Энэ тухай анализ хийе. Трамп засгийн эрх барих гэж алхам тутамдаа “Би”, “Би”, “Би байсан бол” болчихсон, ярих хэлэх, аяглах нь элдэвтэй, сонирхолтой, бас Монголдоо бид алхам тутамдаа, бүр сайн танил, найз нөхдийнхөө хүрээнд өдөр бүр мэдрэгдэж байдаг учраас би бүр ч амттай бичмээр санагдчихлаа. Хүлцэн уншина уу!
Их зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн “Бух Гомбо” өгүүллэг дээхнэ үед дунд сургуулийн уран зохиолын хичээлд ордогсон. Тэр зохиолд ийм нэг мөрүүд бий дээ:
Өөрийгөө мандуулах өвчин, “Я”-гийн өвчин (орос хэлний “Я” буюу “Би”-гийн өвчин), өөртөө дурлах өвчин, аугаа ихийн дэмийрэл, өтлийн хар амиа хичээх зан Монголд эртнээс байж ирснийг Ц.Дамдинсүрэн абугай ёгтлон мөн ч гайхамшигтай гаргасан байгаа биз?
Ийм нэг өвчин манай нийгэмд одоо ч түгээмэл харагдаж байна. Их дээд сургуулийн ахмад багш нар, ШУА-ийн эрдэмтэд, урлаг–соёлын зүтгэлтнүүд, цаашлаад цэргийн ахмадууд, дипломат албаныхан гээд оюуны салбар салбарт өөрийгөө мандуулах өвчтэй хүн олон болчихсон, тэдэнд хэлж шүүмжилдэг, засуулах гэдэг гарц суваг ч байдаггүй, адаглаад л эхнэр хүүхэд, ойр тойрныхон нь тахин шүтээд цаад нөхрөө бүр эвдээд давруулчихдаг. Цаашлаад байгаа байдалдаа (албан тушаал, эрхэлж буй ажил) сэтгэл дундуур, шагнал урамшлыг нь чамлаад, бүр төрдөө гомдчихсон, гэвч аугаа ихийн дэмийрэл нь хамт авсанд орох тавилантай.Монголчууд минь хүлцээрэй, Та нарын яг үнэн царай чинь ийм болчихсон байна шүү!
Хүн өөрийгөө хөглөж, хайрлаж, ерөөж байх учиртай, бас мөрөөдөж амьдрах ёстой хэмээн монголчууд ярих дуртай. Гэм нь манайхан, ялангуяа сэхээтнүүд хэтрүүлчихдэг. Гадаадад олон жил сууж ажилласан, түүнийгээ төрийн буян гэхээсээ өөрийн хосгүй гавьяанд тооцчихсон эрхэм анд нар надад байнаа байна. Тийм хүмүүс эрх мэдэл, эд баялаг, өчүүхэн амжилтдаа сагасан үедээ омог бардам, сагсуу,дээрэнгүй болчихдог. Эх орныхоо хөрсөн дээр буугаад ирэхийн цагт шалчийна даа. Бөөн гомдол ба гонгинуур.
Монголчууд төрийн шагнал одон медаль, алдар цолны захад хүрчих юм бол тэнгэрийн амьтан (өөртөө дурласан нарцисс) болчих гээд байдаг гэмтэй. Ийм төрлийн сэтгэл мэдрэлийн өвчнийг дэвэргэдэг элдэв ажил үйлс цол шагнал олонтой, түүнд нь нүүдэлчний соёл иргэншил нь бүр ч нэрмээс болчихсон хөгийн түүх хөвөрсөөр.
Өөрийгөө магтуулан яриулж, бичүүлж байгааг олныг харж байна. Өөрөө өөрийгөө магтан сайрхан ярьж байгаа нь ч улиг болж дээ. Цол шагнал гуйгаад сайд дарга нараа зүгээр суулгадаггүй жишээ ганц дипломат алба гэлтгүй өөр яамдад зөндөө байдаг юм билээ, нуух юм алга. Тэгээд бүр гуйсаар байгаад авчхаад өөрийн гавьяа болгон ярьж сагаж явахтай би зөндөө л таарч байлаа. Гуйж байгаад авсан тэр шагналд нь атаархаад хэл ам хийгээд явах нь бас түгээмэл. Барьцах гээч үзэгдэл монголчуудыг ямагт ээрнэ.
