЭМЯ-наас мэдээлсэн юм.

2020.02.14
Баян-Өлгийд гарсан сэжигтэй тохиолдол ЭМЯ хэрхэн ажиллаж байгааг харуулав

Хоёрдугаар сарын 12-нд Дорнод аймагт нэг, ХӨСҮТ-д хоёр хүн тусгаарлагдсан. Эдгээр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсныг 13-ны өдөр мэдээлсэн бөгөөд олны анхаарлыг татсан Баян-Өлгий аймгийн сэжигтэй тохиолдлын сорьц 13-ны үүрээр 05:00 цагт ХӨСҮТ-д ирсэн байна.

Тухайн иргэн нэгдүгээр сарын 10-нд БНХАУ-ын Эрээн хот руу зорчсон. Эрээн хотоос цааш өөр газар руу 12-нд яваад хоёрдугаар сарын 2-нд эргэн Эрээн хотод ирсэн байна. Үүнийхээ дараа Бээжин яваад хоёрдугаар сарын 4-нд Эрээнд ирж, 5-нд 48 хүнтэй автобусаар хилээр гаран Замын-Үүдэд иржээ.

Замын-Үүдэд гурав, Улаанбаатарт 2 хонож, Улаанбаатар-Ховд чиглэлийн 40 хүнтэй автобусанд суун зорчсон бөгөөд уг автобус нь Булганы Сансар, Ховдын Дарви зэрэг суманд зогсон, зорчигчид хооллосон байна.

Түүнчлэн уг иргэн Ховдод хоёр хонож, зочид буудалд байрлан цааш Баян-Өлгий аймаг руу таксигаар 4 хүний хамт явсан. Гэртээ очсон хойноо буюу 12-ны өдөр халуурч, ханиалгасан, булчин өвдсөн гэх мэт шинж тэмдэгтэйгээр Нэгдсэн эмнэлэгтээ тусгаарлагдсан юм.

Ховд аймагт 2 хоног байх хугацаандаа түүний байрласан буудалд байсан 23 хүнийг шинжилгээний хариу гартал түр тусгаарласан.

Тухайн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг 14-ний өдөр ЭМЯ-наас мэдээлэв.

2020.02.12
109 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлалаа

Замын-Үүд боомтоор хоёрдугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй нэг зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн яаралтай арга хэмжээ авч, 109 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлав.

Сэжигтэй тохиолдлын хувьд БНХАУ-ын Сычуань мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ.

Ингээд сэжигтэй тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-ийн лабораторид шинжилж, хариу сөрөг буюу халдваргүй гарсан юм.

Мөн 11-нд Сүхбаатар аймагт тусгаарлагдсан хоёр, Замын-Үүдэд тусгаарлагдсан хоёр иргэний хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-ээс мэдээлэв.

2020.02.11

Хоёрдугаар сарын 9-нд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсныг ЭМЯ-наас 10-ны өдөр мэдээлсэн. Тухайн иргэнээс А хүрээний H3N2 вирус илэрсэн байна.

 

2020.02.09
Цагаан сарын бууз хийсэн иргэдийн нэгийг тусгаарлав

Хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах өгүүлэмжтэй байсан ба нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын-Үүд боомтоор дайрч иржээ. Тэрбээр 7-ны шөнө 10 гаруй хүнтэй хамт нэг гэрт Цагаан сарын бууз хийснийг ЭМЯ-наас мэдээлж байв.

Мөн энэ өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэнийг тусгаарласан.

Эдгээр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсныг хоёрдугаар сарын 10-нд мэдээлэв.

2020.02.08

Хоёрдугаар сарын 7-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүйг ХӨСҮТ-ээс мэдээлэв.

2020.02.07
Есөн тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарав

Хоёрдугаар сарын 6-ны өдөр зургаан сэжигтэй тохилдлыг ХӨСҮТ-д тусгаарласан бол Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарлаж, сорьцыг нь ХӨСҮТ-д ирүүлснийг шинжилж байгааг мэдээлсэн юм.

Есөн тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг 8-ны өдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ мэдэгдэв.

