Индэр    
2024 оны 1 сарын 23
Зураг
Биологийн олон янз байдал ба ойн тогтвортой менежмент

Дан Алтрел: Гал моддыг шатаадаггүй, харин тэднийг устгадаг

Зураг

“Хөгширсөн модод гаднын нөлөөд өртөж суларч өвчилдөг тул Монголын ойд хортон шавжийн дэгдэлт ихтэй байдаг”

Ойн тогтвортой менежментийн чиглэлээр олон улсын компани, байгууллагуудад 25 жил ажилласан туршлагатай Шведийн Ойн мэргэжилтэн Дан Алтрелтай ярилцлаа.

Тэрбээр Төв Азийн орнуудад ойн менежментээр ажиллаж байх үедээ Монголын ойг сонирхон судалж, 2014 оноос эхлэн Монгол Улсын ойн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа туршлагатай мэргэжилтэн юм.

2014-2017 онд Монгол Улсад анх удаа “Олон зорилтот үндэсний ойн тооллого”-г зохион байгуулж байсан тэрбээр 2017 оноос хойш ойн тогтвортой менежментийг улам хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

- Та ойн салбарт олон жил тууштай ажиллажээ. Одоо эргээд дүгнэн харахад юунд хамгийн их талархаж байна вэ?

- Ой модыг ажлын байрныхаа нэг хэсэг болгож байгаа нь маш том аз завшаан төдийгүй ойн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад таатай байдаг. Учир нь "Ойчид бид энэрэнгүй хүмүүс" юм.

Би ойчин болсондоо өөрийгөө азтай гэж боддог, яагаад гэвэл ой мод нь хуурай газрын олон амьтан, ургамлын амьдрах орчин бөгөөд түүний тогтвортой менежментийг ханган ажиллавал байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг бидэнд өгдөг. Би дэлхийн өнцөг булан бүрд ойн мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан олон жилийн туршлагаа хуваалцах, дэлхийн ойн тогтвортой менежментэд хувь нэмэр оруулах дуртай.

- Тогтвортой менежментийн талаар ярихад нэн түрүүнд ойн эрүүл байдалд анхаарах байх?

- Тэгэлгүй яах вэ. Эрүүл ой нь хортон шавжийн дэгдэлт, ой хээрийн түймэрт илүү тэсвэртэй бөгөөд доройтсон ойг бодвол биологийн олон янз байдлыг илүү дэмжиж, хүмүүс бидэнд цэвэр агаарт амрах илүү таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

Эрүүл ой нь илүү их нүүрстөрөгчийг ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байхын зэрэгцээ мод болон ойн дагалт бүтээгдэхүүн, эко аялал жуулчлалаас илүү орлого олох боломжийг олгоно.

Үүнээс гадна ой уур амьсгалыг зохицуулж, хөрс, усаа хамгаалж, бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг орчны бохирдлыг бууруулахад голлох үүргийг гүйцэтгэдэг.

зураг
 

- Ойн эрүүл ахуйг сайжруулахад бид юу хийж чадах вэ, олон улсын сайн туршлагаас бидэнтэй хуваалцахгүй юу?

- Хүний зарим үйл ажиллагаа ойн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Монгол орны хувьд ойн түймэр, хортон шавжийн дэгдэлтээс урьдчилан сэргийлж, ойг нөхөн сэргээхийн тулд малаа ойгоос хол бэлчээснээр ойн эрүүл мэндийг сайжруулахад том хувь нэмэр оруулж чадна.

Үхэж хатсан модыг цэвэрлэснээр хортон шавж, мөөгөнцрийн голомт буурахын зэрэгцээ, хүчтэй ойн түймэр гарах эрсдэл буурдаг. Улмаар үлдсэн моддын нарны гэрэл, ус, шим тэжээлийн төлөөх өрсөлдөөн буурч, илүү чанаржин, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд илүү тэсвэртэй болно.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойн тогтвортой менежмент (ОТМ)-ийн ач холбогдол илүү нэмэгдсэн. Ойн аж ахуйн арга хэмжээ нь модны төрөл зүйлийн бүтцийг ирээдүйн уур амьсгалд дасан зохицох чадварыг сайжруулж, ойг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр ой байгалийн гамшигт өртөх нь буурч, байгалийн жамаар ургах хурднаас илүү хурднаар сэргэж чадна.

- Монгол орны ойн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг танилцуулахгүй юу?