Монгол төрийн шагналын тогтолцоо 1990 онд социализмтайгаа хамт мөхчихсөн, арай өөр, XXI зууны шагналын тогтолцоо нэвтрүүлчихсэн бол Монголд нарциссизмын өвчнийг хумиад авч болох байсан байх. Одоо ч өнгөрлөө л дөө. Улс даяараа нарцисс өвчтөн болоход дөхсөн (галзуурахад ганц хуруу дутуу!), шагналын хур гэдэгт дээр доргүй хөнөглөн давхидаг, олон сэхээтний өнө мөнхийн гомдол (заримд нь хүсээд хүсээд олддоггүй!), хонзон, атаа жөтөө ямагт үүн дээр тэсэрдэг, эсвэл өөртөө дурлах өвчнийг нь бадраадаг тухай би олонтаа бичсэн дээ.Улиг болтол нь.
МУСТА, МУГЖ, СГЗ, МУШУГЗ, МУГБ гэх мэт бүх төрлийн гавьяатууд, “Ардын”-ууд төрөл төрлөөрөө, араас нь Хөдөлмөрийн баатар, араас нь Чингисийн одон гээд шат шатны шагнал одон тэмдэг монголчуудын өөртөө дурлах өвчин, аугаа ихийн дэмийрэл, өтлийн хар амиа хичээх занг нь ямагт бургилуулна.
Нарцисс өвчтөний тухай энэ онол аль дивангарт үүссэн байх юм. Нарциссын тухай домгоос гаралтай, эртний грекийн “Наркисс” буюу Νάρκισσος, эсвэл латины Narcissusгэсэн үгс уламжлагдаад өнөө хүрсэн, монгол хэлэнд орчуулагдаагүй, тиймээс “нарцисс”, “нарциссизм” гээд хэвшүүлчихэд болохоор юм. Хойшдоо өргөн хэрэглэгдэнэ. Учир нь монголын сэхээтний хүрээнд өргөн дэлгэрсэн өвчин тул би тэр нэрээр нь сэтгэл судлал, анагаах ухаан, бүр томоор нийгэм–улс төр судлалд “нарцисс”, “нарциссизм” гээд хэвшүүлье гэж байгаа юм шүү.
Шалбаагийн усанд өөрийгөө тольдож харчхаад би ямар сайхан төрөө вэ хэмээн өөртөө дурласан тэнэгийн тухай үлгэрээр төсөөлөөд бодчиход л болмоор санж. Өөртөө хэт дурласан усан тэнэг. Түүнийгээ бусдаар зөвшөөрүүлэх гэж насан туршдаа өөрийгөө зовоодог сагсуу тэнэгийг л нүдэндээ төсөөлчих. Аугаа ихийн дэмийрэл нь амьдрал дээр бүр шал эсрэгээрээ, тэр цаад нөхөр яг чухамдаа тийм аугаа их байтугай юу ч байхгүй, хов хоосон, эсвэл хийсэн бүтээсэн нь байдаг л ердийн нэг зүйл, хэн ч тэр тушаалд нь байсансан бол, эсвэл тэр мэргэжил мэдлэгийг нь эзэмшсэн бол хүн гайхахааргүй ердийн зүйл хийчихсэн байдаг даа.Гэм нь амьдрал алаг цоог, тэр нөхрийн дэргэд тэнэгүүд маш олон байдаг тул өөрийгөө харьцуулж, өөрөө дүгнээд,өөрийгөө магтан магтсаар нэг мэдэхнээ нарцисс өвчтөн болчихдог. Эхнэр хүүхэд нь ташуур өгчихнө. Ялангуяа гэр бүл, ахан дүүс дотор нь өөрөөс нь өөр олигтой хүн үгүй бол тэнгэрт мандлаа л гэсэн үг.
Мэдрэлийн өвчин судалдаг шинжлэх ухаанд нарциссизмыг олон талаас нь судлан оношлоод нэгдсэн дүгнэлтэд хүрчээ. Фантаз сэтгэлгээ, хүмүүжил хоёр нь хослоод, магтаал даахгүй хэт биеэ тоочихдог, зарим нь бүр хүүхэд байхаасаа тийм өвчинд нэрвэгддэг, өөрийгөө засахгүй явсаар сүүлдээ сэтгэл мэдрэлийн өвчин болчихдог, сэтгэлдээ их шарх тээсээр үхэлд хүргэх тохиолдол бий гэсэн байх юм.
Өвчний шинж тэмдэг нь түгээмэл ойлголтоор дараах мэт:
Цааш нь уншигчид ургуулан бодно уу!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!