Зураг
Зураг
Индэр    
2023 оны 11 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

Оюутолгойн уурхайд мэргэшсэн 70 гаруй монгол ажилтан дэлхийн долоон улсад ажиллаж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Бид өмнө нь зөвхөн бусдаас суралцдаг байсан бол одоо ур чадвартай ажилтнууд маань өөрсдөө бусдад тэргүүн туршлагаа хуваалцаж, техникийн ур чадвар, арга барилаасаа зөвлөдөг болсон" хэмээн Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөц, бүтэц зохион байгуулалтын хэлтсийн Авьяас, ур чадварын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ ярьж байв. 

Энэ нь тус компанийн ажилтнууд хэдийнээ олон улсад үнэлэгдэж, тэргүүн зорилго нь биелж буйг илтгэх мэт.



Дэлхийн иргэн бэлдэх, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэнтэй болох зэрэг нь олон жилийн туршид лоозонгийн шинжтэй байсан бол сүүлийн үед уул уурхай, мэдээллийн технологийн салбарт бодитойгоор хэрэгжих болов.

Ажлын байр бол "хамгийн сайн их сургууль" гэж тодорхойлоход буруудах зүйлгүй байх. Ажилтан оноогдсон үүрэг даалгавраа биелүүлэн байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах явцдаа соёл, стандартаас нь суралцаж, хувь хүний ур чадваруудаа хөгжүүлсээр байдаг учраас тэр.

Мөн байгууллагууд ч ажилтнаа үнэ цэнтэй баялаг нь гэдгийг хүлээн зөвшөөрч, улам их анхаарах болсноор хэн хэндээ харилцан ашигтайгаар урагшилж байна. Өөр өөрсдийн чиг баримжаа, алсын хараатай олон байгууллагаас онцгойлж, дэлхийд үнэлэгдэх монгол ур чадварыг бэлтгэх тэргүүн зорилготой "Оюу Толгой" ХХК үүнийгээ бодит болгоход хэрхэн анхаарч ажиллаж байгааг энэ удаад тодрууллаа. 

Авьяас, ур чадварын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнээс авсан мэдээллээр тус компани ахлах ангийн сурагчдад зориулсан залуусын хөгжлийн хөтөлбөр, дотоодын оюутны болон гадаад улсад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулахаас гадна цалинтай дадлага хийх, дөнгөж их, дээд сургуулиа төгссөн залуусыг ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох, сонирхсон чиглэлээрээ дагнан мэргэших зэрэг боломжийг олгодог байна. 

"Эдгээр хөтөлбөрийг нэгтгэж харвал сурагч байхаас нь эхлээд ажлын байранд очих хүртэл нь боловсон хүчнээ бэлтгэх үе шат байдаг. Онцолбол шинэ төгсөгчийг хөгжүүлэх хөтөлбөр нь хоёр жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаандаа өөр өөр багт шилжин ажиллаж, туршлага хуримтлуулж авах боломжтой. Түүнчлэн компанийн мэргэжилтэй, ур чадвартай ажилтнуудаа дэмжихийн тулд тогтмол сургалтыг зохион байгуулж байгаа. Жил бүр манайд авьяас ур чадварын үнэлгээ хийгддэг. Үүнээс ямар чадвараа илүү хөгжүүлэх хэрэгтэйг олж харж, удирдах ажилтантайгаа хамт хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулдаг" хэмээн тэрбээр хэлж байлаа.

Өмнө нь монгол ажилтнууд бусдаас туршлагыг судалж, суралцдаг байсан бол өдгөө ур чадвараа батламжлуулж, өөрсдөө бусдад заах, зөвлөх, ололт амжилтаа хуваалцдаг болов

Мөн ажилтнууд нь "LinkedInn Learning" сургалтын агуулгыг үнэгүй үзэх эрхтэй буюу нийт 16,000 гаруй сургалтын материалаас хүссэнээ ашиглаж, өөрийгөө хөгжүүлэх нь нээлттэй гэсэн үг.

