Зураг
Зураг
Индэр    
2022 оны 11 сарын 24
Зураг
Эдийн засагч, шинжээч

2023 онд хувийн санхүүгээ яаж сайжруулах вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Яг одоо цагт бол муйхраар зүтгэж, өдөр шөнөгүй ажиллаад таны санхүү дээрдэхгүй гэдгийг би баталгаатай хэлье.

Дөрвөн жилийн өмнө та ажилдаа хэр цаг зарцуулдаг байсан одоо ч тийм л цаг зарцуулж буй. Магадгүй хямралын үе болохоор тэндээс ч их байж магад. Гэвч таныг ажиллаж байх хойгуур таны амьдралын нөхцөл дордож, таны худалдан авах чадвар хоёр дахин буурчээ. Тоотой ярина шүү. Сүүлийн дөрвөн жилд: 

Гол барааны үнэ:

  • Гурилын үнэ 1,600-аас 3,400 төгрөг (+113% өссөн)
  • Үхрийн мах 7,800-аас 15,000 төгрөг (+92% өссөн)
  • Ургамлын тос 3,555-аас 9,031 төгрөг (+154% өссөн)
  • Төмс 929-өөс 1,447 төгрөг (+57% өссөн)
  • Талх 1,175-аас 2,145 төгрөг (+82% өссөн)

Цалин хөлс:

  • Дундаж цалин нэг саяас 1.5 сая төгрөг болсон байна(+50% өссөн) 

Ийм байхад төр засаг юм хийхгүй бидний амьдралыг дордуулж байна. Эсвэл ажил дээрээ улам хичээх ёстой юм байна гэж өдөр шөнөгүй, цаг наргүй амьдрах ёстой гэж үү? Жаахан бодох хэрэгтэй.

Бид санхүү тал дээр ерөөс урсгалаар явж болохгүй. Гэлээ гээд богино хугацаанд мөнгөө өсгөх гээд чичрээд байж бас болохгүй. Дүрэм энгийн. Орлого, зарлага гэж хоёр юм бий. 

Орлого нэмэх:

Бүтээмжээ өсгөөд үзэх үү? 

Бүтээмж гэхээр өдөр, шөнөгүй ажиллах тухай бодож болохгүй. Богино хугацаанд юмыг чанартай хийх чадвар л юм. Бүтээмж өсгөх аргыг нь 1776 онд Адам Смит хэлчихсэн. Хариуцаж авсан, өөрийн хэсэг дээрээ мэргэш, төрөлж. Таныг хэн ч орлож чадахгүй байх чадвартай болох нь чухал. Компани чинь багийн ажиллагааны үр дүн. Ан агнахад таны үүрэг оролцоо байхгүй бол тэр сүрэгт та хэрэггүй. Тиймээс багийнхаа нэг хэсэг нь болох, болохдоо орлуулшгүй хэсэг. Улмаар таныг баг үнэлнэ, компани үнэлнэ. Цалин өснө. 

Олсноо зөв удирдах:

Нэг өдөр, нэг сар, нэг жил, 10 жил, 20 жилийн хугацаатай мөнгөө байршуулаад үзэх үү?

Монголчуудын ихэнх нь нэг жилийн л хугацаатай мөнгөтэй. Тэгснээ гадаадад аялсан, амьдарсан сайхан амьдралын тухай мөрөөддөг. Санхүүжилт байхгүй бол юу ч бүтэхгүй. Одооноос тэтгэврийн хуримтлал(20-30 жил, сар бүр 10к байсан ч болно), хүүхдийн сургалтын төлбөр(10 жил, сар бүр 100к), гадагш аялах хуримтлал(3 жил, сар бүр 200к) гээд амьдралд тохиох нь ойлгомжтой, зарлага гарах нь ойлгомжтой зүйлүүд дээрээ хуримтлал үүсгээрэй. Одоо та ирээдүйгээ бодоорой.

Том зарлага бүрийг та хуримтлалын хүчээр давчих боломжтой. Дэндүү урт хугацаа байна шүү дээ. Мөнгөний ханш уначихна гэж айж байгаа бол The Compound Effect гэж ойлголтыг судалж үзээрэй. Инфляц арифметик прогрессоор, таны хуримтлал геометр прогрессоор өсдөг гэдгийг харуулдаг санхүүгийн ойлголт юм. Хөрөнгө оруулах, хуримтлуулах гэхээр мөнгө амьдралд хүрэлцэхгүй гэж ихэнх нь хэлэх вий. Хуримтлалыг урт хугацаагаар 10, 20, 30 мянгаар ч хамаагүй хийх боломж бий. 

Хэрэгжүүлэх түүлс: Хадгаламж, Мандал Хуримтлал апп, Хөрөнгө оруулалтын сан

Орлогоо төрөлжүүлэх гээд үзэх үү?

Энэ үгийг бүр маш их сонсож байсан байх. Гэхдээ чухал. Тоотой ярина шүү. Сүүлийн 50 жилд баялгийн бялуунд цалингийн орлогын хувь нэмэр буурч, компанийн ашгийн хувь нэмэр өсөж байна. Одоо санхүүгийн зах зээл нь 30 жил боллоо. Бүгдээрээ хадгаламжаас өөр бүтээгдэхүүн ярьдаг болох юм сан.

Хөрөнгийн захын компаниуд хүн татах гээд хувьцаа, бонд ав гэхээр шууд өөрөө дур мэдээд авчхаж болохгүй. Шууд алдагдал хүлээх магадлалтай. Аялагчид Алтай Таван Богд руу авирах гэж байгаа бол мэргэжлийн уулчидтай хамт гардаг. Наад зах нь үс засуулах, хоол хийхэд тогооч хэрэгтэй байгаа биз дээ. Яг түүнтэй адил. Хувьцаа бол ажил тараад амрангаа авчихдаг зүйл огт биш. Мэргэжлийн хүнтэй нь, компанитай нь хамтарна шүү. Хувьцаа бол урт хугацаанд шидээ үзүүлдэг мөнгө өсгөх хүн төрөлхтний бодож олсон гайхалтай бүтээгдэхүүн.

Санхүүд хандах сэтгэлгээгээ өөрчлөх гээд үзэх үү?

Бүх юмыг зээлээр авах гэх сэтгэлгээ: Зээл бол хэрэгтэй үедээ хэрэгтэй, хэрэггүй үедээ хэрэггүй л бүтээгдэхүүн. Бүх юмыг зээлээр шийдэх гэсэн хандлагаа болих цаг болсон. Зээл эргээд таныг дарамтад оруулдаг. Санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахгүй. 

Санхүүгийн шийдвэрээ өнөө, маргааштаа гаргадаг хандлага: Санхүү, мөнгөн дээр ерөөс уртыг харахгүй. Бид ихэвчлэн гоё ганган бүтээгдэхүүн болох iPhone утас авдаг, Америкийн иргэд тэр гоё ганган бүтээгдэхүүн хийгээд буй Apple -г авдаг юм. Та 2017 онд 1000 ам.доллартой байсан гэе. Тэр мөнгөөр iPhone-10 авчихжээ. Өнөөдөр 500 ам.доллартой. Харин Америк иргэн 2017 онд 1000 ам.доллароор Apple хувьцааг нэгжийн үнэ 33 ам.доллар байхад авчихжээ. Өнөөдөр Apple хувьцааны үнэ 140 ам.доллар. Мань хүний 1000 ам.доллар нь 4200 болж, 4 дахин өсөв. Монгол мөнгөөр бараг 15 сая төгрөг шүү дээ. Ялгаа нь ердөө л энэ юм. 

Санхүүгийн мэдлэг нь байр, хадгаламж хоёр дээр гацсан: Найдвартай гээд хадгаламж хийдэг. Төгрөгийн ханш унахаар үнээ алдахгүй гээд байр авдаг. Эмч хүн л таны өвчний оношийг тодорхойлж, таныг эдгээдэг шүү дээ. Санхүү, мөнгөн дээр ямар ч ялгаа байхгүй. Мэргэжлийн хүн л хэрэгтэй.

Мөнгө богино хугацаанд хурдан өсдөггүй юм. Бүү чичир. Энд их олон тайлбар хэрэггүй биз дээ. Жилийн хугацаанд 60 гаруй койн гарлаа. 200 мянган хүн оролцлоо. Мэдээлэлтэй 1000 хүн нь 199,000 хүнийхээ мөнгийг хувааж авлаа. Дууслаа. Тиймээс мөнгөө богино хугацаанд яаж өсгөх вэ? гэсэн муйхар бодлыг толгойноос авч хаясан нь дээр. Оронд нь бага багаар, урт хугацаанд тэвчээртэй тууштай хуримтлуулах, хөрөнгө оруулах нь чухал.

 

За ингээд бичвэл ч олон юм байна. Дараа жаал хөөрье.