Индэр    
2023 оны 6 сарын 3
Зураг
Эдийн засагч, шинжээч

Гадаад паспорт бидний мөрөөдөл болжээ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хулгай зэлгий илрэхээс өмнө юм санж
Хуурамч нөхдүүд илчлэгдэхээс урд цагт юм санж
Хүүхэд, залуус л сурах зорилготой гадныг зорьдог байлаа.

Харин бусад нь Монголдоо сайхан амьдарна гэсэн итгэл найдвартай ажилладаг байж. Гэвч одоо бол хүн бүр гарах, энэ улсаас зугтах хүсэлтэй болжээ. Яагаад гэдэг нь ойлгомжтой.

Эд хөрөнгө нь өсөж, арвижаад амьдрах боломж бага: Энэ улсын хөрсөнд ямар ч сайхан үр цацаж, ногоо тариад бүгд өмхийрч, мууддаг онцлогтой бололтой. Та бидний авч буй цалинг 2013 онд 554 ам.доллар байсан бол 2023 онд 507 ам.доллар байна. Энд хүмүүс ажиллаж, амьдрахдаа өөрийн гэсэн капиталыг бүрдүүлж, амьдрал нь чинээлэг болох ёстой. Гэвч хэрэглэдэг хүнснээс нь эхлээд машин, үл хөдлөх нь хүртэл тэнгэрт хадчихна. Нөгөө талд цалингийн өсөлт нь ханшийн уналтаа гүйцэхгүй.

Нийгмийн систем нь бусдын боломж хулгайлахад зориулагдсан: Ардын хүүхдэд 100 мянган төгрөг өгснөө эрх мэдэлтний хүүхдэд 100 мянган ам.доллар өгдөг систем. Харин тэрхүү 100 мянган ам.долларыг нь та бид өөрсдийн идэх хоолыг олохын зэрэгцээ татвараар төлдөг. Гэтэл энэ мөнгөөр хэдэн мянган цэцэрлэг барьж, хэчнээн олон хүүхдийг гэрт нь суулгахгүй, сугалаанд горьдохгүй аврах байсан бол ... (100 мянган ам.доллароор 50 хүүхдийн цэцэрлэг хангалттай барих боломжтой). Энэ мэтчилэн бусдын боломж хулгайлсан олон худал, хуурмаг зүйлс бий.

Амьдрах орчин нөхцөл бохир, эрсдэлтэй газар: Энэ талаар ч яриад илүүц биз. Бүгд мэднэ. Агаар, хөрсний бохирдол, цементийн хот, түгжрэл гэх мэтээр амьдрах орчин нөхцөл маш хүнд.

Тиймээс л улсаараа гадаад паспортын мөрөөдөлтэй болжээ. Ажиллаад амьдаръя гэхээр хөдөлж болохгүй. Хичээгээд зүтгэе гэхээр хүсэл мөрөөдлийг нь хулгайлаад байдаг. Амьд амьтан л юм чинь өвс, ус нь тэгширсэн сайхан газар амьдрахыг хүснэ.