Зураг
Зураг
Индэр    
2023 оны 5 сарын 21
Зураг
Сэтгүүлч

Хог ямар үнэтэй вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрээс гардаг ууттай хог мөнгөөр болон эрүүл мэндээр хэмжигдэх төлөөстэй байдаг.

Ууттай хогийнхоо нүдэнд харагдаж, гарт баригдах үнийг нэг бодож үзье.

Уугаад л хаядаг ус ундааны хуванцар сав ямар үнэтэй вэ? Хэмжээнээсээ шалтгаалж ундаа усны хуванцар савны анхны \үнэ хамгийн багадаа 100-200 төгрөг. Талх боовны гялгар уут 50-90 төгрөг, баярын дараа гэрийн гадаа овоорох бялууны эсвэл пиццаны хайрцаг дунджаар 2,000 орчим гэдгийг сав боглоо боодлын үйлдвэрийн сайтуудаас та харж болно. Бялуугаа гэртээ идэхийн тулд мөнгө төлж болох ч бялууны хайрцгийг хоёр талаар хуванцар уутаар бүрдэг учраас дахин ашиглах боломжгүй, хөрсөнд булдаг.

Дийлэнх хуванцар уутыг огт дахин боловсруулах боломжгүй байдгаас монголд төдийгүй дэлхий даяар хөрсөнд булсаар байна. Хуванцрыг газарт булсны дараа цас борооны ус хөрсөнд нэвчихэд хуванцарт агуулагдах химийн бодисууд урвалд орж шүүрэл явагдах бөгөөд эцэст нь гүний ус буюу ундны усанд ордог. Ингээд хүний биеэс хуванцар илэрч эхлээд байна.

Иймээс гэрээсээ гаргах хогийнхоо хэмжээг багасгахаас өөр сонголт бидэнд алга.

Гэвч хогийнхоо хэмжээг багасгах боломж бий юу? 

Яаж ч хичээгээд уутгүй талх, саваа барьж очоод сүү тараг авах, уусан ундаа, пивоны шилээ буцааж өгч болдоггүй нийгэмд амьдарч байна.

Шил задрахдаа хорт бодис ялгаруулдаггүй ч үндсэн түүхий эд нь байгалийн  хязгаарлагдмал нөөц элс учраас хэзээ нэгэн цагт дуусна. Шилээ тушааж дахин ашигладаг бол байгалийн нөөцийг хайрлаад зогсохгүй, хогийг зөөх, булах зардлыг бууруулна. Ачааны машины элэгдэл, засвар, шатахуун, хог ачдаг хүмүүсийн цалин, хогийг хогийн цэгт аваачиж булах зардал гэх мэт нүднээс далд олон зардал байдаг. 

Улаанбаатар хот жилд 48 тэрбум төгрөгийг хог цэвэрлэх, зөөх, булах ажилд зарцуулдаг. 24 тэрбум нь хог зөөх буюу тээвэрлэх, 22 тэрбум нь гудамж, замын хогийг цэвэрлэх тохижилт үйлчилгээний ажилтнуудын цалин, машин техник зэрэгт зарцуулагддаг бол үлдсэн 2.3 тэрбум нь хог булах зардал болдог байна.

Хотын айл өрх хог хаягдал зохицуулахад сард 2000 төгрөг төлдөг ч хотын захиргаанаас маш их татаас нэмж өгсөөр ирсэн. Бид сав, баглаа боодлоо дахин ашигладаг бол энэ мөнгөөр жил бүр 15 цэцэрлэг эсвэл 10 сургууль барьж болно.    

Булган аймгийн Хишиг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг Экосум ТББ нэг суманд үүсдэг хог хаягдлыг тоолж, бүтцийг нь нарийвчлан судалсан байна.  

Хог хаягдлыг жингээр нь үзвэл 73%-ийг шил эзэлж байв. Варень, даршилсан ногооны сав зэрэг бүх шилийг оролцуулаад үзэхэд шилэн хаягдлын 66% нь АПУ компанийн архины шил, 20 хувийг нь Жем компанийн шил эзэлж байсан байна.

