Индэр    
2022 оны 12 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч

С.Мөнхнасан: Манай улсад мэргэжлийн үнэмлэхтэй 157 нисгэгч бий. Хүний нөөц дутагдаж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын тээврийн салбар хөгжиж, хэрэгцээ шаардлага нь өсөн нэмэгдэхийн хэрээр нисгэгч хомстож эхэлжээ. 

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын тооцооллоор ойрын 10 жилд Ази, Номхон далайн бүс нутагт л гэхэд 30,000 нисгэгч шаардлагатай болно гэх үр дүн гарсан тухай Иргэний Нисэхийн Ерөнхий Газар(ИНЕГ)-ын дарга С.Мөнхнасан онцолсон юм. 

Манай улсад ч нисгэгчийн хүрэлцээ дутмаг болж эхэлснийг тэрбээр мөн хэллээ. Харин инженер техникийн болон бүхээгийн ажилтан, нислэгийн удирдагч нарын тухайд дотооддоо бэлтгэдэг тул боломжийн хэмжээнд байгаа аж. 

Иргэний агаарын тээврийн салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал болон бусад асуудлаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасантай ярилцлаа. 

- Олон улсад боловсон хүчний нөөц дутагдаж байгаа салбаруудын нэг нь иргэний агаарын тээвэр болоод байна. Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

- Монголын иргэний нисэхийн салбарт 5,000 орчим ажилтан, албан хаагч ажиллаж байна. Үүний 70 орчим хувь нь нарийн мэргэжлийнх.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьдаг шаардлагаар ажилладаг гурван үндсэн мэргэжил байдаг нь нисгэгч, нислэгийн удирдагч, агаарын хөлгийн инженер байна. Бусад мэргэжил нь тухайн улсын өөрсдийнх нь тавих шаардлагын дагуу үнэмлэх гэрчилгээтэйгээр ажилладаг. 

Үндсэн гурван мэргэжлийн боловсон хүчний нөөцийн тухайд, нисгэгч дутагдалтай байна. Сүүлийн жилүүдэд үндэсний агаарын тээврийн компаниуд агаарын хөлгийн тоогоо нэмэгдүүлж байна. Мөн нисэх чиглэл, давтамжийн тоо ч ихэссэн. Иймд нэг нисгэгчид оногдох нислэгийн цаг нэмэгдэж байгаа учраас орон тоог ихэсгэх шаардлага бий. 

Нисгэгчийн хэрэгцээ шаардлага ирээдүйд улам ч ихэснэ. Үүний зэрэгцээ бага оврын агаарын хөлөг нэмэгдэж байгаа тул нисгэгчийг нь бэлдэх зайлшгүй шаардлага байна. 

Агаарын хөлгийн инженер техникийн ажилтнуудын тухайд харьцангуй боломжийн хэмжээнд бий. Учир нь ШУТИС-ийн Механик инженерийн сургууль онгоцны инженер, онгоцны хөдөлгүүрийн инженер зэрэг ангитай. Мөн нислэгийн удирдагчдын тухайд гуравдагч улс орнуудад бэлддэг. Мөн залуус энэ мэргэжлээр боловсрол эзэмшиж, сурч ирж байгаа. Өнөөдрийн байдлаар хүний нөөц боломжийн түвшинд бий. 

- Нисгэгч нарын хэдэн хувь нь онгоцны дарга, хэд нь хоёрдугаар нисгэгч байна вэ. Суралцсан улсуудыг нь мөн хувиар авч үзвэл ямар үр дүн байх бол?

- Нисгэгч нарт ИНЕГ-аас үнэмлэх олгодог. Одоогоор 157 нисгэгч мэргэжлийн үнэмлэхтэй ажиллаж байгаа. Онгоцны дарга, хоёрдугаар нисгэгч, бага оврын агаарын хөлгийн нисгэгч нар бүгд үнэмлэх, зэрэглэлтэй. 

Өнөөдрийн байдлаар компаниуд өөрсдийн зардлаар нисгэгчдээ бэлдэж байна. Мөн залуус өөрсдийн зардлаар Австрали, Америк, Солонгос зэрэг улсад нисгэгчийн мэргэжил эзэмшээд ирдэг.

