Индэр    
2023 оны 2 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Э.Тулга: Банкны хувьцаа өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт биш

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр системийн таван банкийг 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр гэхэд IPO хийсэн байх шаардлагыг тавиад буй.

Банкууд анхдагч зах зээлийн арилжаагаа амжилттай хийж эхэлсэн бөгөөд гурван банк олон нийтэд нээлттэй болох дутуу байгаа юм.

Үүнтэй холбогдуулан банкны IPO-ийн үр өгөөж хэр байх талаар Голомт банкны IPO-д Үндсэн андеррайтераар ажилласан “Инвескор Капитал ҮЦК”-ийн Судалгаа хөгжүүлэлт хариуцсан захирал Э.Тулгатай ярилцлаа.

- Банкууд IPO хийх нь манай улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөлд байдалд хэр оновчтой шийдвэр байсан бэ? Эдийн засгийн өсөлт саарсан энэ үед эрсдэлтэй алхам гэж үзэх хүн цөөнгүй байна.

- Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн хөгжил, идэвхжил сүүлийн 1-2 жилд маш хурдацтай явагдаж байна. Хууль, эрх зүйн орчны нөлөөлөл ч мөн түлхэц болж байгааг үгүйсгэхгүй. Хувийн болон төрийн өмчит хувьцаат компаниудын IPO банкны салбараар эхэлж байгаа нь маш зөв гэж харж байна.

Санхүүгийн салбарын хувьд өөрийн хөрөнгө нь хувьцааны үнэтэйгээ ер нь л дөхөм байдаг. Голомт банкны хувьцааны үнэлгээ өөрийн хөрөнгөнөөсөө 15 хувь л өндөр байх жишээтэй. Банкны салбарын баланс, санхүүгийн тоон үзүүлэлтүүд ил тод, нээлттэй тодорхой байдаг. Дээрээс нь Монголбанкнаас өдөр болгон тайланг нь хардаг болохоор зохицуулалт ч өндөр гэсэн үг.

Ялангуяа системийн нөлөө бүхий банкууд Монголдоо тэргүүлэгч төдийгүй олон улсын стандартуудыг хангаад хэрэгжүүлээд явдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл Монголд ганц хөгжсөн гэж болохуйц салбар нь банкны салбар болчихлоо. Тэгэхээр хамгийн найдвартай салбараасаа IPO эхэлж байгаа нь сайн хэрэг.

Банкны тухай хуулийн шинэчлэлийн дагуу 2023 оны зургаадугаар сарын 30-ны дотор нөлөө бүхий банкууд олон нийтийнх болсон байх ёстой.

- Хөрөнгө оруулагчдын хандлага, мэдээлэл авсан байдал нь банкны IPO дээр хэрхэн анзаарагдсан бэ? 

- Банкуудын IPO-ийн талаарх мэдээллийг боломжийн сайн түгээж чадсан гэж бодож байна. Холбогдох шатны зохицуулагч байгууллагууд, хөрөнгийн зах зээлийн оролцогч талууд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мэргэжлийн түвшинд ажилласан гэж дүгнэхээр байгаа. Хөрөнгийн зах зээлийн тухай сонсож байгаагүй хүмүүс нь банкны IPO талаарх тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон нь анзаарагдсан.

Гэхдээ их мэдээлэл авахаас илүүтэйгээр зөв мэдээллийг оновчтой цагт авах нь чухал. Манай улсад хөрөнгийн зах зээлийн тогтолцоо бусад өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулахад дөнгөж хөгжиж эхэлж байгаа. Түүнээс гадна олон нийтийн санхүүгийн боловсрол болон тус зах зээлийн талаарх үнэн, зөв мэдээллийг олж авах мэдлэг, ул суурьтай байдал хараахан сууж амжаагүй байна гэж ажиглагддаг.

Өөрөөр хэлбэл албан ёсны эх сурвалжаас баталгаатай мэдээллийг цаг алдалгүй авч, тухайн мэдээллээ ашиглан оновчтой шийдвэр гаргаж сурах болон бусдад түгээх нь нэн чухал ур чадвар цаашлаад ёс зүй болсон гэж хэлэхэд буруутахгүй болов уу.

- Банкны хувьцаа хэр эрсдэлтэй хөрөнгө оруулалт вэ?

- Банкны хувьцаа өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт бол биш. Тодорхой хэмжээний эрсдэл байх ч бусад эрсдэлтэй бүтээгдэхүүнүүдээ бодвол харьцангуй эрсдэл багатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл банкны хувьцаа харьцангуй өгөөж багатай, тэрийгээ дагаад эрсдэл нь ч бага.

Голомт банкны хувьцааг гэхэд 21 мянган хөрөнгө оруулагч худалдаж авч, нийт 69.2 хувиар арилжааны захиалга нь даван биелсэн амжилттай IPO байлаа. Анх банкуудын IPO-нууд өндөр дүнгээр гарна гэхэд бүгд Монгол Улсад хөрөнгө байгаа юу гээд эргэлзэж байсан. Харин Голомт банкны IPO энэ эргэлзээнд хариулт өгсөн болов уу. 

Үлдсэн гурван банкны IPO амжилтгүй болно гэх эмээлт эргэлзээ зах зээлийнхээ хувьд арилсан. Таван банкны IPO нийтдээ 500-600 тэрбум төгрөг байна гэж тооцоолж байна.

