Индэр    
2022 оны 11 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

Х.Отгонбаатар: Сургалтын хөтөлбөрийн агуулгыг олон улстай харьцуулахад нийцтэй ч сайжруулах зүйлс бий

Зураг

Монгол Улсын ерөнхий боловсролын салбарт хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн агуулга хамгийн сүүлд 2013 онд шинэчлэгджээ.

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг багадаа 10 жилийн хугацаанд мөрдөж, шинэчилдэг тухай Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн(БСҮХ)-гийн секторын эрхлэгч, доктор Х.Отгонбаатар хэлсэн юм.

2013 оноос хойш тооцвол хөтөлбөр шинэчлэх хугацаа дөхөж буй. Иймд шаардлагатай суурь судалгаануудыг холбогдох байгууллагууд хийж байна. Үүний нэг нь энэ онд боловсролын бүх түвшний сургалтын хөтөлбөрт туссан чадамжид хийсэн иж бүрэн судалгаа юм. Уг судалгааны үр дүнгийн талаар болон цаашид агуулгыг хэрхэн өөрчлөх шаардлагатай талаар доктор Х.Отгонбаатартай ярилцлаа. 

- Одоогийн сургалтын хөтөлбөрийн агуулга 2013 оноос хэрэгжиж эхэлжээ. Та бүхний судалснаар уг агуулга анх тавьсан зорилгодоо хэр нийцсэн байна вэ. Бодит үр дүнгийн талаар та тайлбарлана уу?

- Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 2013-2016 онд шинэчлэн боловсруулж, үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн.

Сургалтын хөтөлбөрт сурагчдад эзэмшүүлэхээр тусгасан чадамжуудыг харахад олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг чадамжийн хүрээ болон боловсролын салбарын хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын сургалтын хөтөлбөрийн зорилгуудад туссан чадваруудтай харьцуулахад нэлээд нийцтэй байдаг.

Гол асуудал нь энэ чадваруудыг хөгжүүлэх, хэрэгжилтэд буулгахад тодорхой бэрхшээлүүд бий. Тиймээс ерөнхий боловсролын сургалтын түвшинд сурагчдын эзэмшиж буй чадварууд нь төлөвлөсөн түвшинд хангалттай сайн хүрч чадаагүй гэсэн үр дүн харагддаг. Гэхдээ хэрэгжүүлэхээр зорин ажиллаж буйн хувьд ахиц дэвшлүүд гарсаар байгаа. 

- Судалгааны урьдчилсан дүгнэлтээс харахад сургуулийн өмнөх боловсролын түвшинд хүүхдүүд бие бялдрын хөгжлийн 19 хувийн чадамжийг төлөвшүүлж байна гэсэн байсан. Мөн нийгэмшихүйн чадамжийг 49 хувь гэх зэрэг үр дүн байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

- Судалгааг хийхдээ дээрх чадваруудыг олгохоор зорьсон суралцахуйн зорилтуудын тоогоо жинлэж үзсэн.

Ингэхэд сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулгад бие бялдар хөгжүүлэхтэй холбоотой зорилтууд ойролцоогоор 15 хувьтай, нийгэмшихүйн чадварууд 36 хувь, танин мэдэхүйн чадварууд нь 49 хувьтай туссан байгаа. Энэ бол чадваруудын харьцаа юм. 

Түүнээс биш 100 хувийн агуулгаас дөнгөж 20 хүрэхгүй хувьтай эзэмшиж байна гэсэн үг биш юм. Хүүхдүүд суралцахуйн хөтөлбөрт тусгагдсан 20 хувийн агуулгаараа дамжуулж хөгжих бүрэн боломжтой. 

- Бага боловсролын хөтөлбөрийн тухайд та юу хэлэх вэ?

- 1-5 дугаар ангидаа сурагчид 10 хичээл үзэж байгаа. Эдгээрт суралцахуйн нийт 1,020 орчим зорилт бий. Эдгээрээс харвал

  • танин мэдэхүйн зорилт 43 хувь
  • хэл, нийгмийн харилцааны чадвар 39 хувь
  • бие бялдар, зан үйлтэй холбоотой суралцахуйн зорилт 18-20 хувьтай туссан байна. 

Энэ хүрээнд хүүхдүүдийг хөгжүүлж байна.

- Бага ангид нэг багш ихэнх хичээлээ ганцаараа заадаг. Ингэхдээ танин мэдэхүйд төвлөрөх буюу математик, монгол хэлээ түлхүү орж байна гэх шүүмжлэл эцэг, эхчүүдийн дунд бий. Бусад хичээл маш бага хугацаагаар орж байгаа гэдэг шүү дээ. Сургалтын хөтөлбөртөө яаж туссан байдаг вэ?

- 1-3 дугаар ангид долоон төрлийн хичээл ордог. Тодруулбал, Монгол хэл, Иргэний ёс зүйн боловсрол, Математик, Хүн ба орчин, Дүрслэх урлаг - Технологи, Биеийн тамир, Хөгжим юм.

Харин 4-5 дугаар ангид 10 хичээл ордог. Тухайлбал, иргэний ёс зүй, Хүн ба байгаль гээд нийгмийн харилцааны чадваруудыг эзэмшүүлэх хичээлүүд ордог. Эдгээр хичээл сургалтын төлөвлөгөөнд заах ёстой цагаараа төлөвлөгдсөн байгаа. Багш нар ч дагаж мөрдөн хэрэгжүүлдэг. 

- Дээрх судалгаагаар тогтоогдож буй үр дүнг олон улсын боловсролын хөтөлбөрүүд, олгож буй чадамжуудтай харьцуулахад хэр зөрүүтэй байна вэ. Сайжруулах шаардлагатай зүйлс юу байгаа вэ?

- Олон улстай харьцуулахад манай ерөнхий боловсролын түвшинд олгож байгаа чадварууд хэр зөрүүтэй байгаа талаар тодорхой дүгнэлтүүд гарсан. Тухайлбал,

бага, суурь, бүрэн дунд боловсрол дээр манай үндэсний хөтөлбөрт туссан чадваруудыг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг чадамжийн хүрээтэй харьцуулахад аливаа өөрчлөлтөд дасан зохицох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, бусдыг өрөвдөх энэрэхтэй холбоотой чадамжуудыг тусгах шаардлагатай нь ажиглагдсан. 
Мөн нийгэм, хувь хүний үзэл санаанд суурилж ардчилсан нийгмийн оролцоонд үүрэг хүлээх чадварыг тусгах нь зөв. Хувь хүний болон нийгмийн хариуцлага гэдгийг багаас нь ойлгуулж, энэ талын чадварыг суулгах шаардлага бий. 
Түүнчлэн метакогнитив буюу тодорхой зорилготой байж, түүндээ хүрэх төлөвлөгөө гаргадаг, үйл хэрэг болгодог байх чадвар, өөрөөр хэлбэл суралцахуйд суралцах чадварыг нэмж тусгах хэрэгтэй.
18-24 насны буюу хөдөлмөрлөх насанд хүрсэн залуусын мэдээллийн технологийн чадварыг тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй гэсэн судалгааны үр дүн бий. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт мэдээллийн технологийг хэрэглэх, өөрийн хэрэгцээ, сонирхолд уялдуулж, ёс зүйтэй ашиглах чадваруудыг нэмж тусгах шаардлагатай зэрэг дүгнэлт гарсан. 

- Ахлах ангид дэлхийн иргэний ур чадвар суулгах агуулга хоёр хувийг эзэлж байгааг судалгаанд дурдсан байсан. Дэлхийн иргэний ур чадвар гэж юуг хэлж байна вэ?

- Бүрэн дунд боловсролын суралцахуйн 1,205 зорилтын 18 хувь нь монгол ба дэлхийн иргэний ур чадварыг олгохтой холбоотой байгаа. Энэ бол хангалттай хувь хэмжээ. Одоо мөрдөж байгаа суурь, бүрэн дунд боловсролын чадамжийн хүрээг ерөнхийд нь таван айд хувааж байгаа. 

  1. Бүтээлч сэтгэлгээ,
  2. Нийгэмшил сэтгэл хөдлөлийн,
  3. Хувь хүний хөгжлийн,
  4. Мэдээллийн технологийн хэрэглээ,
  5. Монгол ба дэлхийн иргэний гэж бий.

Эдгээр чадвар нь суралцахуйн зорилтуудад харьцангуй жигд туссан байгаа. Монгол ба дэлхийн иргэний ур чадварыг эзэмшүүлэх ай нь үндэсний онцлог уламжлалаа таньж мэдэх, хөгжүүлэх, өвлөн эзэмшихээс гадна глобал түвшний буюу дэлхий дахинд гарч буй өөрчлөлт, асуудлуудад эх дэлхийн иргэний хувиар ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдэг анхаарах тухай юм.

Мөн зөвхөн эх орныхоо бус дэлхий нийтийн асуудалд санаа тавих, хувь нэмрээ оруулахад чиглэсэн чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Тухайлбал, соёлын олон янз байдал болон бусдын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах зэрэг чадварыг тусгасан байдаг. 

- Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл ямар байдлаар хийгдэх вэ. Зарим хичээлийг нэмэх, хасах асуудал яригдах болов уу?

- Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагууд, экспертүүд судлагдахуунуудыг агуулгын хувьд интеграцчилах, багцлах байдлаар илүү үр дүнтэй заахад санал нэгдэж, уриалж байна. Манай улсын тухайд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үзэл баримтлалыг дээрх чиг хандлагатай уялдуулах шаардлага байна. 

Одоогоор сургуулийн өмнөх болон суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үзэл баримтлалыг боловсруулж байгаа. Энэ хүрээнд сургалтын хөтөлбөр нь чадамжид суурилсан байдлаар боловсруулагдана.

Чадамжид суурилсан гэж байгаа учир ямар чадамжийг ямар хичээлээр хөгжүүлэх, ямар үйл ажиллагаагаар дэмжих вэ гэдэг дээр оновчтой шийдэл боловсруулах ёстой.

Судлагдахууны тоог ямар байдлаар багцалж, хэрэгжүүлэхийг тодорхойлохоор салбарын судлаач нар болон олон нийт иргэний нийгмийн төлөөллөөс  бүрдсэн баг ажиллаж байна. Үзэл баримтлалыг олон талт оролцоонд суурилан боловсруулж, хэлэлцүүлж, баталсны дараа  сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажил хийгдэнэ.

- Иргэдийн дунд хичээлийн тоо хэт их, хичээл бүрийн ном гээд сурагчдын цүнх стандартаас хүнд байгаа гэдэг. Бусад улстай харьцуулахад монгол сурагчдын судалж буй хичээлийн тоо их эсэхийг та бодит жишээгээр тайлбарлаж өгнө үү?

- Манай улсын тухайд үндэсний түвшинд боловсролын салбарт хийгдсэн стандарт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлүүдээс үзэхэд 1972-2021 оны хооронд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бага боловсролын түвшинд дунджаар 9-10, суурь боловсролын түвшинд 17-18 бүрэн дунд боловсролын түвшинд дунджаар 12-13 хичээл судалж иржээ. 

Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 2013-2016 онд шинэчлэн боловсруулж, үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн. Энэхүү сургалтын хөтөлбөрийн дагуу бага боловсролын түвшинд 7-10 хичээл, суурь боловсролын түвшинд ангиас хамаараад 16-19 хичээл, бүрэн дунд боловсролын түвшинд заавал судлах 16, сонгон судлах 3-4 хичээл судалж байна. 

Энэ тоог боловсролын салбарт тэргүүлэгч буюу Финланд, Эстони зэрэг улстай харьцуулахад их зөрүү харагддаггүй.

Олон улсын дунджийг харахад бага боловсрол дээр 10 орчим хичээлтэй байдаг. 

Тухайлбал, бага ангид Финландад 14 хичээл, Эстони 12 хичээл, Өмнөд Солонгос, Японд 10 хичээл үздэг. Суурь боловсролын түвшинд Сингапур 16, Норвеги 13, Австрали болон Швед 20 хичээл үздэг. Тэгэхээр манайх тийм ч хол зөрүүтэй биш гэдэг нь харагддаг.

Харин хичээлийн тоо гэхээсээ илүүтэй хөтөлбөрийн агуулгын багтаамжийг оновчтой тодорхойлох, хичээл, сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, хэрэгжүүлэх тал дээр дээр дурдсан улс, орнуудын туршлагаас суралцах шаардлага бол бий.