Эрчим хүчийг хэмнэх энгийн олон боломж бидний өдөр тутмын амьдралд бий. Ингэхдээ биднээс зардал шаардахгүй зөвхөн дадал хэвшил шаардсан боломжууд байгаа гэвэл Та хэрэгжүүлэхэд бэлэн үү?
Энэ асуултад таныг хариулж чадахад мэдлэг нэмэх үүднээс эрчим хүчний хэмнэлт, хэрэглээ, тусгай зөвшөөрөл, тарифын өөрчлөлттэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг холбогдох хүмүүсээс тодруулан хүргэж байна.
Иргэд эрчим хүчээ хэмнэх энгийн аргын талаар Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Д.Наранцэцэгээс тодрууллаа.
- Эрчим хүчийг яагаад хэмнэх ёстой вэ гэдэг нь чухал. Эрчим хүчний салбар ямар нөхцөл байдал дунд байна вэ?
- Сүүлийн жилүүдэд цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсөж буй нь дулааны цахилгаан станцуудыг нөөц тоноглолгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн эх үүсвэрүүдийн насжилт өндөр, шугам сүлжээний хуучирсан байдал нь эрчим хүчний хангамжийн тогтвортой, найдвартай ажиллагаанд нөлөөлж болзошгүй эрсдэлийг үүсгэж байгаа юм. Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчээр хангаж, үлдсэн 20 хувийг гадаад улсаас импортолдог.
Тэгэхээр эрчим хүчний салбарт томоохон чадлын эх үүсвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд эрчим хүчний хэмнэлтээр эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, хэмнэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага зайлшгүй үүсэж байна гэсэн үг.
- Тэгвэл эрчим хүчээ хэмнэх энгийн боломжуудаас уншигчдад хэлж өгөхгүй юу?
- Манай улсын дулааны есөн цахилгаан станц бүгд байгалийн шавхагдах нөөц болох нүүрсээр ажилладаг. Тэгэхээр эрчим хүчээ хэмнэх гол шалтгаан нь байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэх зорилготой.
Өөр нэг шалтгаан нь айл өрх, ААН, байгууллага бүр цахилгаан, дулаан хэрэглэснийхээ төлбөрийг сар бүр төлдөг. Тэгэхээр сарын цахилгаан, дулааны төлбөрөө багасгая гэвэл хүн бүр эрчим хүчээ хэмнэх арга барилд суралцаж, хэмнэх дадал хэвшилтэй болох хэрэгтэй. Эрчим хүчийг хэмнэх маш олон энгийн боломж бидний өдөр тутмын амьдралд байдаг. Эдгээр боломжийг авч үзвэл биднээс зардал шаардахгүй зөвхөн дадал хэвшил шаардсан боломжууд, тодорхой хэмжээний зардал хөрөнгө оруулалт шаардсан боломжууд ч байдаг.
Манай дулааны цахилгаан станцууд хоногийн 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.Одоогоор манай улсын хувьд эрчим хүчийг бусад бараа бүтээгдэхүүнтэй адилхан нөөцлөх, хадгалах боломжгүй, үйлдвэрлэсэн л бол тэрийг нь хэрэглэж байх ёстой.
Харин эрчим хүчний хэрэглээ нь хүний амьдралын хэв маягаас хамааран өдрийн турш харилцан адилгүй байдаг. Шөнийн цагаар цахилгаан эрчим хүчний хэрэглээ хамгийн бага байдаг бол өдрийн хэрэглээ хэлбэлзэл багатай, харин бидний оройн хоолоо хийх 18:00-20:00 цагийн хооронд хамгийн өндөр хэрэглээ бий болдог.
Дулааны цахилгаан станцууд хэрэглээ бага үед илүүдэл эрчим хүчээ ОХУ-д бага үнээр экспортолж, хэрэглээ их үед, ялангуяа эрчим хүчний системийн оргил ачааллын 17:00-22:00 цагийн хооронд ОХУ-аас өндөр үнээр эрчим хүч импортлон авдаг.
Тэгэхээр эрчим хүч хэрэглэгчид эрчим хүчний системийн онцлогийг ойлгож, хоногийн турш боломжоороо хэрэглээгээ зохицуулан эрчим хүчний экспорт, импортыг багасгахад хувь нэмрээ оруулах шаардлагатай байгаа гэдгийг хэлмээр байна. Ялангуяа эрчим хүчний системийн хоногийн оргил ачааллын 17:00-22:00 цагийн хооронд эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж хэмнэлтийн арга хэмжээнүүдийг хүн бүр хэрэгжүүлэх хэрэгтэй.
Тухайлбал, ашиглаагүй гэрлээ унтраах, ашиглахгүй байгаа залгууруудаа тэжээлээс салгах, ажлаас тарахдаа компьютер, принтер, скайнер, баримт устгагч машин, шарах шүүгээ, кофе чанагч, ус буцалгагч, уртасгагч залгуур, гар утасны цэнэглэгч гэх мэт цахилгаан хэрэгслийг салгаж хэвших, шөнийн цагаар, амралт, баяр ёслолын өдрүүдэд өрөөнүүдийн температурыг термостат хаалтаар багасгах гэх мэт.