Бид ойн тооллогын ачаар Монголын ойн өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээлэлтэй болсон. Монгол Улсын хэмжээнд 2014-2017 онд анх удаа “Олон зорилтот ойн тооллого”-г хийж, сэрүүн бүсийн ойгоор бүрхэгдсэн 13,000 гаруй талбай, 120 гаруй мянган зайн тандан судалгааны талбайд ойн төлөв байдлын зураглалыг гаргаж, дүн шинжилгээ хийж, ойн бүрхэвчийн зураглал гаргасан. 2017 он гарснаас хойш ойн системчилсэн тооллогыг аймгийн хэмжээнд үргэлжлүүлж, арван жилийн давтамжтай хийхээр болоод байна.

Монгол орны хувьд ойн түймэр, хортон шавжийн дэгдэлтээс урьдчилан сэргийлж, ойг нөхөн сэргээхийн тулд малаа ойгоос хол бэлчээснээр ойн эрүүл мэндийг сайжруулахад том хувь нэмэр оруулж чадна

Ойн тооллогын дүнгээс үзвэл, ойн түймэр нь Монгол орны сэрүүн бүсийн ойн эрүүл мэндэд хамгийн том аюул занал учруулж жил бүр олон арван мянган га талбайг сүйтгэж байна. Сэрүүн бүсийн ойд түймрийн дэгдэлт нь байгалийн үзэгдэл боловч түүний давтамж хүний буруутай үйл ажиллагааны улмаас нэмэгдсээр байгаа. Гал модыг шатаадаггүй, харин тэднийг устгадаг.

Ой хээрийн түймрийн дараа ихэвчлэн байгалийн нөхөн сэргэлтээр залуу мод ургадаг ч Монгол орны хувьд эдгээр залуу моддыг мал идэж, улмаар ойн цоорхой үүсэж нөхөн сэргэх боломжийг бууруулж ойд хөгширсөн модод зонхилох болсон. Хөгширсөн моднууд нь гаднын нөлөөд амархан өртөж, суларч, эцэстээ үхдэг тул Монголын ойд хортон шавжийн дэгдэлт ихтэй байдаг.

  • Олон зорилтот ойн тооллогыг явцад Монгол орны сэрүүн бүсийн ой нь
  • “хөгширсөн” – олон тооны хөгширсөн модтой,
  • "дутуу нөөцтэй” - ердөө 50% нь нөөцийн хэмжээ оновчтой,
  • "ашиглалт дутуу" гэдгийг тодорхойлсон.

Ойн ашиглалт маш бага байгаагаас Монгол орны ой хэт хөгширч, унасан, хатсан мод бүхий ой зонхилж байна. Өнөөгийн байдлаар мод бэлтгэл хийж буй талбайг харахад ойн тогтвортой менежмент бус сайн чанарын модны (олборлолт) явагдаж байгаа харагддаг. Угтаа бол ойн экосистемийг том зургаар харж үлдэж буй моддыг ирээдүйн капитал гэж үзээд ойн тогтвортой менежментийг цогцоор хэрэгжүүлэх нь чухал гэж боддог.

- Ойн тогтвортой менежментийн чиглэлд хэрэгжүүлж буй STREAM төсөл ямар ач холбогдолтой гэж Та харж байна вэ?

- STREAM төсөл нь ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх үндэсний чадавхыг хөгжүүлэхэд голлон анхаарч байгаа. Мод тарих, ургамал хамгаалал, байгалийн нөхөн сэргээлт, ой арчилгааны огтлол, ойн түймрийн менежмент зэрэг ойн аж ахуйн арга хэмжээний сургалтуудыг мэргэжилтнүүд, орон нутгийн оролцогч талуудад зохион байгуулдаг.

Мөн ойн тооллого, газар зүйн мэдээллийн систем, ойн хортон шавжийг таниулах урьдчилан сэргийлэх, ойн ашигт ургамлын тухай сургалтуудыг зохион байгууллаа.

зураг
 

Төслийн хүрээнд ялангуяа Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Өмнөдэлгэр сумд, Сэлэнгэ аймгийн Мандал, Жавхлант, Ерөө сумын орон нутгийн удирдлагууд, ойн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж байгаа. ОТМ-ийн сайн туршлагыг хэрэгжүүлэх туршилтын талбайнуудыг үндэсний болон олон улсын их сургуулиудтай хамтран байгуулсан. Эдгээр их сургуулиуд ОТМ-ийн туршилтын талбайнуудад ойн аж ахуйн арга хэмжээний судалгаа хийж байгаа бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хянаж, баримтжуулдаг. Төслийн хүрээнд оролцогч талууд болон сургагч багш нарыг чадавхжуулах сургалтад суурилан ойн аж ахуйн арга хэмжээг мөн өргөжүүлж байна.

- Ойн нэмүү өртгийн сүлжээг дэмжих, мөн ойн салбарын эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

- Ойн нэмүү өртгийн сүлжээ нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд манай төсөл нь өртгийн сүлжээг хөгжүүлэхэд дэмжин ажиллаж байгаа. Энэ хүрээнд Сэлэнгэ, Хэнтий аймаг дахь ойн гаралтай нэмүү өртгийн сүлжээ (бүтээгдэхүүн) ба холбогдох ойн аж ахуй нэгжүүдийн үнэлгээг хийлээ.

Ойн ашиглалт маш бага байгаагаас Монгол орны ой хэт хөгширч, унасан, хатсан мод бүхий ой зонхилж байна

Эрхзүйн хувьд одоо байгаа ойн салбарын бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийж, ОТМ-ийг идэвхжүүлэх талаар бодлогын зөвлөмжийг гаргасан төдийгүй Ойн тухай хуулийг шинэчлэн боловсруулахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрыг дэмжин ажиллаж байна.

Үүний зэрэгцээ олон нийтэд ОТМ-ийн ач холбогдлыг таниулах зорилгоор холбогдох гарын авлага, цахим мэдээллийн товхимол, практик сургалтын цуврал бичлэгүүдийг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэж байна.

- Монгол орны ойн салбарт 10-аад жил ажилласан байна. Салбарын ирээдүйн талаарх Таны төсөөлөл одоо ямар байна вэ?

- Монгол орны ойн салбарыг хөгжүүлэх асар их боломж байна. Ихэнх оролцогч талууд ойн эрүүл мэндийг сайжруулах сонирхолтой байгаа төдийгүй мал аж ахуйн салбарын хажуугаар ойн салбараас нэмэлт орлого олох сонирхолтой байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн ой, түүний гадна байгаа ойгоор бүрхэгдсэн талбайд аль алинд менежмент хийх хэрэгтэй. Гэсэн хэдий ч энэхүү хоёр төрлийн ой нь экосистем, нийгэм эдийн засгийн хувьд өөр өөр үүрэгтэй. Би хувьдаа Монгол орны ой модыг хамгаалах талаар маш их сэтгэл зовнидог бөгөөд түүнийг хамгаалах хамгийн сайн арга бол ойд тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр байгалийн гамшигт үзэгдлүүдэд тэсвэртэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай болох гэж боддог. Ойд илүү идэвхтэй, тогтвортой менежментийг хийснээр ой эрүүлжиж, улмаар илүү сайн ургадаг. Ингэснээр модыг тогтвортойгоор ашиглах боломжийг нэмэгдүүлж, мод боловсруулах үйлдвэрүүдийн хөгжлийг дэмжин, эдийн засгийн үр өгөөж сайжирдаг.

Ойн салбарын нөлөө эдийн засагт их болох тусам түүнийг дагаад тус салбарт цаашдын хөрөнгө оруулалтын боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Миний харж байгаагаар ойн салбарын тээврийн зардлыг бууруулахын тулд дэд бүтцийг сайжруулж, мод боловсруулах үйлдвэрүүдийн технологийг шинэчлэх, ОТМ-ийн үйлдвэрлэлээр гарсан шинэ нэр төрлийн модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардлыг бууруулахын тулд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Ойн салбарыг хөгжүүлэхэд хамгийн чухал нь ойг тасралтгүй, тогтвортой ашиглах юм.

Ирээдүйд сайн бэлтгэгдсэн ойн мэргэжилтнүүд тогтвортой менежмент хэрэгжүүлснээр ойн чанар сайжирч, илүү сайн ургаж, илүү нүүрстөрөгчийг шингээн, мод илүү чанаржиж, түлшний хэрэглээд нүүрсийг орлох түлшний модоор хангана гэж боддог. Монгол орны ойн салбар нь улс орны эдийн засагт гол хувь нэмэр оруулах, орон нутгийн иргэдэд нэмэлт орлогыг бий болгох, улмаар тал хээрийн доройтлыг зогсооход даацтай нөлөө үзүүлэх бүрэн боломжтой.