Индэр    
2023 оны 5 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Мөнх-Өлзий: Монголчууд соёл, үндэсний шинжээ хадгалах дархлаатай байж, ОУ-ын харилцаанд байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсад өрнөж буй үйл явдал, эдийн засгийн нөхцөл байдал манай улсад хэрхэн нөлөөлж буй талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн багш, дэд профессор Б.Мөнх-Өлзийтэй ярилцсанаа хүргэж байна. 

- Сайн байна уу, монголчуудын хувьд олон улсад өрнөж буй үйл явдал, тэр дундаа олон улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг ихээхэн анхаардаг болоод байна. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал том зургаар нь харвал ямар байна вэ?

-  Сайн байна уу. 2007 оны санхүү эдийн засгийн хямралаас дөнгөж сэргэж байсан ч дэлхийн эдийн засагт сүүлийн тав хүрэхгүй жилийн хугацаанд КОВИД-19 цар тахал, Украин дахь дайн гэсэн дараалсан хоёр том үйл явдал тохиолдсон.

Өөрөөр хэлбэл 21 дүгээр зуун гарснаар дэлхийн эдийн засагт гурван томоохон хямрал бэрхшээл тулгарсны эхнийх нь банк санхүүгийн тогтолцооноос үүдэлтэй хямрал, дараагийнх нь халдварт өвчин, сүүлийнх нь улс төр геополитикийн зөрчлөөс үүдэлтэй хямрал байна.

Мэдээж тус бүрдээ өөр өөрийн гэсэн үр дагавартай. Учир шалтгаан шинж чанарын хувьд өөр асуудлууд боловч санхүү эдийн засгийн глобалчлал үр дагаврыг нь дамжуулан тархааж, нийтлэг асуудал болгож байна. Эдгээр үйл явдлын үр дагаврыг бууруулах, даван туулахын тулд улс орнууд, олон улсын зах зээл, банк санхүүгийн салбарын байгууллагууд хамтран ажиллаж байгаа ч нийлүүлэлтийн талтай холбоотой бэрхшээлүүд их гарах бололтой.

Дээрээс нь улс төр, геополитикийн нөлөөлөл нэмэгдэх хандлагатай байна. Жишээ нь, сүүлийн үед эдийн засгийн судалгааны өгүүллүүдэд геополитикийн нөлөөллийг тооцох нь элбэг болжээ. Тэгэхээр том зургаар харвал олон улсын эдийн засгийн харилцаанд тусдаа үйл явдлуудын үр дагаврууд нь холилдож нэг зүйл мэт харагдаж байгаа цаг үе гэж бодож байна. Магадгүй бид тулгарч байгаа асуудлыг шийдэхдээ олон талаас нь харан уг шалтгааныг нь олж хариу арга хэмжээ авах нь тохиромжтой байх.          

- Дэлхий нийтээр геополитикийн асуудал их хөндөгдөж байгаа. Манай улсад Геополитикийн бодлого байхгүй гэж зарим судлаач ч шүүмжилдэг. Геополитикийн асуудлаас болж учирч болох эдийн засгийн ямар нөлөө байна гэж та харж байна вэ? 

- Газарзүйн байршлын хувьд Монгол Улс зүүн хойд Азид ордог. Сүүлийн үед бүс нутгийн интеграц, хамтын ажиллагааг чухалчлах болжээ. Учир нь бүс нутаг нь цагийн бүс, соёл, цаг уурын нөхцөл байдал, газарзүйн байршил гэх мэт олон нийтлэг шинж чанарыг тухайн бүсийн улс орнуудад өгдөг нь хамтын ажиллагааны суурь болж байна. Тийм болохоор манай улсын хувьд зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэгтэй гэж бодож байна.  

- Мөн сүүлийн үед манай улсад айлчлалын сарууд үргэлжилж байна. Манай улсыг зорин ирэх улс орнуудын удирдагчид ч өмнөх жилүүдтэй харьцуулахад их болсон. Энэ харилцаа манай улсад хэр ач холбогдолтой вэ?

