Хэнтий аймгаас нэр дэвшиж УИХ-д суудал авсан Д.Гантулга гишүүнээсээ өнгөрсөн онд чөлөөлөгдсөн билээ. Тиймээс 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар УИХ баталсан юм.
Нөхөн сонгуулийн санал хураалт 2019 оны зургаадугаар сарын 30-ныНям гарагт явагдана.
Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд аймгийн төв болох Хэрлэн сум, Мөрөн, Жаргалтхаан гэсэн гурван сумд нийт 21 ажлын хэсэг гарч, санал хураалтын ажлыг 500 гаруй хүний тусламжтайгаар явуулах аж. Тус тойрогт 17,450 сонгуулийн насны иргэн бүртгэлтэй байгаа юм байна.
Ингээд 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн үйл ажиллагааны графиктай танилцана уу. /Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо/
Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.
Ээлжит бус, дахин, нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан байгууллага энэ шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор аймаг, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагаар дамжуулан улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг эрх бүхий байгууллагаас сонгууль явуулах тухай шийдвэрийг ирүүлснээс хойш өөрийн цахим хуудаст байршуулж, сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.
Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.
Төрийн аудитын дээд байгууллага сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.
Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна. (2019.4.21- нээс өмнө)
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулна. (2019.4.26- наас өмнө)
Нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.
Сонгуулийн төв байгууллага сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
Сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.
Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ. (2019.5.31-ний дотор)
Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ. (2019.6.02 -ны дотор)
Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрыг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, ахлах зохион байгуулагчийг томилно.
Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах нээс өмнө байрын бусад зохион байгуулагчийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө томилно.
Сонгуулийн төв байгууллага нам, эвслээс нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор, бие даан нэр дэвшигчийн талаархи баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно.
Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.
Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.
Аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн салбар нэгж ээлжит бус, нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн нэгжид хүргүүлнэ.
Санал авах байр сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
Санал авах байр санал авах өдрөөс 10 хоногийн өмнө тухайн хэсэг дэх санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг нийтэд зарлан мэдээлнэ.
Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай ... зүйлийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэг хүлээнэ.
Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.
Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд уг хүсэлтийг байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.
Тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ.
Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
Санал авах байранд саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.
Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, доор дурдсан баримт бичгийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ. (2019.6.27 -ноос өмнө)
Санал авах байр ажиглагчаар томилогдсон этгээд шаардлага хангасан эсэхийг шалгаж, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 48 цагийн дотор нягтлан шалгаж, шаардлага хангасан этгээдийг бүртгэж, ажиглагчийн үнэмлэх олгоно. (2019.6.29-ний дотор)
Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09:00-20:00 цагийн хооронд авна.
Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.
Сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
Санал авах өдрийн 22:00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангана.
Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна.
Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ.