Зураг
Зураг
Индэр    
2023 оны 2 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Мандхайхатан: Үндсэн хуулийн нэг цэг, таслалыг өөрчлөхөд л үр дагавар үүсгэдэг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зөвлөлдөх зөвлөлийн багийн гишүүнээр ажиллаж байсан Ц.Мандхайхатан "Зөвлөлдөж шийдье" санал асуулгад "Ардчилсан Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хуулийг батлах замаар улс төр, нийгмийн одоогийн тогтолцоогоо бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй гэдэгтэй Та санал нэг байна уу" гэх асуултыг багтаах гэж байсан талаар шүгэл үлээсэн. 

Тэрбээр Үндсэн хууль тогтвортой байх нь чухал бөгөөд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр шимийг одоо ч үзээгүй байгааг тодотгож байгаа юм. Түүнчлэн одоогийн Үндсэн хуулийг батлахад иргэдийн идэвх оролцоо өндөр байсныг дурдаж, 900 орчим мянган ямар нэг байдлаар оролцуулан баталсан уг хуулийг хоёр парламент дараалан гар хүрэх гэж буйг шүүмжлэв.

 "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын Зөвлөх Ц.Мандхайхатантай дээрх асуудлаар ярилцлаа.

-Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат буюу мэдээлэл цуглуулах ажил өндөрлөсөн. Асуулгад ямар сэдвийн асуултууд багтсан бэ?

-Санал асуулгад 20 гаруй асуултыг эцэслэн баталсан гэж ойлгосон. Энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгыг УИХ-ын 80 дугаар тогтоолын дагуу нийгэм, эдийн засгийн гээд нэлээн өргөн хүрээний асуудал байхаар зааж өгсөн байна.

Эцэслэгдсэн асуултуудад хэт ерөнхий асуултууд багтсан байсан. Тухайлбал, жендэрийн тэгш байдал хангагдаж байна гэж үзэж байна уу, Монгол хүний хөдөлмөр шударгаар үнэлэгдэж байна гэдэгтэй санал нийлэх үү зэрэг санал бодлын шинжтэй асуултууд нийгмийн асуудлын хүрээнд орсон байсан.

Харин эдийн засгийн асуултуудыг нарийвчилж хараагүй. Учир нь анхнаасаа нийгмийн талаа барьж, идэвхтэй байр суурьтай ажиллаж байсан.

Миний хувьд УИХ-д хэлэлцэгдэхгүй удааширч байгаа боловсролын хуулийн шинэчлэл, нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын тогтолцоо зэрэг бодлогын шинэчлэлтэй холбоотой асуудлыг иргэдээс асуух ёстой гэж үзсэн. Жишээлбэл, боловсрол ашгийн бус байх ёстой юу гэдэгтэй санал нийлж байна уу зэрэг шийдэл хэрэгтэй асуултыг Зөвлөлд байхдаа оруулах гэсэн боловч харамсалтай нь эцсийн хувилбар дээр асуугдаагүй байна лээ.

Боловсролтой холбоотой чухал асуултуудад УИХ-ын гишүүд их эмзэг хандаж байсан. Ийм асуултыг хассанаар Боловсролын хуулийн шинэчлэлт, Нийгмийн даатгалын тогтолцоонд энэ удаагийн санал асуулга ямар ч ач холбогдолгүй болчхож байгаа юм.

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийг халах талаар асуулт багтах гэж байгааг та зарлаж, зөвлөлөөс гарсан. Эцсийн хувилбарт энэ асуулт байсан болов уу?

-Энэ талаар шүгэл үлээж зөвлөлдөх зөвлөлөөс гарсан учраас олон нийтийн анхааралд орж, шинэ үндсэн хуультай холбоотой асуултуудыг тусгаагүй гэж ойлгосон. Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ асуултын хэлбэрийг өөрчлөх чиглэлийг Зөвлөлдөх зөвлөлд өгсөн байсан.

Гэхдээ “Та Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах хэрэгтэй гэж бодож байна уу” гэсэн утгатай болгосон гэдгээ Зөвлөлдөх зөвлөлөөс зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэрээ хэлж байна лээ. Тэдний тайлбарлаж буй өнцгөөр бол 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөхгүй, шинэчлэн найруулна гэсэн. Мөн санал асуулгын суурь нь 1992 оны Үндсэн хуульд тулгуурлах учраас хууль зөрчихгүй гэж байсан.

Гэхдээ манай байгууллагаас энэ нь ч эрсдэлтэй гэж үзэж байгаа. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа УИХ-ын тогтоолоор хүрээг нь тодорхой тогтоож өгдөг. Гэтэл агуулга, хүрээг тодорхойлохгүйгээр хэт ерөнхий байдлаар шинэчлэн найруулах хэрэгтэй эсэх талаар асуусан нь тийм ч зөв шийдэл биш болов уу.

Жишээл дурдвал, 2017 онд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар асуухдаа УИХ-ын тогтоолд заасан зургаан хүрээнд нийцүүлж байсан.

-Хүрээг тодорхойлолгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал яах вэ?

-Маш субъектив болно гэсэн үг. Зөвлөл юу гэж тайлбарлахаас, улстөрчид, УИХ юу гэж үзэхээс шалтгаалах магадлалтай. Иймд Үндсэн хуулийн бат бөх байдал ганхсан хэвээр байна гэж үзэж байна.

-Улс төр, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, гажуудал нь сонгуулийн тогтолцоотой холбоотой байна. Иймд өөрчлөх зайлшгүй шаардлагатайг улс төрийн намуудын төлөөлөл хэлж байгаа. Мөн тогтолцоог дахин дахин хөндөхгүйн тулд Үндсэн хуульд заах ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Бид 2012 онд буюу нэг л удаа холимог тогтолцоогоор, бусад үед нь намын бодлогоос илүү хувь нэр дэвшигчийн нэр хүндэд тулгуурласан сонгуулийн тогтолцоотой байж ирсэн. Энэ нь улс төрийн нам бэхжих, бодлогоор өрсөлдөх, төлөвшихөд нь саад болдог байсан гэж буй намуудын байр суурийг дэмжиж байгаа.

Гэхдээ улс төрийн намуудын тайлбарлаж байгаа шиг 2024, 2028 гээд дараагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэж буйтай санал нийлэхгүй байна. Учир нь үнэхээр улс төрийн намууд зөвшилцөн холимог тогтолцоотой болъё гэж нэгдсэн бол Сонгуулийн тухай хуульдаа заагаад, тогтвортой авч явах боломж бүрэн бий.

Иргэний нийгмийнхэн, судлаачдын зүгээс ч холимог тогтолцоог анхнаасаа авч явахыг олон жил хэлж, сануулж байгаа. Давуу болон сул талуудыг ч хэлсээр байна.

Одоо цаг хугацааны хувьд улс төрийн зөвшилцөлд хүрсэн бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж хийсвэр ярихаас илүү Сонгуулийн тухай хуулиа гаргаж ирээд ярилцах хэрэгтэй байна. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн дагуу сонгууль болохоос нэг жилийн өмнө сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй гэсэн. Тэгэхээр бидэнд цаг бага үлдээд байна.

-Гишүүдийн тоог нэмснээр парламентыг бэхжүүлнэ гэж байгаатай та санал нийлэх үү?

-Судлаачид олон талын байр сууриа илэрхийлцгээж байна.

Юуны өмнө, тоо цөөндөө гэхээсээ парламент төлөөлөх чадваргүй байгаад гол асуудал байгаа болов уу. Эмэгтэйчүүд, залуусын төлөөлөл бараг алга. Мөн хөгжлийн бэрхшээлтэй нэг ч хүн парламентад сууж үзээгүй. Тэгэхээр төлөөлөх чадвар байхгүй үед тоог нэмээд л болчихно гэж байгаад эргэлзэж байна.

Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулахгүйгээр төлөөлөх чадвар дээшлэхгүй. Зардал жилээс жилд өсөж байна. Энэ бол сонгуулийн тогтолцооноос гадна Улс төрийн намын тухай болон санхүүжилтийн хуулиар зохицуулагдах ёстой. Зардал буурахгүйгээр хэдэн зуун хүнийг сонгоод нэмэргүй учраас дахиад л төлөөлөх чадваргүй олон гишүүнтэй УИХ бүрдэх магадлал өндөр.

Гуравдугаарт, хүмүүсийн тоо нэмлээ гэхэд нэмэгдэж буй бүтцийг дагаад төсөв, санхүүжилт, төлөвлөгөө, дэд бүтэц гээд төрийн тогтолцоо өөрчлөгдөх ёстой болно. Тэгэхээр эдийн засаг, төсвийн нөөц байгаа юу, үгүй гээд судалгаатай хандах хэрэгтэй байна.