- Тийм ээ. Сүүлийн үед өндөр дээд хэмжээний айлчлалууд нэмэгдэж байна. 2022 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Монгол Улсад айлчилсан. Мөн гадаад хэргийн сайд нарын харилцан айлчлал их болсон байна. 2023 он гарснаар, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Францын Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Монгол Улсад айлчиллаа.

Эдгээр айлчлалуудаас харвал гуравдагч хөрш орнуудын төр засгийн тэргүүнүүдийн айлчлал нэмэгдсэн байгаа нь манай улс эдийн засгийн гадаад харилцаагаа тэнцвэржүүлэх, нэг талаас хэт хамааралтай байдлыг багасгах гуравдагч хөршийн бодлогоо идэвхжүүлж байгаагийн илрэл гэж бодож байна.

- Макроны хийсэн айлчлалтай холбоотойгоор өргөн хүрээнд манай улсад үүсэж болох боломжийн талаар та өөрийн санаа бодлоо хуваалцаж болох уу?

- Монгол Улс Франц улстай 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоож байсан. Эх сурвалжаас үзвэл 1986 онд тус улсын ерөнхийлөгч манай улсад айлчилж байжээ. Энэхүү айлчлал нь ерөнхийлөгчийн түвшний 37 жилийн дараах айлчлал болж байгаа нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдлыг илэрхийлж байна.

Айлчлалын үр дүнгээс харвал хөдөө аж ахуй, биотехнологийн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, шинэ техник технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдсэн байна лээ. Ялангуяа, Францын тал хүрээлэн буй орчин, сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд дээр манайхтай хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Энэ нь хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг учраас олон улсын энх тайван байдал, хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой үйл хэрэг юм. Тийм учраас урт хугацаандаа манай эдийн засаг, эрчим хүчний салбарт тогтвортой хөгжлийн боломж бий болох сайн талтай болов уу. 

"Бид хөгжлийн бодлого, зорилгоо зөв тодорхойлох нь нэн тэргүүний хийх ёстой ажил байх. Хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр харж болохгүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Бид гуравдагч хөршийн харилцаандаа ч их ач холбогдол өгч байгаа явдлыг та хэрхэн дүгнэж байна вэ, Юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?

-  Монгол Улс хоёр том хөрштэй, хүн ам цөөнтэй, жижиг зах зээлтэй хөгжиж буй улс. Эдийн засгийн хувьд уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байдаг. Иймд аливаа зүйлд үр дагаврыг бодитоор харж байх нь чухал болов уу. Миний хувьд манайх хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон программ хангамжийн технологийн салбарыг хөгжүүлэх боломж бий гэж хардаг. Гэхдээ хүйтний улирал хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хөгжилд томоохон бэрхшээл болдог. Мөн цахим виртуал орон зай нь хил хязгаар байхгүй учраас манайд эдийн их нөөц бололцоо энэ салбарт бий гэж бодож байна.

Бид хөгжлийн бодлого, зорилгоо зөв тодорхойлох нь нэн тэргүүний хийх ёстой ажил байх. Хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр харж болохгүй.  

- Хятад болон Орос улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдлаас бид анхаарах ёстой зүйл нь юу байна вэ?

- Олон л зүйл бий. Манай улсын экспорт Хятадын нүүрсний эрэлт хэрэглээнээс шууд хамаардаг учраас эндээс ирэх эрсдэлийг бууруулах бодлого байх ёстой. 2011 онд манай эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч өссөн гээд өсөлтийн хөөсрөлтийг тооцоолохгүй өндөр өсөлт үргэлжлэх юм шиг төсөөлсөн санагддаг. Манай гадаад худалдаанд Оростой хийж байгаа худалдаа ерөнхийдөө бага хувийг эзэлдэг.

Оросын эдийн засгийн хувьд олон улсын хоригт орсон амаргүй цаг үе үргэлжилж байна. Украин дахь дайны байдал нь геополитикийн хувьд манай Европын орнуудтай хийдэг гадаад худалдаанд саад бэрхшээл учруулж байгаа. Тэгэхээр хойд хөрштэй холбоотой улс төр геополитикийн асуудлуудыг бид нарийн ажиглаж байх хэрэгтэй.

- Олон улсын эдийн засаг гэхээр бид худалдааны асуудлыг хөндөхгүй байж болохгүй. Хятадын хил нээгдсэнээс хойш харьцангуй худалдаа хэвийн байгаа гэх. Бодит нөхцөл байдал ямар байна вэ?

- Урд хил нээгдээд хэсэг хугацаа өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар төрийн албан ёсны айлчлал хийж, хоёр тал хамтын ажиллагааны 16 баримт бичигт гарын үсэг зурсан байна лээ. Статистикийн мэдээ харвал гадаад худалдааны эргэлт 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллароор өссөн байна. Экспорт 5.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллароор буюу 81.6 хувиар өссөн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспортын 2.2 тэрбум ам доллар буюу 95.1 хувиар өссөн өсөлт шууд нөлөөлсөн байна. Эрдэс бүтээгдэхүүний /чулуун нүүрс / экспорт нь нийт экспортын 88.7 хувийг дангаараа эзэлж байна.

Монгол Улсын Хятад руу хийх экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс үзвэл одоогоор манай Хятад руу чиглэсэн экспорт хэвийн явж байна. Гэхдээ бид Хятадын эрэлтийг анхааралтай ажиглаж эдийн засагтаа тусгаж байх хэрэгтэй.

- Орос, Украины хооронд үүссэн нөхцөл байдал хэзээ дуусах бол гэх хүлээлт байгаа. Эдийн засгийн хувьд цаашид манай улсад үзүүлэх нөлөө ямар байх бол?

- Нөлөөллийг харахын тулд юуны түрүүнд дотоодын эдийн засгийн үзүүлэлтүүдийг харах хэрэгтэй болов уу. Инфляцын хөдөлгөөнөөс үзвэл 2023 оны дунд үеэс инфляц буух хандлагатай харагдаж байгаа. Гэхдээ 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар нэг оронтой тоо руу ороогүй байна. Сүүлийн үед манайх гуравдагч хөрш орнуудтай, жишээ нь Турктэй, худалдаа эдийн засгийн харилцаагээ нэлээд хөгжүүлж байгаа нь Орос, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас эдийн засагт ирэх сөрөг нөлөөг багасгаж байна.

- Оросын эсрэг зарласан Өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээ манай улсад хэрхэн нөлөөлж байна вэ?

- Шууд бус нөлөөллүүд бий. Жишээ нь Монгол Оросын хооронд шууд нислэг байхгүй. Хоёр улсын иргэд зорчихдоо орон нутгаар дамжин явж байгаа, Европоос манайд ирэх импортын тээврийн асуудал гэх мэт худалдаа, ложистикийн асуудлууд гарч байна.  

- Мөн Украины дайнтай холбогдуулан Оросын эсрэг зарласан Өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэх санаа Төв Азийн зарим орнуудаас цухалзах болсныг ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин хэлсэн. Энэ магадгүй үнэн бол ямар нөхцөл байдал бий болох магадлалтай вэ?

- Одоогоор тодорхой биш байна. Удахгүй улс орнуудын байр суурь тодорхой болно гэж бодож байна.

- Бас Монголын газрын ховор элемент, зэс, жонш олборлох, боловсруулахад хамтарч ажиллахаа БНСУ-ын тал идэвхтэй илэрхийлж байгаа. Саяхан Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад айлчлах үеэрээ газрын ховор элемент, онцгой чухал ашигт малтмал олборлох, хайгуул хийхэд хамтрах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Газрын ховор элементийн ач холбогдлын талаар та хэлж өгнө үү?

- Чухал асуулт байна. Таны хэлсэн дээр нэмээд хэлэхэд, дэлхийн хэмжээнд дотоод шаталтын хөдөлгүүрээс зайлсхийх, шатахуунгүй цахилгаан автомашины үйлдвэрлэл сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Тэгэхээр цахилгаан автомашины батерейд хэрэглэгддэг лити гэх мэт ховор элементийн эрэлт ойрын ирээдүйд нэмэгдэх нь. Компьютерын хувьд чипэнд цахиур хэрэглэдэг. Гэвч удахгүй компьютерын дараагийн хөгжлийн үе шат болох квант процессор компьютерын зах зээлд нэвтрэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа билээ. Тэгэхээр бид энэ чиглэлийн ховор элементийн олборлолт, боловсруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж бодож байна.  

Өөрөөр хэлбэл, газрын ховор элементийг ихээр сонирхож буй шалтгаан нь цахилгаан автомашин, компьютерын /аж үйлдвэрийн VI хувьсгал/ хөгжлийн дараагийн үе гэх мэт эрэлт шаардлагатай холбоотой. 

- Олон улсын худалдааны нөхцөл байдлын талаар?

- Дэлхийн худалдааны байгууллага 1995 онд байгуулагдсанаар олон улсын худалдаанд олон давуу тал, эерэг нөхцөл үүссэн боловч байгууллагын хувьд шинэчлэгдэх хэрэгтэй болсон гэж дүгнэж байгаа юм билээ. Гол шалтгаан нь олон улсын эдийн засгийн байдал хурдацтай өөрчлөгдөн хөгжих болсон, шинэ нөхцөл байдлууд бий болж байгаа нь хуучин тогтолцоогоор асуудлыг шийдэхэд бодлогын талаасаа хүндрэлтэй болжээ. Тэгэхээр Дэлхийн худалдааны байгууллагад цаг үеийн шаардлагаар бодлого бүтцийн өөрчлөлт явагдаж байгаа гэж ойлгож болно. Энэ нь эргээд олон улсын худалдааны үйл ажиллагааг хөгжүүлэх, хөнгөвчлөхөд харагдаж болов уу.

- Олон улсын харилцаанаас Монгол Улсын хувьд одоо зайлшгүй мэдэж, анхаарах ёстой зүйл өнөөдөр юу болоод байна вэ?

- Үр дагаврын хувьд харилцан адилгүй байна. Жишээ нь манайх хөгжиж байгаа жижиг улс. Энэ үүднээсээ глобалчлалын үед түүх соёл, үндэсний шинж чанараа хадгалж үлдэх дархлаатай байх ёстой.

Нөгөө талаасаа олон улсын харилцаанд идэвхтэй оролцож, өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж байх ёстой. Хэрэв манай улс идэвхтэй оролцогч байж чадахгүй бол хөгжилтэй орнуудад бид санаачилгаа алдах эрсдэлтэй болно. Тэгэхээр олон улсын харилцааны цаг үеийн нөхцөл байдлыг бодитоор харж, анхаарах ёстой. 

- Дэлхийн эдийн засаг нэг болно гэх яриа гардаг. Та энэ талаар юу гэж бодож байна?

- Ойрын ирээдүйд боломжгүй байх аа. 

- Та сүүлийн үед аль чиглэлд илүү судалгаа хийж байна. Тэр талаараа онцлох зүйл байвал хуваалцана уу?

- Миний хувьд олон улсын санхүү эдийн засаг, соёл зан төлөв, олон улсын худалдаа, зан төлөвийн санхүү гэсэн чиглэлүүдээр судалгаа хийж байна. Сүүлийн үед зан төлөвийн шинжлэх ухааны салбар их хөгжиж байна. Олон улсын харилцааг мөн соёл зан төлөвийн нөлөө хүчин зүйлээр тайлбарласан эрдэм шинжилгээний судалгаанууд их хийгдсэн байна лээ. Энэ салбарт судалгааны аргазүйн шинэ арга барил нэвтэрч байна. Тус салбарын хөгжил өөрчлөлт нь судалгааны шинэ аргазүй нэвтрүүлэх шаардлагатайг илтгэж байна.      

- Олон улсын харилцааны тал дээр онцолж яримаар байгаа зүйлс байвал нээлттэй хуваалцаж өгнө үү?

- Олон улсын харилцаа нь сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа шинжлэх ухааны салбар юм. Олон салбарын нөлөөн дор байдаг учраас судлаачаас онол практикийн өргөн мэдлэг чадвар шаардах болсон байна. Хоёр туйлт тогтолцооны /хүйтэн дайны/ үед олон улсын харилцаанд улс төрийн үзэл санаа гол байр суурьтай байсан бол 1990 оноос хойш зах зээлийн хүч голлох нөлөөтэй болсон онцлогтой. 

- Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа.