Монголчуудад түгээмэл харагддаг нэгэн төрлийн өвчнийг гарчигтаа нэрлэчих үү? Алдсан асар их боломж бололцоо шүү дээ. Нийгмийн харилцаа, нийгмийн сэтгэл зүй судлаач болчхоод нийтлэлээ бичээд байдаг болсныг уншигчид гадарлаж байгаа байх.
Ядуурал нь хүн амынхаа байнга 30%, ажилгүйдэлдээ улсаараа дасан зохицоод эвлэрчихсэн, гол нь хэт олуулаа ажлын байранд тэнцэхгүй болтлоо эрхээрээ хатчихсан, “нүүдлийн соёл иргэншил” гэгчийнхээ гайхамшгаар ажил хийхгүй ч ам тостоод, хэдэн биенээ мөлжиж амьдарч болоод байдаг, хэдэн биендээ юм зарахыг бизнес гээд ойлгочихсон энэ нийгмийг л би шүүмжлээд байна. Шүүмжлэх ч болно.
Монголчууд 1990 оноос хойш үй олон эрх чөлөө эдэлж байгаагийн нэг чухал нь барьцах эрх чөлөө юм. Барьцах, мөчөөрхөх, цаашаанаа атаархах, хорсол занал гээд шат ахиад явж өгнө. Яг одоогийн байдлаар улс төрчид ба олигархиудтайгаа барьцаад бараг бүх нийгмээрээ гэдийгээд суучихсан дүр зураг харагдана. Логик гаргалгаа нь “Тэд хулгайч, бид ажиллахгүй!” Энэ логик нь монголчуудыг тамын тогоо–чөтгөрийн тойрог рүү хөтөлнө.
Улс төрчид ба олигархиудыг доош нь буулгаж өөрсөдтэйгөө нэг зиндаанд авчрах гэж 35 жил гүрийж байна. Бүгд хавтгайдаа ядуураад нэг түвшинд оччихвол цэнгэлийн манлайд хүрчих юм шиг. МОНГОЛ ХҮН амьдралынхаа ихэнх цаг хугацааг сул дэл, гиюүрч, тэнэж, зугаалж, наргиж, бас тэр хэрээрээ зовж өнгөрөөх үйлтэй төрсөн юм шиг. Тийм л дүр зураг монголын нийгмийн олонхоос олж харчих гээд болдоггүй ээ. Миний ажиглалт шүү. Тэр хачин зураглалынхаа цаад логик, учир шалтгааныг улс төрчид, Төрийн ордноосоо нэхээд хэвтчихсэн, нэхсээр ч байх болно, надад тэгж л харагддаг. Монголчуудын ТАМЫН ТОГОО эндээс уугьж савсана.
Дахин давтан хэлье. Монголын улс төрчид ба улс төрд буруу юм их бий. Хүлээн зөвшөөрнө. Гэхдээ болж бүтэхгүй нийт буруугийн 90% нь МОНГОЛ ХҮН-ий өөрийнх нь авир араншин, хүмүүжил, соёл, овсгоо самбаатай шууд холбоотой. Мөн ч олон удаа давтан бичиж байна даа, би! Хоёр хүснэгтийг харьцуул даа! Ийм их саруул ухаан заяачихсан ард түмэн ядуураад сууж байдаг, нүүрснээс өөр үйлдвэрлэн гаргах нэгээхэн ч ITEM байхгүй болтлоо жаргалдаа ташуурчихсан. Байгаа дүр зураг нь!
Алдсан боломждоо харамсах цаг ирнэ! –Энэ бол яалт ч үгүй МОНГОЛ ХҮН-д зориулагдсан ёгт хоржоонтой хэлц үг. Ам асуусан хэлц. Харагдаж байна, хаа л бол хаана. Нас ахиад ирэхээрээ нэг их архирсан “араатан” болж хувирдаг. Уурын тулам. Та нар сайхан ааштай хөгшин хүн тэр бүр олж хардаг уу? Ховор доо. Байх нь байна. Гэхдээ цөөнх нь.
Сул өнгөрөөсөн амьдралдаа харамсаад харамсаад барахгүй болчихсон уур уцаартай хөгшчүүдийн тухай би ярьж байна. Ерөөсөө хар энергиэ нийгэмдээ, бүгд рүү нь цацаад л. Бид ч дасаж дээ. Тэгэх минь яалаа, ингэх минь яалаа, хайран сайхан амьдрал минь гэж эргэж хардаг бололтой, тэгээд л архирч гарна даа. Ийм өвчинд нэрвэгдчихсэн маш олон ахмадыг би танина, мэднэ, тэднийхээ хар энергийг сөрөөд явж л байна.
Ходорковский Live сайтад оросын эдийн засагч Игорь Липсиц ярьжээ. Юу гэвэл Орост хэрэггүй илүү хүмүүс дэндүү их байна. Хэнд ч хэрэггүй эрчүүд маш их байна. Тэд хов хоосон амьдарч, хоосон оршиж, тэдний тун цөөн нь ажил хийхчээн болж, тэд архидаж, өвчилж байна. Тиймээс тэднийг дайнд илгээх шаардлага тулгарсан гэжээ. Маш ноцтой, бүр аймшигтайгаар Оросын нийгмээ оросын нэртэй эдийн засагч эрдэмтэн нь оношилжээ.
Липсицийн нэрлэсэн орос эрчүүд ч Оростоо хамаарах биз. Монголын нийгэмд байгаа юм биш биз? Хэнд ч захирагддаггүй энэ их сул дэл хүмүүс. Энэ их ядуурал. Тэгээд бас “3.5-хан сая” хүн амд чинь ахдахаар болчихсон юм биш үү? Цөөхүүлээ байх тусмаа хүчирхэг байх хэрэгтэй, бүгд хэрсүүжих хэрэгтэй гэж би мөн л олон бичсэн дээ. Миний уриалга!
Ядуурлыг өдөөдөг нийгмийн гаж үзэгдлийг Баабар тун товчоор тодорхойлжээ: –Нийтийг хамарсан ядуурлын эх сурвалжийг олохоор гурван эрдэмтэн ядуу орнуудад судалгаа хийгээд гол буруутан нь ХАЛАМЖ юм байна гэж тогтоон 2019 онд Нобелийн шагнал хүртсэн гэжээ.
“Ажиллах хүчин алга” гэж эрхэм хоёр гишүүн ярьсны цаана ихэнх нь ажиллах хүсэлгүй, ажиллахгүйгээр гэв гэнэт нэг их мөнгөн дээр буух гэсэн хүсэл оргилдог, үргэлж тэгж хүсэж бодож явдаг, гол нь ажлын байранд тэнцэхгүй, тэнцэхгүйдээ айж ичдэггүй нийгмийн харилцааг хэлсэн байх. Иймд хэт олуулаа ажлын байранд тэнцэхгүй болтлоо эрхээрээ хатчихсаныг засаж залуурдахын тулд “Иргэдийг хүмүүжүүлж, соёлжуулах, хэрсүүжүүлэх яам” байгуулж ажиллуулах шаардлага тулгарчихсан юм биш үү, Та минь ээ?
Үргэлжлэл бий...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!