- Энэ мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх тогтолцооны талаар танилцуулна уу. Нисгэгч нар олон төрлийн сургалтад хамрагддаг шүү дээ?

- Бүс нутаг, дэлхийн хэмжээнд иргэний нисэхийн гурван мэргэжил хүний нөөцийн дутагдалд орж байгаа. Энэ нь агаарын тээврийн салбарын болон эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой.

Агаарын тээврийн урсгал нэмэгдсэнээр нисгэгч, инженер, техникийн ажилтнуудын хүний нөөц хомстсоор байна. Зөвхөн Ази, Номхон далайн бүс нутагт гэхэд ойрын 10 жилд 30,000 орчим нисгэгч шаардлагатай гэсэн судалгааг Олон Улсын Агаарын Тээврийн Холбооноос гаргасан байдаг. 

Эрэлт ихтэй энэхүү мэргэжилтнийг Монгол Улсдаа бэлтгэх боломжийг бид судалж байна. Олон улсын сургалтын байгууллагатай хамтарч ажиллахаар боломжийг эрэлхийлж байгаа.

Солонгосын иргэний нисэхийн сургууль, сургалтын хоёр байгууллага манайхтай хамтарч Буянт-Ухаа нисэх буудлын дэд бүтцийг түшиглэн нисгэгч бэлтгэх сургалтууд хийхээр зорьж, бэлтгэл ажлаа эхлүүлж байна. Ер нь 30 жилийн өмнөх шиг энэ мэргэжлийг заавал дөрвөн жилээр сурч, төгсөх шаардлагагүй болсон. Тодорхой хугацаагаар курсэд сураад, дадлагажаад дээд шатныхаа сургалтад суугаад дадлагажих гэх зэргээр алхам алхмаар дээш ахиж сурах систем рүү дэлхий орчихсон.

Жишээлбэл, Дөрвөн жил их сургуульд сураад нисгэгчийн мэргэжил эзэмшихээс илүүтэй 10 сар сураад бага оврын онгоцны нисгэгч болох, нислэгийн цагаа дуусгаад дунд оврын онгоцны сургалтад сууж, нислэгийн цагаа гүйцээгээд зорчигч тээвэр буюу том оврын агаарын хөлгөөр нисэх сургалтад сууж болно. 

Нисгэгч нар том оврын онгоц дотроо онгоцны төрөл буюу маягийнхаа сургалтад нэг бүрчлэн суух ёстой байдаг. Энэ бүгдэд сурч, дадлагаждаг. Онгоцны инженер техникийн ажилтнууд мөн адил. 

Нэг инженер бүх онгоцыг засна гэж байхгүй бөгөөд өөрсдийн сурч, мэдлэг олж авсан онгоцны төрөл дээрээ л техникийн үйлчилгээ үзүүлнэ. Нислэгийн удирдагч нар ч ялгаа байхгүй. Ямар агаарын хөлгөөр, хэр зайд нислэг удирдах эрх авна, тэр дагуу ажилладаг.

- Нисгэгч бол өв уламжлагддаг мэргэжил гэсэн яриа нийгэмд байдаг. Энэ мэргэжлийн сургалтын мэдээлэл нь хэр нээлттэй байдаг вэ. Ялангуяа тэтгэлгээр суралцах боломж нь хэр байдаг бол?

- Өнгөрсөн хугацаанд бодлогоор тодорхой тооны залуусыг иргэний нисэхийн чиглэлээр сургадаг байсан. Сүүлийн таван жилд залуус нисэхийн мэргэжлийг гадаадын улс орнуудад хувиараа эзэмшээд ирдэг болсон тул байгууллага сургах шаардлагагүй болсон. Цахим орчинд мэдээлэл нээлттэй болсон тул ямар ч хүн өөрийн сонирхсон чиглэлээр дэлхийн хэмжээний сургалтын байгууллагатай холбогдох, сургалтын танилцуулгаа авах боломжтой. Тиймээс залуус өөрсдөө сонирхсон мэргэжлээрээ хүссэн сургуульдаа суралцах үүд нээлттэй байна. Гол нь тухайн мэргэжилд тавигдах суурь шаардлага гэж бий.

