БНСУ-ын жүжигчин Рю Сын Рён (Ryu Seung-ryong) өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ирсэн билээ.
Монголын кино сонирхогчид түүнийг "7 дугаар өрөөний бэлэг" (Miracle in Cell No.7), "The Admiral: Roaring Currents" Нэтфликсийн бүтээсэн анхны Солонгос цуврал кино болох "Kingdom" болон "Extreme Job" зэрэг киноны дүрүүдээр сайн мэднэ. "Extreme Job" киноны хувьд гэхэд БНСУ-ын бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон киноны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй.
Жүжигчин Рю Сын Рён бол тус бүр нь 10 сая гаруй үзэлттэй дөрвөн кинонд тоглосон анхны солонгос хүн юм. Тэрбээр Монгол Улсын "Аялал жуулчлалын элч"-ээр томилогдоод буй.
Ийнхүү түүнийг Монголд саатах үеэр нь уулзаж, ярилцсанаа уншигч Танд хүргэж байна.
- Сайн байна уу Та, Ikon.mn сайтын урилгыг хүлээн авч, ярилцлага өгч буй явдалд баярлалаа. Өөрийг тань манай улсад хоёр дахь удаагаа ирж байгаа гэж сонссон. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- Сайн байна уу. Монгол миний хувьд ирж үзэхийг үнэхээр их хүссэн улс байсан юм. Солонгост өргөн уужим талбайг болон од харах боломж байдаггүй. Монголд ирээд уудам ногоон талбай, оддыг харлаа. Бас морь, тэмээ, морь, сарлаг, үхэр зэрэг амьтдыг харахад үнэхээр сайхан байсан.
- Монголчууд таныг "7 дугаарын өрөөний бэлэг", "Kingdom" зэрэг киногоор тань сайн мэддэг. Та жүжигчин болох сонголтыг анх хэрхэн хийж байсан түүхээ ярьж болох уу?
- Би олон төрлийн амьдралаар амьдарч үзэхийг хүссэн. Шилжилтийн насандаа жүжигчний замыг сонгоод, энэ мэргэжлээр сураагүй байсан бол би одоогийн энэ амьдрал шигээ сайхан амьдарч чадахгүй байсан. Жүжигчин болсон нь миний амьдралын эргэлт байсан гэж хэлж болох юм. Би жүжиглэх үнэхээр их дуртай. Жүжиглэхгүй л бол үхчих гээд, галзуурчих гээд байдаг байсан. Тэр хэмжээгээр хайртай.
- Солонгосын кино урлаг өнөөдөр дэлхийг гайхшруулж, хүлээн зөвшөөрүүлж чадаж байгаа. Энэ зам хүртэлх замыг туулахад мэдээж хэрэг олон хүчин зүйлс нөлөөлж, олон хүний хүч хөдөлмөр орсон байх. Таны хувьд илүү онцгой нөлөөлсөн зүйл нь юу байсан гэж бодож байна вэ?
- Солонгосын кино урлаг нийгмийг олон талаас нь харж, түүнийгээ илэрхийлсэн кинонууд хийдэг юм шиг байна. Хамгийн чухал зүйл болох гэр бүл бас үхлийн талаар сонирхолтойгоор, сайнаар, хөгжилтэйгөөр тайлбарлаж үзүүлдэг гэж бодож байна.
Хаана ч байдаг сайн болон муу талын өрсөлдөөнийг үнэхээр сайнаар тайлбарлаж кинондоо илэрхийлдэг. Манай солонгос жижиг газар нутагтай ч хүн ам ихтэй. Тийм болохоор тэр дотор үнэхээр сонирхолтой ярианууд гардаг юм шиг байна.
БНСУ-ын жүжигчин Рю Сын Рён: Хүн хэзээ ч үхэх боломжтой гэж бодож явдаг болохоор үргэлж үнэ цэнтэй бас хамгийн хэрэгтэй зүйлийг хийхийн тулд хичээж амьдардаг
- Жүжигчин хүнд байх ёстой хамгийн чухал чанарыг та юу гэж боддог вэ?
- Үнэнч байдал болон хүнийг үнэнээр хайрлах сэтгэл гэж бодож байна.
- Таны хувьд амьдралдаа баримталдаг зарчим, мөн өөртөө байнга сануулж амьдрахыг хүсдэг зүйл байдаг уу?
- Хүн хэзээ ч үхэх боломжтой гэж бодож явдаг болохоор үргэлж үнэ цэнтэй бас хамгийн хэрэгтэй зүйлийг хийхийн тулд хичээж амьдардаг. Тиймээс би амьдралдаа харамсахгүй, үлдээхгүй, ухрахгүй гэсэн зарчмыг баримталж явдаг.
- Ярилцсанд баярлалаа Танд.
- Баярлалаа.
/Жүжигчин Рю Сын Рёны Монголд авхуулсан зургуудаас/