Хүн төрөлхтөн дэлхийн дулаарлаас болж төгсөх үү эсвэл хуванцраас болж уу?
Сүүлийн жилүүдэд барууны эрдэмтэд хуванцар байгаль, эко системд газар сайгүй тархсан талаар олон чухал судалгааг тасралтгүй хийж, цочирдом үр дүн танилцуулсаар байна. Хамгийн сүүлд Нидерландын “Vrije Universiteit Amsterdam” их сургуулийн судлаачид насанд хүрсэн 22 эрүүл саруул хүний цусыг шинжилж үзэхэд 17-ийнх нь цусанд бичил хуванцар агуулагдаж байгааг тогтоожээ. Үүний өмнөхөн нэг настай хүүхдийн өтгөнийг Нью Йоркийн их сургуулийн судлаачид Хятадын эрдэмтэдтэй хамтран судлахад хүүхдийн өтгөнд насанд хүрсэн хүнийхээс илүү бичил хуванцар байгааг тогтоосон байна.
Энэ мэтээр хүний биеэс гадагшилдаг төрөл бүрийн өтгөн шингэнээс бичил хуванцар хайхад шээс, эхийн сүү, эхэс, бүр биеийн бүх эрхтэнд хуванцар байгааг тогтоожээ.
Хуванцар хүний биед орвол юун түрүүнд нөхөн үржихүйд, тэр дундаа эр бэлгийн эсийн тоог бууруулахад нөлөөлдөг аж. Лабораторийн орчинд эр бэлгийн эсийг хуванцартай холиход хөвөх, сэлэх чадвар нь буурч, эсэд агуулагддаг генетикийн мэдээллийг хэсэгчлэн устгаж байгаа нь харагдсан байна. Тиймээс хуванцрын хэрэглээгээ бууруулахгүй бол эрэгтэйчүүдийн үргүйдэл дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох магадлал өндөр байгааг эрдэмтэд анхааруулж байна.
Зарим өндөр хөгжилтэй орнуудад одооноос эрчүүдийг эр бэлгийн эсээ хөлдөөж хадгал гэж хүртэл зөвлөх болжээ.
“Монголд байхгүй, ийм зүйл тохиолдохгүй гэж болохгүй. Бид өдөр тутмын хэрэглээндээ хуванцар сав, гялгар уут, аяга халбага их хэрэглэж байна. Монголд тодорхойлж үзээгүй л болохоос бидний биеэс ч хуванцар гарах магадлалтай. Мөн дотоодын аялал жуулчлал хөгжиж, алс хол, онгон зэлүүд гэж боддог газарт хүн очоод хогоо үлдээсэн л байдаг. Хуванцар нар салхины нөлөөгөөр нимгэрч, бутарч, эмтэрч байгальд тархана. Тиймээс хүн амдаа хуванцар илрүүлэх шинжилгээ хийх хэрэгтэй.
Цусанд орсон микро хуванцар хүчилтөрөгчийг зөөвөрлөхөд сөргөөр нөлөөлж байгааг тогтоогоод байна. Хуванцрын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг 2020 оноос хойш гаднын эрдэмтэд эрчимтэй судалж эхэлсэн“ гэж МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн сургуулийн Дэд профессор Т.Энхдөл үзэж байна.
2022 онд Антарктид тивийн цасанд бичил, нано хуванцар байгааг Шинэ Зеландын эрдэмтэд зарласан. Антарктидын долоон өөр байршилд шинэ орсон цасны дээжийг шинжилж үзэхэд бүгдээс нь бичил хуванцар олджээ. Хүн амьдардаггүй газраас хуванцар илэрч байгаа нь юуг хэлж байна вэ? Хуванцар гадаргын устай хамт ууршиж, хур тунадсаар дамжин эргээд доошоо буудаг гэсэн үг юм.
Анх хуванцраар 1940-оод онд шилэн трико хийж эхэлсэн ба хэрэглээнд нэвтрээд нэг жаран өнгөрсөн юм. 1970-аад оноос хойш барууны орнууд ус ундааны хуванцар сав, баглаа боодолд шилжиж, тэр хэмжээгээр хог хаягдал нэмэгдэж газарт, булж эхэлсэн байдаг. Гэвч бороо ороход борооны ус хөрсөнд нэвчиж урвал, шүүрэл явагдаж гүний ус руу бичил хуванцар (хүний үсний ширхгийг 100 хуваасантай тэнцэхээр жижиг жижиг) ордог ажээ. Мөн хуванцар сав, гялгар уутыг булдаг ч түүнээс өмнө салхиар тархаж гол, нуур ус руу орсоор л байна.
“Малчид идшээ гаргаад, гэдсийг нь цэвэрлэхэд ходоодноос нь гялгар уут олддог гэж хэд хэдэн хүн бидэнд хэлж байсан” гэж Экосум ТББ-ын үүсгэн байгуулагч, Захирал Пиер Гербер хэлж байна. Пиер Гербер нь байгаль орчны инженер, төслийн мэргэжилтэн ба Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Францаас нүүж ирж суурьшин амьдарч байна. Хог хаягдлаа бууруулах замаар байгаль орчноо хамгаалж, хог хаягдлын зохистой тогтолцоог бий болгохоор түүний хамт олон зорин ажилладаг.
Америк, Европын орнуудад хөдөлмөрийн хөлс, булах тээвэрлэх зардал өндөр, стандарт нь хатуу байдаг. Тиймээс огт стандарт шаардахгүй ядуу улс руу зөөж булах нь хямд учраас усан онгоцоор Хятад, Африк болон Зүүн Өмнөд азийн орнууд руу явуулдаг юм. Хаягдал хуванцраар ядуу орнууд дахин боловсруулсан бүтээгдэхүүн хийх боломжтой гэж хүмүүст ойлгуулжээ. Хүмүүс хуванцар материалыг хог болно гэж мэдэхгүй, санаа зовохгүй хэрэглэж хуванцар хаа сайгүй тархаж, далайн ус, хөрс, агаарыг бохирдуулсаар удлаа.
“Манай байгууллага сумынхаа иргэд, малчдад сургалт хийсний үр дүнд малчид маань хогоо шатаалгүйгээр сумын төв орохдоо хог хаягдал зохицуулах төвд авчирч, ангилж тушаадаг. Дахин ашиглаж болох хуванцар, шил зэрэг бүтээгдэхүүнийг ангилж Улаанбаатарт аваачиж тушаадаг ч цаана нь дахин боловсруулагддаггүй их хэмжээний хуванцар хог байгальд булагддаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй” гэж Пиер хэлж байна.
Яг өнөөдрөөс эхлэн дэлхий нийтээрээ ширхэг ч хуванцар сав, гялгар уут хэрэглэхгүй байлаа ч хөрс, агаар, усанд шингэсэн хуванцраар амьсгалж, хуванцартай ус, ундаа уусаар байх болно. Тиймээс нэмж бохирдуулахгүй байх ганц сонголт л бий. Дахин боловсруулдаг гэж гэнэнээр итгэлгүй 10, 20 жилийн өмнөх шиг уутгүй талх, шилэнд ус ундаагаа савлаж, угаагаад дахин ашигладаг тогтолцоогоо сэргээхээр өөр сонголт байхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
“Хуванцар хог хамгийн их үүсгэдэг сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, түүнээс ашиг олж байгаа талуудыг шахаж шаардаж дэлхийнхээ төлөө, эрүүл мэндийнхээ төлөө тэмцэхээс өөр сонголт байхгүй. Үүнээс өөр шидэт юм уу хялбар шийдэл одоохондоо эрдэмтэд олоогүй байна” гэж Пиер үзэж байна.