Индэр    
2024 оны 2 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Үүрцайх: Монгол хэлээ үл ойшоох нь түүхээ өөрсдийн гараар устгаж, ирээдүйн боломжоо сүйтгэж байгаатай адил

зураг
 

“Хил даваад л монгол хэлээр яах юм бэ гэх хандлагатай хүмүүс олширлоо" хэмээн ардын багш Ц.Өнөрбаян "Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл" үндэсний чуулганы үеэр хэлсэн нь анхаарал татаж байв.

Нээрэн л ирээдүйд дэлхийн иргэн болох хүсэлтэй, ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг зорьдог олон мянган хүүхэд эх хэлнээсээ илүү гадаад хэлийг шамдан суралцаж байна. Үүнийг буруутгах аргагүй. Угаас чиг хандлага нь ийм болж буй. Гэвч эх хэлээ орхигдуулж болохгүй олон шалтгаан бий. Ялангуяа, эх хэлээ сайн сурч, гадаад хэлээ ч давтан хос хэлтэн болохын давуу тал, гадаадад амьдарч буй хүүхдүүд монгол хэлээ сурахгүй байснаараа ямар боломжуудыг алдаж байгаа талаар сэтгэл судлаач, доктор Б.Үүрцайхтай ярилцлаа. 

Тэрбээр монголчуудын хамгийн олноороо оршин суудаг Бүгд Найрамдах Солонгос Улсад монгол хүүхдүүдэд монгол хэл заах төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

- Гадаад улсад амьдарч буй хүүхдүүдэд та монгол хэл заадаг. Гэхдээ өөр улсад амьдрахаар шийдээд очсон байхад энэ нь ямар ач холбогдолтой вэ. Эх хэл яагаад чухал вэ. Ярилцлагаа энэ талаар эхлүүлье ?

- Би сэтгэл судлаач мэргэжилтэй. Солонгост сурч амьдраад, цагаачлалын сэдвээр судалгаа хийгээд хэдэн жил болж байна. Төр нь гадаадад амьдарч буй иргэдийнхээ бүхий л асуудлыг орхигдуулсан, гэр бүлүүд хүүхдүүдийнхээ монгол хэл, соёл, түүх, цаашлаад боловсрол, эрүүл мэндийн асуудал дээр ч бага анхаардаг зэрэг дутагдал байсаар байгаагийн зэрэгцээ яаралтай засаж сайжруулах, анхаарал хандуулах шаардлагатай сэдэв улам нэмэгдсээр байна. 

Монгол хэл бол монгол хүний зайлшгүй эзэмших ёстой эрдэм, ирээдүйн амьдралд нь давуу тал, нөөц болох чухал зүйл гэж би боддог. Би гурван хүүхэдтэй. Том охиндоо гэрээр монгол хэл зааж сургасан. Цаг гаргаад зааж чадвал сурдаг юм байна гэдгийг харсан. Үүнээс улбаалж зөвхөн өөрийн хүүхдүүдийг сургах биш, бусад олон найз нь хамт сураасай, мэдсэн сурснаараа бахархаасай, эх орондоо очоод монгол хэл мэддэг нь тус дэм болоосой, эмээ өвөө ахан дүүстэйгээ аав ээжийн тусгүйгээр яриасай, ирээдүйд монгол хүн болж төрсөндөө бахархаасай гэдэг чин хүслээр түрүү жил 18 хүүхэдтэй хоёр ангийг нээж хичээллүүлсэн юм. Эцэг эхчүүд маш сэтгэл өндөр, хүүхдүүд ч өнгөрсөн зун Монгол явж ирээд хэлмэрчгүй сайхан яриад аялаад ирсэн байсан. Харамсалтай нь энэ сургалтаа түрүү жил дахин үргэлжлүүлж чадаагүй. Сургалтын байр, багшийн цаг боломжгүй, холоос ирдэг гэсэн шалтгааны улмаас зогсоосон.  

Хүн өөрийгөө бүрэн таних, ойлгох эрхтэй. Үүнийг эх хэл, соёл хангаж өгдөг

Энэ жил НАМҮ хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн төвөө нээж, амьдарч буй газраасаа мэргэжлийн монгол хэлний багш олж илүү удаан, тууштай хийх зорилготой эхлүүлсэн. Солонгост төрж өссөн хүүхдүүдэд монгол хэл, Монголоос ирээд удаагүй, солонгос сургуульд явдаг хүүхдүүддээ солонгос хэлийг нь, мөн ярианы англи хэлийг гадаад багшаас сурах боломжийг олгох үүднээс сургалтыг бүх хүүхдэд нээлттэйгээр сурагчдын амралтаар явуулж байгаа. 

Монгол хүүхдүүдээ монгол хэл сураасай, сургая гэсэн зорилго бол

  • нэгдүгээрт хүүхдүүд өв соёл, онцлогоо мэдэг,
  • хоёрдугаарт эх хэлээрээ дамжуулан хоёр орны гүүр болоосой, дэлхийн хүн эх орондоо уригдаж ирээд эх хэлээрээ мэдлэг, боловсролоо залуу үедээ зааж, хуваалцаж, үлгэрлээсэй гэсэн хүсэлтэй минь холбоотой. 

