Индэр    
2024 оны 1 сарын 22
Зураг
Эдийн засагч, шинжээч

УРАМШУУЛАЛ, СУГАЛААГААР ХУРИМТЛАЛТАЙ БОЛОХГҮЙ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхэд байхад сошиал хөгжөөгүй телевиз л хамгийн хүчтэй суваг байв. Оройн оргил цагаар кинон дундуур реклам гарахад үзэхээс аргагүй. Тэр үед банкны хадгаламжийн реклам их гардаг байж билээ. Хэрвээ хадгаламж хийвэл байр өгье, Хайнань явуулж өгье, Олимп үзүүлж өгье гэнэ.

Энэ явдлаас хойш 20 жил өнгөрчээ. Гэвч одоог хүртэл Хайнань, Парисын олимп, хаусны сугалаатай хадгаламж татаж байна. Үр дүнд нь хадгаламжтай иргэдийн 3 хувь нь нийт хадгаламжийн 75 хувийг бүрдүүлэх болжээ. Үлдсэн нь бараг хуримтлалгүй гэсэн үг. Хүн төрөөд насанд хүрэх хэмжээний хугацаа өнгөрсөн байхад юу ч өөрчлөгдсөнгүй. "Санхүүгийн боловсрол" нэртэй зээл гэж юу бэ, хадгаламж гэж юу бэ гээд 10, 20 жил ярилаа. Үр дүн алга аа.

Одооноос эхлэх үү?

Банкерууд, сангийн менежерүүд, хөрөнгийн захынхан та бид ард түмнээ бодохгүй бол, та бид л санхүүгийн захаа хөгжүүлэхгүй бол хэн хөгжүүлэх вэ? Энэ жижигхэн улсад хамгийн мөнгөтэй 5,000 хүнээ хоорондоо жил бүр булаацалдсаар суух уу? Нөгөө хүмүүс нь ч банкеруудтай наймаалцаад сурчихсан. Толгой дээр нь гараад суучихсан л даа ер нь бол...

Санхүүгийн захынханд нөөц боломж бий юу. Мэдээж бий. Санхүүгийн захад 20 гаруй мянган залуус байна. Банкнуудын жилийн маркетингийн зардал ойролцоогоор хоёр тэрбум төгрөг. Арилжааны таван банк гэхэд л жил бүр 10 тэрбум төгрөгтэй. Энэ их мөнгөөр 3.5 сая хүнд хангалттай санхүүгийн боловсрол олгож чадна. Хэн хэнээ хуурахгүй харилцагчаа хуримтлалын дадалтай болгоцгооё. Хуримтлалтай эдийн засаг л дархлаатай байдаг юм. Хуримтлалтай хүмүүс сэтгэлзүй нь тайван, амар амгалан байдаг юм.

Санхүүгийн зах зээлийн 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн байхад ард түмэндээ зээл, хадгаламж хоёр санал болгосоор байх уу? Олон жил ашиг хийлээ. Цаашдаа ч ашгаа хийнэ. Гэхдээ санхүүгийн захын компаниуд нь томроод харилцагч нь хоцроод байж болохгүй. Харилцагчаа хөгжүүлье. Ард түмнээ хуримтлалын дадалд сургая. Урамшуулал, бонус биш гэдгийг харлаа. Яагаад хуримтлуулах хэрэгтэйг нь тал талдаа хэлж ойлгуулъя.

Бие биеэ хуурахгүй. Бодит байдалтайгаа тулж, ард түмнээ хуримтлалын дадалд сургацгаая. Зээлийг зөв хэрэглэдэг соёлтой болгоцгооё.