Нийгэмд үүссэн, цаашид үүсэх олон асуудлын эх үүсвэр нь боловсролтой холбоотойг саяхнаас л нийтээрээ ярьцгаах болов.
Үнэн хэрэгтээ сургууль төгссөн л бол боловсролтой гэж тодорхойлдог цаг үе нэгэнт өнгөрчээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүртээмжид илүү анхаарч байсан энэ салбарынхан одоо чанартаа илүү анхаарахаар болж, бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчноо шинэчлэхээр ажиллаж буй. Тэгвэл энэ нь байгаа хэр онож буй талаар Бүх нийт боловсролын төлөө эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа.
-Боловсролын салбарт зөндөө асуудал бийг олон нийт ярьж байна. Чанар, хүртээмж, багшийн чанар гээд. Энэ бүх асуудлын үндсэн шалтгаан нь юу вэ?
-Энэ бол маш нүсэр бүтэц. Олон хүний оролцоотой, сум бүрд байдаг том тогтолцооны асуудал нь ганц эсвэл хоёрхон жилийн өмнөх шалтгаанаас болсон байна гэж байхгүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан бодлого, хэрэгжүүлсэн ажил, хуваарилсан төсөв зэргийн үр дүн болж харагддаг. Тэр байтугай 30 жилээс өмнөх 70 жилийн ачаа ч бий. Тэр үед төлөвшсөн хандлага, байгууллагын соёл хүүхдэд хандах хандлага, суралцахуйг зохион байгуулах, багш төвтэй сургалт гэхчлэн одоо болтол хэвээр байгаа энэ бүх зүйлийн нэгдэл, дээрээс нь Монгол Улсын нийгэм, соёл, эдийн засгийн орчинд шингээд гарч ирсэн бүтээгдэхүүн нь өнөөгийн боловсролын хүртээмж, чанар гэж хараад маш гүнзгий дүн шинжилгээ хийж байж учир шалтгаан тодорхой болно.
Өнгөрсөн 30 жилийн хугацааг дүгнэх, үнэлэх оролдлогыг 2019 оноос төрийн байгууллага, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач нар хамтран идэвхтэй хийж байна. Учир нь “Алсын хараа”-д тусгах, боловсролын салбарын урт хугацааны бодлого гаргах, хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр, Боловсролын хуулийн эрх зүйн шинэчлэлийг хийхийн төлөө олон түвшний судалгаа, дүн шинжилгээ хийлээ.
Эдгээрээс юу харагдаж байна гэхээр,
Нэгдүгээрт, боловсролын салбарыг тэргүүлэх салбар гэж төрөөс баримтлах бодлогодоо 1995 оноос тусгасан болохоос биш яг бодлогыг харахаар огт биш байж. Хуваарилж байгаа төсөв нь тэргүүлэх биш гэдгийг нотолсон. Улсын төсөв, гадаадын зээл, тусламжаас хангалттай өгдөггүй. Дэд бүтэц, зам, барилгадаа зээл авснаас биш боловсролын салбартаа зээл аваагүй байх жишээтэй. Хүний нөөцийн асуудлыг шийдсэн үү гэхээр эсрэгээрээ багш дутагдаж байна. Багш хийх хүн олдохгүй болтол нь энэ салбарын хүний нөөцийн бодлогыг хаясан байна. Нийгмийн асуудлыг шийдээгүй, цалин хөлсөнд нь анхаараагүй. Саяхан багш нар талбай дээр сууж, тэмцсэн. 1995 онд багш нарын 143 хоног үргэлжилсэн ажил хаялтад би оролцоод, цалингаа нэмүүлье гээд явж байсан. Энэ байдал дээрдээгүй хэвээрээ.
Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжлийн бодлогыг харах өнцөг нь хэзээ ч хүн төвтэй байгаагүй. Эдийн засгаа хөгжүүлж, мөнгөтэй болж, төсвөө тэлээд түүний дараа боловсрол, эрүүл мэнд, цалин хөлсөнд анхааръя гэдэг бодлогын өнцөг өнөөдрийг хүртэл байгаа. Эдийн засгийн хөгжил, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаараад хүний хөгжлийг хаясан бодлого өнөөдрийг хүртэл оршиж байна. Хүний хөгжүүлье, монгол хүнийг хөгжүүлэхэд юу хэрэгтэй байна вэ, тэр мөнгийг хаанаас олох вэ гэж бодлогоо тодорхойлбол дэс дараалал нь зөв байх байж гэж би боддог.
Гэтэл мөнгө олсны дараа гэдэг бодлого нь 30 жил боловсролын салбарын хүртээмжгүй, чанаргүй, хариуцлагагүй байдлыг нөхцөлдүүлсэн.
Багш хийх хүн олдохгүй болтол нь энэ салбарын хүний нөөцийн бодлогыг хаясан байна
Энгийн жишээ татъя. Монгол Улсын хүн амын тэн хагас нь яагаад Улаанбаатартаа бөөгнөрч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг нь хүртээмжгүй болоод агаар, орчны бохирдолтой болов гэхээр хамгийн гол татах хүч нь боловсрол гэж гардаг. Дэлхийд бид “Боловсролын цангаатай” улс гэж нэрлэгддэг. Боловсролын хүртээмж, чанар, хариуцлагатай байдал хаана байна гэхээр хотод байна гэж үзээд цөм нүүгээд ирдэг. Хүүхдүүд нь дээд сургуульд ороход хүүхдээ дагаад нүүгээд ирдэг.
Боловсрол нь вакуумд хөгждөггүй. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёлын хөгжлийн орчинд хөгждөг. Бүс нутгийн хөгжилд анхаараагүй, хөдөө орон нутгийн хөгжлийг орхигдуулсан бол хүмүүс ухамсартай сонголт хийгээд хотод ирж байгаа. Бид өнгөрсөн 30 жилд хөдөө, орон нутгийн хөгжилд тэнцүү анхаарсан бол тэр хүмүүс нүүж ирээд, хотын амьдралыг энэ хэмжээнд хүргэхгүй байх байсан. Тэгэхээр бид хүртэх ёстойгоо л хүртэж байна.
Гуравдугаарт, нийгмийн тэгш бус байдал. Зөвхөн хотод амьдралын чанар, боловсролын чанар, олон сонголт байгаа бол ийшээ л ирнэ. Яагаад хот, хөдөөгийн хөгжлийн тэгш бус байдлыг бий болгосон бэ, яагаад боловсрол дотроо тэгш бус байдлыг бий болгов, яагаад олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн гурван сургууль нь гурвуулаа хотод байна вэ, яагаад хувийн сургуулиудын 90 хувь нь зөвхөн Улаанбаатарт байгаа юм бэ гэх зэрэг нь бодлогоороо тэгш бус байдал үүсгэснийг харуулна. Боловсролд үүссэн асуудлууд нь нийгэм рүүгээ цалгиж, нэвчиж, эргээд энэ нийгмээ гажуудуулж байгаа.
Тэгвэл бид багш бэлтгэхдээ анхаарсан уу гэвэл үгүй. Монгол Улсын Боловсролын Их Сургууль(МУБИС) өнөөдөр төрийн өмчийн сургуулиудаас чанараараа хамгийн доогуур. Багш бэлтгэж байгаа сургуулийн багш нарт хэн анхаарч байгаа вэ, хэн ч анхаарахгүй байгаа. Төрийн бодлого тэнд огт байхгүй, зүгээр л хаячихсан. Тэнд байгаа хэдэн багшийн нуруун дээр л багш бэлтгэх хөтөлбөр явж байна.
МУБИС гэхэд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш нарын 70 хувийг нь бэлтгэж байна. Энэ сургуулийг өөд нь татах тухай хэн ч ярихгүй байгаа. Мөн багш бэлтгэх сургуулиудыг бизнесийн арга хэрэгсэл болгоод хувийн их, дээд сургуульд анги нээснээр 27, 28 сургууль багш бэлтгэж байна. БШУЯ-ны шалгалтын дүн бий, тэнд бэлтгэгдэж буй багш нар маш чанаргүй. Үүнийг төр яагаад зохицуулж, оролцож, хяналтаа тавихгүй байгаа юм бэ. Дээд боловсролыг бизнес болгож, хувийн их, дээд сургуулиудыг ямар ч хяналт, зохицуулалтгүйгээр хөгжүүлж, багш бэлтгэх эрх олгож байгаа нь Монгол төрийн боловсролын бодлогын гутамшиг, ичгүүр. Монгол төрийн дээд боловсролын талаар баримтлах бодлого хаана байгаа юм.
-Шалгалтаар хуурамч дипломтой 3,000 гаруй багш байгааг тогтоосон. Гэхдээ халчихвал багшлах хүнгүй болох гээд байгаа гэсэн. Шинээр сайн багш бэлтгэх талаар биш одоо байгаа хэдэн багшийгаа яаж тогтоох вэ гэдэг нь салбарын асуудал болчихсон юм шиг санагдсан?
-Энэ бол манай төрийн бодлогын үр дагавар. Одоо болтол багшийн талаар баримтлах бодлогогүй шүү дээ.
Багшийн талаар баримтлах бодлого бол маш өргөн хүрээний, олон талын асуудал. Багшийг яаж чанартай бэлтгэх вэ, шинэ төгссөн багшийг ажлын байранд яаж дадлагажуулж, тогтоох вэ, цалин хөлс нь ямар байх вэ, карьер ямар байх вэ гэхчлэн олон хүрээг хамарсан бодлоготой байх ёстой. Гэтэл одоог хүртэл бодлогогүй сууж байна.
Сүүлд Л.Энх-Амгалан сайд гарч ирээд бодлого, хэрэгжилт хоёрыг салгалаа. Би үүний үр дүнг хүлээж байна. Өмнө нь БШУЯ бодлого, хэрэгжилт хоёртоо дарагдаад алийг нь ч сайн хийдэггүй байсан. Хянаж, үнэлэх нь бүр байдаггүй байв. Харин одоо Боловсролын Ерөнхий газар нь хэрэгжилтээ, яам нь бодлогоо хариуцна гэж харж байна. Эхний ээлжид тэгш хамруулан сургах бодлогын чиглэлийг баталж,, Насан туршдаа суралцах бодлогын чиглэлийг боловсруулж байна. Бодлогын яам болж буйн ач холбогдол, үр дүн гарч байна. Одоо харин багшийн талаар баримтлах бодлогоо нэн тэргүүнд гаргах ёстой.
-Боловсролын багц хуулийг удахгүй УИХ хэлэлцэнэ. Танайхаас саналын эмхэтгэл гаргасан байсан. Онцлох саналуудаасаа дурдана уу?
-Энэ Засгийн газраас бидэнд олгосон боломж нь хуулийг боловсруулах шатанд буюу Ажлын хэсэгт иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан. Улсын Их Хурал(УИХ)-д өргөн бариад Ажлын дэд хэсэгт мөн иргэний нийгмийн байгууллагууд оролцсон нь дэвшилттэй тал. Дээрээс нь үе шат бүхэнд нь өөрсдийн саналаа тусгах боломжийг олголоо.
Бидний нэгдүгээрт хүссэн зүйл бол хүүхэд төвтэй хууль хийх. Хүүхдийн сурч боловсрох эрхийг бид яаж хангах вэ гэдэг хууль хийгээч гэж хүссэн. Хүүхэд төрөөд гурван нас хүрэхэд цэцэрлэгт яаж хамруулах вэ, зургаан нас хүрэхэд сургуульд хэрхэн сургах вэ гэхчлэн төрөхөөс насан хутаг үзүүлэх хүртэл түүнийг хэрхэн суралцуулж, эрэлт хэрэгцээг хангах вэ гэдгийг тодорхой тусгасан хууль хийгээч гэж хүссэн. Бүр процессыг нь хуульчлах ёстой. Сургуульд хүүхдийг бүртгэх, эцэг эхэд нь сургалт өгч, хүүхдээ сургуультай танилцуулж, ялгаатай хэрэгцээ бий эсэхийг тодорхойлж, ар гэрийн боломж бололцоог тодорхойлон шаардлагатай бол тусламж дэмжлэгийг өгөх гэх мэтээр тухайлсан хууль байлгахыг мөрөөдсөн. Гэхдээ тийм болоогүй. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль нэлээд дөхсөн. Бидний хувьд Боловсролын ерөнхий хуульд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлснээр дахин сайжруулж байна.
Монгол Улсын хүн амын тэн хагас нь яагаад Улаанбаатартаа бөөгнөрч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг нь хүртээмжгүй болоод агаар, орчны бохирдолтой болов гэхээр хамгийн гол татах хүч нь боловсрол гэж гардаг
Хоёрдугаарт, боловсролын тухай хуулиуд тэгш хамруулах зарчимд нийцэх ёстой гэж үзсэн. Хүүхэд бүхэн ялгаатай хэрэгцээтэй. Харааны бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээг яаж хангах вэ, Баян-Өлгий аймагт гэхэд үндэстний цөөнх болж төрсөн өөр хэл дээр ярьж буй хүүхэд нэгдүгээр ангид орж ирээд яаж сурах вэ? Энэ хэрэгцээг яаж хангах нь тодорхой байх хууль хийгээч гэх саналаа өгсөн. Энэ санал нэлээд сайн туссан. Ялангуяа СӨБ, ерөнхий боловсрол гээд бүх шатны боловсролын хуульд энэ зарчим тусаж байна.
Мэргэжлийн боловсрол, дээд боловсролын тухай хуулийн анхны төсөл дээр бол байгаагүй. Тэр нь бараг хүний тухай, суралцагчийн тухай хууль биш, байшин барилга, албан тушаалтан, багш нарын эрх, үүргийн тухай хууль л болохоор байсан. Оюутны талаар өгүүлбэр ч байгаагүй. Иймээс дээрх чиглэлд хуулийн төсөл нэлээд сайжирсан.
УИХ-ын гишүүд нийгмийг төлөөлж сонгогдсон. Гэтэл хэнийг төлөөлж байгаагаа ойлгохгүй байна. Тэдний төлөөлж буй хүмүүс нь хэн бэ гэдгийг ухамсарлахгүй байгааг Ажлын хэсэгт ороод ойлгосон. Үндэстний цөөнх хүүхдийг эх хэлээрээ сурахыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хүн хүртэл байна. Тухайн хүүхэд угаасаа өөр хэлтэй болж төрсөн. Тэр хүн зөвшөөрөхгүй гээд яах юм бэ. Ийм л юм ярьж байгаа УИХ-ын гишүүдийн гар дээр энэ хууль очиж, батлагдах гэж байна.
Хүмүүс маш сайн анхаарах хэрэгтэй. Өөрсдийнх нь сонгосон УИХ-ын гишүүн үүнд ямар байр суурь илэрхийлж байгааг сонсох ёстой. Үнэхээр та бүгдийг төлөөлж байна уу, эсвэл хувийн болон бизнесийн эрх ашгийг төлөөлж байна уу. Өөрийнхөө толгой дахь явцуу эрх ашигт хязгаарлагдаж байгаа эсэхийг нь харж байж дараагийн сонгуулиар сонголтоо хийх хэрэгтэй.
Мөн хуульд тусаж буй өөр нэг томоохон өөрчлөлт бол насан туршдаа суралцахуй. Хүн малынхаа бэлчээрт байна уу, хотын захад бүртгэлгүй амьдарч байна уу гэдгээс үл хамааран насан туршдаа суралцах боломжтой байх ёстой. Өөрийнхөө ур чадварыг дээшлүүлж, ажил хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүлэх учиртай. Хэрвээ сургуульд завсардсан бол заавал эзэмших боловсролоо нөхөн суралцах боломжтой байх ёстой. Энэ бүх боломжийг олгохын тулд насан туршдаа суралцахуйн үзэл баримтлалаар энэ хуулийг боловсруулсан. УИХ-ын эрхэм гишүүд үүнийг ойлгож хийх эсэх нь эргэлзээтэй.
Тухайлбал, дэлхий нийтэд заавал 12 жилийн боловсрол хүүхдэд олгохгүй бол хоцрогдоно, ажил хөдөлмөр эрхлэх боломж хасагдана, сайн сайхан амьдрах боломж хумигдана гэдгийг олж харчихсан. Иймд ядаж 12 жилийн боловсролыг олгох ёстой гэдэг үзэл баримтлалд нь нийцүүлэх гэхээр зарим гишүүн эсэргүүцээд байна.
-Малчдын хүүхдүүдийн асуудал дээр үүнийг л их тодотгож байх шиг байна?
-Бүх хүүхдийг 12 дугаар анги төгсгөхдөө уян хатан зарчим хэрэглэж болно. Яагаад 12 жилийн боловсролтой малчин байж болохгүй гэж. Ахлах ангид нь малаас хөндийрүүллээ гэх биш харин ч мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх мэдлэг боловсрол олгоод төгсгөж болно. Хайрцгаас гарч сэтгэх хэрэгтэй. Дэлхий нийтийн чиг хандлагаас ухрах гээд байгаа нөхцөл байдал харагдаж байна.