Олон хөтөлбөрөөс онцлох өөр нэг нь "Дэлхийн нүүдэлчид" юм. Энэ нь

  • гурван сараас хоёр жил хүртэлх хугацаагаар гадаадын уурхайд ажиллах
  • гадаадын ижил төстэй уурхайд очиж, туршлага судлах аялалд хамрагдах гэсэн хоёр төрөлтэй байна.

Мөн ажилтнууд нь дэлхийд үнэлэгдэх ур чадварыг өөрсдөө эзэмшсэн тул зөвхөн энэ хөтөлбөрөөр хязгаарлагдахгүйгээр ажлын санал авч, гадаадын уурхайд үндсэн ажилтнаар шилжих болжээ. Нэгтгэвэл Оюутолгойн уурхайд ажиллаж, энд бүтээгдсэн ур чадвартай нийт 70 гаруй хүн Австрали, Канад, Их Британи, Америкийн Нэгдсэн Улс зэрэг дэлхийн долоон оронд ажиллаж байна. 

Нэг талдаа энэ нь эерэг үр дүн боловч нөгөө талаас нь харвал ур чадвартай ажилтнаа Монголдоо тогтоох нь чухал юм. 

Мэдлэг чадвар нэмэгдэхийн хэрээр хүн өөртөө олон үүдийг нээж, ахиц дэвшин, өөрийгөө сорихыг эрмэлзэнэ. Ийм чадвартай хүмүүсээ тогтоон барих даалгаврыг бий болгож буй юм. Даалгавраа биелүүлэх түлхүүр нь юу болохыг холбогдох эх сурвалжаас тодруулахад эн тэргүүнд цалин хөлс гэж байв. Тэгвэл өөр бусад боломжийн талаар мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ "Манайх цалин хөлсний өрсөлдөхүйц багцыг санал болгодог. Ажилтнууд цалингаас гадна бусад нэмэгдэл, эрүүл мэндийн даатгал, Рио Тинто группийн хувьцаа эзэмших зэргээс сонгон хамрагддаг.

Хөдөлмөрийн тухай хуульд шинэ аавуудад ажлын 10 хоногийн цалинтай чөлөө өгөхөөр заасан байдаг бол "Оюу Толгой" ХХК-д энэ хугацаа дөрвөн сар

Мөн хамгийн чухал нь бусад улсын мэргэжилтнээс суралцах боломж. Дэлхийн олон уурхайд ажилласан арвин туршлагатай хүмүүс Оюутолгойн уурхайд ирээд Монголын залуус, мэргэжилтнүүдийг дараагийн үе шатанд нь бэлдэхэд тусалдаг. Залуус эндээс олон зүйлд суралцаж, дараа, дараагийн шат хүртлээ өөрсдийгөө боловсруулж, чадваржуулах боломж гэж хардаг учраас тогтвор суурьшилтай ажилладаг.

График, уурхай дахь монгол ажилтнуудын эзлэх хувь, 2018-2023 оны гуравдугаар улирал

Монголдоо гэр бүлтэйгээ, эрүүл мэнд, санхүүгийн хувьд санаа зовохгүйгээр ажиллаж, ур чадвараа ахиулах боломжийг бүрдүүлсэн учраас ажиллах хүчнээ хадгалж байгаа" хэмээн тайлбарласан юм. 

Түүний хэлсэн нөхцөлүүдээс бусдад үлгэр жишээ болохуйц зүйл нь шинэ хүүхэдтэй болсон аавуудад дөрвөн сарын цалинтай чөлөө олгодог тухай байлаа. Хөдөлмөрийн тухай хуульд шинэ аавуудад ажлын 10 хоногийн цалинтай чөлөө өгөхөөр заасан байдаг бол "Оюу Толгой" ХХК-д энэ хугацаа дөрвөн сар байгаа нь гэрээсээ хол ажилладаг аавуудын хувьд хүүхдийнхээ өсөлт хөгжлийн хамгийн нандин үед нь хамт байх боломжийг бүрдүүлэх зорилготой аж.

