Монголчууд капитализмыг алгассан онол, практикийн туршлагаа Ази, Африкийн орнууд руу экспортлохоор тэмүүлж байсан 1970-аад оны сүүл 80-аад оны эхээр Хятадууд хөгжингүй орнуудаас капитализмыг импортолж эхэлсэн юм.
1978 онд Дэн Сяопины эхлүүлсэн нээлттэй хаалганы бодлого нь эдийн засгийг чөлөөлснөөр Зөвлөлт тэргүүтэй коммунист систем болон Америкийн холбоотон капиталист орнуудын хувьд Хятад нь социализмаас ухарсан хэрэг байлаа. Марксаас эхлээд Маог хүртэлх бүхий л коммунистууд мөлжигч ангийг төрүүлэгч хувийн өмчийг устгаж, эрх тэгш эв хамт нийгмийг цогцлоохыг хүсэж байснаас тухайлсан нэг социалист улс хөгжил дэвшилд хүрэхийн тулд коммунизмын нэрэн дор төлөвлөлт ба социализм, зах зээлийн эдийн засаг, капитализмын харилцааг дахин тодорхойлж, ажилчин ангийг баяжихыг уриалах, эдийн засгийн эрх чөлөө олгохыг хувьсгалын үйл хэрэг, ангийн тэмцлээс урвасан хэрэг гэж үзэж байв.
Өөрчлөлт шинэчлэлт нээлттэй хаалганы бодлогыг тунхагласан 1978 оны 12-р сард болсон ХКН-ын Бага хурлын хаалтын хуралдаанд Дэн Сяопин үг хэлэхдээ "Оюун санаагаа чөлөөлж, үнэнийг баримтаас эрэлхийлж, ирээдүйг харахын тулд нэгдмэл байя" гэсэн илтгэл тавьжээ.
1982 онд тавьсан удаах илтгэлдээ Дэн: Хувийн өмчийн оршин тогтнол, өсөлт нь Хятадад социализмыг сүйрүүлж, капитализмыг дэмжих албагүй. Хөгжил бол манай улсын туйлын зарчим хэмээн мэдэгдэв. Тэрбээр хөгжингүй орнуудаас менежментийн боловсронгуй туршлага, зах зээлийн дэвшилтэт механизмыг импортлохын зэрэгцээ социалист төрийн тогтолцоо, нийтийн өмчийг хадгалсаар байхаа амлаад үүнийгээ Хятадын онцлогтой социализм гэж томьёолсон.
Хятадын онцлогтой социализмын нэг гол санаа нь: Төлөвлөлт ба чөлөөт зах зээлийн өөрийгөө зохицуулах хүч нь социализм, капитализмын үндсэн ялгаа биш. Төлөвлөгөөт эдийн засаг бол дангаараа социализмын тодорхойлолт биш гэж үзсэн явдал. Учир нь капитализмын үед ч төлөвлөлт байдаг, чөлөөт зах зээлийн өөрийгөө зохицуулах хүч социализмын үед ч тохиолддог. Тэдгээр нь хоёулаа эдийн засагт хяналт тавих арга зам гэх тайлбар. Хяналт байгаа газар социализм байна. Өгүүлж буй зах зээлийн өөрийгөө зохицуулах хүч нь Адам Смитийн тодорхойлсон “үл үзэгдэгч гар” бөгөөд социалист эдийн засгийн зарим мөчлөгт төрөөс төлөвлөөгүй зохицуулалт нөлөөлдөг бол Кейнсийн онолын дагуу капиталист орнууд ч эдийн засгаа төлөвлөдөг гэх санааг илэрхийлдэг. Өрнийн зарим эдийн засагчид ХХI зууны Хятадын үсрэнгүй хөгжил нь социализмаас ухарч капитализмыг хүлээн авсны шагнал, энэ бол чөлөөт зах зээлийн онолын ялалтын бэлгэ тэмдэг гэж бичих нь бий. Ямартаа ч тэрхүү социалист ухралт эсвэл капиталист үсрэлтийн эцэг Дэн Сяопин "Муур хар, цагаан байх нь хамаагүй. Хулгана барьж чаддаг бол тэр сайн муур" хэмээн өгүүлсэн.
Өнгөрсөн 44 жилийн хугацаанд чөлөөт эдийн засаг бүхий Хятадын онцлогтой социализм Хятадыг ямар амжилтад хүргэснийг дэлхий нийтээрээ харж байна.
БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 1978 онд 149,54 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 18 их наяд 370 тэрбум ам.доллар болж өссөн. Нэг хүнд ногдох ДНБ 156 ам.доллароос 11,800 ам.долларт хүрчээ. 1980-аад он гэхэд үерийн гамшгаас шалтгаалан ургац алдсан жилүүдэд өлсгөлөн нүүрлэхдээ тулж байсан Жөжянь мужаас "Алибаба" тэргүүтэй технологийн компаниуд төрөн гарч, 1979 онд 30,000 хүн амтай загасчдын суурин байсан Шэнжэнь хот өдгөө 13 сая хүн амтай метрополис хот болоод зогсохгүй зөвхөн тус хотын ДНБ 2022 оны I улиралд 3 их наяд юань буюу 471 тэрбум ам.доллар давснаар Нью-Йорк, Токио, Лос Анжелес хотуудыг гүйцэж, Шанхай, Лондон, Парис, Бээжин, Чикаго хотуудтай зэрэгцэж ирэв.
Хэдийгээр өнгөрсөн XX зууны эхний хагаст Хятадыг эзлэн түрэмгийлж байсныхаа хувьд Япон нь өмнөд хөршийн түүхэн дайсан мэтээр төсөөлөгддөг ч эдийн засгийн шинэчлэлийнх нь багш, түнш, үлгэр дуурайлал болсон юм. 2018 онд Дэнгийн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй хаалганы бодлогын 40 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэх үеэр Ши Жиньпин Хятадын хөгжлийн анд нөхөд хэмээн гадаадын 10 эрхмийг тодруулан “Найрамдал” медалиараа шагнахад Японы бизнесийн салбарыг төлөөлж "Панасоник" компанийг үндэслэгч Коносүкэ Мацушита, улстөрчдөөс нь Ерөнхий сайд асан Масаёши Охира нарыг нэхэн шагнасан.
Хятадын өргөн хэрэглээний барааны бөөний үйлдвэрлэлийн менежмент, технологи, гадаад худалдааны маркетинг нь анхандаа Коносүкэ Мацушитагийн удирдлагын арга барил, ажиллах хэв маяг, төлөвлөлтөөс үлгэрлэсэн байдал ажиглагддаг. 1978 – 2019 оныг хүртэлх Хятадын үйлдвэрүүд бага цалин, ажлын урт цагийг эрхэмлэж, ажилчид нэг үйлдвэртээ тогтвортой ажиллаж, зарим бүс нутагт хэд хэдэн тосгод зөвхөн нэг л бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүхэл бүтэн хотууд нийтлэг нэг төрлийн барааны хар зах болж цамцны товч, үсний боолт, хувцас, хүүхдийн тоглоомыг ширхгээр биш килограммаар тооцон арилжиж, электрон бараа, тавилга хэрэгслийг тонн тонноор нь экспортолж, ложистикийн аварга сүлжээ нь далай, төмөр зам, авто зам, онгоцоор дэлхийн өнцөг булан бүрд хүргэнэ.
Хятадын эдийн засгийн тоймыг уншихад гадаад худалдаа, хувийн хөрөнгө оруулалт, эцсийн хэрэглээний ДНБ-д оруулах хувь хэмжээг заавал дурддаг.
ХКН-ын ХХ их хурлын өмнө Хятадын төрийн зөвлөлийн зөвлөх Шиа Бин эдийн засагтаа үүсээд буй асуудлын талаар нийтлэл бичиж хэвлүүлэхдээ Орос-Украины дайн болон 2017 онд эхэлсэн Америк-Хятадын худалдааны дайныг гол бэрхшээлээр нэрлэсэн. Тэрбээр Хятадын эцсийн хэрэглээний ДНБ-д оруулах хувь 2014 онд 56.3% байснаа 2021 онд 65.4% болж, бараг 10 нэгжээр өссөн бол 2022 оны эхний улиралд 69.4 хувьд хүрснийг мэдээлэв. Эцсийн хэрэглээний ДНБ-д оруулах хувь нэмэр өссөөр байгаа нь тус улсад экспортын чиг баримжаатай эдийн засгийн загвараас татгалзах боломж олгож буйг дурджээ. Энд 18 их наяд давсан ам.долларын 70 хувийн тухай яригдаж буй. Их Британи, Америк, Канад, Австрали, Шинэ Зеландын хүн амыг нийлүүлснээс их дундаж давхаргынхаа худалдан авалтад найдсан эдийн засгийн бүтцийг бүтээхээ Хятадууд зарлав.
Өмнөд хөршийн хувийн хөрөнгө оруулалтын хувь сүүлийн 10 жилд тогтмол буурсан ч нийт хөрөнгө оруулалтын 50 гаруй хувийг эзэлж байгаа. Дотоодын хувийн хэвшил, иргэдийн эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлбэл дээрх дүн өсөх боломжтой гэж үзжээ.
Хувийн хөрөнгө оруулалтын жилийн өсөлтийн хурд нь 2014 онд хоёр оронтой тоогоор 15.8% -аар өссөний дараа 2015 онд 8.8%, 2016 онд 2%, 2020, 2021 оны 2 жилийн дундаж нь 4% -аас бага, 2022 оны эхний хагаст 3.5% болсон. Энэ оны эхний хагас жилийн нийт хөрөнгө оруулалтын өсөлт 6.1% байгаатай харьцуулахад дээрх тоо харьцангуй бага байгаа нь "Тэг КОВИД" бодлоготой холбоотойг эдийн засагчид ил өгүүлэх болов. Хөрөнгө оруулалт буурахад татварын орлого буурч, ДНБ-ий өсөлтийн хурд саарч, ажилгүйдэл өсдөг. Хятадын татварын орлогын 50%, ДНБ-ий 60%, хөдөлмөр эрхлэлтийн 80%-ийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа.
Иймд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нь хувийн аж ахуйн нэгжүүд оршин тогтнох эсэх, бизнес эрхлэгчид хэр их мөнгө олох тухай хэсэгчилсэн асуудал биш, харин үндэсний татвар, ажил эрхлэлт, өрхийн хэрэглээнд шууд нөлөөлж, тогтвортой байдалд нөлөөлж буй дэхийн хэмжээний асуудал болоод байгааг бичжээ. Зах зээлийн итгэлийг сэргээхэд гажуудсан институцийг засах шаардлагатай гэнэ.
2022 оны III улирлын дүнгээр Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ есдүгээр сард 560,77 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар өсжээ. Үүнээс экспортын өсөлт үргэлжлэн 322.76 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 10.7 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч өмнөө өгүүлсэнчлэн эдийн засгийн гурван тулгуурт бодлогын экспортыг баримжаалсан бодлогоо эргэн харах тул экспорт дээр суурилсан үйлдвэрлэлийн дэмжлэг буурч, илүү дотоодын зах зээлд чиглэсэн үйлдвэрлэл, худалдааны бодлого хэрэгжинэ. Энэ нь Хятадын экспортын хэмжээ тоон утгаараа буурахгүй, жил ирэх тусам өсөх ч эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байхаа болино гэсэн үг.
Дээрх тоо баримтуудаас харахад хэдийгээр АСЕАН Хятадын хамгийн том худалдааны түнш боловч сүүлийн жилүүдэд Америкийг стратегийн түншээрээ сонгосон нь Хятад улс гадаад худалдааны хувьд Ази дахь Америкийг баримтлагч улсууд ба Барууны орнуудын эрх ашиг, нөлөөлөлд бүслэгдэх нөхцөлийг үүсгэв.
Хятад цаашид экспортын баримжаатай эдийн засгийн бүтцээ өөрчлөхгүй бол Тайванийн асуудлаас шалтгаалж Америк ба Барууны орнуудын хориг арга хэмжээнд орвол эдийн засаг нь сууриараа ганхах аюул бий. Ойрын жишээ нь ОХУ Украинтай дайн өдөөснийхөө хувьд дан ганц байгалийн хий, нефть, нүүрсний экспортоос хамааралтай эдийн засаг нь олон улсын хориг арга хэмжээнээс шалтгаалж хүнд байдалд ороод байгаа.
Хятадын бас нэг онцлог нь ХКН-ын их хурал дээр аливаа бодлогыг зарладаг ч, тэрхүү бодлого нь харьцангуй өмнө нь хэрэгжиж эхэлсэн байдаг. Хятадууд намын ХХ их хурлаараа экспортыг баримжаалсан бодлогоосоо татгалзсанаа илэрхийлсэн ч тэрхүү бодлого өмнөх XIX их хурлын дараа 2017 оноос хойш хэрэгжиж эхэлснийг илтгэнэ. Цаашид Хятад улс дотоодын худалдан авалт, хөрөнгө оруулалтад найдсан хоёр тулгуурт эдийн загийн бодлого баримтлахаар тогтов.
Өмнөх үеийн эдийн засгийн бодлого нь Хятадын дотоодод дөрвөн зөрүүг үүсгэсэн гэж намын их хурлын төлөөлөгчид үзэв. Эдгээр нь бүс нутгийн хөгжлийн зөрүү, хот хөдөөгийн ялгаа, салбар хоорондын ашгийн зөрүү, хот хөдөөгийн халамж, орлогын зөрүү болно. Дөрвөн зөрүү үүссэнээр Хятадын нийгэмд баян ядуугийн ялгаа ихсэж Хятадын онцлогтой социализмд аюул тулгарсан гэж дүгнэв.
Далайн эргийн дагуух зүүн өмнөд 5 муж Гуаньдун, Жиансу, Шандун, Жөжян, Фүжиан мужийн ДНБ-ий нийлбэр нь 3.25 их наяд ам.доллар болж, Хятад улсын нийт орлогын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байна. Үүн дээр нэмэгдээд Шанхай, Тяньжин зэрэг томоохон хотуудыг оролцуулбал тус бүс нутагт улсын орлого, бүтээж буй баялгийн ихэнх ногдоно. Гэтэл Бээжин, Чунцинийг оролцуулахгүй бол зүүн хойд, төв, баруун талын үлдсэн 22 мужийн хөгжлийн түвшин харьцангуй доогуур хэвээр байгаа нь хүн амын шилжилт хөдөлгөөнд нөлөөлж, том хотуудын үл хөдлөх хөрөнгийн үнийг өсгөж хямралд хүргэв.
Хот хөдөөгийн ялгаанаас шалтгаалж 2021 оны эцсийн дүн мэдээгээр хукоу буюу хөдөөгийн цагаач ажилчдын тоо 292 сая болсон нь нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амын гуравны нэгээс илүү хувийг эзлэв. Цагаач ажилчид сүүлийн 40 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн гайхалтай өсөлтийн хөдөлгүүр болсон ч тэд гадуурхагдаж, институцийн ялгаварлан гадуурхалтад өртдөг. Тэдний хүүхдүүд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал тул эцэг эхээсээ олон жилийн турш тусдаа амьдардаг.
Салбар хоорондын зөрүү гэдэгт уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүч, технологийн салбарын компаниудын ашиг, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас хэт өндөр байж, улмаар түрүүлж хөрөнгөжсөн корпорацууд охин компаниудаараа дамжуулан бусад салбарт монополь үүсгэдэг байдлыг дурдав. Ажилчид аль салбарт ажиллаж байгаагаас шалтгаалан ижил цаг бүтээмжээр ажилласан ч харилцан адилгүй цалин авч байгаа нь хөгжингүй социалист улсад тохирох үзэгдэл биш гэжээ.
Хятад улс 1.4 тэрбум гаруй хүн амтайгаас “2021 оны Хятадын статистикийн эмхэтгэл”-д дурдсанаар, сард 1000 хүрэхгүй орлоготой 560 сая, 1000 – 2000 юанийн орлоготой 310 сая, 2000 – 5000 юанийн орлоготой 380 сая хүн байгааг дурдав. Дундаж орлоготой бүлэгт 400 сая орчим хүн байгаа ч тэдний олонх нь хүүхдээ сургуульд сургах, эрүүл мэндийн хадгаламж, орон сууц худалдан авах, өндөр настны асаргаа гэх мэт зардлуудын дарамтаас гарч чадахгүй хэвээр байна.
Иймд дээр дурдсан маш бага орлоготой, бага орлоготой, дундаж давхаргын иргэдийн хэрэглээний асуудлыг шийдэж, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэхийн тулд бодлогын цуврал зохицуулалт хийхээр болов. Үүнд: Эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, тогтвортой ажлын байраар хангахаас гадна орлогын хуваарилалтын шинэчлэлийг хурдасгах, "багыг дэмжих, дундыг тэлэх, ихийг хязгаарлах". Засгийн газраас хувийн хэвшлийн корпорацуудын ажилчдад хувьцаа эзэмших, өмчлөх эрхийг хуваалцах боломжийг судалж байгаа гэнэ. Хүн амын 90%-ийг бүрдүүлэх энэ гурван бүлгийн хувьд иргэдийн амьжиргааны ялгавартай байдлыг арилгахын тулд дээр дурдсан дөрвөн зөрүүг үгүй хийхээ амлав.
ХКН-ын ХХ их хурлын үеэр Ши Жиньпин өгүүлэхдээ: Хятад улс шударга ёсыг сахин хамгаалж, бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулж, туйлшралаас эрс сэргийлнэ гэжээ.Хамтын хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх гол арга замуудын нэг бол "хуваарилалтын системийг сайжруулах" явдал болохыг сануулав. Баялгийн хуримтлалын механизмыг стандартчилах, хууль ёсны орлогыг хамгаалах, хэт их орлогыг зохицуулах, хууль бус орлогыг хориглох болно гэв. Бүс нутгийн хөгжлийн тухайд зохицуулалтай хөгжлийн бодлого баримтлахаа илэрхийлэн хөгжлөөс хоцрогдсон муж хотуудад Засгийн газраас хөрөнгө оруулахаа мэдэгдэв.
Социализмын нийгмийн олонход таалагддаг гол үзэл санаа бол бүгд баяжиж чадахгүй бол нийтээрээ ижилхэн амьдрах тухай үзэл юм. Ямартаа ч Хятадын шинэ үеийн эдийн засгийн хөгжлийн зорилго нь бүгдээрээ тэгшхэн хөрөнгөжиж, амьдралын чанараа сайжруулах гэдгийг онцлоод нийгэм журам байгуулахын тулд тэгшитгэх бодлого баримтлахаа зарлалаа. Өгүүлвээс Ши Жиньпин "Муур хар, цагаан байх нь хамаагүй. Хулгана барьж чаддаг бол тэр сайн муур. Гэхдээ зарим муур том хулгана барьсан бол бусадтайгаа хуваалцах ёстой. Ер нь муур том хулгана барих шаардлагагүй. Хар ба цагаан муурын толгой заавал улаан байх ёстой гэж хэлэв".