“Хогоо сайхан ангилж байгаль орчноо хамгаалах хүсэлтэй иргэд нэмэгдэж, шилээ бидэнд авчирч өгдөг ч АПУ тодорхой гурван төрлийн архины шилийг л буцааж авдаг. Тэр  гурван архины шилийг л авна, бусад архины шилээ аваад яваарай, АПУ авдаггүй юм гэхээр хүмүүс маш их гайхаж бухимддаг. Биднийг АПУ-д сайн хэл, бүгдгийг нь авах ёстой гэж гэх зэргээр загнадаг” гэж дахивар хог худалдаж авдаг “Төвшин сайхан” төвийн Захирал Х.Лхагвасүрэн хэлсэн юм.   

Шилийг хогийн цэг рүү зөөхийн оронд, авсан дэлгүүртээ буцааж өгөөд, үйлдвэрүүд буцаан авч, угааж ариутгаад бүтээгдэхүүнээ савлаж зөөх нь байгалийн нөөцийг гамнах, тойрог эдийн засаг, тогтвортой хөгжлийг дэмжих  үндэс билээ.

АПУ компанийн Эргэлтийн сав баглаа боодол хариуцсан Дарга Э.Энхцэцэгийн тайлбараар “Өнгөрсөн хоёр жил хагасын хугацааг бид хэрэглэгчдийг шилээ буцааж өгөх, ангилах соёлд сургахад зарцуулсан. Одоо ч ажиллаж байгаа. Хогийн цэг дээр очсон ч дахивар цуглуулагчдын түүсэн шилийг хүртэл бид авдаг. Хүнсний дэлгүүрүүдээр дамжуулж авах, бүр гэр хорооллын худаг дээр авах гэх мэт олон янзаар оролдоод бүтэлтэй болохгүй байгаа.

Байрны доод талын хүнсний дэлгүүрүүдээр дамжуулж авах гэж үздэг ч ихэнх дэлгүүрүүд зай талбай байхгүй, ёроолдоо үлдэгдэлтэй шил цуглуулахаар үнэр орж Мэргэжлийн хяналтаас торгох гэх мэт асуудал гарсан. Тиймээс нэг компани ганцаараа зүтгээд үр дүнгүй байгаа учраас төр дэд бүтцийг нь байгуулж өгөөсэй. Ангилсан хогоос бид өөрсдөө шилээ  авчихдаг байх нь хамаагүй үр дүнтэй байдаг”.

Монгол Улс энэ оноос хогийн хураамжийг нэмж, өрхөөр биш гэр бүлийн гишүүдийн тоогоор тооцдог болж байгаа ба хогийн төлбөр хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Хэрвээ гарч буй нийт хогноос дахин ашиглах шил, дахин боловсруулах боломжтой шил, лааз, цаас зэргийг ангилан ялгаж, авч чадвал эцсийн хогийн хэмжээ асар ихээр буураад зогсохгүй, хогийн машины ашиглалт сайжирч, хог зөөх, булах зардлууд эрс буурах боломжтой юм.  

Цаашилбал “Экосум” ТББ-ын судалгаагаар сумын хог хаягдлыг тоо ширхгээр нь авч үзвэл 33%-ийг PET хуванцар буюу ундаа усны сав эзэлж байжээ. PET хуванцрын 75 хувийг MCS Coca Cola- үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд, АПУ болон Витафит-ийн хийжүүлсэн ундаа, таргийн сав эзэлдэг байна.

Үүний хажуугаар дахин боловсруулж болдоггүй маш их хуванцар байдаг. Жишээ нь сүү, жүүсний тетрапак сав, талх боорцгийн шаржигнаж дуугардаг хуванцар уут, нэг удаагийн кофе, аарцны олон давхар, холимог материалтай уут зэргийг дахин боловсруулах огт  боломжгүй. Иймээс газарт булж, эсвэл ил задгай хаягддагаас хөрс, ус, агаарын бохирдол үүсгэдэг учраас ийм бүтээгдэхүүний сав баглаа боодлыг өөрчлөх ёстой юм.

Бид хог буюу хуванцар сав баглаа боодлыг худалдаж авдаг, мөн хогоо булах гэж мөнгө төлдөг, булсан хойноо эрүүл мэндээ хордуулдаг нь яавч эрүүл тогтолцоо биш.

Хог үүссэн хойно нь биш, үүсэхээс нь урьдчилан сэргийлэхэд төрийн оролцоо хамгийн чухал. Тиймээс яаралтай бохирдуулагч буюу үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн хариуцлагын систем нэвтрүүлэх хэрэгтэй гэж Хоггүй Монгол ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Булган хэлсэн юм.