Түүнчлэн банкууд хувьцааны төвлөрөл нь 20 хувиас ихгүй байх ёстой гэх шаардлагаа хангахын тулд нэмэлтээр дотооддоо хувьцаа гаргах уу, гадаад зах зээл дээр гаргах уу гэх яриа банкуудад яригдаж байгаа болов уу. Ер нь гадаад хөрөнгийн зах зээл рүү гарах гэсэн таамаг байна.

- Өгөөжийн тухайд?

- Хувьцаа нь урт хугацаандаа өгөөжөө өгнө. Дараах хоёр байдлаар буюу 

  1. Ногдол ашгийн өгөөж
  2. Хувьцааны ханшийн өсөлтийн өгөөж

Банкны салбар нь эдийн засгийн өсөлттэй нягт холбоотой. Банкны өөрийн хөрөнгө өсвөл үнэлгээ, ханш нь ч өснө гэсэн үг.

2021 оны эцэст Монголын эдийн засагт нэрлэсэн ДНБ 43.6 их наяд төгрөг байсан. 2025 он гэхэд нэрлэсэн ДНБ 77 их наяд болох тооцоо гарсан.

Гэхдээ энэ нь бодит биш нэрлэсэн ДНБ гэдгийг ойлгох хэрэгтэй. 2023 онд эдийн засаг хэр байхыг мэдэхгүй байна. Зарим шинжээчдийн хэлж байгаагаар төсвийн алдагдалтай ийм үед өсөлттэй байх хүлээлтгүй хэмээн хэлж байгаа. 2023 он ерөнхийдөө тодорхой бус жил болох гээд төлөвтэй байна.

"Мөнгө чинь сарын дараа хэрэгтэй бол заавал хувьцаанд хөрөнгө оруулах шаардлагагүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- ТӨХК-уудаас Монголын Хөрөнгийн Биржийн IPO анхдагч боллоо. Энэ талаар юу гэж бодож байна вэ? 

Хуулийн хүрээнд төрийн өмчит компаниуд олон нийтийнх болж эхэлж байгаа. Сая эдгээр ТӨҮГ-уудаа түүчээлсэн нь Монголын Хөрөнгийн бирж байлаа. 2023-2025 онд олон IPO хийгдэнэ. Тэгэхээр IPO хийх дэд бүтэц нь буюу Монголын Хөрөнгийн Биржийн засаглал сайжирч, хөгжлийн үндэс болсон нь сайшаалтай хэрэг. Өөрөөр хэлбэл Монголын Хөрөнгийн Биржийн IPO дараа дараагийн IPO-нуудын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн гэж ойлгож болно.

Нэмэлт мэдээлэл өгөхөд жижиглэнгийн хөрөнгө оруулагч гэдэг нь худалдан авах доод хэмжээ заагаагүй, зарахгүй байх үүрэг хүлээгээгүй, хувь тэнцүүлэлт хамрагдах хөрөнгө оруулагч нарыг хэлдэг. Эдгээр хөрөнгө оруулагчид IPO дуусаад шууд маргааш нь зарж борлуулж, ханшийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой. Харин стратегийн хөрөнгө оруулагчид урт хугацаанд эзэмшиж, урт хугацааны түншлэлийг илүүд үзэж, зарахгүй байх үүрэг хүлээсэн байдаг.

Дүгнээд хэлбэл Монголын Хөрөнгийн Биржийн IPO амжилттай явагдсан. Манай салбарын хувьд ч тус IPO маш зөв алхам байсан. Ер нь дэд бүтцийн байгууллагууд ч тэр, төрийн өмчит байгууллагууд ч тэр хувьчлах санаачилга гарган ажиллаж байгаа нь өөрөө сайшаалтай. 

- Иргэд төөрөлдөхгүйгээр зөв сонголт хийж хөрөнгө оруулалт хийхэд хамгийн эхлээд юуг чухалчлах хэрэгтэй бол?

- Иргэд хөрөнгө оруулалт хийхэд заавал мэргэжлийн мэдлэгтэй байх албагүй, шаардлага ч үгүй. Үнэт цаасны компаниуд болон мэргэжлийнхэн нь хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийн төлөө, хэрэгцээнд нь таарсан зөвлөгөө мэдээллээр хангаж байх ёс зүйн үүрэгтэй.

Мөнгө чинь сарын дараа хэрэгтэй бол заавал хувьцаанд хөрөнгө оруулах шаардлагагүй. Богино хугацаанд тухайн мөнгө хэрэгтэй гэвэл юу эрсдэл багатай байна тэрэнд л хөрөнгө оруул. 5-10 жилийн санхүүгийн хуримтлал үүсгэх гэж байгаа бол илүү эрсдэлтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж болно.

Хөрөнгө оруулалтын төрөл бүрийн бүтээгдэхүүн байхад заавал хувьцаа руу хөрөнгө оруулах гэж шуурах ч хэрэггүй. Авсан хувьцаагаа маргааш нь зараад л ашгаа олно гэдэг соёл удахгүй дуусаж, урт хугацааны хөрөнгө оруулалт руу чиглэсэн соёл бий болно гэж найдаж байна.

- Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа.