Индэр    
2023 оны 5 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

Нийслэл дэх төрийн байгууллагууд 2022 онд ₮3 тэрбумыг хэмнэж, ₮2.7 тэрбумын зөрчил гаргажээ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн хэмнэлтийн тухай хууль өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 29-нд батлагдаж, 2022 оны улсын болон нийслэлийн төсвийг тодотгосноор тавдугаар сараас хүчин төгөлдөр болсон. 

Нийслэлийн 2022 оны төсвийг тодотгох үед 

  • Нийслэл дүүргийн Засаг даргын орлогч 21, агентлаг, харьяа байгууллагын дэд дарга, орлогч дарга 24, нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчид 384, нийт 429 орон тоог бууруулахаар тооцон, 2.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр
  • Албан тушаалын суудлын автомашин ашиглаж буй нийт 131 албан тушаалтны автомашины хэрэглээг энэ оны тавдугаар сараас зогсоосноор 266.7 сая төгрөг хэмнэхээр
  • Нийслэл дүүргийн төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосон шийдвэр гараагүйтэй холбогдуулан нэмж тусгасан эхний хагас жилийн цалингийн зардал болох 13.8 тэрбум төгрөгийг нийт цалингийн зардлаас бууруулахаар төсөлд тусгаж байсан

Үүний хэрэгжилтийн талаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүү нийцлийн хэлтсийн аудитын менежер Д.Отгонбаяр дараах хариултыг өглөө.

Д.Отгонбаяр: Нийслэлийн 936 байгууллага 2022 онд нийт гурван тэрбум төгрөгийг хэмнэсэн

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлээд гарсан үр дүнгийн талаар тодруулъя?

-Нийслэл дэх Төрийн аудитын газар нь чиг үүргийнхээ дагуу нийслэл дүүргийн төсвийн байгууллага болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн нийт 936 байгууллагын 2022 оны санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийлээ. 

Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэхэд баримтлах ерөнхий бодлого чиглэлийг Монгол Улсын Ерөнхий аудитор жил бүр баталдаг. Энэ жилийн хувьд нэг онцлох зүйл нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бодлого чиглэл, хэрэгжүүлэх төлөвлөгөө баталсан. 

Энэ төлөвлөгөөний дагуу нийслэлд шалгагдагч 936 байгууллага тус хуулийн хэрэгжилтийг  санхүүгийн тайлангийн аудитаар хамруулан шалгалаа. 

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хориглосон хязгаарласан заалтын хэрэгжилтийг хангаагүй 2.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Аудитаар энэ зөрчлийн 133.3 сая төгрөгийг зөрчилд 22 төлбөрийн акт тогтоож, хоёр тэрбум 56.6 сая төгрөгийн зөрчилд зөрчлийг арилгах 56 албан шаардлага, 512 сая төгрөгийн зөрчилд зөрчлийг давтан гаргахгүй байх 30 зөвлөмж өгсөн. 

-2.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн гэлээ. Энэ нь ямар төрлийн зөрчлүүд байгаа талаар тодруулмаар байна?

-Төрийн хэмнэлтийн тухай хуульд хориглох болон хязгаарлахаар заасан зөрчлүүд юм. Тухайн нэг байгууллага биш 936 байгууллагынхыг нэгтгэсэн дүн. 

Жишээлбэл, сургалтыг цахимаар зохион байгуулах боломжийг бүрдүүлж ажиллах ёстой байхад танхимаар зохион байгуулсан. Суудлын машин ашиглах эрх бүхий биш албан тушаалтан машин ашиглаж зардал гаргасан бол зөрчилд тооцогдоно. Эдгээр 133.3 сая төгрөгийн төлбөрийн акт тогтооно гэдэг нь орон нутгийн орлого болно гэсэн үг. 

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтээр хэдэн төгрөг хэмнэж чадсан бэ?

-Нийслэлийн Засаг дарга Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийн хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан байна. Тухайлбал, нийслэл дүүргийн орлогч дарга болон нийслэлийн харьяа газрын удирдах албан тушаалтан дэд, орлогч дарга, зөвлөх чиг үүрэг бүхий төсөвт байгууллагын орон тооны 52, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 18 буюу нийт 70 албан тушаалтныг чөлөөлж, цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийн 470.4 сая төгрөгийг хэмнэсэн. 

-Хэдэн машин татан төвлөрүүлсэн бэ?

-Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргаас бусад төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин хэрэглэхийг хориглож, 150 тээврийн хэрэгслийг татан төвлөрүүлэхээр үе шаттай арга хэмжээ авснаар тээвэр шатахууны зардал 252.4 сая төгрөг хэмнэсэн байна. 

Мөн төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулах арга хэмжээ авснаар гурван тэрбум төгрөгийг тус тус хэмнэсэн. 

-Хэмнэсэн мөнгөө өөр зүйлд зарцуулж байна уу, эсвэл орон нутгийн төсөвтөө үлдэж байна уу?

-Орон нутгийн төсөвтөө үлдэж байгаа. 

Албаны эх сурвалжийн мэдээллээр нийслэлийн төрийн байгууллагуудын 2022 оны санхүүгийн байгууллагын тайланд аудит хийхэд 2.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь хэмнэж болохуйц дүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд гэхэд 2022 онд бараг зургаан тэрбум төгрөг хэмнэж болохоор байжээ.

2023 онд Төрийн хэмнэлтийн тухай хууль бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг их наяд төгрөг хэмнэнэ хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь мэдээлж байв.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн онцлох заалтууд

6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно.

7.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.

8.1.Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно.

12.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдэд дараах зориулалтаар зардал санхүүжүүлэх, зарцуулахыг хориглоно:

12.1.1.гар утасны зардал;
12.1.2.ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал;
12.1.3.хэвлэлийн захиалгын төлбөр;

15.1.Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно:

15.1.2.чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоох;
15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах;
15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх;
15.1.7.байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авах.