Индэр    
2023 оны 12 сарын 5
Зураг
Биологийн олон янз байдал ба ойн тогтвортой менежмент

Хамгаалагдсан газар нутаг

Зураг

Байгаль ийн шивнэлээ...

“Хүн Та үүссэн цагаасаа миний өлгийд тухлан, тэжээгдэж, басхүү эрхшээлд минь орж, хүчин мөхөстөхдөө надад мөргөн шүтэж ирсэн. Өдгөө намайг хамгаалан үр хүүхдэдээ нандигнан үлдээх нь Таны эрхэм үүрэг” хэмээв.

Эртнээсээ байгалийн шивнээг сонсож, байгалийг “Эх” хэмээн хүндэтгэн дээдэлж ирсэн уламжлал монголчууд бидэнд бий. Дэлхийн хамгийн анхны тусгай хамгаалалттай газар Монгол Улсад бүртгэгдсэн нь үүнийг батлан харуулна. Дэлхий ч бидний уламжлал, байгаль эхээ дээдлэх ахуй соёлыг үнэлсэн байдаг. Монгол Улсын газар нутгийн 20.1 хувийг тусгай хамгаалалтад авсан бөгөөд 179 улс орныг хамруулан хийсэн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход тусгай хамгаалалттай газар нутгаар дамжуулан хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ бид тэргүүн байрт эрэмбэлэгджээ.

Хэт хурдацтай хөгжлийн нөлөөгөөр байгальд учрах хор хөнөөлийг хязгаарлах, байгаль түүх, шинжлэх ухааны давтагдашгүй өвийг хойч үедээ дамжуулан үлдээх, байгалийн тэнцвэрт байдлыг хангаж, тогтвортой өнө удаан жил цэнхэр гараг дээрээ амьдрахын тулд хүн төрөлхтөн бидний хэрэгжүүлж буй шалгарсан аргуудын нэг нь ТУСГАЙ ХАМГААЛАЛТ юм.

Хамгаалан буй байгаль минь бидэнд юу өгдөг вэ?

Горхи-Тэрэлж, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраар жишээ авч тайлбарлая.

зураг
 

Цэвэр агаар. Алаг үрсээ хагас өдөр цэвэр агаараар амьсгалуулахын тулд бид Тэрэлжийг зорьдог.

Цэвэр ус. Горхи-Тэрэлж, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт хүн амын тал нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотыг цэнгэг усаар хангадаг Туул голын эх, сав газрууд оршин буй. Хэрвээ энэ хамгаалалт байгаагүй бол өдгөө нийслэлчүүд ундны цэвэр устай байх байсан болов уу?.

Сүүлийн 25 жилийн хугацаанд ширгэсэн 1,200 гаруй гол, 2,600 нуур, цөөрмийн адил Туул гол ч гэсэн аюулд өртөх эрсдэл бодитоор оршин байв.

Ажлын байр. Монгол орны аялал жуулчлалын 80 орчим хувь нь тусгай хамгаалалттай газар эсвэл түүний эргэн тойронд явагддаг. Нэг жуулчин ирэхэд 45 ажлын байр идэвхэждэг байна.

Дүгнээд хэлэхэд, тусгай хамгаалалттай газар нутаг бидний эрүүл саруул, энх тунх, өнө удаан аж амьдралын үндэс суурь болж буй. Байгалиа хайрлан, дээдлэх ахуй соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээсний хариуд байгаль бидэнд удаан жаргалтай амьдралыг өгсөөр байна.

Аялагчдад зориулсан доорх анимейшнийг үзсэний дараа Та тусгай хамгаалалттай газар нутагтаа тавтай сайхан аялаарай.

Байгалийн шивнээг чих тавин сонсож, түүнтэй хамт, түүнийг аврах аянаа үргэлжлүүлцгээе.