Иргэний нисэхийн чиглэлийн мэргэжлүүдийн дийлэнх нь англи хэлний мэдлэг өндөр байхыг шаарддаг. Мөн сэтгэл зүйн шалгалтуудыг даван гарах ёстой болсон. 

Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНСУ, Япон, Тайланд, Малайз, Сингапурт иргэний нисэхийн мэргэжлүүдийг эзэмшээд ирж байна. Мөн Австрали, Шинэ Зеланд, Америк, Герман, ОХУ зэрэг улсад суралцах боломж нээлттэй. 

- Монгол нисгэгч нар гадаад улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа тохиолдол хэр их байгаа вэ?

- Нисэхийн нарийн мэргэжлийн ажлуудад олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьдаг нэг шаардлага л мөрдөгддөг. Энэ шаардлага дэлхийн бүх улс орнуудад адил. Тиймээс энэ шаардлагыг хангасан мэргэжилтэн, нисгэгч, нислэгийн удирдагч, инженер техникийн ажилтнууд аль ч улсад ажиллах боломжтой. Бидэнд байгаа мэдээллээр 2-3 нисгэгч гадаад улсад нисэж байна. Мөн ажиллаж байгаад ирсэн хүмүүс ч бий

- Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тооцогддог тул нисгэгчид эрт тэтгэвэрт гардаг. Хуулиар тогтоосон хугацаанд ажиллаад заавал тэтгэвэрт гарах уу, эсвэл үргэлжлүүлэн ажиллах боломжтой юу?

- Нисгэгчийн ажил нь гаднын нөлөөлөлд орох боломжтой, стресстэй мэргэжил учраас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ордог.

Өнөөдөр хэрэгжиж буй хууль, ИНЕГ-аас тавьдаг шаардлага, дүрэм журмын хүрээнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарч болно. Мөн үргэлжлүүлээд ажиллаж болно.

Нисгэгч өмнө нь 55, 60 нас гэж хязгаарлаж байсан бол бүсийн хэмжээнд үүсэж буй хүний нөөцийн хомсдол, манай улсын агаарын тээврийн салбарын онцлогоос шалтгаалаад нисгэгчдийн нисэх боломжтой насыг 60, 65 болгосон. 

Тодруулбал, нэг нисгэгчтэй агаарын тээврийн хувьд нисгэгч нь 60 хүртэл насных байж болно. Харин хоёр нисгэгчтэй онгоцны хувьд нэг нисгэгч нь 65 хүртэлх насных байж болно. Ингэснээр хүний нөөцийн хүндрэлийг шийдэж байна. Мөн дэлхий нийтээрээ насжилт уртсаж байгаа тул ажиллах боломжийг нь уртасгаж байгаа юм.

Инженер техникийн ажилтнууд, нислэгийн удирдагч нар мөн ялгаа байхгүй эмэгтэй 45, эрэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарах нь нээлттэй байгаа. 

- Онгоцны үйлчлэгч, бүхээгийн ажилтнуудын хүний нөөц хангалттай хэмжээнд байж чадаж байна уу?

- Бүхээгийн ажилтан харьцангуй хангалттай. Зарим их, дээд сургууль бүхээгийн ажилтнууд бэлтгэх анги нээсэн байдаг. 

"2025 он хүртэл хөөрөх, буух 500 орчим зурвасын байршил тогтоохоор ажиллаж байгаа"

- Одоогоор Монгол Улсад иргэний агаарын тээврийн хэдэн компани байна вэ?

- Иргэний нисэхийн тухай дүрмээр нислэг үйлдэж буй компаниудыг бага, дунд, том оврын гэж ангилдаг.

Том оврын агаарын хөлгөөр нислэг үйлдэх эрх бүхий таван компани манай улсад бий. Бусад нь дунд болон бага оврын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нисдэг тэргээр нисэх эрхтэй. Таван компанийн дөрөв нь тогтмол нислэг үйлддэг. МИАТ ТӨХК, "Изинис эйрвэйз", "Аэро Монголиа", "Хүннү Эйр" байна.

2022 онд агаарын тээврийн либералчлалыг өргөн хүрээнд ярьж байна. Шинэ сэргэлтийн бодлого, Боомт сэргэлтийн бодлого, дээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголд зочлох жилүүдийн хүрээнд агаарын тээврийн салбарыг либералчлах ажил явагдаж буй. 2022 онд гэхэд үндэсний агаарын тээвэрлэгчдийг 30 хот руу нисэх томилгоог олгосон. 