Эхний зорилгоо тодруулбал, хүн өөрийгөө бүрэн таних, ойлгох эрхтэй. Үүнийг эх хэл, соёл хангаж өгдөг. Гадаадад хэчнээн ч жил амьдарч, уусаж татагдсан бай зарим мартаж, мартуулж болохгүй зүйл гэж байдаг. Тэр бол монгол үндэсний эх хэл, бичиг. Монгол хэл бол бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн ой санамж, амин чанар юм. Хэл бичгээрээ дамжуулан үүх түүх, уламжлал, соёл, сэтгэлгээгээ авч үлдэх, үеийн үедээ өвлүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг.

Бодит жишээ дурдъя. 2022 оны нэгдүгээр сараас Солонгост хууль бусаар оршин сууж байсан иргэд сургуулийн насны хүүхдээрээ дамжуулан оршин суух визтэй болов. БНСУ-ын Гадаадын Иргэн Харьяатын Газарт очиж виз мэдүүлж эхэлсэн. Байцаагч хүүхдүүдээс хаанаас ирсэн, аль улсын иргэн болохыг асуухад “БИ СОЛОНГОС ХҮН. Манай аав ээж монгол” гэж хариулсан тохиолдлууд гарсан.

Хүүхэд Монголдоо төрөөгүй, Монголд очиж үзээгүй байлаа гээд монгол хүн байхаа болино гэсэн үг биш. Дэлхийн хаана ч явсан монгол хүүхэд монгол хэвээрээ байна. Бид яаж ч нуугаад, шинэ соёлд ууссан бай сэтгэлгээ, сэтгэхүй, сэтгэл хөдлөлөөрөө монгол хүний зан төлөв, ялгарал илэрч гарч ирж байдаг гэсэн үг.

Иймд багаас нь эх орон, үндэсний хэл соёл, түүх, тусгаар тогтносон улсын иргэн гэдгийг мэдүүлэх нь насанд хүрэгчдийн хийх ёстой ажил бөгөөд үүрэг. Хүүхэд өөрийгөө багаасаа зөв танин мэдэж, эергээр хүлээж авснаар бусад бүх зүйл дээр өөрийгөө бодитоор үнэлэх, итгэлтэй байхад тус болох юм.

Хэл өөртөө түүх, дурсамж, сэтгэл хөдлөл, сэтгэлгээ, ялгарал, мөн чанарыг агуулж байдаг. Тиймээс үүх түүхээ үргэлжлүүлж, бахархах, үр хүүхдэдээ ярьж өгч өвлүүлэх, тэдэндээ монгол хэлийг нь сургаж, удмын холбоосоо эх хэлээрээ өвлүүлээсэй гэж уриалмаар байдаг. 

Хоёр дахь санаа бол, хос болон олон хэлтэй хүнд хоёроос дээш боломж нээгдэнэ. Хар ухаанаар бодоход монгол, солонгос хэлээр ус цас шиг ярьж, бичдэг болбол аав ээж шигээ биеийн "3D" буюу бохир, аюултай, хэцүү ажлыг хийлгүй хоёр улсыг холбох гүүр нь болох ажлууд буюу жишээлбэл орчуулагч, хөтөч, бизнес зэрэг өөр түвшний ажил хийнэ.

Хүүхэд Монголдоо төрөөгүй, Монголд очиж үзээгүй байлаа гээд монгол хүн байхаа болино гэсэн үг биш

Шведийн боловсролын агентлагийн судлаачдын үзэж байгаагаар эх хэлээ мэддэг, түүнийгээ тогтмол ашигладаг хүүхдүүдэд олон давуу тал байдаг талаар дурдсан байдаг. Сэтгэлгээний хувьд чөлөөтэй, нээлттэй, ялгаатай нөхцөл байдалд өөрийгөө зөв, эергээр харж чаддаг, шийдвэр гаргах, нийгмийн ур чадвар сайтай, өөртөө итгэлтэй гэх мэт олон давуу талыг энд дурдаж болно.

Гэтэл Монголд байгаа нь хүртэл монгол хэлээ үл ойшоож, хүний хэл-соёлыг илүүд үзэж, хүний газар байгаа нь үр хүүхдүүддээ монгол хэл, бичгээ зааж сургахгүй, орхигдуулж байгаа нь ирээдүйн боломжийг устгаж, өөрсдийн түүхийг өөрийн гараар сүйтгэж байгаатай адил юм. Монгол хэлээ сурсан хүүхдүүд хүртэл мартаж байгаатай таардаг болсон.

Өнгөрсөн зун Солонгост ирээд удаагүй хүүхдүүдэд шинэ соёлд дасан зохицох “ТИНТОК” сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа. Нэг удаагийнх нь эцэг эхчүүдтэй хамтарсан сургалт болж, хүүхдүүд захиа бичсэн юм. Хүүхдүүд монголоороо алдаатай бичих, зарим нь яаж бичихээ санахгүй, автоматаар латинаар галиглаж бичсэн байхыг томчууд бид гайхаж, эцэг эхчүүд нь хүүхдээ зэмлэж байв. Шинийг сурах гэж ирчхээд сурсан эрдмээ мартвал бид урагшлах биш ухарч байна гэсэн үг юм. Маш харамсалтай. 

Хэлний асуудлаас болж гэр бүл дотор маргаан, зөрчил ч нэмэгдсээр. Хүүхдүүд нь монгол хэлгүй, эцэг эх нь гадаад хэлгүй, эсвэл муу мэддэгээс хүүхдээ хүмүүжүүлэх, хичээлд нь туслах, сургууль нийгмийн үйл ажиллагаанд хоцрох, сэтгэл зүй, найз нөхдийн харилцаа зэрэг нарийн асуудлыг нь ярилцахад хэл нэвтрэлцэхгүйгээс хүндрэл үүсэж эцэг эх-хүүхэд хоорондын зай улам хөндий, бие биенээ үл тоомсорлох болдог гээд асуудал томорсоор байна.

"Би гадаад хүүхдүүдтэй, хүүхдүүд нь гадаад эцэг эхтэй" гэх хөгжилтэй бас гунигтай яриа нь бодит байдал юм. Энэ болгоныг бага дээр нь шийдвэрлэх арга бол эцэг эхчүүд гадаад хэл, бичгийг сайн сурах эсвэл хүүхдүүддээ монгол хэлийг маш сайн сургах гэсэн сонголт эцэг эхчүүдэд үлдэж байгаа юм.

Дэлхий даяараа эх хэлийг суурь боловсрол болгон 12 жил сургадаг нь ч учиртай. Эх хэлээ сайн сурсан хүүхэд дараагийн хэлийг сурахдаа тэрхүү загварынхаа дагуу сайн сурч чадна гэсэн үг. Дэлхий хавтгай болж байна. Америкт төрсөн хүүхдүүдийг заавал Монголд аваачих хэрэггүй. Өмнө нь гадаадад байгаа хүүхэд залуусыг Монголдоо очоосой гэж боддог байлаа. Харин одоо бол тийм биш.

Монголын уураг тархи болсон хүүхэд залуус дэлхийн хаана ч төрж, амьдарч, сурч, ажиллаж бүтээж болно. Монгол хүний нүүдэлчин сэтгэлгээ, өвөрмөц онцлог, нинжин сэтгэл, тэсвэр хатуужил нь хийж буй ажилд нь шингэж, бусдаас ялгарч, өндөр үнэлэгдэж чадаж байна гэдэг бол монгол сэтгэлгээ тэнд ялалт байгуулж байна гэсэн үг. Хийсэн бүтээснээ элэг нэгтнүүддээ ирж хуваалцаж, бие биеэсээ суралцаж, дэмжиж, хамтарсан олон сайн бүтээлийг гаргадаг болоход эх хэл, соёл маань дэлхийн монголчуудыг нэгтгэж уулзуулах юм. 

Том агуулгаараа эх хэл гэдэг бол монгол эх орон, монгол хүний амин чанар, холбоос, дархлаа

Их сургуульд сурч байхад үргэлж атаархдаг нэг зүйл байлаа. Дэлхийн олон орноос хамгийн шилдэг солонгос профессоруудаа урина. Цахим болон танхимаар хичээл, лекцүүдийг заана. Тэд гадаадад төрсөн, тэндээ олон жил болсон гэдэг ч солонгос хэлээ маш сайн мэддэг, төвөггүй солонгос хэл дээр лекц, хичээлээ явуулчихдаг нь үнэхээр бахархалтай, атаархмаар. Нэг үндэс угсаа, эх хэл нь тэднийг нэгтгэж, уулзуулж, хамтарч ажиллах нөхцөл бүрдсэнээрээ эх орон нь хөгжиж чаджээ ч гэж бодогддог. 

Хүүхдээ анхаардаг, ухаантай эцэг эхчүүд хүүхдийнхээ бие-ухаан аль алийг нь төрүүлдэг. Орчинд нь очоод аяндаа сурна гээд андуурч ирээд одоогоороо хэлгүй, хөлгүй хүмүүс хорвоогоор дүүрэн. Эрдэм мэдлэгийг хичээлээр сурдаг учир үр хүүхдэдээ сурах боломжоор хангаж, хэлснийг сонсож, дагаж, мөрддөг насан дээр нь эх хэл сурахыг нь дэмжиж, насны багад биеийг нь зовоож сургасан эрдэм нь насан туршийнх нь хоол болно гэж хэлмээр байна даа. 

- Сүүлийн үед хэл бол харилцааны л хэрэгсэл гэж ярих хүн их бий. Гэтэл таны хэлж буйгаар энэ нь маш өргөн агуулгатай байх нь ээ?

- Тийм. Том агуулгаараа эх хэл гэдэг бол монгол эх орон, монгол хүний амин чанар, холбоос, дархлаа юм. Хэдэн зуун жил монгол хүн монгол хэл, сэтгэлгээгээрээ ялгарч, нэгдэж тусгаар тогтносон эх орноо бүтээж чадсан түүхтэй. Энэ нь эрдэмтэн, мэргэд, өвөг дээдэс маань аман болон бичгийн хэлээр үлгэр туульс, ном зохиол болон бидэнд хадгалагдан, өвлөгдөж ирсэн. Тийм ч учраас бусад улс орон эх хэлний өдрөөрөө амарч, эцэг эхчүүд үр хүүхдүүддээ энэ өдрийн утга учрыг тайлбарлаж, бахархалтайгаар ярьж, ухуулж таниулж өгдөг.

