Өмнөх “Социализмаас ухарсан капиталист Хятадын, капитализмаас ухарсан ХХ их хурал” нийтлэлдээ манай өмнөд хөрш Дэн Сяопиний үеэс хэрэгжүүлсэн экспорт, хөрөнгө оруулалт, худалдан авалт гэсэн гурван тулгуурт эдийн засгийн бодлогодоо өөрчлөлт оруулж, экспортыг тэргүүн зэрэгт авч үзэхээс илүү дотоодын хөрөнгө оруулалт, худалдан авалтдаа найдсан бодлого баримтлах болсон шалтгаан, нөхцөлийг тайлбарласан. Тэгвэл дээрх экспортоос үл хамаарах эдийн засгийн шинэ бодлого ба ХКН-ын XX их хурлын эдийн засаг, хөгжил шинэчлэлтийн хамгийн том шийдвэр болох Хятадад үүсээд буй дөрвөн зөрүү буюу бүс нутгийн хөгжлийн зөрүү, хот хөдөөгийн ялгаа, салбар хоорондын ашгийн зөрүү, хот хөдөөгийн халамж, орлогын зөрүүг арилгах хамтын хөгжлийн номлол нь Монгол Улсад хэрхэн нөлөөлж болохыг энэхүү нийтлэлдээ өгүүлнэ.
Хятадын төрийн зөвлөл, хөгжил шинэтгэлийн хорооны тэргүүлэх эдийн засагчдын сүүлийн үеийн өгүүлэл, нийтлэлээс анзаарахад БНХАУ нь ирэх оны 3-р сараас өмнө тэг ковид бодлогоос татгалзаж, цар тахлын үед бизнес нь зогссон, санхүүгийн хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүд, ялангуяа дунд болон дундаас доогуур гэж тооцогдох жижиг бизнес эрхлэгчид, дотоодын эцсийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, худалдаа, үйлчилгээний салбартаа их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгож, төрийн дарамт, орон нутгийн засаг захиргааны хүнд суртлыг багасгах алхмуудыг хийхээр байна.
Товчхондоо монополийг задалж, хэт баяжих явдалтай тэмцэж, томоохон хувьцаат компаниудын хувьцааны тодорхой хэсгийг ажилчдад нь олгодог дүрэм нэвтрүүлж, бүс нутгуудаа жигд хөгжүүлж, эдийн засгийн аль салбарт бизнес эрхэлж, ажиллаж буйгаас үл хамааран жигд ашиг олох, ойролцоо цалин авдаг болох, хот хөдөөд адил хүртээмжтэй халамж, нийгмийн хамгааллын бодлого баримтлах амлалт өгсөн. Энэхүү амлалт нь ард түмнийх нь дийлэнхийн хүсэл эрмэлзэлд нийцэж буйг Хятадын олон нийтийн санаа бодлыг танддаг олон улсын шинжээчид ч хүлээн зөвшөөрч байгаа нь ирэх 10 жилд Хятадын нийгэм тогтвортой байх үндэс суурь болж байна. Хятадын ирэх 10 жилийн засаглал, нийгмийн тогтвортой байдалд эргэлзэх шаардлагагүй.
2022 оны гуравдугаар улирлын дүнгээр Хятадын гадаад худалдааны хэмжээ есдүгээр сарын байдлаар 560.77 тэрбум ам.доллар үүнээс экспорт 322.76 тэрбум ам. доллар хүрчээ. Харин Монгол Улсын БНХАУ-тай хийсэн гадаад худалдааны нийт хэмжээ энэ оны эхний 10 сарын байдлаар 10.9 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувь өссөн ба үүнээс манайх 2.47 тэрбум ам.долларын импорт хийсэн нь бага үзүүлэлт биш. Манай улс Хятадаас голчлон ачааны автомашин, чиргүүл, хагас чиргүүл, эрчим хүч, цахилгаан хэрэгсэл, барилгын материалын тоног төхөөрөмжөөс гадна хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас, бэлэн гоймон, шар айраг, цагаан будаа импортолж байна.
Хятад экспортын баримжаатай эдийн засгийн бодлогоосоо татгалзсан нь Америк – Хятадын худалдааны дайн, Орос – Украины дайны явцад олон улсын хориг арга хэмжээ эрчим хүчний экспорт дээр суурилсан Оросын эдийн засгийг ганхуулж буй сургамж зэрэг гадаад хүчин зүйлсээс гадна дотоодын чинээлэг, дундаж давхарга нь гаднын брэндийн импортын бараанаас хэт хамааралтай болсон, ажиллах хүчний зардал өссөн зэрэг дотоод шалтгаантай. Хятадын залуу үе долоо хоногт 40-өөс дээш цаг үйлдвэрт ажиллахыг хүсэхээ больсны дээр засгийн газраас нь 292 сая цагаач ажилчдынхаа амьдралын нөхцөлийг сайжруулж, том хотуудын төвлөрлийг сааруулах үүднээс орон нутагт нь ажиллуулах бодлого хэрэгжүүлэх болсон зэргээс шалтгаалан голчлон далайн эргийн дагуух зүүн өмнөд 5 муж Гуаньдун, Жиансу, Шандун, Жөжян, Фүжианд байрлах экспортын бөөний бараа үйлдвэрлэгчдийн зардал өсөөд буй.
Хэдийгээр эдгээр мужуудад байрлах үйлдвэрүүдийг хөгжлийн түвшин доогуур төв, баруун, зүйд хойд мужууд руу нүүвэл Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээ амлаад буй ч Ши Жиньпин тэгшитгэх бодлого, нэгэнт бий болсон ажиллах хүчний өндөр зардлаас зайлсхийн ихэнх компаниуд тэдгээр дотоодын мужуудаас илүү Зүүн Өмнөд Азийн орнууд руу үйлдвэрээ шилжүүлэх болов. Үүнд Хятадад төрөлт буурсан, хүн ам зүйн хямрал ирэх 50 жилд улам гүнзгийрэх дүр зураг ч нөлөөлж буй. Томоохон үйлдвэрлэгчид үйлдвэрээ автоматжуулж, шинэ робот технологи нэвтрүүлж буй ч энэ нь өндөр өртөгтэйгөөс гадна хүний л хийж чадах чимхлүүр үйлдлийг робот гүйцэтгэх боломжгүйгээс олонх нь хямд ажиллах хүчинтэй улсууд руу гарах замыг сонгож байна. Хятадууд хэрхэн хөрөнгөө хилийн чанадад гаргаж буй талаар ээлжит нийтлэлээрээ дэлгэрэнгүй бичих болно.
Манай улсын Засгийн газрын байгууллагууд, чөлөөт бодлогын судалгааны хүрээлэнгүүд, хувь судлаачид хөрш орнуудын төрийн бодлого, нийгэм, эдийн засгийн чиглэлийн судалгаагаа эрчимжүүлэн шинэ түвшинд гаргаж, төр, ард түмнээ үнэн бодит мэдээллээр хангаж, эх орныхоо үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулмаар байна.
Дэлхийн II дайнаас хойш тогтсон олон улсын дэг журам, их гүрнүүдийн харилцааны нөхцөл өөрчлөгдөж буй цаг үед Монгол Улсын эрх ашгийн үүднээс, Монгол хүний өнцгөөс харсан үнэн бодит мэдээлэл манай Засгийн газар, бизнес эрхлэгчдэд ус агаар мэт хэрэгтэй. Өнгөрөгч сард болсон ХКН-ын XX их хурлын үйл явц, шийдвэрийн талаар монгол хэл дээр мэдээ мэдээлэл хайхад Ху Жинтаог Ардын их хурлын танхимаас хүчээр гаргасан уу, Ли Көчян яагаад Ши Жиньпинийг эсэргүүцсэнгүй вэ зэрэг сенсац хөөсөн, ач холбогдол багатай мэдээллүүд давамгайлах ба барьцтай ганц нийтлэл гарсан нь Хятадыг удирдах 7 хүний танилцуулга байв. Үндсэндээ манай сэхээтнүүд ХКН-ын XX их хурлаас гарсан эдийн засгийн шийдвэрүүд Монгол Улсад хэрхэн нөлөөлөх, бид Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятад улстай эдийн засгийн талаар яахин харилцан ашигтай хамтран ажиллах тухай шинжлэх ухаанч, ажил хэрэгч ярилцлага, мэтгэлцээн нийгэмд өрнүүлсэнгүй нь харамсалтай.
Судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйл бол хүний нөөц, ажлын даалгавар, санхүү мөнгө байдаг. Жишээлбэл хувь судлаач миний бие таны уншиж буй цуврал нийтлэлийг бичихийн тулд хамгийн багадаа Хятад ба Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн талаар бичдэг экспертүүдийн судалгаатай танилцах гэж 560 юанийн төлбөр төлсөн байх жишээтэй.
Хятадын эдийн засгийг судлах судлаачдын тоо, хүний нөөц манайд хангалттай бий ч хамтран ажиллах соёл, багаар ажиллах сэдлийг төрүүлэхийн тулд зайлшгүй санхүү, олон нийтээс өгөх урам, засгийн газрын бодлогын дэмжлэг хэрэгтэй. Эцэст нь манай төр улсынхаа хөгжлийн алсын хараа, эдийн засгийн хөгжлийн зорилтууд дээр суурилсан оновчтой ажлын даалгавраа хэрхэн өгөхөөс үр дүн шалтгаална.
Манай шат шатны төрийн байгууллагуудын шийдвэрлэх асуудлын эрэмбэ дараа алдагдсан. Даваа гарагт хуралдсан нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр ирэх онд Сэлбэ голын эргийг 60 сая ам.доллароор санхүүжүүлэхээр болов. Гэтэл Монгол Улс энэ өвөл эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлах тухай ярьж буй. Мөн ирэх онд төлөх олон арван сая долларын бондын өрүүд хүлээгдэж байгаа. Сэлбэ голын эрэг иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх шинэ цогцолбор болох нь таатай ч яг өнөөдөр шийдэх тулгамдсан асуудал мөн үү гэвэл биш. Үүнээс өөр нийслэлийн нийтийн тээврийн хүрэлцээ гэх мэт амин чухал хоолойд тулсан асуудлууд шийдлээ хүлээж буй.
Жаран сая доллар гэдэг нь 210 тэрбум төгрөг. Тийм их илүүдээ гараад байгаа бол нийслэлийн захиргаа 10 тэрбумын санхүүжилт гаргаад Хятадын хил дамнасан цахим худалдааны платформууд дээр Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох төсөл хэрэгжүүлчих. Хэрвээ энэ хэмжээний санхүүгийн дэмжлэг байвал Монголын худалдааны экспертүүд жилд 200 тэрбум төгрөгийн худалдааг Хятадын цахим худалдааны платформууд дээр хийх бүрэн боломж бий.
Хятад бол дэлхийн хамгийн том цахим худалдааны зах зээл. 2021 онд хил дамнасан цахим худалдааны импорт экспортын хэмжээ нийт 277.3 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 15 хувийн өсөлттэй байна.
Одоогоор Хятадын хил дамнасан цахим худалдааны туршилтын бүсийн тоо 132 болоод байна. Зөвхөн Алибаба группийн Таобао зэрэг сайтуудаар бид хятадын цахим худалдааны зах зээлийг төсөөлж болохгүй. Хятадын хэрэглэгчид импортын бүтээгдэхүүнийг бусад бүх онлайн дэлгүүрийн адил утсаараа худалдаж авдаг. Хятадад гар утасны аппликейшн нь вэб хуудсуудаас хамаагүй өндөр нэвтрэлттэй. Ихэнх цахим худалдааны компаниуд өөрсдийн бие даасан платформууд ажиллуулахаас гадна WeChat, Аlipay, QQ, Weibo дээр давхар мини программууд хөгжүүлдэг.
Импортын бүтээгдэхүүн худалдах хамгийн алдартай платформуудаас дурдвал Алибабагийн TMall Global (天猫国际) , бусад компаниудын Kaola (考拉海购), JD Worldwide (京东国际), Ymatou (洋码头), Amazon Global (亚马逊浭头) зэрэг худалдааны платформууд юм.