Мөн ажилтан ба байгууллагын зүгээс ижил хувиар шимтгэл төлөх Тэтгэврийн хуримтлалын санг энэ жилээс үүсгэжээ. Энэ нь тогтвор суурьшилтай ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарах үедээ санхүүгийн байдалдаа санаа зовохгүй байх баталгаа болох учиртай юм байна. Энэ мэт боломжуудаар шилдэг мэргэжилтнүүдийг өөртөө татаж, цаашид хөгжүүлэн дэлхийд үнэлэгдэх монгол ур чадварыг бэлдэхийг эрмэлзэж байгаагаа тус компаниас танилцуулсан.

Дэлхийн олон уурхайд ажилласан арвин туршлагатай хүмүүс Оюутолгойн уурхайд ирээд Монголын залуус, мэргэжилтнүүдийг дараагийн үе шатанд нь бэлдэхэд тусалдаг

Өмнө нь монгол ажилтнууд бусдаас туршлага судалж, тэднээс суралцдаг байсан бол өдгөө ур чадвараа батламжлуулж, өөрсдөө бусдад заан зөвлөж, ололт амжилтаа хуваалцдаг болсныг дахин дурдахыг хүсэж байна. Учир нь Монгол төдийгүй олон улсад уул уурхайн мэдээ мэдээллийг түгээх цахим сувгуудыг хэрхэн хүртээмжтэй хөтлөх бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулсан нэгэн бүсгүйг танилцуулъя.

О.Дарьханд: Ажлыг хойш тавилгүйгээр яг бодсон санасан энэ мөчдөө итгэл үнэмшилтэйгээр, чанартай хийж, дуусгах нь амжилтын үндэс байх

зураг
 

"Оюу Толгой" ХХК-д амжилттай ажиллаж, дэлхийн түвшинд үнэлэгдэж буй олон эрхмийн нэг нь О.Дарьханд. Тэрбээр Монголын иргэдэд уул уурхайн талаар мэдээ, мэдээллийг энгийн, цэгцтэй, хүртээмжтэйгээр түгээх эхлэлийг тавьсан бүсгүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Уул уурхай гэхээр л олон нийт төдийлөн таатай хүлээж авдаггүй байсан үед тэрбээр "Оюу Толгой"-н олон нийтийн сүлжээн дэх хаягуудыг хөгжүүлж, тогтмол шинэ санаачилга гарган ажилласнаараа Австрали, Япон зэрэг улсад уригдан цахим сүлжээний хөгжүүлэлтэд нь зөвлөгөө өгч байжээ. Монгол бүсгүйг дэлхийн том уурхайнууд урьж, зөвлөгөө авч байна гэдэг нь бахархах зүйл мөн билээ.

Харин одоо хатагтай О.Дарьханд АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотын хажууд байрлах Рио Тинто Кеннекоттын уурхайд Мэдээлэл харилцаа, тусгай төслүүд хариуцсан Ерөнхий зөвлөхөөр ажиллаж байна.

- Таны карьерын ололт амжилтын тодорхой хугацаа "Оюу Толгой"-той холбогдоно. Анх яаж энд компанид орсон талаар мэдэхийг хүсэж байна. Олон удаа материал илгээж, тууштай байсны үр дүнд ажилд орж байсан тухай сонсож байсан?

- Найман удаа өргөдөл өгсний эцэст тэнцэж байлаа. Энд ажиллахдаа Монгол, Англи, Канад, Австрали, Энэтхэг зэрэг олон улсын долоон өөр удирдлагатай ажилласан байдаг. Дарга бүрээсээ би олон сайхан зан чанар, соёл, туршлагуудыг өөртөө хуримтлуулсан. Тэдэнд ижил төстэй нэг зүйл байдаг нь том, жижиг гэлтгүй ямар ч асуудалд туйлын хариуцлагатай хандаж, аливаа ажлыг эхнээс нь эхлээд дуустал нь чин сэтгэлээсээ, итгэл үнэмшилтэй, маш үнэнчээр хийдэг.

