Зураг
Зураг
Индэр    
2023 оны 5 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Мэргэн: 18 телевиз ₮29 тэрбумыг сул хувааж авч байна

Зураг

Иргэдийн IPTV үйлчилгээний төлбөр дээр сар бүр 2,500 төгрөгийн хураамж авдаг. Энэ нь хуулийн хувьд буруу бөгөөд авах ёсгүй төлбөр хураамж гэдгийг иргэдийн зүгээс шүүмжилж байгаа юм.

Иймд иргэдийн төлөөлөл болох хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Таны хувьд IPTV үйлчилгээний төлбөр дээр сар бүр 2,500 төгрөг авахыг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөл. Энэ талаарх өөрийн байр сууриа хуваалцахгүй юу?

- 2019 онд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдаад, уг хуулийн дагуу телевизүүдийн холбооны гэх өргөн нэвтрүүлгүүдийг дамжуулдаг тухайн үед 15 (одоо 18) сувагт сар бүр иргэд төлбөр төлнө. Энэ төлбөрийг тухайн телевизүүд хувааж авна гэх заалт орсон. Энэ төлбөрийг IPTV үздэг айл өрхүүд төлбөр дээрээ нэмж өгөхөөр хуульдаа зохицуулсан байдаг.

Бид зах зээлийн эдийн засгийг сонгосон улс. Зах зээлийн эдийн засаг гэдэг нь би юу хүснэ түүнийгээ худалдаж авах үйлчилгээ бөгөөд худалдан авахдаа түүндээ тохирсон төлбөрөө төлөх асуудал юм. Тухайн бараа бүтээгдэхүүн нь хэрэгцээтэй байгаа хүн өөрийн хүсэл зоригийн үндсэнд тохирсон төлбөрөө төлөхийг зөвшөөрөөд хоёр тал зөвшилцөөд, гэрээ байгуулсны үндсэнд худалдах худалдан авах харилцаа бий болдог.

Гэтэл нэг талын хүсэл зориг огт байхгүйгээр нөгөө тал нь ганцаараа дур мэдэн шийдээд "энэ бүтээгдэхүүн үйлчилгээг заавал ав, оронд нь бид төлбөр авна" гэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2,500 төгрөг авахыг хуулиараа тулгаад хуульчилчихаар, хуульчлагдсан дээрэм л болж байна гэсэн үг. Хүний юмыг зөвшөөрөлгүй булааж авах чинь дээрэм шүү дээ.

Өнөөдөр 2,500 төгрөг төлж яваагаа магадгүй ихэнх гэр бүл мэдэхгүй. Ялангуяа дунджаас дээш амьдралтай айлууд 2,500 төгрөг амьдралд нь нөлөөлдөггүй айлууд бүр ч мэдэхгүй яваа. Гэтэл ингэж хураамж авах байдал 2019 оноос хойш буюу дөрвөн жил үргэлжилж байна.

- Айлуудын төлж буй хураамжийг хэдэн телевиз авч байгаа вэ?

- Анх 15 телевиз авдаг байсан бол одоо 18 телевиз хувааж авч байгаа юм билээ. Монголчуудын нийт өрхийн 82 хувь нь IPTV үйлчилгээ хэрэглэдэг гэх тооцоо байна. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор  768,028 IPTV хэрэглэгч байдаг бөгөөд сар болгон айлуудаас 2,500 төгрөг авдаг. Нийт дүнгээр нь харвал хоёр жилийн өмнө 24 тэрбум төгрөг, өнгөрсөн жил 29 тэрбум төгрөг цугларсан байна.

Өөрөөр хэлбэл, 29 тэрбум төгрөгийг 18 телевиз үйлчилгээ үзүүлээгүй байж сул хувааж авч байна.

- 2,500 төгрөгийг яг хэн авч байгаа вэ?