1990-ээд оноос хойш хүн ам өссөн, сонгогчдын тоо нэмэгдсэн нь гишүүдийн тоог нэмэх үндэслэл байж болох ч үүнийг яагаад холимог системээрээ шийдэж болохгүй гэж?

Бидний хувьд Үндсэн хуулийн тогтвортой байдал хамгийн чухал гэж үзэж байгаа учраас хоёр парламент дараалан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэр зөв бэ, цаг үе нь мөн үү гэдгийг бодох хэрэгтэй.

"Нийгмийн гэрээ болохын хувьд 1992 оны Үндсэн хууль нь иргэдийн оролцоог хангаж чадсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Үндсэн хуульд тогтвортой байхын чухлын талаар та тайлбарлана уу?

-Энэ бол нийгмийн гэрээ. Иргэд өөрт байгаа эрх мэдлээсээ тодорхой хэмжээг нь төрд шилжүүлж, яаж ажиллах вэ гэдгийг тогтоосон баримт бичиг шүү дээ. Тиймээс ч 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг батлахад сонгогчдын бараг 90 хувь оролцсон.

Хоёр сая хүн амтай байсан тухайн үед 800-900 мянган хүн Үндсэн хуулийг батлах явцад ямар нэг байдлаар оролцож, улс төр, эдийн засаг ямар хүрээнд байх вэ гэдэг суурийг нь бэлдэж өгсөн. Иймд нийгмийн гэрээ болохын хувьд 1992 оны Үндсэн хууль нь иргэдийн оролцоог хангаж чадсан.

Мөн 30 гаруй жилд хууль, эрх зүйн тогтолцоо харьцангуй бэхжиж, шинэчлэлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлээд явж байгаа. Манай нийгэмд талцал хуваагдал, дотоодын мөргөлдөөнгүй, амар тайван байгаа нь Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж байгаа хэлбэр. Бид энэ талаас харах хэрэгтэй байна.

Жишээлбэл, 2019 онд нэмэлт өөрчлөлт батлахад 30 гаруй хууль батлах төлөвлөгөө дагаж гарсан. Түүнээс хамгийн чухал 10 гаруй хуулийг одоо болтол батлаагүй байгаа. Үндсэн хуулийн нэг үгийг, нэг цэг, таслалыг өөрчлөхөд хууль зүйн үр дагавар маш ноцтой болж эхэлдгийг эндээс харж болно.

Тэгэхээр Үндсэн хуулийг дагаад хуулиуд батлагдаж, хуулийг дагаж журам, төрийн тогтолцоо, төрийн алба, албан хаагчид зохицон өөрчлөгдөх гээд маш олон үр дагаврыг ар араасаа дагуулдаг.

Амарханаар бодож огт болохгүй.

-Бүгд Найрамдах Монгол Улсын Үндсэн хуулийн төсөлтэй та танилцсан уу?

-Танилцах шаардлагагүй гэж бодсон.

1992 оны Үндсэн хууль үүргээ хангалттай гүйцэтгэж байгааг яаж бэхжүүлэх вэ гэдгээ л ярих ёстой.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр шимийг бид үзэж амжаагүй байгаа. Манай байгууллага Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг яаралтай батлуулахад анхаарч ажиллаж байна. Бид 2017 оноос эхлээд сонгуулийн зардлыг хянаж, ил тод байдал дээр ажилладаг.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын үнийн санал болон улс төрийн нам, эвслийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тайланг харьцуулж үзэхэд хамгийн багаар гэхэд 10 гаруй тэрбумын зөрүү гарч ирсэн

Манай авлигын төсөөллийн индекс энэ жил таван орноор ухарсан. Үүний нэг шалтгаан нь улс төрийн намын ил тод байдал, төлөвшилтэй шууд хамааралтай гэж үзэж байна.

Сүүлийн үед хийгдэж буй судалгаануудын үр дүнгээр улс төрийн намууд болохгүй байна, хэрэгцээгүй гэх зэргээр иргэдийн намд итгэх итгэл буурсаар байна. Энэ нь ардчилалд маш хортой.

