Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ (PISA)-нд манай улс өнгөрсөн оны 4-5 дугаар сард хамрагдсан бөгөөд үр дүнгээ энэ сарын 5-нд хүлээн авах гэж байна.
Улс орнуудын боловсролын тогтолцооны чанар ба хүүхдүүдийн хичээлээр эзэмшсэн мэдлэгээ амьдралд хэрэглэх чадвар, сурлагын амжилтад нь нөлөөлөгч хүчин зүйлсийг уг үнэлгээгээр тогтоодог.
Дэлхийн 90 гаруй улс хамрагддаг энэ үнэлгээний талаар танилцуулъя.
Багадаа зургаан жилийн хугацаанд албан боловсрол эзэмшсэн 15 нас гурван сартайгаас 16 нас хоёр сартай 7,300 орчим сурагч үүнд хамрагдлаа.
Үнэлгээг зохион байгуулагч Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-аас аль аймаг, хот, сумын сургуулиас хэдэн сурагч түүвэрлэн сонгохыг нарийвчлан заасны дагуу 190 сургуулийн сурагчдаас оролцуулсан байна. Нэг сургуулиас ихдээ 42 сурагчийг үнэлгээнд хамруулжээ.
Манай сургалтын тогтолцоо нь багшийн хэлснийг бичиж тэмдэглэн, сурах бичиг дээрх тодорхойлолт, томьёог ягштал цээжилдэг буюу доод эрэмбийн мэдлэгийг олгосоор ирсэн. Шалгалтууд ч мөн хэр сайн цээжилснийг нь л шалгахад зориулагдсан гэхэд буруудахгүй.
Тэгвэл PISA тэс өөр бөгөөд даалгавруудын тавил нь сурагчдад цоо шинэ санагдсан нь ойлгомжтой. Учир нь үүгээр унших чадвар, математик, байгалийн ухааны мэдлэгээ бодит амьдрал дээр үүссэн асуудлыг шийдвэрлэхдээ хэр сайн ашиглаж чадаж байгааг л үнэлдэг.
Үнэлгээнд хамрагдсан сурагчид даалгавруудыг гүйцэтгэхэд хоёр цаг, асуулгад хариулах 40-45 минутыг зарцуулжээ. Манай улс компьютер суурьтайгаар шалгалтад хамрагдсан тул сурагчид дунджаар 2-3 цаг тасралтгүй дэлгэцийн ард сууж даалгавруудыг гүйцэтгэсэн гэсэн үг. Ийм ачаалалтай тул энэ удаагийн шалгалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулах боломжгүй байсныг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс учирлаж байв.
Даалгаврын контекст буюу агуулга нь монгол хүүхдүүдэд хэр нийцтэй байсныг Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн(БСҮХ)-гийн мэргэжилтнүүдээс тодруулахад "Бэлтгэл ажлыг сайтар хангасан. Шалгалтыг зохион байгуулагч OECD даалгаврын загваруудыг бидэнд илгээж ийм төрлийн даалгавар оруулбал сургалтын хөтөлбөрт хэр нийцэхийг зөвлөлдөж байсан. Үүнээс судалж үзээд хэдэн хувь нийцтэй байгааг тодорхойлж, ямар даалгавруудыг оруулахаа сайтар тохиролцсон.
Эцэслэсэн тохирсон даалгавруудыг мэргэжлийнхэн орчуулж, утга найруулга хэр авцалдаж буйг монгол хэл, соёлын мэргэжилтнүүдээр хянуулсан" гэж байлаа.
Үндсэндээ даалгаврын орчуулгыг хянах, монгол хүүхдийн сэтгэхүйд хэр нийцтэй байгааг шалгах зэргээр хэд хэдэн шат дамнаж боловсруулагдсан байна. Сонирхуулахад алимны цуу гэх үг монгол хүүхдүүдийн сэтгэхүйд буухгүй гэж үзээд даалгаврын агуулгаас хасуулжээ.
БСҮХ-гийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар даалгаврыг аль улсын хүүхэд, ямар ч үндэстэн байлаа гэсэн нэг ижил утгаар ойлгох нь хамгийн чухал тул зохион байгуулагч олон улсын байгууллага болон улс орнуудын холбогдох газруудын хамтын ажиллагаа нягт байсан аж.
2022 оны шалгалт математик чадварт суурилсан бол 2025 оны суурь шалгалт нь байгалийн ухаан байх юм. Манай улс 2025 оны шалгалтад мөн хамрагдана.
Шалгалтын үеэр гардаг хамгийн түгээмэл асуудал нь хуулалт. Ойролцоо суугаа сурагчаас туслалцаа авсан уу, багшаасаа асуусан уу гэх мэт эргэлзээ үүснэ. Мэдээж хэрэг олон улсад үнэлүүлэхдээ бяцхан заль хэрэглэсэн байхыг ч үгүйсгэхгүй тул найдвартай байдлын тухай БСҮХ-гийн мэргэжилтнүүдээс тодруулахад хүүхдүүдийн түвшинд тааруулж даалгаврууд өөрчлөгдөн гарч байгаа тул дэргэдэх хүн нь, багш нь тухайн сурагчид ямар даалгавар гарч ирснийг мэдэх боломжгүй гэсэн тайлбарыг хэлэв.