Хятадын дотоодын цахим худалдааны платформууд дээр бараа бүтээгдэхүүнээ байршуулахын тулд гадаадын худалдаачид Хятадад хуулийн этгээд заавал байгуулах албагүй ч хуулийн дагуу Хятадад үйлдвэр, худалдааны бүртгэлийг хариуцах тус улсын компанитай хамтрах шаардлагатай. Тэрхүү компани нь БНХАУ-ын гаалийн байгууллагад бүртгүүлж, хамтрагчийнхаа өмнөөс хариуцлага хүлээх, үнэн зөв мэдүүлэг гаргах, холбогдох байгууллагуудын хяналтыг хүлээн авах зэрэг үүрэг хүлээнэ. Ихэнх цахим худалдааны платформууд нь гадаадын худалдаачдад дотоодын компаниудтай холбогдоход нь туслах үйлчилгээг санал болгодог.
Хятадад хууль ёсоор импортлох боломжтой бүтээгдэхүүний төрлийг жил бүр шинэчилж, Хил дамнасан цахим худалдааны жижиглэнгийн импортын барааны жагсаалтад ("CBECWhitelist") оруулдаг. Энэхүү жагсаалтыг хамгийн сүүлд 2022 оны эхээр шинэчилсэн бөгөөд цанын хэрэгсэл, аяга таваг угаагч, улаан лоолийн шүүс зэрэг Хятадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээтэй 29 шинэ бүтээгдэхүүнийг жагсаалтад нэмж оруулсан. 2022 оны Цагаан жагсаалтад төрөл бүрийн хуурай хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, тавилга, цагаан хэрэглэл, цахилгаан бараа зэрэг 1476 нэр төрлийн бараа багтсан.
ХКН-ын XX их хурал болон өмнө нь гарсан монополийн эсрэг арга хэмжээний хүрээнд Алибаба, Тэнсэнт зэрэг нийгмийн сүлжээ, цахим худалдааны компаниуд зах зээл дээр дангаар ноёрхохоос илүү дунд зэргийн цахим худалдааны компаниудыг олноор хөгжүүлэхэд төр нь анхаарч дэмжлэг үзүүлэх болж, зах зээлийг илүү олон оролцогчтой, олон сонголттой болгохоор ажиллаж байна.
2022 оны Цагаан сарын дараа хөдөөгөөс хот руу ирж ажиллаж байсан 1,6 сая цагаач ажилчин хуучин ажилдаа эргэж очоогүй. Тэдгээрийн дийлэнх нь шинээр гарч ирж байгаа цахим худалдааны платформуудын худалдааны төлөөлөгч, борлуулагчаар гэрээсээ ажиллаж эхэлсэн. Гадаадын худалдаачид шинээр үүссэн худалдааны платформуудтай хамтран ажиллаж, өмнө нь цагаач ажилчин байсан хүмүүсээр бараа бүтээгдэхүүний сурталчлуулан худалдан борлуулбал Хятадын засгийн газраас хил дамнасан цахим худалдааны туршилтын бүсүүдээр дамжуулан бараагаа оруулах боломж олгож, тусгай хөнгөлөлтүүд үзүүлэхээр болсон. Иргэдийнхээ гадаадын нэр хүнд бүхий брэндийн хэрэглээг Хятадын засгийн газар таашаахгүй байгаа ч, хөгжиж буй орнуудаас орж ирэх гарааны бизнесүүдийн шинэ бүтээгдэхүүн дээр хөнгөлөлт үзүүлэхээ амлаад буй. Энэхүү боломжийг манай улс хил дамнасан цахим худалдаа хөгжүүлэлтийн тинк танк байгуулах замаар ашиглах учиртай.
Хятад дотоодын мужуудынхаа хөгжлийн зөрүүг арилгах зорилт тавьсан. Тэрхүү зорилт нь 2017 оноос хойш эрчимтэй хэрэгжиж буй бөгөөд 2022 оны эхний хагас жилийн дүн мэдээг харвал манай улсын хилээс холгүй орших Ниншиа хотон үндэстний өөртөө засах орон буюу товчоор Ниншиа муж энэ оны 1, 2-р улиралд хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.
Хятад улсын хэмжээнд авч үзвэл оны эхний хагаст хамгийн өндөр ДНБ-ий өсөлтийг харуулсан эхний таван муж нь Ниншиа 5.3%, Шаньси 5.2%, Шинжаан 4.9%, Зянши 4.9%, Төвд 4.8% байна. Ниншиагийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүн үндэсний ДНБ-ий жагсаалтад онцгой байр суурь эзэлдэггүй ч Хятадын төв болон баруун бүс нутгуудын дунд шинэ хар морь тодрон гарч ирэхээр байна. 2010-2020 оны хооронд Ниншиагийн ДНБ 139 хувиар өссөн байна.
