Зураг
Зураг
Индэр    
2023 оны 10 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

Инженер ээж Р.Эрдэнэчимэг: Ажил хэдий чухал ч гэр бүл илүү эрхэм гэдгийг мэдрээд амьдарч байгаа болохоор сайхан байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Австрали улсын Баруун Австрали (WA) мужийн нийслэл гэгддэг Перт хотод өнөөдөр 500 гаруй монгол хүн амьдарч байна. Эдгээр монголчуудын дундаас уул уурхайн компанид ажиллах хүн олон.

Тэдгээрийн төлөөлөл болгож Перт хотоос бэлтгэсэн ярилцлагын зочноороо "Рио Тинто"-ийн Баруун Австрали дахь 17 уурхайн үйл ажиллагааг зайнаас удирддаг уурхайн удирдлагын төвд ажилладаг ганц монгол хүн болох баяжуулахын инженер Р.Эрдэнэчимэгийг урилаа.

- Энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг уурхайн удирдлагын төвд ажиллаж байгаа одоогийн байдлаарх ганц монгол хүн гэдгийг сонсоод бахархах сэтгэл төрлөө. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Сайн байна уу. Баярлалаа. Намайг Р.Эрдэнэчимэг гэдэг. Миний хувьд 2011 онд Эрдэнэт хотын ШУТИС-ийг металлургич мэргэжлээр төгссөн юм. Төгсөөд шууд Оюутолгойн шинэ төгсөгчдийн хөтөлбөрт хамрагдаж, мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. 2012 онд Австралийн Нортпаркес уурхайд нэг жилийн дадлага хийгээд Оюутолгойд эргэж очоод баяжуулалтын үйлдвэрт бутлалт нунтаглалтын инженерээр 2022 хүртэл ажилласан. 

Харин 2022 оноос "Рио Тинто"-гийн төмрийн хүдрийн уурхайд ажиллах хүсэлтээ өгч, бүртгүүлээд ийнхүү одоо тус группийн Баруун Австралийн төмрийн хүдрийн уурхайн удирдлагын төвд баяжуулахын инженерээр ажиллаж байна. 

- Багадаа л 1,500  гаруй км зайтай уурхайнууд дахь тракуудыг инженерүүд жолоодоод сууж байхыг нүдээр хараад гайхсан шүү. Та удирдлагын төвд хэрхэн ажилладаг тухайгаа товч хуваалцаж болох уу? 

- "Рио Тинто"-гийн төмрийн хүдрийн уурхайн удирдлагын төв зайнаас уул уурхайн үйл ажиллагааг 24 цаг тасралтгүй явуулдаг онцлогтой. Миний хувьд зайнаас үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудад асуудал гарах үед түүнийг нь шийдвэрлэж, мөн урт хугацаандаа тухайн уурхайн бүтээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл уурхайнуудын урт хугацааны бүтээмжийг хангах төслүүдийг авч хэрэгжүүлдэг гэсэн үг. Ингэхдээ сүүлийн үеийн техник технологи ашиглаж, тулгарсан асуудлуудыг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр илүүтэй анхаардаг ажил хийдэг. Мөн шинэ тоног төхөөрөмж суулгаад, хяналтын төвийн операторууддаа зааварчилгаа өгч ажиллаж байгаа. 

Төмрийн хүдрийн уурхайн автоматжуулах төсөл 2012, 2013 оноос яригдаж эхэлж байхад бол надад их хол сонсогддог байлаа. Бас энд ирэхээсээ өмнө зайнаас удирдаж эхэлснийг мэдэж байсан ч нүдээр хараад л бүрэн итгэсэн. Тэр том машинуудыг зайнаас удирдаад, сансрын, байршлын мэдээлэл аваад хүнгүйгээр машинаа жолоодож, хүдрээ буулгах зэргийг хотоос удирдаад явна гэдэг нь үнэхээр гайхалтай.

Гэхдээ мэдээж хэрэг уул уурхайд гардаг асуудлууд гардгаараа гарна. Гол нь хүний оролцоог уурхай дээр багасгаж байгаа хэрэг. Мөн вагонуудыг хүн жолоодохгүй, зайнаас удирдаж байна гэдэг гайхалтай. Одоо гэхдээ дасал болчихжээ. /Инээв/

- Удирдлагын төвд олон улсын иргэд нэг баг болоод ажиллаж байгааг харсан. Одоогоор Монголоос өөрөө л ажиллаж байгаа шүү дээ. Ямар санагддаг вэ?

- Ойролцоогоор 100 орчим хүн удирдлагын төвд ажилладаг. Хятад, Энэтхэг, Япон гээд маш олон орны хүн яг л нэг баг болоод ажилладаг болохоор их асуудал байдаггүй. Заримдаа хоол идээд суухдаа эх хэлээрээ яриад суумаар санагддаг л юм. /Инээв/ Бас би боддог юм. Цаашид олон монгол хүн ирж ажиллах болохоор би хичээх ёстой гээд аз жаргалтайгаар ажилладаг.

- Та яагаад энд ирж ажиллаж, амьдрах замыг сонгосон бэ?

- 10 гаруй жил Оюутолгойд ажилласан гэж хэлсэн дээ. Монголдоо үргэлжлүүлж ажиллаад, ээлжээр ирж очоод амьдраад байж болох л байсан. Гэхдээ гэр бүлтэй болоод тэр бодол маань бага багаар өөрчлөгдсөн юм.

Монголд амьдардаг байхад манай нөхөр бид хоёр хоёулаа уурхайд ажилладаг байсан болохоор ээлж маш их зөрнө. Зарим үед сардаа хоёр долоо хоног л уулзах тохиолдол гардаг байсан. Хамт амьдраад 10 жил болж байгаа ч яг бодоод үзэхээр бүтэн 24 цаг хамт байсан хугацаа нь гуравны нэг нь л байгаа юм. Амьдраад байсан юм уу яасан юм гэж бодохоор байгаа биз.

Бас хүүхдүүдтэй маань холбоотой асуудлууд ч гарч эхэлсэн нь шийдвэр гаргах том зүйл байсан л даа.

Хүүхдээ хүссэн сайн сургуульд нь төлбөртэй өгье гэхээр тэгж чадахгүй байсан юм. Тэр үед нөхөр бид хоёр үнэхээр сонин байдалд орсон. Яагаад хүүхдээ хүссэн сургуульд нь өгөөд, сайн боловсрол эзэмшүүлж, сургаж чадахгүй байгаа юм бэ гээд... маш хэцүү мэдрэмжийг авсан. 

Тэгээд ер нь хүүхдийнхээ боловсролыг хангахаар орчин, нийгэмд амьдрахгүй байгаа юм байна гэж шийдээд өөр хангаж чадах газар хүүхдүүдээ өсгөж, гэр бүлээрээ хамтдаа цаг өнгөрүүлж амьдрах хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Үнэн хэрэгтээ тэгээд л ирсэн.

Австралид нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт ирээд бид есөн сар л болж байна. Энэ хугацаанд би таван удаа л уурхай явж ажиллажээ. Тэр таван өдрийг хасаад бусад бүх өдөр нь гэр бүлээрээ хамт цаг өнгөрүүлж амьдарч байна. Бараг одоо л бид дөрөв бие биеийгээ таньж мэдээд байх шиг. /инээв/

Амьдралдаа энэ том эргэлтийг хийсэндээ огтхон ч харамсдаггүй. 

Ажил хэдий чухал ч гэр бүл түүнээс илүү эрхэм гэдгийг мэдрээд амьдарч байгаа болохоор сайхан байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-  Таны ажлын цаг ямар байдаг вэ?

- Ажлын уян хатан цагийн хуваарьтай байдаг нь "Рио Тинто"-гийн хамгийн гоё зүйлийн нэг. Миний хувьд долоо хоногийн хоёр өдөр нь гэрээсээ ажилладаг. Байгууллага гэрээсээ ажиллахыг маш их дэмждэг бөгөөд гэр бүлийг их чухалчилдаг юм. Үр хүүхдийн аюулгүй өсөлт бойжилтыг маш чухалд авч үздэг. Тэр нь ч өөрөө ажилтны ажлын бүтээмжийг маш өндөр байлгадаг гэж үздэг хэрэг.

Хүү маань таван настай, охин маань хоёр настай. Австралид авах юм ч байна хэцүү юм ч байна. Хүүхдийг дөрвөн нас хүрээд цэцэрлэгт бүртгэж авдаг нь тиймхэн. Хувийн цэцэрлэгүүд байдаг ч гэсэн өндөр төлбөртэй. Тэр ч утгаараа компаниас хоёр өдрийг нь гэрээс ажиллуулж, биднийг дэмжиж байгаа юм л даа.

Мөн Австралийн хувьд уул уурхайн хууль нь чанга, хяналт нь өндөр. Иргэд нь уул уурхайгаас авч байгаа юм аа тултал нь авч байгаа учраас муугаар хардаггүй. Заавал бэлэн мөнгө, цалин гар дээрээ аваад үр ашгийг нь хүртдэг гэж хэлдэг бус нийгэмд үзүүлж буй үр нөлөөгөө хүмүүс хангалттай сайн мэддэг. 

- Инженер ээж байна амаргүй байх, та мэргэжилдээ хэр хайртай вэ?

- Яг энэ асуултыг надаас хүүхэдтэй болохоос өмнө асуусан бол "Инженер бол үнэхээр гоё мэргэжил" гэж хариулна. Олон зүйлийг шийдэх сорилтуудыг даван туулдаг сайхан мэргэжил. Эзэмшсэн мэргэжилдээ хайртай дуртай гэж хэлэх байсан.

Одоо харин би ээж хүн. Тэгээд хажуугаар нь инженерийн мэргэжлээр ажиллаж байгаа болохоор энэ мэргэжил эмэгтэй хүнд илүү том сорилттой мэргэжил болов уу гэж бодож байна. Эрэгтэй хүн байгаагаараа ямар нэгэн юманд хүрэх бол чи эмэгтэй хүн дээрээс инженер бол тэрнээс хэд дахин их хүчин чармайлт гаргаж байж сайн мэргэжилтэн, сайн ээж болно. 

Ер нь уул уурхайн мэргэжлийн ихэнх нь ийш тийш явж ажилладаг шүү дээ. Тэрийгээ дагаад гэр бүлээсээ хол байх шаардлагатай тулгарна. Тэгэхээр инженер байх сайхан ч эмэгтэй бол та хүчин чармайлтаа хэд дахин нэмнэ гэдгээ л ойлгосон байх хэрэгтэй. Сайн тооцоолсон байхад мэргэжлийн хувьд сайхан мэргэжил.

Миний хувьд одоо бас нэг үеэ бодвол туршлагатай болсон болохоор инженер ээж хүний хувьд оффист ажиллах боломж гарч ирж байгаа хэрэг. Харин залуу хүмүүс бол яг үйлдвэр дээрээ ажиллаж байж илүү туршлага сууна. 

- Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

- Танд бас баярлалаа.