Тодруулбал PISA-гийн даалгаврууд долоон түвшинд хуваагдаж байна. Сурагчдад эхний удаад 1b түвшний даалгавар өгөхөд төвөггүй гүйцэтгэж байвал 1a, түүнийгээ сайн биелүүлбэл дараагийн түвшний гэх мэтээр ахиулсаар байх болно. Харин бүдэрвэл тухайн түвшинд тогтоож, даалгавруудыг үргэлжлүүлдэг байх нь.
Хамгийн гол нь 15-16 настай сурагчдын эзэмшсэн мэдлэгээ амьдралд тулгарах асуудлыг шийдвэрлэхэд ашиглах чадварыг тодорхойлно. Үүнээс гадна суралцагч ба сургуулийн нийгэм, эдийн засгийн байдлыг тодорхойлдог байна. Ингэснээр тэгш бус байдлыг олон үзүүлэлтээр нарийвчлан харах боломжтой юм.
Дээр дурдсанчлан суралцагчид хоёр цагийн хугацаанд даалгавраа гүйцэтгээд 40-45 минутад асуулгад хариулна. Үүнд мөн сургуулийн удирдлага, багш, эцэг эх ч хамрагдана. Асуулгын хүрээ нь сурагчийн хувийн мэдээлэл, хандлага, амьдралын сэтгэл ханамж, суралцах дадал, багшийн заах барил, суралцах боломжууд, сургуулийн орчин, дэд бүтэцтэй холбоотой байна.
Сурагчийн нийгэм, эдийн засгийн байдлыг тооцохдоо эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлт, боловсролын түвшин ба зэрэг, өрхийн орлогыг ч мөн харгалзана. Өөрөөр хэлбэл эцэг эхийн эдгээр үзүүлэлт хүүхдийнхээ сурлагын амжилтад хэр нөлөөлж байгааг тооцох аж.
Мөн дүнгээс онцолж харах өөр нэг зүйл нь сурагчдын сурлагын амжилт ба амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг тухай хамаарал, улс орнуудын боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нь сурлагын амжилттай ямар хамааралтай байгааг ч тодорхойлно.
Монгол Улс энэхүү үнэлгээнд хамрагдсанаар сургалтын чанар ямар түвшинд байгааг мэдэх, өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн хүчин зүйлс, цаашид сайжруулахад юуг анхаарах ёстой зэргээ мэдэж авна. Дэлхийд, бүс нутагтаа, тухайн жилийн дундаж үзүүлэлтээс хаана яваагаа мэдсэнээр дараагийн алхмууд тодорхойлогдох юм.
Тухайлбал саяхнаас төлөвшиж буй үнэлгээний арга барилыг улам сайжруулан шинэчлэхээр Боловсрол, Шинжлэх Ухааны Яам ба түүний харьяа байгууллагууд ажиллах аж. Түүнчлэн даалгавруудын тавилыг Мөн үнэлгээний шинэчлэл хийхэд чухал алхам гэж мэргэжлийнхэн үзэж байгаа аж. Даалгаврын тавилыг PISA-гийн арга барилд нийцүүлэхээр төлөвлөжээ. Мөн даалгаврын тавилаар дамжуулж багшийн арга зүйг өөрчлөн шинэчлэх боломжтой гэж үзжээ.
Түүнчлэн үр дүнгийн тайлан бэлэн болсноор боловсролын мэргэжлийн байгууллагууд, судлаачдын хувьд хамгийн найдвартай мэдээллийн эх сурвалж нь болно.
Үнэлгээнд хамрагдахын ач холбогдлын талаар Монгол Улсын гавьяат багш Б.Бат-Эрдэнэ "Үнэлгээний даалгаврууд нь XXI зуунд хүн бүхэн эзэмшсэн байх ёстой шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, хандлага зэрэг ур чадварыг үнэлэхүйцээр шинэчлэгдэж байгаа. Сурлагын амжилтын үнэлгээнээс гадна үүнийг дагаад маш олон чиглэлээр дүн шинжилгээ хийсэн судалгааны тайлангууд гарч ирдэг. Тус бүрдээ 300 гаруй хуудастай зургаан тайлан гардаг бөгөөд ердөө нэг нь л сурлагын амжилтын үнэлгээ. Бусад нь сургалтын систем, сургуулийн орчин, хүүхэд сургуулийн орчинд өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна, хөгжлийг дэмжих эсвэл саад болж байгаа хүчин зүйлс юу байна гэх мэтчилэн бүгдийг нь дүгнэдэг. Ингэснээр хүүхдүүдийн сурлагын амжилтыг ахиулахад ямар чиглэлийн бодлогын шийдвэр гаргах шаардлагатай вэ гэдэг хараагаа тодруулахад тун чухал судалгааны материал" гэж байв.