Индэр    
2025 оны 9 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч

Д.Амарбаясгалан үерхэлдээ үнэнчээ харуулах уу, өөрийн цаг ирснээ тунхаглах уу

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрөгч Баасан гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Ардын Намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөө мэдэгдсэн нь улс төрийн хүрээний хамгийн том дуулиан байлаа. 

Улс төрийн намын тухай хуульд зааснаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд дүрэм болон намын даргаа энэ онд багтаан бүртгүүлэх учиртай. Ийнхүү хуулийн болон улс төрийн шаардлагаар манай хамгийн том улс төрийн хүчин болох Монгол Ардын Нам даргаа сонсох сорилтын өмнө ирээд буй. Хамгийн хяслантай нь "намын дарга Ерөнхий сайд байна" гэдэг зарчмыг чанд баримталсаар ирсэн МАН-ыг энэ цаг үед огцорсон Ерөнхий сайд даргалж, Засгийн газрыг парламентын гаднаас орж ирсэн гишүүн бус "нөхөр" тэргүүлж байгаа юм. Бас дээр нь намын гал тогтоог төрийн тэргүүний "баруун гар" базаж буй. 

Ийм л хоржоонтой нөхцөлд МАН-ынхан даргаа сонгох нь. 

Үгэн дотор үг, үхэр дотор гиваа 

УИХ-ын дарга хэвлэлийнхэнд урьдчилж зар тараалгүйгээр гэнэт мэдээлэл хийхийн хажуугаар улс төрийн томоохон мэдэгдэл хийсэн нь сандарч тэвдсэн үйлдэл байв уу гэмээр. Магадгүй түүний энэхүү мэдэгдэл энэ явдлаас хоёр хоногийн өмнөх баривчилгаатай холбоотой ч байж болох юм. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газраас МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, албан өрөөнд нэгжлэг хийн түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан.

Хэвлэлүүд Ц.Чулуунзагд, УИХ-ын дарга хоёрыг Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн нүүрс угаах үйлдвэр барьсан "Админерал" гэх компаниар нэгддэг хэмээн харддаг ч тэд үүнийг үгүйсгэсээр ирсэн.

Гэтэл АТГ-аас Ц.Чулуунзагдыг Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн гэх тайлбар өгөөд буй. 

Хэн намын дарга болох вэ гэдэг асуулт босож ирэх үеэр уг баривчилгаа давхацсан нь тохиолдол байв уу. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа даргад нэрээ дэвшүүлэхийн тухайд "100 жилийн түүхтэй Монгол Ардын Намыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300,000 гишүүнтэй МАН-ын иргэд, сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жилийн туршид ажиллаж, шинэчлэлт, өөрчлөлт, дэвшилтэд үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байсныхаа төлөө, удаа дараа намынхаа гишүүдийн итгэл дэмжлэгийг авч ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож ажиллаж байсныхаа хувиар МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээсэн. 

Тэрбээр хоёрхон минут хүрэхгүй хугацаанд хэлсэн дээрх үгээрээ олон зүйлийн талаар өгүүлсэн гэж хэлж болохоор. Тухайлбал, "100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө" гэсэн нь эрхгүй анхаарал татна. 

АТГ-аас есдүгээр сарын 10-ны өдөр Ц.Чулуунзагдыг 48 цагийн хугацаатай баривчилсан. Харин УИХ-ын дарга есдүгээр сарын 12-нд дээрх мэдэгдлийг хийсэн. Гэтэл Ц.Чулуунзагдыг баривчилсан 48 цагийн хугацаа дууссан ч түүнийг дахин 30 хоног цагдан хорьж шалгах болсон байв. 

Тохироо хийж, нэрээ татах уу 

Өнгөрсөн хавраас эхэлсэн засаг төрийн бужигнаанд гагцхүү УИХ-ын даргын байр суурь хамгийн тодорхой бус байв. Улс төрд нэгэн үеийн төлөөлөл болж явсан Л.Оюун-Эрдэнэ нь "унахад" ч тэр төвийг сахисаар суусан. Магадгүй өөр хоорондоо ярилцаж тохирсон ч тэрхүү байр сууриа өнгөрсөн Баасан гараг хүртэл ил гаргалгүй явсан байх. 

МАН дахь үе хоорондын тэмцэл нэгэнт газар авч, хэнд ч ил харагдах болсон. Өмнөх Засгийн газар огцорсноор 60, 70-аад онд харьяалагддаг эрхмүүд энэхүү тэмцэлд давуу байрлал эзлээд буй. Харин ялагдсан тал эргэн ирэхээр шазуур зуун зүтгэж байгаа нь улс төрд өрнөж буй үйл явдлаас бэлхнээ харагдана. Тэд ямартай ч энэ цаг үед хамгийн нөлөөтэй байж мэдэх УИХ-ын даргатай нэгджээ.  

Төрийн ордон хавиар нисэлдэж буй бор шувуудын жиргээнээс сонирхвол Д.Амарбаясгалан намын даргад нэрээ дэвшүүлсэн ч яг сонгуулийн өмнө тохироо хийж нэрээ татах магадлалтай гэх. Тэрхүү тохироо нь ойрын хүн болох Ц.Чулуунзагдтай байх болов уу гэсэн яриа, таамаг хөвөрсөөр.  

Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намаа цаашлаад засгаа авч чадах уу. Тэгэхдээ өмнөх хэн нэгний үргэлжлэл хэмээгдэж явах уу эсвэл өөрийнхөөрөө түүхээ бичиж эхлэх үү гэдгийг харах л үлдлээ.