Өмнө нь байсан хотууд дээр нэмэгдээд өөр хотууд руу нислэг үйлдэх эрхийг нь өгсөн. Одоо үндэсний агаарын тээврийн компаниуд зорчигчийн судалгаагаа хийж, хуваарьт болон захиалгат нислэг хийх нь нээлттэй. Ойрын ирээдүйд нэмээд өөр улсуудад нислэг хийх боломжоо нээх гэж байна.

Ялангуяа сүүлийн жилүүдэд нэлээд яригдсан Турк, Монголын хоорондын агаарын зорчигч урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Туркийн Иргэний Нисэхийн Байгууллагатай хэлэлцээр хийх гэж байгаа. Энэ нь хоёр талаас өдөр бүр нислэгтэй болгох үүдийг нээх зорилготой юм.

Мөн Засгийн газрын хуралдаанаар АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр хийх эрх нээгдсэн. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаж АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр хийснээр 2024 оны эхний хагаст багтаад АНУ руу шууд нислэг хийх боломжтой болно. Үүний тулд агаарын харилцааны хэлэлцээр хийхээс гадна хоёр улсын иргэний нисэхийн байгууллага, нисэх буудлууд, агаарын тээврийн компаниуд АНУ-ын аюулгүй ажиллагааны стандарт шаардлагуудыг хангаж, тодорхой шалгалтуудыг өгч байж эрх нь бүрэн нээгдэнэ.

ИНЕГ-ын хувьд 2023 онд аюулгүй ажиллагааны чиглэлээр маш олон арга хэмжээ авах шаардлага үүсэж байгаа. Тэгж байж бид нар Америкийн иргэний нисэхийн байгууллагуудад тавигддаг шаардлагуудыг хангаж байж, бид нислэг үйлдэх боломжтой болно. 

- Та түрүүн яриандаа бага оврын онгоц, нисдэг тэргээр нисэх нь ихэссэн тухай дурдсан. Энэ талаар дэлгэрүүлж ярина уу?

- Монгол Улс өргөн уудам нутагтай, тархай бутархай суурьшилтай улсын хувьд цөөн хүнээр олон давтамжтайгаар нисэх боломжийг бага оврын онгоц болон нисдэг тэрэг олгодог. Бид үүнийг бий болгоход нэгдүгээрт онгоцтой байх, хоёрдугаарт, нисэх буух зурвастай байх, гуравдугаарт, нисгэгчтэй байх ёстой. 

Сүүлийн жилүүдэд бага оврын нисдэг тэрэг, нисэх онгоцууд орж ирж байгаа. Энэ нь 2018 оноос хойш УИХ, Засгийн газраар тодорхой шийдвэр гаргаад, Дэлхийн худалдааны хэлэлцээрийн Агаарын хөлөг худалдах хэлэлцээрт манай улс нэгдэн орсонтой холбоотой. Ингэснээр бага оврын онгоц, нисдэг тэргийг Монгол Улсад оруулж ирэхэд НӨАТ-ын болон гаалийн албан татвар төлөхгүй болсон. Энэ бол маш том боломж.

ИНЕГ-аас энэ нислэгүүдийн дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байгаа. Бид 2025 он хүртэл хөөрөх, буух 500 орчим зурвасын байршил тогтоохоор ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 180 орчим зурвасыг тодорхойлсон. Цаашид бага оврын нислэг очих шаардлагатай аялал жуулчлалын гол бүсүүд, уул уурхайн гол бүсүүд, хилийн боомтууд, авто тээвэр хүрэхэд хүндрэлтэй сум суурингуудад бага оврын нислэг буух боломжийг судалж, дэд бүтцийн бүрдлийг нь хийхээр ажиллаж байгаа. Мөн нисгэгчдийг гадаадын сургалтын байгууллагатай хамтран дотооддоо бэлдэхээр зорьж байгаа. 

"Хоногтоо 450 орчим онгоц нисэн өнгөрүүлдэг байсан бол сүүлийн 10 сард хоногт 70-80 онгоц манай улсын дээгүүр өнгөрч байна"

- Орон нутгийн зарим нисэх буудлыг олон улсын зэрэглэлд хүргэх ажил ямар шатандаа байгаа вэ?

- Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгууд олон улсын зэрэглэлтэй болох зорилт тавьсан.

Нэг талдаа, статусыг нь олон улсын зэрэглэлтэй болгож, хилийн төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд ажиллах нөхцөлийг бүрдүүлж болно. Нөгөө талдаа, эдгээр нисэх буудал том оврын агаарын хөлгүүдийг хүлээж авах хүчин чадалтай болох ёстой.

Өнгөрсөн хугацаанд Техник, Эдийн Засгийн Үндэслэл, зураг төслийг нь хийлгэсэн боловч улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж, хөрөнгө оруулалт саатаж байгаа тул гүйцэтгэл болж гараагүй. Иймд 2022 онд шаардлагатай судалгаануудыг хийж, нэр бүхий орон нутгийн нисэх буудлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд урт хугацаанд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах саналтай байгаа. Тодруулбал, 30-40 жилийн хугацаанд хувийн хэвшилтэйгээ хамтарч ашиглахгүй бол ИНЕГ, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулах боломж нь хомс. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яаманд уг саналаа хүргүүлсэн.

Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд концессын жагсаалтад орчихвол үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд нээлттэй сонгон шалгаруулалтад ороод нисэх буудлуудын цаашдын ашиглалтыг аваад явах боломжтой. 

- Буянт-Ухаа буудлыг одоо ямар зориулалтаар ашиглаж байна вэ?

- Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудал нь 2019 онд Засгийн газрын 455 дугаар тогтоолын хүрээнд олон улсын нөөц нисэх буудлаар болон онцгой, тусгай үүргийн нислэг, сургалтын зориулалтаар ашиглагдах ёстой. Энэ зориулалтаар нь ашиглаж байгаа. ИНЕГ энэ том дэд бүтцийг эдийн засгийн үр ашигтай байлгахад гаднын байгууллагуудтай хамтарч ажиллах, дотооддоо тодорхой байгууллагуудыг төвлөрүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

- Ярилцлагын төгсгөлд ИНЕГ-аас хэрэгжүүлдэг гол үйлчилгээний нэг навигацийн талаар тодруулмаар байна. Олон улсад үүссэн асуудлаас шалтгаалж, навигацийн үйлчилгээний орлого нэлээд буурсан талаар албан эх сурвалж хэлж байсан. Энэ талаарх тоон мэдээллийг өгнө үү?

- Монгол Улс дээгүүр өнгөрч буй бүх нислэгийн аюулгүй ажиллагааг ИНЕГ хангадаг.

2019 онд Монгол Улс дээгүүр 133,000 онгоц өнгөрсөн. КОВИД-19-ийн үед 60-70 мянган онгоц өнгөрч байсан бол Орос, Украины дайн эхэлснээс хойш хоногт 70-80 нислэг өнгөрч байгаа.

2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 37,000 орчим онгоц нисэж өнгөрөхөөр байна. Энэ нь Ази, Европыг холбосон агаарын зам ОХУ-д тавигдсан агаарын хилийн хязгаарлалтуудаас болж хаагдсантай холбоотой. Өнөөдрийн байдлаар цөөхөн тооны авиа компаниуд Монгол Улс дээгүүр нисэж байна.

Манай улсад учрах гол нөлөөлөл нь эдгээр нислэгийн аюулгүй байдлыг хангасны төлбөр болох бидний ярьж сурснаар навигацийн орлого төдий хэмжээгээр буурч байна гэсэн үг. 2019 онтой харьцуулахад навигацийн орлого 70-80 хувь буурч байна

ИНЕГ-ын гол санхүүжилт нь навигацийн орлого байдаг. Үүнээсээ тодорхой хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ оны тухайд үндсэндээ хомс болсон. Сүүлийн 10 сарын хугацаанд ИНЕГ хэмнэлтийн горимд ажиллаж байгаа. Хоногтоо 450 орчим онгоц нисэн өнгөрүүлж, талаар нь өөрсдөө санхүүжиж, талыг нь улсын төсөвт төвлөрүүлдэг байсан бол сүүлийн 10 сард хоногт 70-80 онгоцны орлого төвлөрүүлж байна.