Солонгост солонгос хэлний дамжаа маш үнэтэй байдаг. Учир нь эх хэлээ сайн сурсан хүн дараагийн эрдмийг сайн сурч, зөв бодож сэтгэж, ухаж ойлгож, сурсан мэдсэнээ дараагийн хүмүүст дамжуулж, үлдээнэ гэж үздэг.

Солонгос хэлний сургалтын зорилго нь зөв цэгцтэй, ул суурьтай, цэгцтэй бодож сэтгэж, ярьж, зөв илэрхийлэх, цаашлаад бичгийн маш нарийн ур чадваруудыг суулгаж өгдөг. Монгол хүмүүс солонгос хүн их ухаантай, айхавтар гэж ярьдаг нь тэд их уншдаг, хэл яриа, харилцааны нарийн техникүүдийг багаасаа сурдагтай холбоотой. Хүүхдүүддээ ч маш их ном уншиж өгч, ярилцаж бодол сэтгэлийг нь хуваалцдаг. Бие дааж унших дадалд ингэж сургадаг.

Энэхүү дадал нь сурах хүсэл сонирхол, нийгэм танин мэдэхүйн чадваруудыг суулгаад зогсохгүй, соёлын онцлог болтлоо хөгжсөн байна. Улсын зүгээс ч хэл, соёлыг сурталчлан таниулах ажлыг тасралтгүй хүчтэй бодлогоор дэмжсээр ирсэн нь солонгос хэлний хэрэглээ, хамрах хүрээ, хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулсан. 

Бид монгол хэл соёлоор дамжуулан дэлхий даяар тархан суугаа дунджаар 10 сая монгол хүнийг нэгтгэх, үндэсний итгэл үнэмшил, дархлааг бий болгох ажлыг дэмжиж ажиллаасай гэж хувьдаа хүсдэг. 

- Хүүхдүүд монгол хэлээ сурахад юу хамгийн ихээр нөлөөлдөг вэ?

- Хамгийн түрүүнд эцэг эхчүүдийн хандлага. Өмнө ч дурдсан. "Монгол хэл яах вэ ээ", "Монгол хэл үү, болно шүү дээ. Монгол хүн юм чинь", “Гэртээ монголоор ярьдаг, сайн ойлгодог гайгүй байх аа”, "Монголд зун очоод сурчих байх" гэсэн эцэг эхчүүдийн үл ойшоосон, хувь заяанд нь найдсан хандлага монгол хэлийг ач холбогдолгүй, ашиглагдаагүй эх үүсвэр болгож байна.

Түрүү жилийн сургалтад нэг километр дотор ойр эцэг эхчүүд хүүхдээ суулгахгүй байхад 50 километрийн цаана холоос "Сөүлээс арай ойр болчхож бүр баярлаад" гээд гурван хүүхдээ таксигаар зөөж ирж сургалтад хамруулж байсан гэр бүл байна. Энэ бол эх орон, эх хэл, мэдлэг боловсролд хандаж буй эцэг эхчүүдийг хандлага гэж харж болно.

Олон соёлт гэр бүлүүдтэй олон жил ажиллаж буй солонгос мэргэжилтнүүдийн анхааруулдаг зүйл бол эх хэл. "Монгол ээж нар солонгос хэл их хурдан, сайн сурдаг болохоор хүүхдүүд нь төрөлх хэлээрээ сайн ярьдаггүй, мэддэггүй тэ" гэж ярьж байсан хүнтэй ч таарч байлаа. Гэтэл вьетнам, япон, хятад ээжүүд хүүхдүүддээ сургуульд ортол нь өөрийн хэл, соёл, уламлалыг зааж, хүмүүжүүлж, сургадаг.

Хүн нэг нэгэндээ сэтгэлээ уудлаад, бүрэн сонсож ойлгоод, ижил зүйл мэдэрч инээж баярлаж, гуниглах гэдэг бол эх хэл бидэнд өгч байгаа бэлэг

Тэд солонгос хэл мэдэхгүй, чадахгүйдээ биш ээжийнх нь хэл ирээдүйд "алт" болно гэдгийг мэдээд, багадаа зовлонгүй сурна гэдгийг өмнөх туршлага, номоос сурчхаад хичээгээд зааж сургаад байгаа юм. Бусад оронд байгаа япон зэрэг бодлоготой орны ухаантай ээжүүд мөн адил ялгаагүй тэгж сургадаг. 

- Бодит байдлыг харвал ихэнх хүүхэд монгол хэлээ хойшоо тавиад байгаа нь ажиглагддаг. Өнгөрсөн онд хүлээж авсан Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-ний дүнгээр энэ нь тодорхой болох шиг боллоо. Учир нь хүүхдүүдийн хамгийн тааруу үнэлгээ авсан нь эх хэлээрээ уншаад ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварын даалгаврууд байсан. Тэгэхээр хандлагын асуудал байх шиг байна?