Улс төрийн намаа яаралтай төлөвшүүлэх, бодлогын нам болгох, мөрийн хөтөлбөр нь ялгардаг байх, улс орны хэмжээнд асуудлыг шийдвэрлэдэг байх зэрэг 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн үр шимийг үзэхийн тулд эдгээр хуулийг яаралтай батлах хэрэгтэй.

-Танай байгууллага намын санхүүжилтийн талаар судалдаг гэж түрүүн дурдсан. Онцлох үр дүнгээс хуваалцана уу?

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар улс төрийн нам нь мэдээлэл хариуцагч болсон. Мөн Сонгуулийн тухай хуулиар зардлын тайлан ил байх ёстой. Хувийн нууцад хамаарахгүй мэдээллийг иргэн, хуулийн этгээд чөлөөтэй авч, танилцах боломжтой эрх зүйн орчин бүрдсэн.

Тийм байтал Үндэсний Аудитын Газар (ҮАГ)-аас улс төрийн намын зардлын тайлангийн анхдагч хувилбартай танилцах боломжийг 2020, 2021 онд удаа дараа олгоогүй. Иймд 2022 оны сүүлээр Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т хандаж, гомдол гаргасан.

зураг
 
Бодлогод залуусын хяналт ТББ

ХЭҮК бидний гомдлыг хүлээн авч, ҮАГ-т шаардлага хүргүүлсэн тул мэдээллийг ил болгож, сонгуулийн зардлын тайланг бидэнд ирүүлэхийг хүлээж байгаа.

ҮАГ-аас гаргадаг дүгнэлтэд тулгуурлаад Бодлогод Залуусын Хяналт ТББ-аас нэр дэвшигчийн гаргасан дундаж дүнг тооцоолж үзсэн. Ингэхэд 2020, 2021 оны сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын үнийн санал болон улс төрийн нам, эвслийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тайланг харьцуулж үзэхэд хамгийн багаар гэхэд 10 гаруй тэрбумын зөрүү гарч ирсэн.

зураг
 
Бодлогод залуусын хяналт ТББ

-Ардчилсан нийгэмд иргэдийн оролцоо, ямар байх ёстой юм бэ. Иргэдийн нийгэм, улс төрийн боловсрол тааруу байгаагаас аливаа асуудлыг шинжлэн дүгнэж биш, бусдын үгийг шууд хүлээн авч хандаж байна гэх шүүмжлэл байгаа?

-Төр боловсролын тогтолцоогоор ямар иргэн бэлдэх вэ гэдэгтээ анхаарах ёстой.

Манай Иргэний боловсролын хичээл хангалтгүй байгаа. Агуулга нь ардчилсан хүмүүнлэг нийгэмд амьдрах чадвартай иргэнийг бэлтгэж чадахгүй байна.

Иргэний ёс зүйн хичээлээр сонгох, сонгогдох эрхээ эдлэх, Үндсэн хуульд заасан эрхүүдээ хамгаалах, шаардах, төрд өргөдөл гомдол гаргах зэрэг ур чадварыг хүүхдүүдэд олгохгүй байна

Өнгөрсөн 30 гаруй жилд иргэний боловсрол, сонгогчийн боловсролын чиглэлээр цөөн тооны төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэн л ажиллаж ирсэн. Түүнээс биш төр бодлогын хүрээнд сонгуулийн болон сонгуулийн бус үеэр ч далайцтай ажиллаж чадаагүй. Үүний үр дагавар нь 30 гаруй жилийн дараа гарч ирж байна.

Жишээлбэл, одоо зааж буй Иргэний ёс зүйн хичээлээр сонгох, сонгогдох эрхээ эдлэх, Үндсэн хуульд заасан эрхүүдээ хамгаалах, шаардах, төрд өргөдөл гомдол гаргах зэрэг ур чадварыг хүүхдүүдэд олгохгүй байна. Энэ хичээлийн агуулгад давамгай нэг шашны тухай зааж байгаа ноцтой асуудал ч байна. Иймд иргэний боловсролыг сонгодог зөв утгаар нь олгоогүй нөхцөлд бид иргэдээ буруутгаж, болохгүй байна гэх нь хэцүү.

Зарим улс оронд цэцэрлэгт байхаас нь иргэний боловсролыг олгож байдаг. Улс орныхоо түүхийг тайлбарлахдаа Үндсэн хуультайгаа холбодог. Хүүхдүүд нь жүжиг тоглодог, сургуульд нь сонгууль явагддаг гэх зэргээр улс орнууд ардчилсан хүмүүнлэг нийгмийн иргэдээ бэлтгэж байна.