 

2020.02.06
Замын-Үүдээр хил нэвтэрч ирсэн иргэн өөрөө ХӨСҮТ-д хандан, тусгаарлагджээ

Хоёрдугаар сар 5-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тодруулбал, Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн манай улсын иргэн, мөн нэгдүгээр сарын 31-нд Замын-Үүд боомтоор галт тэргээр хил нэвтэрч орж ирсэн манай иргэнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн зовуурьтай байсан тул ХӨСҮТ-д хандаж ирснийг нь тусгаарласан хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв.

Тухайн өдрийн 17:00 цагийн байдлаар ХӨСҮТ-д долоон сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байв.

Эдгээр тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг 7-ны өдөр мэдээлсэн.

 

2020.02.05
Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлалаа
  • ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр 2020 оны хоёрдугаар сарын 3-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг гарсныг мэдээлэв.
  • Хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарласан бөгөөд уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон байв.
  • Мөн 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлагдан шинжилгээнд хамруулсан.

Эдгээр сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг 6-ны өдөр ЭМЯ-наас мэдээлсэн юм.

2020.02.04
Уханиас 32 иргэнээ авчрав

БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод сурч байсан Монголын 31 оюутан, бага насны нэг хүүхдийг авчрахаар явсан МИАТ-ийн тусгай үүргийн онгоц 10:20 цагийн орчимд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газарсан. 

Оюутнууд болон нисэх бүрэлдэхүүний 15 хүн гээд нийт 47 хүнийг тусгайлан бэлдсэн автобусаар ХӨСҮТ-д хүргэн тусгаарлав. Оюутнуудын шилжилгээний хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарсныг хоёрдугаар сарын 3-ны Даваа гарагт мэдээлсэн юм.

2020.02.01
"ХӨСҮТ-д 16 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна"

ХӨСҮТ-д нэгдүгээр сарын 31-ний байдлаар 12 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байсан бөгөөд тухайн өдрөө нэмж дөрвөн хүнийг тусгаарлав. Ингэснээр нийт 16 сэжигтэй тохиолдол байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн.

Энэ өдрийн орой БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод байгаа 31 оюутан, бага насны нэг хүүхдийг авчрах тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөв.

2020.01.31
Халдвар аваагүй нь тогтоогдов

Нэгдүгээр сарын 30-ны байдлаар 18 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байснаас зургаан хүний шинжилгээний хариу гарч, халдвар аваагүй нь тогтоогдон, эмнэлгээс гаргасан.

2020.01.30
Нэгдүгээр сарын 9-28-нд 50 сорьцод шилжилгээ хийжээ

ХӨСҮТ-ийн вируслогийн лаборатори шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор нэгдүгээр сарын 9-28-ны өдрийг дуусталх хугацаанд 50 сорьцод шилжилгээ хийгээд байгаагаа мэдээлсэн. Үүний 27 сорьцод томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн бол таван сорьцоос ямар нэгэн вирус илээргүй гэсэн юм.

Шинэ коронавирусийг оношлох оношлуурыг нэгдүгээр сарын 27-ны орой Япон улсаас хүлээж авсныг ЭМЯ-наас мэдээлсэн. ХӨСҮТ-ийн лаборатори 21 вирусийг илрүүлэх боломжтой бөгөөд шинэ коронавирусийн оношлуур ирэхээс өмнө сэжигтэй тохиолдлуудын сорьцыг шинжилж, 21 төрлийн вирусээс аль нэг нь илэрвэл шинэ коронавирусийн халдваргүй хэмээн тодорхойлж байсан юм. Харин шинэ коронавирусийн оношлуур ирснээр сорьцод халдвар байгаа эсэхийг шууд тогтоох боломжтой болов.

Нэгдүгээр сарын 29-ний өдөр дөрвөн сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлалаа.

 