Гар утасны цэнэглэгч 0.5 Ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд өдөрт 1.56, сард 46.80, жилд 561.6 төгрөгийн зардал гаргадаг. Энэ нь бага мөнгө хэдий ч Улаанбаатар хотын 380 гаруй мянган айл өрх гар утасны цэнэглэгчээ ашиглаагүй үедээ салгаж хэвшвэл жилд 213 орчим сая төгрөгийг хэмнэж чадна.
- Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг бий болгохын ач холбогдол юу вэ?
Эрчим хүчний хэмнэлт нь айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улс орон, байгаль орчинд ихээхэн ач холбогдолтой. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хэмнэж, эрчим хүчний үр ашигтай техник технологи нэвтрүүлснээр айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага эрчим хүчний зардлаа багасгана. Цаашлаад эрчим хүчийг үйлдвэрлэхэд зарцуулах түлшийг хэмнэж байгаль орчинд хаягдах хүлэмжийн хийн хэмжээг багасгаж, дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулна.
Эрчим хүчээ хэмнэж, ялангуяа оргил ачааллын цагаар зохистой хэрэглэснээр импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг болон түүний төлбөрт төлж байгаа ихээхэн хэмжээний мөнгийг хэмнэнэ. Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай байгаа энэ цаг үед бусад шинэ хэрэглэгчдэд эрчим хүч хэрэглэх боломж олгоно.
- Өнөөдөр манай улсад эрчим хүчний хэрэглээ хаана илүү байна. Авсан судалгааны дүнг хуваалцана уу?
- Эрчим хүчний хэрэглээ нь айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын онцлогоос, мөн бидний хайхрамжгүй үрэлгэн хэрэглээнээс хамаараад харилцан адилгүй байдаг болохоор тэнд эсвэл энд их хэрэглээд байна гэж хэлэхэд хэцүү.
Үйл ажиллагаа нь харьцангуй тогтвортой явагддаг үйлдвэр компаниудын хоногийн хэрэглээ хэлбэлзэл багатай явагддаг байхад дээр хэлсэнчлэн айл өрхийн хоногийн хэрэглээ оройн цагаар ихэсдэг. Ер нь эрчим хүчний хэрэглээгээ багасгая гэвэл хайхрамжгүй үрэлгэн хэрэглээгээ хянаж, эрчим хүчний үр ашигтай цахилгаан хэрэгсэл сонгож, зохистой хэрэглээнд хүн бүр суралцаж, хэмнэлтийг амьдралдаа дадал хэвшил болгох хэрэгтэй.
- Эрчим хүчний зохицуулах хорооноос хэмнэлтийн ямар зохицуулалтыг хийж байгаа вэ?
- Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур салбар. Цахилгаан, дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, эрчим хүчний системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад эрчим хүчний хэмнэлт, үр ашиг чухал үүрэгтэйг сүүлийн жилүүдэд манай оронд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөөд байна.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль 2015 онд батлагдсан. 2016 оноос хойш Эрчим хүчний зохицуулах хороо уг хуулийг улс орон даяар хэрэгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэн олон нийтэд эрчим хүч хэмнэлтийг сурталчлах таниулах олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хэрэглэгчдэд зориулсан эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн ecc.erc.gov.mn цахим мэдээллийн системийг бий болгосон.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн хурлаар аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны тариф 14-38 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан билээ.
Тэгвэл үнэ тарифын өөрчлөлт хэзээнээс тооцогдож, хэрхэн хэрэгжиж байгаа талаар ЭХЗХ-ны үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулганаас тодрууллаа.
- ААН-үүдийн цахилгааны үнэ тарифын өөрчлөлт хэзээнээс тооцогдож, хэрхэн хэрэгжиж байна вэ?
- Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2022 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн №33 дугаарт нийтлэгдсэн тул мөн өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
Дээрх тарифын өөрчлөлт дараах байдлаар хэрэгжиж байна. Үүнд:
Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд сарын эхний 5,000 кВт.ц хүртэл хэрэглээний тарифыг 14 хувиар, 5,000 кВт.ц-аас дээш хэрэглээний тарифыг 28 хувиар нэмэгдүүлсэн.
Нийт 50 мянган үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын 82 хувь буюу 41 мянган хэрэглэгч 5,000 кВт.ц-аас бага цахилгааны хэрэглээтэй. Үүнд ихэвчлэн хүнс, барааны дэлгүүр, хүнсний жижиг үйлдвэрлэл, кофе шоп, үсчин гоо сайхан гэх мэт жижиг, дунд бизнес эрхлэгчид хамаарч байна.
Төсвийн байгууллагын цахилгааны төлбөрийг хэрэглээнээс үл хамааран 28 хувиар нэмэгдсэн тарифаар тооцож байгаа.
Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн ангиллын хэрэглэгчийн тарифыг мөн хэрэглээнд үндэслэн шаталсан байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд
Уул уурхайн олборлох боловсруулах аж үйлдвэрийн ангиллын хэрэглэгчдийн дийлэнх нь олборлосон бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон улсын зах зээлийн үнээр борлуулдаг тул цахилгааны тариф нь энгийн үйлдвэр, аж ахуйн нэгжийн тарифаас харьцангуй өндөр байдаг.
- Тарифын өөрчлөлт өөр ямар үйл ажиллагаа эрхлэгчдэд хамаарах вэ?
Мөн энэ удаагийн тарифын өөрчлөлтөөр арилжааны банк, интернэт, үүрэн холбоо эрхлэгчид, согтууруулах ундаа үйлдвэрлэгч болон криптовалют олборлох үйл ажиллагаа эрхлэгчдэд уул уурхайн ангиллын хэрэглэгчтэй ижил тарифыг мөрдүүлэхээр тооцож байгаа.
Нийт үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэгчийн дулааны тарифыг 28 хувиар нэмэгдүүлсэн. Айл өрхийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт орохгүй тул инфляцад шууд нөлөөлөл үзүүлэхгүй.
Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгаан, дулааны үнэ тарифыг өсгөснөөр дотоодын бараа, үйлчилгээний инфляц шууд бус нөлөөгөөр 0.6-1.2 нэгж хувиар нэмэгдэх магадлалтай гэж Монголбанк болон Үндэсний статистикийн хороо тооцсон.
Эрчим хүчний тусгай зөвшөөрлийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн газрын дарга З.Цэдэнжаваас тодрууллаа.
- Хорооны зүгээс эрчим хүчний хэдэн төрлийн тусгай зөвшөөрлийг одоогийн байдлаар олгож байна вэ?
- Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, импортлох, экспортлох, диспетчерийн зохицуулалт хийх, эрчим хүчний барилга байгууламж барих зэрэг тусгай зөвшөөрлүүдийг олгодог. Аймаг, нийслэлд эрчим хүчний зохицуулах зөвлөлүүд үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны эцсийн байдлаар нийт 188 хуулийн этгээдэд 10 төрлийн 380 тусгай зөвшөөрлүүдийг олгоод байна. 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн.
- Тусгай зөвшөөрлийг олгоход гардаг гол хүндрэл юу байна вэ?
- Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн болон хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хангаж ажиллах ёстой байгууллага. Эрчим хүчний зохицуулах хорооноос олгож байгаа тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг хэрэглэгчдэд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нээлттэй, ил тод, хүнд сурталгүйгээр хүргэх ёстой.
“Цахим Монгол үндэсний хөтөлбөр”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, нээлттэй, ил тод, цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор тусгай зөвшөөрлийн зохицуулалтын 2013 оноос эхлэн хэрэглэж байсан E-License системээ Төрийн мэдээлэл солилцооны "ХУР", “ДАН” цахим системтэй холбож, бүрэн хэмжээгээр шинэчлээд байна. Тусгай зөвшөөрлийн E-License цахим систем шинэчлэгдсэнээр тусгай зөвшөөрлийн зохицуулалт нээлттэй, ил тод, цахим хэлбэрт бүрэн шилжиж, тусгай зөвшөөрлийн шийдвэрлэлтийн бүхий л үйл явцыг болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын үнэлгээ зэрэг статистик тоон мэдээллийг харах боломжоор хангагдсан.
- Энэ сараас шинээр хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулиас шинэ онцлох зүйл юм байгаа вэ?
- Зөвшөөрлийн тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлснийг хэлсэн. Энэ хууль нь төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн, шуурхай үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны хугацааг богиносгож, шат дамжлагыг багасгаж өгсөн.
Бид тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлж ажилладаг. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь Эрчим хүчний тухай хуульд заасан шалгуурыг хангаад, үүрэг хүлээж яваа. Хорооноос эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрд тодорхой нөхцөл шаардлагын зорилтыг жил бүр тогтоож өгдөг.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхцөл шаардлагаа биелүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгодог. Түүнчлэн Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь цахилгаан, дулаанаар хангагдаж байгаа хэрэглэгчид буюу иргэн нэг бүрд хүрч үйлчилж байгаа учраас иргэд, хэрэглэгчдийг чанарын шаардлага хангасан цахилгаан, дулаанаар хангах ёстой байдаг.
- Тусгай зөвшөөрлийн төрлүүдээс онцлоход эрчим хүч үйлдвэрлэх зөвшөөрлийг хэр хэмжээтэй авч байна вэ?
Эрчим хүний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар зураг төслөө боловсруулж батлуулсан, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, мэргэжлийн боловсон хүчинтэй, санхүүгийн хувьд төслийг хэрэгжүүлэх чадвартай хуулийн этгээд хүсэлт гаргасны үндсэн дээр олгож байна.