Нярайн шарлалтын талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Батцэнгэлтэй ярилцлаа.
- Нярайн шарлалт гэж юу вэ?
- Нярайн цусан дахь билирубины хэмжээ ихэссэнээс арьс салст шарлахыг нярайн шарлалт гэж нэрлэдэг. Нярайн шарлалт нь гүйцэд нярайн 60%, дутуу нярайн 80 орчим хувьд тохиолддог.
Нярайн шарлалтыг үүсгэж буй билирубин гэдэг бодис нь хүний биед хүчил төрөгч зөөвөрлөх үүрэгтэй гемоглобин гэсэн уураг агуулсан улаан эсийн задралаас үүсдэг. Нярай төрөх үед ургийн гемоглобин агуулсан улаан эс хадгалагдан төрдөг юм. Ураг үеэс нярай үед шилжсэнтэй холбоотой задрамтгай ургийн гемоглобин агуулсан улаан эс 3-4 хоногт их хэмжээгээр задарснаар билирубины солилцоонд ачаалал үүсэж, билирубиныг саармагжуулах элэгний үйл ажиллагаа нярайд төгөлдөржөөгүйтэй холбоотой цусанд билирубины хэмжээ нэмэгдсэнээр нярайн арьс, салст шарлан уг хам шинж үүсдэг.
Дотроо эмгэг болон физиологийн шарлалт гэж хоёр ангилагддаг. Тодруулбал,
Мөн нярай тайван бус болох, унтаарах, ямар нэг зовуурь хавсрах, алга, ул шарлах, баас цайвар болох, шээс тод шар өнгөтэй болох гэх мэт эмгэг шинжүүд шарлалтыг дагалдан илэрдэг. Эдгээр шинжүүд байвал яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
Тухайлбал, цус задралын шарлалтын хувьд эх, хүүхэд хоёрын цусны бүлгийн үл тохирооноос үүдэн шарлалт эрт илэрдэг бөгөөд физиологийн шарлалтыг бодвол гүнзгий явагддаг учраас шарлалтаас шалтгаалсан тархины эмгэгшил үүсэх эрсдэлтэй.
Өтгөн нь цагаан гарч байгаа хүүхдүүдэд элэгний үрэвсэл, цөсний замын гаж үрэвслээс шалтгаалсан шарлалт эмгэг байдлаар явагдаж болзошгүй.
- Нярай төрөнгүүт нь хэр ажиж харах ёстой вэ?
- Хүүхэд төрөөд эхний амлуулалт хийгдэж, 24 цаг дотроо зунгаг нь гадагшлах тохиолдолд шарлалтын эрчим буурдаг.
Гэтэл хооллолт нь дутуу эсхүл өөр эмгэг байсан эсэхээс хамааран хүүхдийн хар зунгаг гадагшлахгүй оройтож, шарлалт гүнзгийрэх гээд байдаг. Тэгэхээр хүүхдэдээ ангир уургаа төрсний дараа эхний 1 цаг дотор амлуулах нь чухал. Учир нь ангир уурагт шарлалтыг үүсгэдэг билирубин гэх бодисыг өөртөө холбож, элэг рүү зөөвөрлөдөг уураг агуулагддаг.
- Шарлалтын зэргийг яаж тогтоодог вэ?
- Нярайн шарлалтыг тухайн нярайд зовуурьгүйгээр арьсан дээр хэмжилт хийдэг тусгай багаж бий. Одоо уг багажаар өрхийн эмнэлгүүд хангагдсан байгаа. Эцэг, эхчүүд нярай биеийн аль хэсэгт, ялангуяа алга, ул шарлалттай байгаа эсэхийг сайн ажиглах шаардлагатай.
Шарлалтын төвшрүүлгийг нүдэн баримжаагаар тогтоож болно.
Тав хүртэл насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу эцэг, эхчүүдийн нэрэлдэгээр ягаан дэвтрийн 15-р хуудсанд нярайд аюултай шинжийг шалгах хэсэгт алга, ул шар байх гэж оруулсан нь хүнд хэлбэрийн шарлалт үүсэхээс өмнө эмнэлэгт хандахыг сануулсан шинж юм.
Энэ үед яаралтай эмнэлэгт хандсанаар мэдрэл сэтгэхүйн хөгжлийн үлдэц үлдэхээс сэргийлж чадна. Шарлалт эмгэг байдлаар илэрч буй үед тохирсон арга хэмжээг авахгүй бол хүүхдэд бүрэн төгс эмчлэх боломжгүй тархины саа саажилт үүсэх эрсдэлтэй.
- Ээжүүд шарлалт мөн эсэхийг хэрхэн үзэх вэ?
- Хүүхдийн арьсан дээр нь хуруугаараа дараад авахад шар туяа байвал шарлалттай, цайвар ягаан байвал шарлалтгүй байгааг илтгэнэ.
Цус задралаас үүсэх эмгэг үеийн шарлалт төрснөөс хойш 24 цагийн дотор эхэлдэг болохоор эмнэлэгт байхад нь оношлох боломжтой байдаг. Гэхдээ ээжүүд маань эмнэлгээс гараад нярайд шарлалтаас гадна ямар нэгэн зовуурь байна уу, 2-3 цаг болоод хуурайлахад бааж, шээж байгаа эсэх, баас шээсний өнгө хэвийн бус буюу цайвар баах, хэт өтгөн шар шээх, нойрондоо муу эсвэл хэт унтаархаг болох гэх мэт эмгэг шинж илэрч буй эсэхийг ажиглах ёстой.
- Шарлалтаас урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарч, ажиглах хэрэгтэй вэ?
Нэмээд тухайн ээж төрсөн тухайгаа харьяа өрхийн эмнэлэгтээ мэдээлчихвэл өрхийн эмч нь идэвхтэй эргэлт хийдэг.
Физиологийн шарлалтын үед эхийн хөхний сүүний гарц буурсан, нярайг 2-3 цаг болоод хангалттай хөхүүлээгүй, дааруулах, нярайн арьсны арчилгаатай холбоотой нуралт, тууралт үүсэх, нүд нь нуухтах гэх мэт тохиолдолд мөн шарлалт буурахгүй эмгэг шарлалт үүсдэг.
- Сүүлийн жилүүдэд нярайн шарлалт ихсэж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү, цаад шалтгааны талаар тайлбарлах боломжтой юу?
- Нярайн шарлалт олон зүйлтэй холбоотой. Сүүлийн үед улс орон, нийгэм эдийн засгийн байдал ямар байгаатай мэдээж нягт холбоотой. Ээжүүдийн идэж ууж байгаа зүйл, амьдрах орчин нөхцөл болон хүнсний аюулгүй байдал, сэтгэлзүйн байдал ихээхэн нөлөөтэй.
Одоо төрж буй ээжүүдийг харвал ар гэрийн амьдралын боломж, эдийн засгийн нөхцөл байдлууд, эрүүл мэндийн боловсрол нь харилцан адилгүй байдаг нь тухайн жирэмсний хяналт, төрөлтийн явц, төрсний дараа эхийн сүүжилт, нярайн асаргаа сувилгаа, цаашлаад физиологийн шарлалт эмгэг шарлалтад шилжихэд нөлөөлдөг.
Залуу эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол, нярайн асаргаа сувилгаа, шарлалтын талаарх мэдлэг дутмаг байна.
Хориод жилийн өмнө бүх нярай төрөх эмнэлэгтээ 3-7 хонож гэртээ гардаг байсан. Одоо 1-2 хоноод төрөх эмнэлгээс гардаг. Төрсөн тухайгаа өрхийн эмнэлэгтээ мэдээлээгүйтэй холбоотой эхний долоо хоногт өрхийн эмчийн идэвхттэй эргэлт хийгдэхгүй байх, эцэг, эхчүүдийн зүгээс нярайн асаргаа, сувилгааны дэглэм хангалтгүйгээс шарлалт эмгэг байдлаар илэрч эмчилгээ шаардлагатай болдог. Эмчилгээний хувьд эмгэг шарлалтын шалтгаан, үүсэж буй механизмыг тогтоосноор фото эмчилгээ, эмийн эмчилгээ, шалтгааны эсрэг, мэс заслын гэх мэт эмчилгээнүүд хийгдэх шаардлагатай болдог.
- Зарим хүүхэд фото аппаратад орсон ч шарлалт нь буурахгүй байдаг. Энэ нь юутай холбоотой вэ?
- Фото эмчилгээ нь нярайд шууд бус билирубин давамгайлж ихэссэн эмгэг шарлалтад хийгддэг үндсэн эмчилгээ. Фото аппаратад орсноор шарлалт ихэснэ гэсэн ойлголт байхгүй. Фото эмчилгээг нярайн биеийн байдал, билирубины төвшрүүлэгийн хэмжээ, нярайн тээлтийн нас, биеийн жин төрсний дараах наснаас хамааран 3-4 хоног үргэлжлүүлэн хийдэг.
Нярайг фото эмчилгээнд 3-4 цаг оруулаад шууд арьсан дээр шарлалтыг хэмжихэд багассан мэт хэмжигдээд цусны төвшрүүлэг буураагүй үед фото эмчилгээг зогсооход шарлалт дахин тодордог. Фото эмчилгээ хийлгэсэн тохиолдолд фото эмчилгээнээс гараад 6-8 цагийн дараа шарлалтыг хэмжих удирдамжтай.
- Эмгэг шарлалт үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?
- Шарлалтаас сэргийлэх хамгийн эхний алхам бол нярайг аль болох эрт амлуулах юм. Төрсний дараа нярайг нэг цагийн дотор л амлуулах ёстой.
Манай зарим анхлан төрөгч ээж нар сүү орохгүй байна гээд хүүхдээ сүүн тэжээлээр шууд хооллож эхлэх гээд байдаг. Бас хүүхдээ сайн унтаж байна гээд сэрээхгүй унтуулаад байдаг. Хүүхэд нь унтаж байсан ч задалж сэрээгээд 2-3 цагийн зайтай хөхүүлэх хэрэгтэй.
Шарлалт гүнзгийрч эмгэг болбол тархи, мэдрэлийн тогтолцоог эргэшгүйгээр гэмтээдэг. Сүүлийн үед шарлалт нэг сар хүртэл хугацаагаар ужгирсан байдлаар илрэх нь нэмэгдсэн. Гэхдээ энэ шарлалтын үед тархи гэмтэхүйц хэмжээнд шарлалт гүнзгийрдэггүй.
- Шарлалтыг эмчлэх эмнэлзүйн удирдамж шинэчлэгдсэн үү?
- Манай улсын хувьд нярайн шарлалтыг эмчлэх улсын хэмжээний стандарт байдаг. ЭХЭМҮТ-ийн хувьд олон улсын жишигт нийцүүлэн эмнэлзүйн удирдамжийг тасралтгүй шинэчлэн боловсруулж ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн Сайдын тушаалаар батлуулснаар улс даяар бүх шатлалын эмнэлгүүд хэрэгжүүлэн ажилладаг.
- Сүүлийн үеийн ээжүүдэд дутагдалтай байгаа зүйл юу байна вэ?
- Зөвхөн ээжүүд бус аав нар өөрсдийн эрүүл мэндэд анхаарч, эрүүл байх, жирэмслэлтийг төлөвлөх, жирэмсний хяналтад хамрагдах, жирэмслэлт, төрөлтөд сэтгэлзүйн хувьд бэлтгэх, нярайг асрах, хөхөөр хооллох тал дээр мэдлэг, мэдээлэлтэй болох шаардлагатай байна.
- Ярилцсанд баярлалаа.