Индэр    
2022 оны 11 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

Жюү жицүгийн ДАШТ-д оролцсон өсвөрийн тамирчид 30 гаруй медальтай эх орондоо ирлээ

Зураг
Гэрэл зургийг Монголын Жюү Жицүгийн холбооноос авав

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод жюү жицүгийн таван төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) энэ сарын 11-19-нд болж байна.

Тодруулбал, өсвөрийн, пара, мастерсын болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон дэлхийн наадам болж байгаа юм.

Үүнд улсаа төлөөлөн 100 гаруй тамирчин оролцож байгаагаас өсвөр насны тамирчид амжилт дүүрэн байж, 30 гаруй медальтайгаар Улаанбаатарт өнөөдөр газардлаа. Тэмцээнд Ид шидийн орон дахь "Magic-13", "Өнөр бүл" хүүхдийн төвийн "Almighty", "Баялаг", "Говь пантера", "Unique" зэрэг олон клубийн тамирчид оролцов.

Тэднийг Монголын Жюү Жицүгийн холбоо, клубийнх нь тамирчид, гэр бүлийнхэн нь угтан авсан юм.

Тамирчдын сэтгэгдлийг хүргэе.

Ц.Чинзоригт: Жюү Жицүгийн 2023 оны ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрх авсан

Мөнгөн медаль хүртсэн Архангайн тамирчин У.Энхмэнд "Би 52 кг-ын жинд саарал бүсний ангилалд оролцож, мөнгөн медаль авлаа. Их баяртай байна. Бүсний ангиллын тухайд, тамирчид цагаан бүснээс эхэлдэг. Цагаан бүснийхээ зэргийг дуусгавал саарал, саарлын зэргээ дүүргэвэл шар гэх мэтчилэнгээр ангилалд өгсдөг. Хамгийн дээд ангилал нь хар бүс" гэв. 

Жюү Жицүгийн спортоор хичээллэхэд нас харгалзахгүй бөгөөд нь биеийг уян хатан болгодог байна. Суугаа ажил эрхэлдэг хүмүүс уг спортыг сонирхон хичээллэх нь сүүлийн үед эрс нэмэгджээ. 

Монголын Жюү Жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Чинзоригт "Энэ спорт 15 жил хөгжиж байгаа. Одоогоор 15 клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа. Орон нутагт үйл ажиллагаа маань тэлсээр байна. Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгуудад клуб нээгдсэн. МУБИС-д JUMP хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд сургуулиа төгсөөд багш дасгалжуулагч болоод, аймаг орон нутагтаа спортыг хөгжүүлэхээр зорино.

Онцолж хэлэхэд, 2023 онд бид эх орондоо ДАШТ зохион байгуулах эрхийг авсан. Ирэх жил 100 гаруй улсын тамирчид Монгол Улсад ирнэ" гэлээ. 

Архангай аймгийн тамирчид М.Гүндэгмаа "70 кг-ын жинд оролцсон. Цагаан бүсийн ангилалд оролцож, дэлхийн аварга боллоо. Сэтгэгдэл гайхалтай сайхан байна. Жюү жицүгээр жил гаруйн хугацаанд хичээллэж байна. Энэ спортоор хичээллэснээр бусдыг хүндлэхэд суралцаж, олон найз нөхөдтэй болж байгаа" гэв. 

Тэмцээний үеэр онцлох нэг үйл явдал болсон нь цагаан бүсний ангилалд -37 кг-ын жинд оролцсон Н.Одбаатар, А.Алтанбагана нар хүрэл медалийн төлөөх барилдаанд тунаж үлдсэн явдал байлаа. 

"Манай төвийн хүүхдүүд жюү жицүгээр хичээллэснээр өөртөө болон ирээдүйдээ илүү итгэлтэй болж байгаа"

Тэд "Өнөр бүл" хүүхдийн төв дэх Glmightly клубийн тамирчид юм. Н.Одбаатар "Нэг багийнхаа найзтай тунаж үлдэхдээ яана даа, яагаад таарчихваа л гэж бодсон. Гэхдээ медалийн төлөө эр зоригтой барилдъя гэж шийдсэн. Медалийн тавцанд зогсох сайхан байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

зураг
 

"Өнөр бүл" хүүхдийн төвд жилийн гаруйн өмнөөс жюү жицүгийн клубийг байгуулжээ. Энэ талаар тус төвийн захирал М.Өнөрчимэг "Ододтой бүжиглэе шоуны ялагч Д.Баттөр шагналаа манай хүүхдүүдэд зориулж Жюү жицүгийн клуб байгуулж өгсөн. Үүнд НҮБ-ын Хүүхдийн сан мөн дэмжлэг үзүүлсэн юм.

Одоогоор 30 орчим хүүхэд дугуйланд суралцаж байна. Энэ спортоор хичээллэснээр манай хүүхдүүд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэл нь нэмэгдэж, бие бялдраа хөгжүүлж, тэсвэр хатуужилтай болон хүмүүжиж байгаад баяртай байна. Хүүхдүүд маань олон найз нөхөдтэй болж, олон газраар явж юм үзэж, нүд тайлж байна" гэлээ.

М.Урангоо: Тэмцээндээ орохоор нисэж явахдаа "Би олон хүний итгэл дааж яваа шүү" гэж бодогдож байсан

зураг
 

ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн М.Урангоотой цөөн хором ярилцлаа. 