-Боловсролыг анги танхимд болон цахим хэлбэрээр олгож болох нь бас нэг онцлог байх?
-Цахим боловсролын асуудал нэлээд орж ирсэн. КОВИД-19-ийн халдвар гарахад огт бэлэн биш байлаа. Зайны сургалтад улсаараа шилжих хуулийн заалт байгаагүй. Үндсэндээ хууль бус зүйл хийсэн. Иймд түүний зохицуулалтыг нөхөж хийн, дахин ийм байдал үүсвэл яах вэ гэдгээс гадна боловсролыг уян хатан болгох хүрээнд цахим боловсролыг яаж ашиглах вэ, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг яаж арилгах вэ гэдэг чиглэлээр нэлээд дэвшилтэт заалт орж байна.
Үүнийг УИХ-ын гишүүд ойлгож батална гэж найдаж байгаа. Иргэний нийгмийн байгууллагуудаас өгсөн санал боломжийн хэмжээнд туссан.
Нэг асуудал эргэлзээтэй байгаа нь үндэстний цөөнхийн хүүхдүүд эх хэлээрээ бичиг үсэгт тайлагдаад, дараа нь Монгол Улсын албан ёсны хэлд шилжин хос хэлний боловсролын хөтөлбөрөөр хичээллэх эсэхийг хуульчлах ёстой байгаа.
-Хос хэлний талаарх хэлэлцүүлэгт эрт нэмэлттэй, хожуу нэмэлттэй гээд хувилбарууд яригдаж байсан?
-Тийм. Олон төрлийн хувилбар бий. Үүнээс алийг нь сонгох вэ гэдэг нь боловсролын бодлогын асуудал. Хос хэлний боловсролын бодлого гэж гаргах ёстой. Ямартай ч хуульд энэ эрхийг нь баталгаажуулж өгөөд, эх хэлээрээ бичиг үсэг тайлагдах, магадгүй бага боловсрол эзэмшээд дараа нь албан ёсны хэл суралцан, хос хэлний хөтөлбөрөөр хичээллэнэ гэдэг зохицуулалтыг хийж, хууль батлагдах ёстой.
Үндэсний Аюулгүй Байдал гэж ярих хүн байгаа. Гэхдээ энд хүүхдийн боловсрол ярьж байна. Асуудлыг ялгаж, салгаж ойлгох ёстой гэж бодож байна.
Ахлах ангид нь малаас хөндийрүүллээ гэх биш харин ч мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх мэдлэг боловсрол олгоод төгсгөж болно
Бид хөндсөн ч огт тусгаагүй нэг асуудал бий нь хувийн хэвшлийн оролцогч тоглогчдыг төрөөс зохицуулах тухай. Боловсрол ашгийн бус байх ёстой гэх байр суурийг бид илэрхийлж байгаа. Нэгэнт байгуулагдчихсан хувийн сургуулийг хааж болохгүй ч ямар нэгэн байдлаар зохицуулах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Нийгэмд үүссэн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалттай холбоотой энэ асуудлыг төрөөс хатуу зохицуулах ёстой гэсэн санал зарчмын зөрүүтэй гэж явсаар байгаад гээгдэж байх шиг байна.
-Ашгийн бус байна гэдгийг та тайлбарлаж өгнө үү. Хувийн сургуулиудын төлбөр дунджаар 10 сая төгрөг болж, жил бүр л нэмэгдэж байна. Сүүлийн үед хүмүүс боловсрол, эрүүл мэнд бол хамгийн ашигтай бизнес гэж ярьдаг болсон?
-Төрийн нийтийн үйлчилгээ гэж ойлголт бий. Үүнд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал багтах бөгөөд төр дангаараа хариуцах ёстой. Хүний эрхийн үндсэн асуудлууд учраас тэр.
Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт Монгол Улсын иргэн дараах эрхийг баталгаатай эдэлнэ гэж байгаад бичсэн байдаг шүү дээ. Гэтэл хувийн хэвшил орж ирснээрээ баталгаа алга болсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсрол өнөөдөр ашгийн төлөө болчихсон. Хувийн сургуулиуд байж болно, гэхдээ ашгийн бус байх ёстой. Тийм сургуулийн жишээ дэлхийд олон бий. Азид төрийн бус байгууллагуудын ажиллуулдаг маш олон сургууль бий. Насан туршийн боловсролын, бага боловсролын гэх мэтчилэн. Тэд төсөл хөтөлбөрөөс мөнгө цуглуулж, түүгээрээ сургуулиа ажиллуулдаг. Хүүхдүүдээс огт төлбөр авдаггүй.