Өөрийн хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлээрээ "Оюу толгой", "Рио Тинто"-д амжилттай ажиллаж байгаа олон хүний нэг л жишээ нь би. Анх 2013 онд ажлын ярилцлагад орж тэнцэж байв. Үүнээс өмнө Дэлхийн банканд богино хугацааны зөвлөхөөр ажиллаж байсан юм. Төслийнхөө хүрээнд баруун таван аймгийн 36 сумаар явдаг байлаа. Нэг удаа орон нутагт томилолттой явж байтал "Оюу Толгой"-гоос "Ажлын ярилцлагад орно уу" гэсэн дуудлага ирдэг юм байна. Хол явж байсан хэдий ч удирдлагадаа хэлж, унаагаа зохицуулаад хот буцахаар болсон. Тэр үед хот хооронд явдаг байсан микро автобусанд суугаад, шөнөжин давхиад өглөө хот орж, арайхийн ярилцлагадаа амжсан. Эхний ярилцлагад орсноос хойш сар гаруйн дараа, хоёр дахь ярилцлагадаа орсон. Ингэхэд намайг 2-3 жилийн ажлын туршлагатай байх шаардлагатай гэхэд нь “Би танайд ажиллаж байж л ажлын туршлагатай болно шүү дээ, ажилд авах гэж байгаа газрууд маань надаас ажлын туршлага шаардаад байх юм” гээд шулуухан хэлчхэж билээ.

Азаар намайг анх ажилд авч байсан удирдлага маань дургүйцсэнгүй, инээгээд л өнгөрсөн. Ингэж анх адал явдалтай ч гэмээр олон шалгуурыг давсны эцэст жирэмсний амралтаа аваад байсан хүний оронд түр ажиллахаар болсон. "Оюу Толгой" дахь ажлын анхны гараагаа ийнхүү эхэлж байв.

- Хүн ажиллаж буй байгууллагадаа хувь нэмрээ оруулахын хамт соёл, стандарт, зарчмаас нь суралцсаар байдаг. Таны хувьд тус компанид ажилласнаар юуг суралцаж, ямар чадваруудыг өөртөө төлөвшүүлсэн гэж боддог вэ?

- "Оюу Толгой"-н алсын хараа нь Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ гэдэг. Энэ алсын хараагаа өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлээд явж байгаа гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Би 10 дахь жилдээ "Оюу Толгой", "Кеннекотт Рио Тинто"-д ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар найм дахь албан тушаалдаа ажиллаж байна. Энэ хугацаанд байнгын өөрчлөлтөд дасан зохицох, олон ажлыг зэрэг амжуулах, хурдтай байх, бусдыг ойлгодог байх, ажлыг чанартай хийх гэх мэт олон ур чадварт суралцсан. Цаг завгүй ажилладаг ч эргээд харахад их мэдрэмж, ур чадвартай болсон. Олон зүйлийг сурч мэдэж авч байгаадаа туйлын баяртай байдаг.

Үе үеийн удирдлагууд, хамт олныхоо надад хүлээлгэсэн итгэлийг нь алдалгүй, хичээж мэрийн ажилладаг. Анзаараад байхад ажил хүнийг голдог гэдэг үнэн юм байна лээ.

- Байгууллагынхаа цахим хаягуудыг амжилттай хөгжүүлж, тэр туршлагаа олон улсад хуваалцсан талаараа ярина уу. Энэ нь таны болон танай баг хамт олны амжилтын илэрхийлэл шүү дээ?

- Би "Оюу Толгой"-н нийгмийн сүлжээний хаягуудыг хөгжүүлэх, бодлого чиглэлийг нь тодорхойлох гэх мэт ажлыг хийснээр энэ маань олон хүнд хүрч эхэлсэн. Миний хувьд анх "Оюу Толгой"-н Инстаграм хуудсыг нээж байсан гэдгээрээ их бахархдаг. LinkedIn хуудсыг огт ашигладаггүй байсан бол одоо Монголдоо хамгийн олон дагагчтай хуудас болсон байгаа. Facebook хуудас маань 200 мянган дагагчтай болсон байна гэх мэт олон амжилтыг дурдахад сайхан байна.