- Өндөр амжилт гаргасанд баяр хүргэе. Ямар клубт хичээллэдэг вэ?

- Би Өмнөговь аймгийн "Говь пантера" клубт хичээллэдэг. ДАШТ-д оролцоод мөнгөн медалийн эзэн боллоо. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хичээллэж байгаа. Тэмцээндээ сүүлийн нэг сар эрчимтэй бэлдсэн.

- Пара ангилалд оролцохоор байсан ч энгийн ангилалд оролцож, энэ өндөр амжилтыг үзүүлсэн гэж сонссон. Өрсөлдөхөд бэрхшээлтэй зүйл байв уу?

- Надад бэрхшээл байгаагүй. Учир нь бэлтгэл дээр энгийн хүүхдүүдтэй барилддаг болохоор сурчихсан.

- Чиний хувьд энэ спортын онцлог нь юу вэ. Яагаад онцолж хичээллэдэг вэ?

- Охид хичээллэвэл илүү тохиромжтой санагддаг. Энэ бол уян хатны урлаг. Хүч бяраар бус мэх, техникээр л барилддаг

- Гадаад улсад оролцож буй анхны тэмцээн байв уу?

- Тийм, миний анхны тэмцээн. Тиймээс их сониуч байлаа. Ихээхэн туршлага хуримтлуулсан. Улсаа төлөөлж гадаадад тэмцээнд ороход хариуцлага их нэмэгдсэн мэдрэмж төрсөн. Тэмцээндээ орохоор нисэж явахдаа "Би олон хүний итгэл дааж яваа шүү" гэж бодогдож байсан. 

https://fb.watch/gQm_e71N9Y/

"Бид том амжилт үзүүлээгүй ч нэг дэвжээнд зогссон нь чухал байлаа"

Жюү жицүгийн спорт нь хөдөлгөөн засалд тун үр дүнтэй аж. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд спортын эмчилгээнд хамрагдаж байсан хүүхдүүд үүгээр хичээллэх болжээ. 

Тус төвд спортын эмчилгээгээр дагнан ажилладаг багш Л.Олонбаяр өнгөрсөн оноос эхлэн "Unique" клубийг үүсгэн байгуулсан аж. Клубт дауны синдром, саажилт, аутизм, сонсголын бэрхшээлтэй зэрэг оноштой хүүхдүүд хичээллэдэг байна. Тус клубийн тамирчдаас гурав нь ДАШТ-д оролцоод ирсэн юм. 

зураг
 

Д.Цогт-Очир хүүгийн ээж М.Энхжаргал "Бидний хувьд байр эзэлж, медаль хүртэнэ гэхээс илүү оролцох нь чухал байлаа. Ийм оноштой хүүхдүүд ч тэмцээнд оролцох боломж бий, бидний хүүхдүүд бусадтай адил энгийн түвшинд барилдаж болдог юм байна гэдгийг харуулахын тулд оролцсон.

Хүү маань дөрөвдүгээрт орсон. Медаль аваагүй ч, бидэнд итгэлийн гал ассан" гэлээ.

Мөн тэрбээр "80-90 хувьд хэвтээ байрлалаас барилддаг учир гэмтэх эрсдэл бага, уян хатан болгодог, бас бие хамгаалах урлаг тул хүүхдэд маань их тохирсон" хэмээн нэмж хэлсэн юм.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тусгай гэж ангилаагүй, энгийн хүүхдүүдтэй тэгш хамруулж, оролцох боломжоор хангасанд сэтгэл өндөр байна" гэлээ. 

Б.Бат-Очир хүүгийн ээж С.Отгонжаргал "Хүү маань хүссэн зорилгоо биелүүлж, дэвжээнд гарлаа. Эрүүл мэндэд үзүүлэх сайн нөлөөлж байгаа. Сул хөдөлгөөн нь багасаж, гарын атгалт сайжирч байна. Ахиц сайн гарч байгаа. Хичээллээд хоёр жил орчим болж байна. ДАШТ-д оролцоод цаашид спортоороо амжилт гаргах боломжтой юм байна гэж итгэсэн. Мөн оролцоо их чухлыг ойлголоо. Хүүхдээ аль болох тэмцээнд оролцуулж байх нь зөв юм байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Г.Өлзийбатын ээж Б.Ганганмөрөн "Спортын зорилго нь улайран тэмцэлдэх биш, хувь хүнийг хөгжүүлэхэд оршдог гэж Л.Олонбаяр дасгалжуулагч маань хэлдэг. Бид энэ зорилгын дагуу яваад ирлээ. Хүүхдүүдэд маань ижил тэгш боломж олгосон жюү жицүгийн холбооныхондоо баярлаж байна. Цаашид ч мэргэжлийн холбоод манай хүүхдүүдийг нэгэн дээвэр доор спортоор ижил өрсөлдөх боломжийг олгоно гэж найдаж байна. Бид том амжилт үзүүлээгүй ч нэг дэвжээнд зогссон гэдэг нь чухал байлаа

Хүү маань жюү жицүгээс гадна амралтын өдрүүдэд теннисээр хичээллэдэг. Спортоор энгийн хүүхдүүдтэй хамт хичээллэснээр хөгжилд нь сайнаар нөлөөлдөг. Мөн энгийн хүүхдүүдэд ч гэсэн онцлогтой хүүхдүүдтэй яаж харилцахаа мэдэж авахаас эхлээд олон талын ач холбогдол бий" гэсэн юм.