Хувийн гэсэн болгон ашгийн төлөө байдаггүй. Ашгийн бусаар ажилладаг сургууль их бий. Манайд ч ийм жишээ бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх нийлээд хөгжлийн төв ажиллуулж байгаа. Гэтэл манайханд эдийн засаг, бизнесийн мэдлэг тун дорой. Хувийн юм болгон ашгийн төлөө гэсэн тархи угаалттай.
Хувийн сургуулиуд ашгийн төлөө байгаагийн нэг хэлбэр бол таны хэлдгээр төлбөрөө жил бүр нэмдэг. Монголд байж болохооргүй өндөр төлбөртэй, дээд сургуулиас ч их, монгол хүний цалингаас хэдэн 10 дахин өндөр төлбөртэй байгаа нь ашгийн төлөө явж байгааг илчилж байна. Мөн ашгийн төлөө байгаагийн нэг хэлбэр нь салбаруудаа байгуулж эхэлдэг.
Төлбөрийн чадвартай хэсгийг дагадаг. Хувийн сургуулиуд саяхныг болтол хотын төвд байлаа, харин одоо бүгд Зайсан, Яармаг руу нүүж, нийгмийг хувааж эхэлж байгааг та нар нүдээрээ харж байна.
Үүний эсрэг төр бодлого хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг л би асуудаг. Хэрэв үгүй бол энэ нийгэм хэзээ ч уулзахааргүй хоёр хэсэг болж байна. Нэг нь цэцэрлэгээсээ эхлээд л тусдаа, сургууль нь тусдаа, дээд сургуулиа гадаадад суралцаад ирдэг. Уг нь нэг нийгэмд амьдрах гэж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө хэсгээ огт мэддэггүй тэднээр энэ улсыг удирдуулмааргүй байна. Амьдралдаа хэзээ ч уулзаж, харилцаж байгаа хоёр тал үүснэ. Энэ зөв үү.
Боловсролын хуулиар үүнийг шийдэхгүй бол дараагийн 30 жилийн дараа “хана” баригдана. Ер нь Туул голын хөвөөгөөр хоёр тал болгож, “хана” баригдана гэж ойлгох хэрэгтэй. Хойд хэсгийнхэн нь шөнө тэр “хана”-ыг давж, урд хэсгээ дээрэмдэж, тонодог тийм нийгмийг байгуулах хууль бичээд байгаагаа харах алсын хараа манай улстөрчдөд алга. Сонгуулийн дөрвөн жилээс цааш харах ухаан алга гэж хэлье. Уншиж судлахгүй байна. Боловсролын хуульд нухацтай хандахгүй байна. Зүгээр л Боловсролын хууль боловсруулахад оролцож, баталсан гэдэг сурталчилгаагаа хийхийн тулд ажиллаж байна. Харамсалтай байна, ядаж л боловсрол ашгийн төлөө бус байна гэдгийг хуульд тусгана гэж би горьдсон.
-Ийм заалт оруулахаасаа эмээж байгаа нь ямар учиртай вэ?
-Айж эмээх биш хувийн ашиг сонирхлоо нийтийнхээс дээгүүр тавьж байна. Бүгд хүүхдээ хувийн сургуульд өгч байгаа. Тэд хувийн ашиг сонирхлоос ангид байж, нийгмийн ашиг сонирхлын төлөө ажиллана гэж мандат авчхаад яагаад сонгогдонгуутаа хувийнхыгаа дээгүүр тавьж байгаа юм бэ. Өөрийн хүүхэд, гэр бүлийн ашиг сонирхлыг дээгүүр тавиад байна. Иргэд ирэх сонгуулиар дүнгээ тавих байх.
-Сүүлийн үед нийтийн анхаарлыг татаж, санаа зовоосон нэг асуудал буюу дотуур байр болсон. Хүний Эрхийн Үндэсний Комиссоос гаргасан ээлжит илтгэлд ч энэ талаар туссан байсан. Дотуур байрны нөхцөл байдалд та ямар дүгнэлттэй байна вэ?
-Энэ бол боловсролын салбар дахь жендэрийн асуудал. Хөвгүүд ахлах ангийнхандаа дээрэлхүүлдэг, дээрэмдүүлдэг, хүүхдүүд, ялангуяа охид багш ажилтны дарамтад өртөх, бага насны хүүхдүүд асрамжлуулах, хамгаалуулах эрхээ эдэлж чадахгүй, охид наад зах нь ариун цэврийн хэрэглэлээр хангагдаж чадахгүй байгаа нь жендэрийн асуудал. Боловсролд харьцангуй шинээр орж ирж байна.
Малчид ч гэсэн хүүхдийнхээ төлөө дуугардаг байх хэрэгтэй. Зөвхөн ноос ноолуурын нэмэгдэл, бэлчээр, ус худгийн төлөө биш өөрсдийн хүүхдийн боловсролын төлөө дуугардаг баймаар байна
Гол нь мэдэж байгаа ч үл хайхарч ирсэн асуудал бол боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал. Хүүхэд хамгааллын асуудлыг ХНХЯ хариуцна гээд БШУЯ хаячихсан. Харин ХНХЯ нь дотуур байр, цэцэрлэг сургуульд хүүхдээ хамгаалдаггүй ийм байдал явсаар ирсэн. Салбар дундын уялдаа холбоо байдаггүй, салбар дамнасан төсөв, зохицуулалт байдаггүй явж ирсний үр дагавар нь хүүхдийн эрхийн зөрчлөөс ил болсон. Дотуур байр бол дэлхийд бараг байдаггүй практик. Манай боловсролын бодлогод дотуур байрны асуудал хаягдчихсан. Одоо л бодлогын төвд оруулж байна.
Манайхан очихоороо хана тааз, хэдэн хүүхэд нэг өрөөнд байна гэх мэтээр ярьдаг ч бага насны хүүхдийн асрамж халамжийн талаар огт ярьдаггүй. Эцэг, эхээсээ 200 гаруй хоног хол байгаа тэр хүүхдүүд хэний асрамжид байх вэ гэдэг нь тодорхой биш. Үндсэндээ бодлогоос орхигдсон тул тэнд хүүхдийн зөрчигдөж байгаа.
-Өөрсдөө л амиа аргалж амьдардаг байх нь?
-Малчид, нүүдэлчдийн хүүхдүүд багаасаа л өөрсдийгөө авч явж, даван туулах чадвартай байдаг. Түүгээрээ л дотуур байрны амьдралыг даван туулж байгаа болохоос биш тэдний асрамж халамж, анхаарлыг төрийн бодлогын түвшинд аваачсан зүйл алга.
Иймд Хүүхэд хамгааллын хуульд нэлээд сайн тусгаж, салбар дундын асуудлыг шийдвэрлэхээр ЗГХЭГ-ын дор ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна.
Энэ бол Монгол орны онцлог асуудал мөн. Онцлог асуудлаа шийдэхгүй хаячхаад малчдад худлаа хайр зарлах шаардлагагүй. Малчид ч гэсэн хүүхдийнхээ төлөө дуугардаг байх хэрэгтэй. Зөвхөн ноос ноолуурын нэмэгдэл, бэлчээр, ус худгийн төлөө биш өөрсдийн хүүхдийн боловсролын төлөө дуугардаг баймаар байна.
-Мэргэжлийн боловсролын талаарх таны бодлыг сонсмоор байна?
-Хамгийн том анхаарах зүйл бол тэнд насанд хүрээгүй хүүхэд очиж байна. Тэдний зөөлөн ур чадваруудыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Зөвхөн үсчин, сантехникч, бульдозорчин болгоод гаргах биш, тэр цэцэг цэврүү залуусыг нийгмийн идэвхтэй, хариуцлагатай, хүчирхийллийн бус аргаар асуудлыг шийддэг гоё болгож гаргах орон зай бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн орчинд байна. Үе тэнгийн залуусын хоорондын харилцаа, хамтран амьдрах ур чадварыг дээшлүүлсэн орчин байгаасай гэж хүсдэг. МСҮТ-д ирж байгаа хүүхэд бүрийг харж хандсан байхад дараа нь гарах үр дагаврыг багасна.
Одоогийн нөхцөлд мэргэжлийн ур чадвар олгоод, ажлын байранд ажилтан болгож гаргаад эдийн засгийн хөгжилдөө ашиглая л гэж бодож байх шиг. Эдийн засгийг хөгжүүлэх хэрэгсэл гэж биш хүн гэж хараасай гэж хүсдэг.
-Танай байгууллага өөрсдөө судалгаа хийхийн зэрэгцээ статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж ажилладаг. Сүүлийн үед шинээр ил болсон тооноос хамгийн сэтгэл эмзэглүүлсэн нь юу байна вэ?
-КОВИД-19-ийн дараа нэлээд хүүхэд цэцэрлэг, сургуульдаа буцаж ирээгүй байх магадлал өндөр байна. Теле хичээл үзэж чадаагүй, цахим сургалтад суугаагүй олон хүүхэд буцаж ирээгүй байх магадлал бий. БШУЯ-наас хийсэн тооцооллоор 170,000 гаруй хүүхэд цар тахлын үед зайны сургалтад сууж чадаагүй. Тэр хүүхдүүдийн дийлэнх нь буцаж ирээгүй юм биш байгаа гэх хардалт надад төрсөн. Мөн тэр хүүхдүүд бүгд сурлагын хоцрогдолд орсон. Тэр нь хэр нөхөгдөж байгаа вэ гэдэгт анхаарах ёстой. Ялангуяа бага ангийн хүүхдүүд хоцрогдолд орсон байгааг яаж нөхөж байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Мөн цахим хуваагдал. Боловсролын тогтолцоо цахимд шилжихэд цахим хуваагдлыг гүнзгийрүүлж байх магадлалтай. Интернэт, тог цахилгаангүй, телевиз, компьютер, ухаалаг утасгүй бүлэг хэсэг бүр илүү хоцрогдох магадлалтай тул нэлээд санаа зовоож байгаа. Тэдний цахим бичиг үсгийн боловсрол доогуур байгаа гэдэг судалгааны дүн гарч байгаа тул цахим хуваагдлыг улам гүнзгийрүүлэх вий гэдгийг бодолцож, бодлогоо боловсруулах хэрэгтэй.
Манай байгууллага боловсролын салбарын төсөв, хөрөнгө оруулалтын мониторингийг хийж байна. Хувьсах зардлыг нэмэгдүүлэх, сургуулиудад илүү эрх мэдэл өгсөн байтал түүнийг сургуулиуд хэрэгжүүлэх чадамжгүй байна. Тиймээс түүнийг хэрхэн зарцуулж, сурлагын амжилт чанарыг сайжруулахад хэрэглэж байгаа эсэхийг хянах хэрэгтэй.
Боловсролын гадна үлдэж байгаа бүлэгтээ анхаарлаа хандуулахгүй бол болохгүй. Ялангуяа амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд сургуульд орох нь бага. Орсон ч яваандаа завсардаж байгаа юм биш биз. Тиймээс амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох асуудалд БШУЯ, ХНХЯ онцгойлон анхаарах хэрэгтэй.
Шулуухан хэлэхэд, ядуу өрхийн хүүхдийн сурч боловсрох эрхийн талаар төр засаг анхаарахгүй байна. Нийгмийн халамжийн тухай хуульд нэг заалт бий. Үүнд үндэслэж, БШУЯ, Сангийн яам, ХНХЯ-наас хамтран тэр хүүхдүүдийг сургуульд сургахад шаардагдах зардлыг төрөөс даах, бусад дэмжлэгийг үзүүлэх тухай журам гаргах ёстой ч одоо болтол байхгүй. Ингэж л энэ хүүхдүүд орхигдсон. Энэ чиглэлд анхаарахгүй бол бичиг үсэггүй хүн ам бий болно. Тэд дараа нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, нийгмийн амьдралд оролцох оролцоо муудна.
Үе дамжсан ядуурал, туйлын ядуу хүн ам нэгэнт бий болчихвол архаг ядуурлаас гаргах нь маш хүнд болдог. Иймээс урьдчилан сэргийлэх урт хугацааны бодлого хэрэгтэй. Ядуу өрхийн хүүхдүүдийг дэмжиж, тэднийг дараагийн шатны боловсролд амжилттай сургах, ажил хөдөлмөр эрхлүүлэх зэрэг нь 20-30 жилийн уйгагүй хүчин чармайлт, бодлогын интервенц, төсвийн зарцуулалт шаардагдана. Энэ чиглэлд улстөрчид анхаарахгүй байна. Тэгэхээр салбар дундаа хамтарч ажиллаасай гэж бодож байна.