Үүнээс гадна чанарын хувьд бас анхаарлаа хандуулсан нь ойлгомжтой юм. Компанийнхаа нүүр царайг ажилтнуудаараа илүү илэрхийлэх нь зөв хэмээн шийдэж, ажилтнуудынхаа зургийг профайл зургаа болгодог болсон, #ОТБиднийБахархал нэртэй нөлөөллийн том аяныг хамт олноороо эхлүүлж 2.5 жилийн турш маш амжилттай хэрэгжүүлсэн зэргээрээ бахардаг.

Энэ мэтчилэн ажлуудыг маань Рио Тинто групп анзаарч, Рио Тинтогийн Төмрийн хүдрийн группийн нийгмийн сүлжээний хуудсыг хөгжүүлэхэд зөвлөгөө өгөөч хэмээн урьж байсан нь хийж бүтээсэн ажлын маань амжилтыг бас илэрхийлж байгаа гэж ойлгодог.

2017 оны зургаадугаар сард гурван сарын томилолтоор Баруун Австрали дахь Перт хотод очиж ажилласнаар Рио Тинто группийн талаар илүү сайн ойлголттой болж, маш их зүйлийг сурч, мэдсэн. Бүх үйл ажиллагаа нь автомат уурхайг нүдээр харахад сүрдмээр, бахархмаар байдаг юм билээ. Жолоочгүй том оврын машинууд, галт тэрэгнүүдийг хараад үнэхээр биширч байлаа.

Рио Тинтогийн Төмрийн хүдрийн уурхай нь Япон улсын нийт төмрийн хүдрийн хэрэгцээний 50 хувийг хангадаг гээд бодохоор ямар том уурхайнууд болох нь төсөөлөгдөж байгаа байх аа. Тухайн үед Рио Тинто баруун Австралид нийтдээ 16 уурхайтай, өөрийн эзэмшлийн төмөр замтай, усан боомттой, намайг очиход яг Силверграсс гэдэг уурхайнхаа нээлтийг хийж байлаа. Тэнд ажиллах хугацаандаа Төмрийн хүдрийн группийн нийгмийн сүлжээний хуудсыг шинэчлэх, сайжруулах, бодлого чиглэлийг нь тодорхойлох болон бусад олон ажлыг хийсэн. Тэр үед Рио Тинтогийн Брисбен болон Мельбурн дахь оффисууд, мөн Бандуураад байдаг судалгааны төвөөр зочлох сайхан боломж надад тохиосон. Эдгээр нь бүгд миний хувьд үнэхээр гайхалтай боломж, туршлага байсан гэж хэлэхэд таатай байна. Ингэж явахад бүх зардлыг нь төмрийн хүдрийн уурхай дааж байв.

Мөн 2019 онд Рио Тинтогийн Японы Токио дахь оффист томилолтоор ажиллах урилга өмнө нь хамт ажиллаж байсан удирдлагаас маань ирсэн. Тэндхийн цахим хэвлэл мэдээллийнх нь бодлогыг боловсруулах, зөвлөгөө өгөх зорилготойгоор бүх зардлаа даалгаад явж байлаа.

- Ингээд л гадаад улсад ажиллах боломжоо олж харжээ дээ?

- 2017 онд Австрали явж ирээд олон улсад ажиллах боломжтой юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болсон. Ингээд 2018 оноос Рио Тинтогийн бусад уурхайд зарлагдаж буй ажлын байруудад өөрийгөө сорьж үзэхээр материалаа илгээж эхэлсэн. Тухайн ажлын байрандаа тэнцэхгүй ч материалаа өгөх, ярилцлагад орох нь өөрөө бас том туршлага, дараа дараагийн боломжуудад өөрийгөө бэлдэх боломж гэж хардаг байсан. Ингээд 2022 онд миний хийж буй, хийж байсан ажлын чиглэлүүдэд тохирсон ажлын байр зарлагдаж, ихээхэн хүчин чармайлт гаргаж бэлдсэн маань үр дүнгээ өгч, ярилцлагад уригдан тэнцэж ийнхүү АНУ-ын Юта мужид байрлах Кеннекоттын уурхайд ажиллах боломж олдсон.