Гэтэл манай улсад сонгогчийн боловсролыг дээшлүүлэхийн тулд төсөв ч хуваарилдаггүй. Иймд СЕХ өөрт байгаа төсвийн хүрээнд саналаа яаж өгөх тухай л мэдээллийг хүргэдэг. Гэтэл 30 гаруй жил сонгууль явуулсны дараа дөнгөж өнгөрсөн жил л Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-нд Сонгогчийн боловсролын сургалт, судалгааны төв байгуулагдаж байна.

-Боловсролын асуудал хөндөгдсөнийх Боловсролын багц хуулийн төслийн талаар таны бодлыг тодруулъя?

-Боловсролын багц хуулийн шинэчлэл дараагийн 20-30 жилд Монголын боловсролын ямар байх талаар нэгдсэн байр сууринд хүрээгүй, маргаантай байгаагаас урагшлахад хэцүү байна.

Тухайлбал, боловсрол ашгийн бус байх ёстой юу гэдэг дээр нэлээд маргаж байна. Иргэний нийгмийн өнцгөөс харахад ”боловсрол ашгийн бус байх” гэж хуульчлах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь хувийн сургуулиудыг үгүйсгэж байгаа хэрэг биш юм.

Харин ч хувийн сургуулиуд нэг хувь эзэмшигчээс үл хамааран хөгжих боломж гэж харвал зөв болов уу. Монголын эрх зүйн зохицуулалтаар ашгийн төлөө гэвэл компанийн зохион байгуулалтад орохыг шаарддаг. Компани гэдэг нь хувьцаа эзэмшигчидтэй, ашгаа хуваарилаад явдаг шууд хувь хүнээс шууд хамаардаг зохион байгуулалт.

Гэтэл боловсрол нь бүх нийтийн зорилго болохын хувьд тусгаар тогтнол, амар тайван амьдрал, хүчирхийлэлгүй нийгмийн баталгаа учир ашиг олох хэрэгсэл хэрэгсэл болж болохгүй гэж л иргэний нийгмийнхэн байр сууриа хэлээд байгаа юм.

Боловсрол бол маш өвөрмөц салбар бөгөөд зөвхөн сурагч, сургуулийн байшин барилгын тухай яригддаггүй. Саяхан нэр бүхий нэг сургууль сурагч, багш нар, байшин гээд бүх зүйлтэйгээ зарагдсан байсан. Энэ тун эмзэг асуудал тул хувь хүний үзэмжээс шалтгаалсан, төрийн бодлогоос гадна монгол хүнийг бэлдэж болохгүй. Энэ бол улсын эрх ашиг, зарчмын асуудал талаас нь хармаар байна.

-Ярилцлагын төгсгөлд, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүний талаар та ямар бодолтой байгааг асуумаар байна. Шалгаруулалтын үе шат ямар байсан бэ?

-Олон салбарын төлөөлөл багтсан. Гэвч сонгон шалгаруулах үйл явцыг залуус, эмэгтэйчүүдэд ээлтэй болгох хэрэгтэй санагдсан. Тодорхой хэмжээнд нас, хүйсийн квот тогтоох нь зүйтэй байх.

Гэхдээ мэргэшсэн байдлыг харах боломжийг шалгаруулалтынхаа дүрмийг анкетаа эхлээд өөрчлөх хэрэгтэй санагдсан. Тухайлбал, төрийн албан хаагчийн анкет бөглөх нь надад таатай байгаагүй. Төрийн албан хаагчийн анкетыг төр өөрийн дотоод хүний нөөцөө бүрдүүлэхэд л ашиглах хэрэгтэй байх.

Гэтэл төрөөс ангид ажиллаж байгаа хүмүүсээс мэргэжлийн ур чадварыг нь ашиглахаар, зөвлөл байгуулахаар хайж байгаа шүү дээ. Иймд шалгаруулалт нь арай өөр байх ёстой.

Мөн залуус, ялангуяа иргэний нийгмийн чиглэлээр ажилладаг хүмүүс бол шагнал, цолны араас хөөцөлддөггүй. Залуу үеийн сэтгэлгээ тэс өөр болж байгааг тооцож, цаашид сонгон шалгаруулалтыг илүү боловсронгуй болгоно гэдэгт итгэж байна.