- Монгол хэл заавал сурахгүй байсан ч болно гэж боддог болсонтой холбоотой буруу ойлголт их байна. Тоогоо хийгээд, англи хэлээ хийгээд тэгээд монгол хэлийг сүүлийн байранд, заримдаа бүр хийхгүй байсан ч мэддэг юм чинь гэх бодол.

Монгол хэл гарцаагүй сурах ёстой биш сонголтын хэл болсон учраас маш их хойш тавьж байна. Гэтэл хүүхэд том болох тусам монгол хэл сурах сонирхолгүй, Монголоос улам холдсоор байна. Ажиглаад байхад 11-ээс дээш насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд ихэвчлэн зөвлөлдөж шийдвэр гаргадаг. Мэдээж зөв. Ихэвчлэн шийдвэр нь үгүй гэж гардаг. Одоо манай сургалтад ч 11 хүртэлх насны хүүхдүүд л сурч байна. Энэ нь эцэг эхчүүдийн сонголт, шийдвэр байдаг. Магадгүй сонирхлыг нь асуусан бол яах байсныг мэдэхгүй байна. Тиймээс эцэг эхийнхээ үгийг сонсдог, сайн дагадаг насан дээр нь монгол хэлийг нь мэргэжлийн багш нараар нь заалгаж, гэртээ ярианы чадварыг нь сайжруулахад гэрээсээ олж авсан том боловсрол мэдлэг болох юм.

Гэхдээ эцэг эхчүүдийн дунд нэг айдас бий нь багад нь хоёр хэлийг зэрэг сургахаар аль нь ч үгүй болчих вий гэдэг. Бага байх тусмаа хоёр хэлний ялгааг ойлгож, айдасгүй, санаа зовохгүйгээр илүү хурдан байгалиараа сайн сурдаг болохыг судалгаанууд харуулдаг. 

- Та түрүүн улс орнууд гадаадад байгаа хүүхдүүдээ эх хэлээ сурахыг яаж дэмждэг, эцэг эхчүүдийнх нь хандлага ямар байдаг талаар дурдсан. Манай улсын тухайд энэ талын бодлого, чиглэл нь ямар байдаг вэ. Жишээлбэл харьд эх хэлээ заахаар хичээж байгаа танд ямар асуудлууд тулгараад байна вэ?

- Эцэг эх нь дэмжээд хүүхдээ монгол хэл сургая гэхээр сургалтын төв, багш нь хол эсвэл байхгүй. Сургалтын төв багш нь байхаар сурагч нь байхгүй, эцэг эх нь дэмжихгүй. Сурагч нь багштайгаа байхаар байшин сав нь байхгүй гээд яривал асуудал их. Гадаадад амьдардаг иргэдийн эрүүл мэнд, боловсрол зэрэг асуудал үргэлж төрийн бодлогоос гадуур яваад байгаа санагддаг.

Ядаж монгол хэл, соёлыг монгол хүүхдүүддээ сургах, таниулах ажлыг төр анхаарч бодлогоор дэмжээд өгвөл эерэг үр дүн олон гарна даа. Миний нэг хувийн бодол байдаг. Төр нь иргэдтэй хамтарч ажиллаасай гэсэн. Бусад улсад ч иймэрхүү сайн туршлага олон. Жишээ нь Элчин сайдын яам иргэдтэйгээ хамтран ажиллаж, хүүхдийн асуудал хариуцсан албан бус төлөөлөгчдийг томилж ажиллуулж яагаад болохгүй гэж. БШУЯ-ны алсын зайн монгол хэлний багш, сургагч багш гээд олон нийтэд танилцуулаад өг л дөө.

Жаахан системд оруулаад өгөхөд л өөрсдөө газар орноо олоод, төсөв санхүүгээ босгоод хийх хүн байж л байгаа. Удирдлага алга, сэтгэл, дэмжлэг алга, заримдаа юу хийх ёстойгоо ч мэдэхгүй мэргэжилтнүүд их байх шиг санагддаг.

Сайн дураараа хэдэн хүүхэд суулгаад монгол хэл зааж байгаа багш нар байна гэж дуулддаг үнэхээр мундаг. Газар болгон эх орноо гэсэн, чаддаг мэддэгээ хуваалцаад хүүхдүүдэд монгол хэл соёлоо сургаад өгөх сэтгэлтэй, хүсэлтэй багш мэргэжилтнүүд зөндөө. Манай төв ч бас сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа учир солонгос газрууд дэмжих ямар ч боломжгүй болдог. Монгол хэл зааж байгаа бол улс чинь дэмжих ёстой юм байна шүү дээ л гэдэг. 

Хүүхдээ сургах газаргүй, багшгүй сурч чадахгүй явсаар хүүхдүүд нь сурах дургүй болсон, одоо өнгөрсөн гэх харуусалтай эцэг эхчүүд олон. Гадаадад байгаа монголчуудыг монгол хэлтэй болгоё гэвэл төрийн дэмжлэг гарцаагүй хэрэгтэй. Тэгж байж эх хэл, соёлоо бага ч болов хадгалж үлдэж, хүүхдүүдээ хүний нөөцдөө хадгалж үлдэх нэгэн шийдэл ч байж болох юм.

Дэлхий хүний нөөц, хөдөлмөрийн хүчний тэнцвэрт байдлыг хадгалах, хангах гэж толгойгоо өвтгөж байгаа энэ үед ойрын ирээдүйгээ хараад ч болов монгол хэл соёлыг таниулах, сурталчлах тал дээр нийт монголчуудаа одооноос уриалж ажиллах нь төрийн хүмүүсийн том гэрийн даалгавар шүү.

Нэг бүрчлэн яривал олон бэрхшээл бий.

- Гэр бүлийн орчин маш чухал боловч эцэг эхчүүдийн хичээл зүтгэл л дутуудаад байх шиг санагдлаа?

- Хүн болох, хэл сурахад гэр бүлийн орчин нэг номерт жагсах хамгийн чухал хүчин зүйл, нийгмийн орчин мөн. Амьдралын анхны хичээлүүдийг гэр бүлээсээ авдаг. Завгүй нийгмийн амьдрал үргэлжилсээр, заримдаа өөрөө ч сурах ёстойгоо сурч чадалгүй, завгүй жил бүр англи хэл сурна гэсэн зорилготой 10, 20, 30 дахь жилдээ амьдарч байгаа хүмүүс олон. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл таны хүүхэд бага насандаа мэргэжлийн хүнээс дүрмийн дагуу бичиж, ярьж сурахгүй бол өөрийн тань англи хэл, хүүхдийн тань монгол хэлний мэдлэг адилхан сурах мөрөөдөл, сул тал болно л гэсэн үг. 

Хүүхдүүдийн ёс суртахуун, сурах хүсэл сонирхол, ажил амьдралын зорилго, чиг хандлага, арга барил, сахилга бат, тууштай байдал, чин сэтгэл гээд олон бас бидний үнэлж барамгүй ур чадваруудыг гэр бүлийн орчин буюу эцэг эхчүүд хүүхдүүддээ тарьж суулгаж байдаг.

Монгол хүн бусдаас юугаараа өөр, ижил, бидний үнэт зүйл, итгэл үнэмшил, бишрэл нь юу болох, нийгэмд хэрхэн биеэ зөв авч явах, бусдыг хүндлэх, дүрмийг мөрдөх гээд мэдэх ёстой амьдралын хичээлүүдийг заах шаардлагатай нүүр тулдаг.

Гэтэл хэлний саад, хэлний мэдлэгийн түвшин зэргээс хамааралтай хүүхдүүддээ хүссэнээ хэлж, ойлгуулж чадахгүй, сэтгэлээ онгойтол ярилцаж чадахгүй, аль алинд нь хэлэх ярих зүйл байгаа ч хоёр гадаад хүн ярилцахад хүндрэлтэй тул харилцааны зай бага багаар гарсаар сүүлдээ ярилцахгүй, бие биенээсээ зугтаж, таньдаг хүмүүс шиг болсон байх жишээтэй.

Хүн нэг нэгэндээ сэтгэлээ уудлаад, бүрэн сонсож ойлгоод, нэг зүйл мэдэрч инээж баярлаж, гуниглах гэдэг бол эх хэл бидэнд өгч байгаа бэлэг. Гэтэл тэгж чадахгүй байх нь хүнийг бухимдуулж, бачимдахад хүргэдэг. 

Үр хүүхдэдээ хайртай л бол тэдэнтэйгээ хамт инээж, дурсамж бүрд нь хамт байхыг хүсвэл, хүний өмнө нүүр бардам би монгол хүн гээд монголоороо ярьж инээж УС, ЦАС ШИГ хэлтэй болгохын тулд одоо ч та оройтоогүй. Сурсан эрдэм хэзээд хүч, нөөц болдог учир Монголд дургүй, Монголоос гарсан ч үндэс угсаа, мах цусаа өөрчлөөгүй л бол монгол хэл, соёлыг нь үр хүүхдэдээ өвлүүлээсэй, зааж сургахад цаг, мөнгө, хичээл зүтгэл гаргаарай гэж хэлмээр байна. 

Дэлхийн олон цагаач иргэд эх орондоо буцсан гайхалтай түүхүүд ч их байдаг. Хятадаас ХХ зуунд явж, АНУ-д очсон хүмүүс XXI зууны Хятад улсыг бүтээж байна. Хятадын цахиурын хөндий Америкаас дутахааргүй бүүр илүү ч хангаж нөөцтэй газар байна. Үүнийг хятад, англи хэлтэй, хятад хүний мөн чанар, үнэт зүйлийг ойлгодог хүнээс л тэр инновац гарна байна. Америкаас бүх л эрдмийг сурч, хуулж хэд дахин илүүг нь эх орондоо бүтээж чадаж байна. Гайхалтай биш гэж үү. Монгол хүнд ч тийм боломж бий.

- Хос хэлтэн болоход юуг анхаарах ёстой вэ?

- Туршлагатай улсын ээжүүд бол хүүхдээ 2-3 нас хүртэл нь хайрлаж өсгөж байна. Хайрлана гэдэг нь тохирсон хоолыг нь идүүлж, айдасгүй, тайван, нойр бүтэн,  сэтгэл хөдлөлийг зөв удирддаг, хэл ярианы хөгжил сайтай болгож өсгөдөг.

Гэтэл бид яадаг вэ гэхээр ажилдаа орох гэж яардаг. Солонгост амьдардаг хүмүүсийн хувьд зургаан сар, нэг настайд нь цэцэрлэгт оруулж, өглөө 06:00-07:00 цагийн хооронд цэцэрлэгт оруулаад, орой 18:00-20:00 цагт авдаг.

Ээжтэйгээ хангалттай ээнэгшиж чадаагүй нийгмийн амьдралд орж түгшүүр айдас мэдэрч, нийгмийн хэм хэмжээнд тохируулж, зохицох амьдрах нөхцөл байдалтай багаасаа нүүр тулдаг. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд багаас орж эхэлдэг гэсэн үг юм.

Ингээд яривал олон бие хүн, харилцааны асуудал зэргийг ярьж болох ч үндсэн хос хэлний яриа руугаа эргээд оръё.

Эх хэл гэдэг нь хамгийн идэвхтэй, түлхүү хэрэглэдэг хэлийг хэлдэг энгийнээр тайлбарлая. Монгол хэл бол эх хэл биш байж болно гэсэн үг. Монгол хүүхдүүд өдөржин цэцэрлэг дээр багштайгаа харилцаж, багшаасаа хоол идэж, ном уншуулж, тэдний бүүвэйн дуунд өвөр дээр унтаж солонгос хэлийг их сонсож, тархи тэр хэлний механизмаар хөгжиж байна гэсэн үг. Тэгээд хүүхэд хэлд ороод аль хэлээр түлхүү ярьж байна тэр нь эх хэл болж, ээжийн хэл хоёр дахь хэл нь болдог гэсэн үг. Гэртээ ирлээ ах эгчтэй бол мэдээж бас тэдний ярьж буй хэлээр түлхүү ярьж, эцэг эх нь монголоор ч юм шиг, солонгосоор ч юм хольж ярихыг аль алийг нь ойлгодог ч түлхүү сонсдог хэлээрээ идэвхтэй харилцаж, ярьдаг. Түүнийг нь эх хэл гэж нэрлэдэг. Сонин байгаа биз. 

Хайрлана гэдэг нь тохирсон хоолыг нь идүүлж, айдасгүй, тайван, нойр бүтэн,  сэтгэл хөдлөлийг зөв удирддаг, хэл ярианы хөгжил сайтай болгож өсгөхийг хэлнэ

Сургуулийн насанд хүрлээ бичгийн хэл нь илүү хөгжөөд эхлэхээр эцэг эхийнхээ яриаг ойлгодог ч эргүүлээд хариулж чаддаггүй. Нарийн утга агуулгатай өгүүлбэр, үгнүүдийг бол ойлгохгүй шүү дээ. Аав ээж нар хүүхдийнхээ солонгосоор хэлсэн хүнд хэцүү үг хэллэг, урт өгүүлбэрийг бас ойлгохгүй. 

Хүүхдэдээ монгол хэл сайн заахгүй эсвэл өөрөө солонгос хэл маш сайн сурахгүй байна аа гэдэг нь хүүхдээ хүнд найдаж хүмүүжүүлж, сургаж байгаагаас ялгаагүй гэсэн үг. Сэтгэл зүйн зөвлөгөөнд хүүхэдтэйгээ ойлголцохоо байсан, үгийг нь сонсохгүй байгаа, таг чимээгүй болчихдог зэрэг асуудлууд нь хэл нэвтрэлцэхгүй бүрэн ойлголцохгүй явсаар нэг нэгнээ юу ч ярьсан сонсохоо больсон байдаг.

Хүүхдэдээ тусалъя гэвэл дуртай дууг нь сонсож, хамт үзэж, тоглохыг зөвлөдөг шүү дээ. Яг үүнтэй адил та хүүхдэдээ тусалмаар байна, сайн найз нь баймаар байна гэж л байгаа бол аль нэг сонголтыг хий.

Хүүхдээ монгол хэлтэй болго эсвэл өөрөө гадаад хэлийг маш сайн сур. 

Нэг хэлтэй хүн, хоёр хэлтэй хүний ажлын чанар, бүтээмж, орлого маш ялгаатай болдог. Та ч гэсэн хэлээ сайн сураад илүү их орлоготой, одоогийнхоосоо илүү ажил хийсэн ч болно шүү дээ. 

- Хос хэлтэй болох хамгийн алтан үе нь хэзээ вэ?

- Сургуулийн өмнөх нас. Өмнө ч хэлсэн. Хүн байгалиасаа тав тухыг үргэлж хайж байдаг. Одоо илүү амар ярьж, нэвтэрч байгаа хэлээ нэг түлхүү ашиглаад эхлүүл тэрийгээ л сонгодог. Гэтэл олон соёлт гэр бүлүүдийг ухаалаг эцэг эхчүүд хүүхдүүдээ хамгийн багадаа хоёр түүнээс дээш хэлтэй болгож байна. Хэл сурах сүүлдээ тийм ч хэцүү биш хэл сурах нь хобби болсон хүмүүс ч олон байдаг.

Насанд хүрэгчдэд хэл сурах айдас маш хүчтэй байдаг бол өнөөдөр хүүхдүүд цахим контентоор дамжуулан ямар их зүйлийг хурдан амархан сурдаг болж байна. Нэг орой ирэхэд л англиар тоолж, маргааш нь хятадаар өнгө хэлдэг болсон байх жишээтэй. Тэр үе дээр нь дэмжээд сурга. Үгүй бол насан туршдаа хэдэн тоо, өнгө мэддэг л болно шүү дээ. Сурах үйл явцыг нь эцэг эх нь өөрсдөө гацаачхаад үр дүн нэхдэг нь харамсалтай

Монголын талаарх эерэг үзэл бодолтой, сэтгэлтэй, үнэ цэнийг нь өсгөх суурь мэдлэг бол монгол хэл

Хэл сурахад дасан зохицох хугацаа 6-12 сар юм. Ялангуяа бага насны хүүхдүүд  чимээгүй болж байгаад ярьж эхэлдэг. Энэ үед тархи нь ажиллаж, шинэ мэдээлэлд өөрийгөө тохируулж байдаг. Гэтэл эцэг эхчүүд их яаруу шууд л сургалтад явлаа маргааш нь ярь, унш гэдэг. Тухайн хэлээр нь яриад дэмжээд өгөхөд л дуураймлаар ярьж, эргэцүүлж, цээжилж, давтаж, эх хэлтэйгээ харьцуулж явсаар амархан хоёр дахь хэлийг сурдаг. Юүтүбийн тусламжтай хоёр дахь хэлийг сурсан хүний статистик тасралтгүй нэмэгдсээр байгаа нь үүний баталгаа. Одоо харин эцэг эхчүүд дэмжиж, ном уншиж өгөх, тухайн хэлээр сайн ярих, сургалтад хамруулахад хүүхэд тоглоомыг аргаар маш сайн хэлийг багаасаа сурч эхэлбэл хэлний айдасгүй сурах юм.  

- Монгол хэлээ сурахгүй байснаар хүүхдүүд ирээдүйн ямар боломжуудыг алдаж байна вэ?

- Практик ач холбогдлын үүднээсээ Монгол хэл нь ашиглагдаагүй эх үүсвэр буюу монгол хэлний нөөц, боломжийг үнэ цэнгүй, ашиггүй зүйл болгож байгаа юм. Эдийн засгийн үүднээсээ хувь хүний суурь, бодит хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгө босгох боломж байдаг ч хүмүүс түүнийг мэддэггүйгээс алдагдсан боломж болгодог. Ирээдүйн ажил эрхлэлтийн гол хөрөнгө нь монгол хэл байхыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ.

Энд мөн ондоошлын асуудал гарч ирдэг. Сүүлд амин чанар, ялгарал зэрэг олон янзаар нэршлийг хэрэглэж байгаа ойлголт байна. Монголын нийтлэг үнэт зүйлсийн нэг бол хэл юм. Солонгос хүн шиг болох гэж биш өөр юугаараа онцлог, давуу талтайгаа багаас нь ойлгуулах нь чухал.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхдийн боловсрол нь хүүхдийн соёлын өвөрмөц байдал, өөрийн хэл, өөрийн үнэт зүйлсийг хүндэтгэх сэтгэлийг төлөвшүүлэхэд чиглэгдэх ёстой гэж үздэг. Гэтэл бид монгол сэтгэлгээ, хэл, соёлоос хүүхдүүдээ хөндийрүүлж, ухуулж таниулахаас цааргалж байгаа нь хүүхэд өөрийгөө мэдэх эрхийг зөрчиж буй хэрэг юм. Гадаад оронд бид үргэлж суугуул, зочин хүн байна. Олон жил цагаачдыг өөртөө уусгаж нэгдэн амьдарч буй улс орнууд гадаад иргэдээ цагаач гэж харж, үнэлдэг.  Өөрийгөө бүрэн ойлгож мэддэг хүн ямар ч үед сэтгэл зүйгээр унахгүй, сэтгэлгээ, танин мэдэхүйгээр ялгарч олон давуу талын бий болгож чадна гэсэн үг.

Одоо үндэсний хэл, соёлын давуу талыг ухуулаад, сургаад эхлэхэд огт хоцроогүй бас оройтоогүй. Хос хэл-соёлыг сайн суулгаж чадвал Монголын уур амьсгал, байгаль экологи, ховор ургамал амьтны онцлогийг сонирхон судлах, инновацлаг бүтээл, бүтээгдэхүүн болгон гаргах санаа, сэтгэл монгол хүүхдүүдээс гарна, бидний ирээдүй үүнийг хийж чадна. Үүний тулд Монголын талаарх эерэг үзэл бодолтой, сэтгэлтэй, үнэ цэнийг нь өсгөх суурь мэдлэг бол монгол хэл юм.

- Ярилцлагын төгсгөлд та юу гэж хэлмээр байна вэ?

- Дэлхийд нэрээ дуудуулсан, үнэ цэнтэй, эрхэм, дээд, оюунлаг монгол хүмүүн олноороо төрөх болтугай гэж хүсэж байна. Үүний тулд бид эх хэлээ сайтар сурч, түүхээ мэдэж, өөрсдийгөө бүрэн таниасай.