Ярилцлагад орохынхоо өмнө хамтран ажиллагсдыгаа ярилцлага авч байгаа албан тушаалтан хэмээн төсөөлж, ярилцах, туршилтаар дахин дахин ярилцлага хийж үзэх зэрэг нь сайн нөлөө үзүүлдэг гэж боддог. Учир нь ярилцлагад бэлдэж буй хүн чамайг өөр өнцгөөс харж, хөндлөнгийн зөвлөгөөг өгч чаддаг юм билээ.

- "Оюу Толгой"-д ажилласан туршлага нь хүмүүсийн хувьд дараагийн шатанд ахиж, гадаадын өөр уурхайд ажиллахад эергээр нөлөөлдөг гэдэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

- Тийм ээ. Оюутолгойн уурхайд амжилттай ажилласан хүмүүс олноороо гадаадад уригдан ажиллах болсон.

Австралид нэлээд олон монгол мэргэжилтэн уригдаж байгаа юм байна лээ. Миний ажиллаж буй Америкийн Юта мужийн Солт Лэйк хоттой ойрхон байрлах Кеннекоттын уурхайд л гэхэд одоогийн байдлаар 30 монгол мэргэжилтэн ажиллаж байна. Ихэнх нь инженер, санхүү, хангамж, хууль, аюулгүй ажиллагаа, сургалтын албаны гээд маш олон чадварлаг хүн байна. Нөхөр маань бас "Оюу Толгой"-д ажилладаг байсан юм, харин одоо энд ирээд дэлхийд алдартай Амазон компанид ажиллаж байгаа.

"Оюу Толгой" бол Рио Тинтод нэр хүндтэй, бүх үзүүлэлтүүдээрээ тэргүүлж байгаа, маш чадварлаг удирдлагын баг, ажилтнуудтай гэгээлэг ирээдүйтэй уурхай.

- Гадаадын уурхайд ажиллахад эхэн үед танд саад бэрхшээл тулгарч байв уу? 

- Б.Болд захирлын удирдаж байгаа Рио Тинтогийн Зэсийн группт олон улсын өөр өөр төрлийн уурхайнууд хамаарагддаг боловч Оюу толгой, Кеннекоттын уурхай хоёрыг ер нь бол ах дүү хоёр гэж үздэг. Оюутолгой 10 жилийн настай бол, Кеннекоттын уурхай нь 120 жилийн настай.

Нэг ялгаа нь Америк дахь хоёрхон үлдсэн зэс хайлуулдаг үйлдвэртэй ба эцсийн бүтээгдэхүүн нь 99.99%-ийн зэс үйлдвэрлэдэг юм. Оюутолгой харин зэсийн баяжмал үйлдвэрлэдгээрээ ялгаатай. Ер нь Рио Тинтогийн сүлжээ, систем нь адилхан ба бүх уурхайнууд адилхан систем ашигладаг. Нэмэлтээр Оюутолгойд ажлын бүх зүйл монгол, англи хоёр хэлээр зэрэг явдаг байсан бол энд ирээд зөвхөн англи хэл дээр ажиллахад амар байсан. Гэхдээ дасан зохицох зөндөө зүйл байсан. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Өдөр болгон л нэг өөр ажлын ард гарч байна.

- Монголд тун амжилттай ажилласан, гадаадад урилгаар очиж туршлагаа хуваалцсан, одоо Рио Тинтогийн өөр уурхайн үндсэн ажилтнаар ажиллаж буй хувьд та бусдад ямар зөвлөгөө өгөх вэ?

- Хүн өөрийнхөө мэдлэг, ур чадвараа зөв үнэлж сурах хэрэгтэй юм болов уу гэж надад санагддаг. Тэгээд өөрт байгаа тэр авьяас чадвараа байнга тордож, өнгөлж зүлгээд, улам ихийг эрэлхийлэн тууштай зүтгээд байвал хэзээ нэгэн цагт үр дүн нь гарна. Харин хэзээ үр дүн нь гарах вэ гэдэг чамаас өөрөөс чинь шалтгаална.