Сүүлийн таван жилд Ниншиагийн үндсэн хөрөнгөд оруулсан нийт хөрөнгө оруулалт 1 их наяд юань буюу 148.2 тэрбум ам.доллар давжээ. Ниншиа мужид нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх дэлхийн хамгийн том төсөл болох Central Photovoltaics-ийн 50GW монокристалл цахиурын төсөл, Runergy-ийн фотоволтайк материалын төсөл зэрэг хэд хэдэн томоохон төслүүд хэрэгждэг. 2021 онд Ниншиагийн бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 3.2 тэрбум ам. доллар хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 73.4 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь тус улсад хоёрдугаарт орсон байна. Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл хүчин төгөлдөр болсноор Ниншиагийн импорт, экспортын хэмжээ 2022 оны I улиралд 1.8 тэрбум ам. доллар хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 70.1 хувиар өсөж, өсөлтийн хурд нь Хятадад мөн л нэгдүгээрт жагслаа. Харин ӨвөрМонголын ДНБ энэ оны эхний хагаст 4.3 хувиар өсжээ.
Зөвхөн Ниншиа мужийн жишээгээр авч үзэхэд Хятадын төв, баруун, зүүн хойд мужуудаа хөгжүүлэх бодлогын хүрээнд манай улсын хил дагуух болон зэргэлдээх мужууд нь ойрын 10 жилд үсрэнгүй хөгжиж далайн эргийн дагуух өндөртэй хөгжилтэй 5 мужийн 2010 оны ДНБ-ий хэмжээнд дийлэнх нь хүрэхээр байна. Энэ нь маш их хэмжээний эрчим хүчний нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний эрэлтийг үүсгэж, түүхий эдийн үнэ дагаж өсөхөөр байна.
Гуаньдун, Жиансу, Шандун, Жөжян, Фүжиан зэрэг далайн эргийн мужийн аж үйлдвэрийн паркууд руу далайгаар тээвэрлэн ирж байсан Австрали, Индонезийн нүүрс дахин газраар тээвэрлэгдэн Ниншиа, Шинжаан, Ганьсу, ӨвөрМонгол, Цинхай мужууд руу хүрсэн ч тээврийн үнийн зөрүү нь манай улсын авто зам, төмөр зам хосолсон тээврээр тус мужууд руу экспортлох нүүрсний өртөгтэй өрсөлдөх боломжгүй. Оросууд Манжуураар дамжуулан Хармөрөн, Ляонин, Жилин, Хэбэй рүү нүүрсээ экспортолж болох ч өмнө дурдсан мужууд руу хүрэхийн тулд илүү урт тойрог замыг туулах сонголттой тулна. Магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар айлчилсан төрийн албан ёсны айлчлалын Хятадын талын улс төр, эдийн засгийн гол тооцоо нь Монголд хойд болон барууны мужууд, Орост зүүн хойд мужуудын нүүрсний импортыг хуваан өгөх явдал байсан биз ээ.
Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд яригдсан жилд Хятад руу 40-70 сая.тонн нүүрс экспортлох урьдчилсан тохироо бол энэ удаад төрийн айлчлал бүрийн хүрээнд яригддаг хуурай яриа, манай талын гуйлт төдий биш бөгөөд Хятадын хойд, баруун мужуудад Монгол Улсын нүүрс зайлшгүй хэрэгцээтэй хөгжлийн түүхий эд болоод байна. Монголчууд бид өвөр хоорондоо бүлэглэн тэмцэлдэж, Хятадын шинээр хөгжиж буй манай хил дагуух мужууд руу нүүрс экспортлох 10-хан жил тохиох боломжоо бусад улсад алдахгүй л байх юмсан. ХКН-ын XX их хурлын бас нэг том шийдвэр 2035 – 2050 оны хооронд Хятад улс түүхий нүүрс шатааж эрчим хүч гаргахаас шат дараатай татгалзах гэдгийг санаж явууштай...