Манай улсад бичил уурхай эрхэлдэг 40-60 мянга гаруй иргэн бий. Тэд цаг үеэ даган өөрчлөгдөж 2010 оны дундаас нөхөрлөлүүд үүсэн албажиж, уул уурхайн компанийн адилаар АМНАТ зэрэг бүх татвараа төлж, нөхөн сэргээлтээ хийж, хариуцлагатайгаар уул уурхайн бизнес эрхэлж эхэлсэн. Гэвч бичил уурхайчдыг олон нийт, тэр дундаа шийдвэр гаргагчид 1990-ээд сүүлд үүсэн “Нинжа” гэж ойлгодог хэвээр байгаа. Энэ нь бичил уурхайг бусдын адил уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс гэж үзэхгүй, хаан боох, ялгаварлан гадуурхах үндэс болсоор байна.
Бичил уурхайчдаа дэмжиж, зохион байгуулалтад оруулаад зогсохгүй, татвар авч хөдөөгийн эдийн засгаа хөгжүүлэх үндэс болгосон орнуудын нэг нь Филиппин юм. Гар аргаар алт олборлож амьдралаа залгуулдаг хоёр сая гаруй Филиппин иргэн бий.
Филиппиний 80 гаруй аймгийн тал нь алтны бичил уурхайгаар дүүрэн ба төвийн бүсийн Камаринес Норте гэх аймгийн орлогч засаг дарга Бернардетте Асутиллатай танилцаж ярих боломж сэтгүүлч надад олдлоо.
“Манай аймгийн хүн амын 70 хувийн амьжиргаа бичил уурхайгаас шууд хамааралтай. Бичил уурхайчид байгаа учраас манай иргэд худалдан авах чадвартай, аймгийн төсөвт орлого төвлөрдөг тул аль болох бичил уурхайчдаа албаж гэж шахдаг. Иргэд маань ажилтай орлоготой байгааг харахад таатай байдаг” гэж тэрбээр ярьсан юм
Бичил уурхайгаас голдуу орон нутгийн иргэд амьдралаа залгуулах нь олон оронд байдаг түгээмэл үзэгдэл юм. Ажлын байр хомс хөдөөд нас, хүйс, боловсролын түвшин үл хамааран бичил уурхайд хэн ч орж ажиллаж болдог ба хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоох боломж гэж үздэг учраас бичил уурхайчдыг зохион байгуулалтад оруулан, албажуулах нь гол шийдэл НҮБ-аас зөвлөдөг байна.
Түүний нэг жишээ нь удам дамжсан тариачин Бисентэ Алмада. Түүний амьдардаг Камаранес Норте аймагт аялал жуулчлал хөгжөөгүй, ажлын байр хомс учраас тэрбээр бичил уурхайд ажиллах болжээ.
“Би таван хүүхэдтэй, гурван хүүхдээ бичил уурхайн орлогоор дээд боловсролтой болгосон. Манайх будаа, коконот тарьдаг жижиг газартай ч өрхийн хэрэгцээнээсээ илүү юм тарих боломжгүй. Тиймээс манай нутгийнхан ихэнх нь надтай алт олборлож өдөр тутмын хэрэглээний зардлаа олохоос өөр аргагүй байдаг” гэж тэрбээр ярьсан юм.
Монгол Улсад ч мянга мянган бичил уурхайн орлогоороо сум орон нутгаа хөгжүүлж байв. Жишээ нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын бичил уурхайчид Ази тивийн анхны Fair Mined буюу Экологийн Шударга Олборлолт-ын гэрчилгээг авсан байдаг. Энэ сертификатыг зөвхөн мөнгөн ус, цианид натри ашиглаагүй, хариуцлагатай нөхөн сэргээлт хийдэг, гишүүдтэйгээ орлогоо шударгаар хуваарилдаг зэрэг олон шалгуурыг хангасан нөхөрлөлд олгодог. Баян овоо сумын бичил уухайчид сумандаа 100 хүүхдийн цэцэрлэг барьж, 15 хүний ажлын байр бий болгож байсан. Баянхонгорын бусад бичил уурхайчид алтны орлогоороо сум руугаа зам тавьсан, өөр бизнест хөрөнгө оруулах гарааны мөнгөтэй болж бичил уурхайгаа орхисон гэх мэт олон сайн жишээ байдаг. Гэвч албажсан бичил уурхайчдыг одоо болтол хууль бус уурхайчидтай андуурч, ухсан газраа хаяад явдаг гэсэн ойлгодгоос болж тэд ялгаварлан гадуурхагдаж байна.
Филиппиний хойд Сагада аймгийн бичил уурхайн холбооны тэргүүн Эми Донгаел хэлэхдээ “Хэвлэлийнхэн бидэн дээр хэдэн жилд нэг удаа осол гарсан эсвэл хөрсний нуранги болсон үед л ирдэг, тэгээд бичил уурхай бол гамшиг гэж бичиж гаргадаг” гэсэн юм.
Хэвлэл мэдээлэл зөвхөн нэг өнцгөөс бичил уурхайчдыг харуулдаг нь сум орон нутаг, үндэсний хэмжээнд шийдвэр гаргагчдад нөлөөлж, хуулийн дагуу ажиллаж байгаа нөхөрлөлүүдийг хэлмэгдүүлдэг гэж бичил уурхайчид ярьж байна. Монгол улсын засгийн газар 2019 онд 355 тоот тогтоол гаргаж бичил уурхай эрхлэх журмыг өөрчилнө гэж шийдсэн нь үндсэндээ зогсоох шийдвэр байсан ба олон мянган бичил уурхайчдын ажиллагааг өнөөг хүртэл зогсонги байдалд оруулаад байгаа юм.
Монголын Бичил уурхайн ДЭЭВЭР ХОЛБОО-ны гүйтгэх захирал Б.Цэрэнпунцаг “Манай холбоо 750 гаруй нөхөрлөлийн 6,500 гаруй уурхайчин гишүүнчлэлтэй. Гэтэл өнөөдөр ердөө 25 нөхөрлөл энэ жил үйл ажиллагаагаа явуулж байна. Бусад нөхөрлөлүүд нь үйл ажиллагаа явуулах хүсэлтээ өгсөн ч төрийн байгууллагаас бичил уурхайн талбайн дүгнэлтийг нь гаргаж өгөхгүй байгаагаас болж гишүүд маань ажилгүй, орлогогүй байна” гэж ярив.
Бичил уурхайчдыг хууль бус олборлолтоос нь салгаж зохион байгуулалтад оруулах нь байгальд мөнгөн ус хаягдаж бохирдохоос хамгаалах гол арга зам юм. Тиймдээ ч Филиппин болон Монгол Улсад (Сэлэнгэ аймгийн Мандал суманд) Алтны Бичил Уурхайн Зөвлөл гэдэг олон улсын байгууллага мөнгөн усгүйгээр алт гарган авах баяжуулах цех байгуулж өгсөн байна.
Филиппин дэх Планет Гоулд төслийн менежер Абигел Окате “Манай улсын бичил уурхайчид бүгдээрээ мөнгөн ус эрүүл мэндэд нь, байгаль орчинд хортой гэдгийг мэддэг ч гэсэн өөр сонголт байхгүй учраас хэрэглэдэг. Ихэнх бичил уурхайчид санхүүгийн том хөрөнгө оруулалт хийж цэвэр технологи руу шилжих боломжгүй байдаг учраас заавал хөндлөнгийн дэмжлэг хэрэгтэй байдаг учраас бид ийм цех байгуулж өгсөн” гэж ярилаа.
Планет Гоулд төслийн монгол дахь менежер Б.Алтанбагана “Бид төвийн бүсэд алт угаан цехүүд байдаг ч гэсэн бид Сэлэнгийн Мандалд энэ цехээ барьсан нь цэвэр технологиор хүдрээ сайтар боловсруулж илүү сайн угааж чадвал алт гаргах хувь нь нэмэгдэж 70-80 тай алтаа гаргаж авч гэдгийг харуулахыг бид хүссэн юм” гэж онцоллоо.
Баруун бүсийн зарим аймагт бичил уурхайчид ажилладаг ч гэсэн орон нутгийн зарим удирдлагууд зөвшөөрдөггүйгээс болж цехээ байгуулж чадахгүй бичил уурхайчид байсаар байгаа ба өөр аймгууд руу алттай хүдрээ тээвэрлэдэг байна. Бичил уурхайчдыг хааж боох биш, хүлээн зөвшөөрч улмаар бусад бизнесүүд шиг зохицуулалттай болгож мөн шаардлагатай бол дэмжлэг үзүүлэх нь мөнгөн усны хэрэглээг эцэс болгох гол үндэс улс орнууд үзэх болсон байна.