Төрийн албаны шалгалтыг жилд хэдэн хүн өгдөг талаар болон уг шалгалт нь тухайн хүний ур чадварыг илэрхийлэх хэмжээнд байгаа эсэх талаар Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарамтай ярилцлаа.
- Сайн байна уу. 2022 онд нийт хэдэн хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн бэ?
- 2022 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад 11,180 хүн шалгалт өгснөөс 3,739 нь тэнцсэн.
Хүйсээр харвал шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 13,559 хүний 4,148 нь эрэгтэй, 9,411 нь эмэгтэй байна. Харин шалгалтад тэнцсэн хүмүүсийн 933 нь эрэгтэй, 2,806 нь эмэгтэй байсан. Төрийн албаны ерөнхий шалгалтыг сорилоор авдаг бөгөөд олон хүн өөрийгөө сорьдог.
График. Шалгалт өгсөн иргэдийн тэнцсэн байдлыг харвал
- Төрийн албаны шалгалт ямар горимоор явагдаж байгаа вэ?
- 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн Төрийн албаны тухай шинэ хуулиар төрийн албаны шалгалт дараах хоёр үе шаттай болсон.
- Ер нь төрийн албаны шалгалтад тэнцэж байгаа иргэдийн хувь хангалттай хэмжээнд байж чаддаг уу?
- Шалгалтад оролцож байгаа иргэдийн 30 орчим хувь нь тэнцдэг. Энэ бол бага дүн биш. Нөгөө талаасаа төрийн шалгалтын босго өндөр байгааг харуулж байгаа хэрэг.
- Ерөнхий шалгалтын агуулга шалгуулагчийг хангалттай хэмжээнд дүгнэж чадахуйц байж чадаж байгаа юу. Төрийн албаны зөвлөлөөс үүнд яаж анхаардаг вэ?
- Ерөнхий шалгалт нь дотроо гурван бүрэлдэхүүн хэсэгтэй байгаа. Тус бүрдээ босго оноотой ба оноог давж байж дараагийн шатны шалгалтыг өгөх эрх нь нээгддэг.
|
Бүрэлдэхүүн шалгалт |
Агуулга |
Босго оноо нь |
1 |
Ерөнхий мэдлэгийн шалгалт |
Хууль эрх зүй, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засаг, мэдээллийн технологи |
35 ба түүнээс дээш |
2 |
Монгол хэл |
Кирилл болон үндэсний бичгийн чадвар |
20 ба түүнээс дээш |
3 |
Дүн шинжилгээ хийх чадвар |
|
15 ба түүнээс дээш |
Аливаа улс орны төрийн албаны сонгон шалгаруулалт нь олон хүчин зүйлээс хамаардаг. Нэгдүгээрт, сонгон шалгаруулалтын эрх зүйн орчин сайн байх ёстой. Энэ нь манай улсад шинэ хуулийн хүрээнд бүрдсэн гэж хардаг. Хоёрдугаарт, шалгалтын агуулга сайн байх ёстой. Бид шалгалтын агуулгыг Шинжлэх Ухааны Академи, Удирдлагын академи, Хуульчдын холбоо болон бусад олон улсын зөвлөхүүдийн тусламж дэмжлэгтэйгээр боловсруулдаг. Ингэхдээ сорилын асуулгадаа тогтмол шинэчлэлт хийж явдаг. 2023 оны шинэчлэлт одоо хийгдэж байгаа.
Гуравдугаарт, шалгалт авч буй арга хэлбэр нь маш нарийн байх ёстой. Тэр утгаараа Төрийн албаны зөвлөлийн зүгээс нийгэмд төрийн албаны сонгон шалгаруулалт гэдэг нээлттэй, ил тод байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьдог. Энэ хүрээнд төрийн албаны шалгалт хүний оролцоогүйгээр 100 хувь цахимжсаныг та мэдэх байх.
- Ажлын байранд тавигдах шаардлага цаг үеэ даган өөрчлөгдөж байна. Төрийн албаны шалгалтыг нэг талаараа хувь хүний ур чадварыг бүрэн дүүрэн харуулах хэмжээнд байж чадаж байгаа юу гэдэгт эргэлзэх хүмүүс байдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
- Тухайн хүнийг ажилд авахдаа дүнгээс нь авхуулаад тодорхой ур чадварыг харах хэдий ч шууд ажлаа сайн чадах эсэхийг дүгнэх боломжгүй. Ажилд аваад тухайн байгууллага нь хүнээ хөгжүүлж, сургаж, ур чадварыг нь нэмэгдүүлж явах ёстой. Сонгон шалгаруулалтаар шууд мундаг хүн авна гэдэг бол харьцангуй ойлголт.
Дээр хэлсэнчлэн цаг үеэ мэдрэх үүднээс 2023 оны сорилын агуулгад өөрчлөлт, шинэчлэлт орж байгаа юм. Тухайлбал, мэдээллийн аюулгүй байдал, дижитал орчинд хэрхэн ажиллах чиглэлийн сорилууд орж байгаа. Ирэх оноос мэдээллийн технологи, дүн шинжилгээ, хуулийн сэдвээрх сорилуудыг шинэчилнэ.
Ярилцлагын шалгалтын хувьд харин тухайн хүний хандлага, харилцааны ур чадвар, удирдан зохион байгуулах чадвар зэрэг зөөлөн ур чадварыг нээх байдлаар шалгаж авдаг. Ур чадвар бол ахидаг. Гагцхүү тэр хүний ур чадварыг өсөн нэмэгдүүлэх чиглэлд байгууллага ажиллах ёстой.
Орчин үеийн залуус хэрсүү болсон. Тухайлбал, зарласан ажлын байрыг сонгохдоо энэ байгууллагад орох нь миний хувь хүний хөгжил, карьерт яаж нөлөөлөх вэ, миний ирээдүй ямар байх вэ, энэ байгууллагын соёл юу вэ, удирдлага, хамт ажиллах хүмүүс ямар вэ гэдгийг судалдаг болчихсон байна. Энэ нь нэг талаас үгүйсгэх аргагүй зүйл.
- Гадаад хэлний мэдлэгийг нь хэрхэн шалгадаг вэ?
- Ерөнхий шалгалтад монгол хэлний шалгалтыг сорилоор авч болно. Харин гадаад хэлний мэдлэгийг сорилоор оруулах ач холбогдол нь ямар вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Манай тогтолцоонд одоо бол төрийн албаны тусгай шалгалтаар гадаад хэлний мэдлэгийг нь шалгах боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл, албан тушаалын тодорхойлолтод тухайн ажлын байранд тавигдах шаардлагад гадаад хэлтэй байх гэдэг шаардлага орсон бол шалгана. Нөгөө талд гадаад хэлний мэдлэг шаардахгүй ажлын байрууд ч бий шүү дээ.
- Төрийн албаны дараагийн шалгалт хэзээ болох вэ?
- Сая хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн албаны шалгалтыг улирал бүр зохион байгуулахаар болсон. Дээрээс иргэдэд цаг заваа урьдчилан тооцоолох боломж олгох үүднээс арванхоёрдугаар сардаа багтан дөрвөн улирлын шалгалтын товыг гаргах гэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!