2020.01.29
ЭМЯ ташаа мэдээлэл хийж, өдөрт нь залруулав
  • Нэгдүгээр сарын 28-ны өдрийн 13:48 цагт ЭМЯ-наас мэдээлэл хийж "Австрали улсад очсон монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн" хэмээн мэдэгдсэн юм. ГЭВЧ ЭНЭ МЭДЭЭЛЭЛ ТАШАА ГЭДГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ТУХАЙН ӨДРИЙНХӨӨ 16:00 ЦАГТ ДАХИН МЭДЭЭЛЭЛ ХИЙН ЗАЛРУУЛАВ.
  • "БНХАУ-ын Ухань хотод тэмцээнд оролцоод эх орондоо ирсэн хөлбөмбөгийн "Дэрэн" багийнхныг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу СӨРӨГ гарсан" гэдгийг мөн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.
  • Энэ өдрийн 17:45 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн онгоцонд халуунтай иргэд зорчиж байгаа гэх мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өгөв. Онгоцонд халуунтай, дотор нь эвгүйрхсэн гэх шинж тэмдэг илэрсэн зорчигчид байна гэх дуудлагын дагуу очиход зарим иргэний халуун онгоцноос буух үед буурсан байсан хэдий ч эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн учраас дөрвөн хүнийг тусгаарлаж, тэдний ойрын хавьтал болох дөрвөн хүн буюу нийт найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.
  • Мөн Бээжингээс ирсэн нэг хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийхэд иргэд шинэ коронавирусийн халдваргүй болох нь маргааш нь тогтоогдсоныг салбарын яамнаас мэдээлсэн.

Энэ өдөр ХӨСҮТ-д нийт 14 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, шинжилсэн байна.

 

2020.01.28
ХӨСҮТ болон гурван аймагт сэжигтэй тохиолдол гарлаа
  • Хонг Конгоос ирж байсан онгоцны нэг зорчигч өндөр халуунтай гэсэн мэдээллийг авсан ХӨСҮТ-ийн тандалтын багийнхан тухайн иргэнийг бусад 140 зорчигчоос тусгаарлах арга хэмжээ авсан.
  • Энэ өдрийн 08:10 цагт Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 14 настай охин уушгины хатгалгаа гэсэн оноштой хэвтсэн. Харамсалтай нь, үдээс хойш 16:50 цагт охин нас барсан бөгөөд Хэнтий аймгийн эмнэлэг охины цогцсоос сорьц авч, дээжийг ХӨСҮТ-д илгээн шинжлүүлсэн.
  • Мөн Архангай, Ховд аймагт тус тус нэг сэжигтэй тохиолдол гарсныг тусгаарлан шинжилсэн бөгөөд 28-ны өдөр тэдгээр шинжилгээний хариу гарч, шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон юм. ЭМЯ-ны зүгээс иргэдээс томуугийн А хүрээний вирус зонхилон илэрч байгааг мэдээлэв.
2020.02.27
Галт тэргээр ирсэн БНХАУ-ын иргэн шинэ коронавирусийн халдваргүй
  • Нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрээн-Улаанбаатарын автобусаар 6 настай, эмэгтэй хүүхэд халуурсан байдалтай хилээр нэвтэрч орж ирснийг ээжтэй нь хамт Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан. Тухайн хүүхдийн шинжилгээний хариу маргааш нь буюу нэгдүгээр сарын 24-нд гарсан бөгөөд хилээр буцаан гаргасан юм.  
  • Мөн 23-ны өдрийн 16:50 цагт Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигч(БНХАУ-ын иргэн, 23 настай эмэгтэй)-ийг ХӨСҮТ-д түр тусгаарласан. Шинжилгээний хариу маргааш нь гарч шинэ коронавирусийн халдвар илрээгүй болохыг ЭМЯ-наас мэдээлсэн.
2020.01.23
Зургаан сэжигтэй тохиолдлоос шинэ коронавирусийн халдвар илрээгүй

Нэгдүгээр сарын 10-22-ны хооронд БНХАУ, Хонг Конгоос онгоцоор ирсэн, халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан шинжилгээ авсан бөгөөд шинэ коронавирусийн халдвар илрээгүйг ЭМЯ-наас мэдээлэв.

2020.01.22
Шинэ коронавирусийн анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

БНХАУ-д бүртгэгдээд буй шинэ төрлийн коронавирусийн халдвартай байж болзошгүй иргэд Хонг Конгийн нислэгээр ирсэн гэх мэдээллийг МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодруулахад

"Энэ сарын 9-нд Хонг Конгоос 6 настай хүүхэд, 10-нд 20 настай иргэн онгоцонд халуурч ирсэн тул буумагц нь хилийн мэргэжлийн хяналт, ХӨСҮТ-ийнхэн хамтран ажиллаж, тусгаарласан бөгөөд коронавирусээр биш, өөр төрлийн эргэлтэд байгаа вирусээр халдварлаж, хоолой нь үрэвссэн болохыг тогтоосон" гэв.

2020.01.09
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.