Индэр    
2023 оны 11 сарын 21
Зураг
Биологийн олон янз байдал ба ойн тогтвортой менежмент

"Байгалийн шивнээ"

Зураг

Зөөлөн шиврэх бороо, салхины аясаар сэрчигнэх навчис, шувуудын жиргээн зэрэг нь байгалийн чимээ. Үүнийг сонссон хэн бүхэн тайтгарч, амар амгалан болдог. Гэхдээ байгаль өөрөө байнга намуухан шивнэдэггүй. Аянга цахилгаантай аадар бороо, хүчтэй хуй салхи гаргаж өөрийн оршин буйгаа бидэнд мэдрүүлдэг.

Тэгвэл байгалийн энэ л дуу хоолойг “орчуулан” түүний бидэнд хэлэх гээд байгаа шивнээ, заримдаа хашхирааныг бид та бүхэнд БАЙГАЛИЙН ШИВНЭЭ булангаараа хүргэхээр зэхэж байна.

Энэ булангаараа бид танд байгаль бидэнд өөрийн тансаг бас нууцлаг шинж төрхөө шивнэн өгүүлэхийг дамжуулна. Өөрөөр хэлбэл энэ булангаас та байгалийн шинжлэх ухааны ярвигтай ойлголт, баримт, судалгаануудыг хамгийн энгийнээр тайлбарласан мэдээг хүлээн авна. Түүгээр барахгүй таны мэдэхийг хүссэн зүйлийг бид байгальд шивнэн өгүүлснээр та хариугаа авах боломжтой.

зураг
 

Тэр ч бүү хэл байгалийн цөхрөл, хашхираан, түүний шалтгааныг бас хүргэх болно. Тодруулбал байгалийн баялгийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хэт хурдацтай хөгжил, тэдгээрийн шалтгаан үр дагаврыг энэ булангаараа хамтдаа ярилцана.

зураг
 

Энэ булангийн бас нэг чухал зорилго нь байгалийн бидэнд хэлэх гээд байгаа тэр зүйлийг ойлгосон бол цаашид юу хийж болох талаар өгүүлнэ. Байгалийн шивнээг чагнан, түүнийг ойлгосноор өдөр бүрийн хийдэг зүйлсээ бага зэрэг өөрчлөн, түүнээ дадал болгох энгийн үйлдлийг хамтдаа суралцаж, зуршил болгох юм.

Ингэснээр яах вэ гэж үү? Байгалийн шивнээг чагнан тайтгараад зогсохгүй цаашид бидний амьдрал илүү амар амгалан, эрүүл, тогтвортой байх юм.

Ингээд хамтдаа БАЙГАЛИЙГ ШИВНЭЭг чих тавин сонсож, түүнтэй хамт, түүнийг аврах аянд мордоцгооё.