Индэр    
2020 оны 6 сарын 8
Зураг
Сэтгүүлч

Төрийн өмчит компани нийтэд ашигтай хувилбар боловч…

Зураг
ТӨК төрийг хувийн хэвшлийг хянах, зохицуулах туршлагатай болгоно

Төрийн өмчит компани гэдэг тухайн улсаа уул уурхайн салбарын менежментийн мэргэжилтэн болгох алтан боломж аж. Уул уурхайн салбарынхаа хөгжлийг тодорхойлох, улмаар гадаадын түншээс хараат бус болох боломж. Төрийн өмчит компани оршсоноороо төр бусад компанид хяналт тавих туршлага хуримтлуулдаг. Төр энэ салбарын бизнес хэрхэн явагддагийг мэдэж байж, энэ салбарыг яаж зохицуулах, ямар хэмжээний татвар тавьбал зохилтой, үйл ажиллагааг нь яаж хянахаа мэддэг болох юм.

Мөн ашигт малтмал төрийн өмчит компанийн  хэлбэрээр орших нь төсөвт илүү их хөрөнгө төвлөрдөг. ТӨК нь бүс нутгийн, олон улсын мега төслүүдийг хэрэгжүүлж чадах аварга компани болж, өсөж хөгжих бүрэн боломжтой. Жишээ нь, Малайзын “Петронас” төрийн өмчит компани одоо Ази, Африкийн орнуудад хайгуул, олборлолт хийдэг болтлоо томорчээ. Мөн Хятадын “ПетроЧайна”, “Шинопек” нар Африкийн орнуудад хөрөнгө оруулалт, олборлолт хийдэг, энэ салбарын хамгийн том шаркууд болоод байна.

Гэтэл олон оронд төрийн өмчит компаниуд үр ашигтай ажиллаж чадахгүй байгаа нь төр өөрөө засаглал муу, үүрэг хариуцлага, алсын харааг нь нарийн тодорхойлж өгөөгүйгээс шалтгаалдаг. Үүний улмаас төслийн бүтээн байгуулалт удаашрах, төсөвт очих орлого багасаж, улмаар авлигын сүлжээ үүсдэг. Маш олон оронд ТӨК улстөрчид болон эрх мэдэлтнүүдийн хувийн бизнест ашигтай гэрээ байгуулдаг буруу зам руу ордог.  

Амжилттай, ашигтай ажилладаг олон ТӨК бий. Ингэж ажиллах нь төрийн өмчит компанийн үүргийг маш нарийн тодорхойлсон хуультай байхаас шалтгаална. Монгол Улс  төрийн өмчит компанийн тухай хуульгүй атлаа “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, Хөгжлийн банк гэх мэт нэлээн олон ийм төрлийн компанитай.. Сүүлийн үед мөн “Монголын төмөр зам”, “Тавантолгойн төмөр зам” гэх мэт асар их хэмжээний мөнгө зарцуулах эрхтэй төрийн өмчит компаниуд  шинээр бий боллоо.  

Иргэд яаж ТӨК нийтийн баялгийг ухаалгаар зарцуулж байгааг мэдэх вэ?

Төрийн өмчит компанийн удирдах зөвлөл хамгийн чухал үүрэгтэй. Харамсалтай нь, ядуу, хөгжиж буй орнуудад төрийн өмчит компанийн  удирдах зөвлөл мэргэжлийн, бүтээлч хүмүүсээс биш харин улстөрчдийн найз нөхөд, холбоотнуудаас бүрдсэн байдаг. Удирдах зөвлөл бол компанийг хамгийн үр ашигтай ажиллуулах чадвар, туршлагатай, мэргэжлийн хүмүүсээс бүрдэх ёстой болохоос биш, улстөрчдийн утсан хүүхэлдэйнүүдийн цуглуулга биш. Амжилттай төрийн өмчийн компанийн удирдах зөвлөлд текнократууд буюу уул уурхайн бизнесийн туршлагатай хүмүүс ажилладаг.

Жишээ нь, “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг 12 стратегийн орд газруудыг эзэмшиж буй “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тушаалтнуудаас бүрджээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хурал болохоос өмнө тухайн хэлэлцэх асуудлынхаа талаар Засгийн газраас чиглэл авдаг (эх сурвалж ББЗХ, “Барьцгүй өсөлт” Эрдэнэс Монгол-ийг үнэлсэн байдал).

Жишээ нь, та “Хөгжлийн Банк”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь ямар хүмүүс байдгийг сайт руу орж харвал Дорж, Бат гэх мэт зөвхөн нэрс л бий. Ямар чадвар, туршлагатай учраас маш их мөнгөний эрх мэдэлтэй улсын банкийг удирдах хариуцлагатай ажилд сонгогдсон талаарх мэдээлэл байхгүй. Гэтэл энэ банк 2018 онд гэхэд  таван их наяд төгрөгийн санхүүжилт хийжээ. Өнөөдөр Монгол Улсын нийт төсөв 12 их наяд орчим төгрөг. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь аль нэг яамны хүн байхаар тухайн салбартаа л банкнаас санхүүжилт авах гэж үздэг. Жишээ нь, Барилга, хот байгуулалтын яамнаас тус банкны ТУЗ-д нэг хүн байлаа гэж бодоход гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг зүтгүүлсээр түүндээ санхүүжилт авах өөрийнхөө ажилдаг салбартаа мөнгө гаргуулж авах боломжтой юм.

Мөн  төрийн өмчит компанийн үйл ажиллагаа, зорилт ил тод нээлттэй, шилэн данстай байх нь амин чухал. Компанийн дансанд нь байгаа төгрөг бүр, тэр бүү хэл алсын хараагаа хүртэл ил тод, ойлгомжтой харуулдаг байх ёстой. Мөн төрийн өмчит компанийн тусгай хууль гаргаж, хэзээ, ямар үед төр компаниас мөнгийг нь авч болох, хэзээ болохгүй гэдгийг зааж өгсөн байх учиртай.

Дахин нэг жишээ, өнгөрөгч хоёр сард засгийн газраас тэтгэврийн зээлийг тэглэсэн. Зээл тэглэх 700 гаруй тэрбум төгрөг хаанаас гарсан нь одоо болтол тодорхойгүй. Төрийн өмчит компаниудын дансан дахь мөнгө улсын нэгдсэн төсөвт орж тооцогдоггүй, төсвөөс гадуурх данс учраас улс төрчид ТӨК-аас хүссэн үедээ мөнгө гаргаж авах боломжтой юм.

Хувийн, төрийн ялгаагүй бүх уул уурхайн компани өндөр зардалтай ажилладаг. Төрийн өмчит компанийн мөнгийг өөр салбарт, эсвэл улстөрчдийн сонгуулиар амласан мөнгөө гаргаж авах бэлэн мөнгөний машин болгож болохгүй. 2010 онд МАН иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөх сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Хятадын “Чалко” компаниас мөнгө зээлснийг “Эрдэнэс Тавантолгой” компани 2017 онд төлж дуусгаж билээ.

Төрийн өмчит компанийн хувьцааны тодорхой хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд эзэмшүүлэх нь компанийн ил тод байдлыг сайжруулах нэг хувилбар. Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжихын тулд биржийн шалгуурыг хангах явц нь өөрөө компанийн засаглалыг сайжруулдаг. Хувьцаагаа олон нийтэд зарснаар компани ашгаа нэмэгдүүлэх тоног төхөөрөмж, дэд бүтцээ барих санхүүжилтээ ч олж авах боломж юм.

ТӨК-ууд хуульгүй байх нь хэнд ашигтай вэ?

Төрийн өмчит компанийн тухай хууль гэж байхгүйгээс улс төрийн нөлөөг хязгаарлах боломжгүй байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж зээл авах эрхийг хуулиар хэнд олгосон байсан бэ? Гүйцэтгэтгэх захирал, эсвэл төлөөлөн удирдах зөвлөл үү. Засгийн газарт эсвэл УИХ-д уу. Энэ асуудал хуулинд тодорхой байхгүй учраас одоо хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Харин идэж ууж шамшигдуулах болохоор тийшээ хэн ч орох боломжтой ийм хууль эрх зүйн орчноор өнөөдрийг хүртэл явсан” гэдгийг Хуульч, хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр өнгөрсөнд болсон Хуульчдын форумын үеэр дурдсан юм. 

Өөр нэг жишээ “Монголын төмөр зам” төрийн өмчит компани бонд гаргасныг нь “Эрдэнэс Тавантолгой” компани худалдаж авсан. Ер нь энэ компани бонд гаргах эрхтэй юү. Эсвэл аль нэг төрийн өмчит компани бонд авах эрхтэй гэж хуулинд бий байхгүй. Төмөр зам барих шаардлагагүй байсан бол нэг компани нөгөө компаниасаа ямар ч шалтгаанаар мөнгийг нь авч болох юм биш үү. Энэ бол төрийн өмчит компанийн хуулиар компанийн огт хийх ёсгүй зүйлсийн жагсаалтыг тодорхой гаргаж өгч, арилжааны болон арилжааны бус үүргийг бичиж өгсөн байх ёстойг харуулж байгаа юм. Компани зардлаа нөхөх хэмжээний орлоготой ажиллаж, тэр орлогоороо шинэ төслүүдэд хөрөнгө оруулах эрх мэдэлтэй байх ёстой.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь:

-“Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил ноогдол ашиг тарааж буйг би хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ компанид ноогдол ашиг тараах тодорхой бодлого хэрэгтэй байна. Ноогдол ашгийн бодлого, зарчим байхгүй учраас сонгуульгүй жил байсан ч хувьцаа эзэмшиг иргэд бид ноогдол ашиг авахгүй ч байж болно.”

Ноогдын ашгийн бодлоготой түүнийг дагаж мөрддөг байвал сонгуулийн жилд мөнгө тарааж байна гэсэн хардалт гарахгүй. Мөн  тухайн үед төрийг барьж байгаа, шийдвэр гаргаж буй хүмүүсийн хувийн оноо болж шамшигдахгүй юм.