- Хүмүүс 2,500 төгрөгийг IPTV-ийн үйлчилгээ үзүүлэгчид өөрсдөө авдаг гэж ойлгоод байх шиг. Юнивишн, Скаймедиа, ДДИШ гэх мэт. Гэтэл Харилцаа холбооны Зохицуулах Хорооноос гаргасан журмаар 2,500 төгрөг IPTV үйлчилгээ эрхэлдэг компаниудад очдоггүй ба энэ компаниуд зүгээр мөнгийг нь иргэдээс хурааж аваад тараах үүргийг хууль тогтоомжоор хүлээсэн. 

Мөнгө авах гэж энэ хуулиа батлахдаа дагаж өөрчлөгдөх ёстой хуулиуддаа өөрчлөлт хийгээгүйгээс болж асуудал үүсэж байгаа. Жишээлбэл Татварын тухай хуульд IPTV-гийн хураан авч байгаа мөнгийг орлого гэж тооцохгүй, татвараас чөлөөлнө гэх зэрэг зохицуулалт ороогүйгээс болоод татварын байгууллага IPTV-гийн газруудад очоод танай дансанд орлого орсон байна, татвар өг гэдэг. Дансанд орсон мөнгөнөөс нь хувийн хэвшлийн компаниуд нэг ч төгрөг авахгүй мөртлөө яагаад татвар төлөх ёстой гэж.

Дээрээс нь хувийн хэвшлийн компаниуд нэмэлт төлбөр авдаггүй, бусад телевизүүдэд төлбөрийн хураамж авч өгснийхөө төлөө татвар төлөх ёстой вэ.

Нэг IPTV үйлчилгээ үзүүлдэг компаниуд жилд дунджаар есөн тэрбум төгрөг цуглуулж өгсөн байх жишээтэй. Хуульд зааснаар тухайн IPTV тухайн жилийн орлогынхоо 15 хувиас доошгүй хэмжээний мөнгийг төвлөрүүлж өгөх зохицуулалт байдаг. 

Түүнчлэн МҮОНРТ нэгдүгээрт сувагт байрлана гэдэг. Түүнээс хойш мөнгө аваад байгаа телевизүүд 2-19 хүртэлх суваг дээр гарна гээд заагаад өгчихсөн. Уг нь аль телевиз хэддүгээр суваг дээр гарах нь зах зээлийнхээ шугамаараа шийдэгдэх ёстой гэж бодож байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ талаар асуухаар бид мөнгөний асуудалд оролцдоггүй, бусад зүйл дээр хяналт тавих үүрэгтэй гэх тайлбар хэлдэг. 

- Одоо тэгвэл хуулийн хүрээнд ямар гарц гаргалгаа байж болох вэ?

- Хуулиа эргэж хараад, төлбөр авдаг хуульчилсан дээрмээ болиулах хэрэгтэй. 2019 онд батлагдсан хуульд холбогдох заалтуудыг хүчингүй болгох хэрэгтэй.

- Иргэдийн төлөөлөл Үндсэн Хуулийн Цэцэд хандсан гэж байсан?

- Тийм. Миний мэдэж байгаагаар нэгдүгээр сард нэг иргэн хандсан. Саяхан бас иргэдийн төлөөлөл Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байсан. Улс иргэдээс татвар авч байж дахиад төлбөр нэртэй хураамжийг хүчээр авч болохгүй.Үнэхээр хүүхдийн болон соёлын контент хиймээр байгаа бол татвараас бүрдсэн төсвөөрөө хийх хэрэгтэй. Иргэд ялангуяа залуучууд телевиз үзэх нь багасчихсан. Тэгэхээр үздэггүй, авдаггүй үйлчилгээний төлөө иргэдийн халааснаас мөнгө дээрэмдээд байгаа нь хэр зөв бэ гэх асуудал болоод байна.

Би твиттер үүнтэй холбоотой асуудлыг бичихэд Цахим Хөгжлийн яамны дэд сайд засаж сайжруулах хуулийн төслийг өгч яваа гэсэн байсан. Гэхдээ үүнд итгэхгүй. Төр засаг барьж байгаа хүмүүсийг гаргадаг заль. Хуулийн төсөл өргөн барьж байгаа л гэдэг.