Мөн хүн бусдыг хайрлаж, энэрдэг шигээ өөрийгөө ч гэсэн хайрлаж, цаг хугацаа, эрүүл мэндээ, эрүүл байхын үндэс болсон нойроо ямар ч зүйлээс хамгаалж, хайрлаж байх нь маш чухал гэж хэлмээр байна. Аливаа ажлыг маргааш, дараа нь гэж хойш тавилгүйгээр яг бодсон санасан энэ мөчдөө итгэл үнэмшилтэйгээр, чанартай хийж, дуусгаж байх нь амжилтын үндэс байх. Их хэмжээний ажлыг айж зугталгүйгээр зоригтой барьж авч эхлүүлээд, бяцхан төлөвлөгөөний дагуу байнга, тогтмол мэрж хийсээр байтал нэг сайхан өдөр дуусдаг.

Нөхөр бид хоёр охинтой болсноосоо хойш охиноосоо эрч хүч, урам зоригийг хамгийн ихээр авдаг болсон. Мөн улс орны маань эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа том уурхайн нэг хэсэг болж ажилласандаа үргэлж бахархаж, хийж байгаа ажилдаа маш дуртай байдаг. Учир нь миний хийж байгаа ажил маань надад маш утга учиртай. Мэдээж миний амжилт, сайн сайхан яваа маань миний өвөө эмээ, аав ээж, хань, охин болон чадварлаг хамт олон, үе үеийн удирдлагууд, итгэлтэй, үнэнч олон сайхан найз нөхдийн минь дэмжлэгтэй шууд холбоотой юм.

Хүмүүс амжилт гэхээр их том юм бодоод байдаг. Угтаа бол хүн уналт, бүтэлгүйтлээсээ суралцаад явж байгаа нь өөрөө амжилт байдаг юм байна гэдгийг ойлгосон. Заримдаа сэтгэл санаа тавгүй үедээ Английн ерөнхий сайд асан Винстон Черчиллын хэлсэн эшлэлийг санахад л сэтгэл санаа сэргээд ирдэг. “Success consists of going from failure to failure without loss of enthusiasm” буюу “Амжилт гэдэг нь бүтэлгүйтлээс бүтэлгүйтлийн хооронд урам зоригоо алдахгүйгээр явахыг хэлдэг юм” гэдэг.

Ялангуяа нийгмийн сүлжээнүүд хөгжихийн хэрээр хүмүүсийн сэтгэл зүйд зарим нэг зүйлс нь сөргөөр нөлөөлөөд байгаа нь анзаарагддаг, тийм болохоор өөрсдийгөө хэрэггүй их мэдээллээс хол байлгахыг хичээх нь зөв. Эерэг хандлага, хичээл зүтгэлтэй, үнэнч тууштай байж, өөрийн үнэт зүйлс болон ноён нуруугаа алдахгүй явахад маш олон боломжууд гарч ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг.

Ийнхүү монгол ажилтнууд олон улсад үр бүтээлтэй ажиллаж буй жишээ олон байна. Түүнчлэн "Рио Тинто Монгол" ХХК-д техник, технологийн өндөр мэдлэгтэй залуус өгөгдөл боловсруулалт дээр ажиллацгаасаар. Тэд Оюутолгойн уурхайн мэдээллээс гадна гадаадын олон уурхайн өгөгдлийг боловсруулж, хэрэгцээт тайлан мэдээллийг нь хүссэн хэлбэрээр нь бэлтгэдэг. Энэ нь ч мөн монгол мэргэжилтнүүд дэлхийд үнэлэгдэн ажиллаж буйн тод жишээ билээ. 

Ашигт малтмал, үнэт металл олборлон экспортолж, улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах төдийгөөр уул уурхайн салбарыг төсөөлөх нь одоо цагт хоцрогдсон ойлголт болсон. Шинэ технологиудыг нэвтрүүлж, ажилтнууд нь өндөр ур чадвар эзэмшин, хаана ч гологдохооргүй хэмжээнд хүрч байгаа нь уул уурхайгаас олборлон бүтээж буй хамгийн үнэт баялаг нь юм.