Зураг
Зураг
Индэр    
Х.Энхжин: Хамгийн хэцүү ч онгоцоо хөөргөж, буулгах тэр мөчид би дуртай
Зураг
2022 оны 11 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Х.Энхжин: Хамгийн хэцүү ч онгоцоо хөөргөж, буулгах тэр мөчид би дуртай

Монгол Улсын иргэний агаарын тээврийн хөгжлийн түүхэнд 12 эмэгтэй нисгэгч байдаг. Харин тийрэлтэт онгоцны ганцхан эмэгтэй нисгэгч бий. Тэр бол Хүрэлчулууны Энхжин. Хүүхэд байхаасаа л нисгэгч болохыг мөрөөддөг байсан охин мэргэжлээрээ сурч, өнөөдөр Монгол Улсын 13 дахь эмэгтэй нисгэгч, тэр дундаа тийрэлтэт онгоцны анхны эмэгтэй нисгэгч гэсэн бахархам алдрын эзэн болоод ажиллаж явна. 

“Хүннү Эйр” компанийн “Embrear E-190” агаарын хөлгийн хамтран нисгэгч Х.Энхжинтэй ярилцлаа. 



зураг
 
Хувийн архиваас

-Юуны өмнө Монгол Улсын тийрэлтэт онгоцны анхны эмэгтэй нисгэгч болсонд баяр хүргэе. Энэ мэргэжлийг сонгох болсон түүх уншигчдад сонирхолтой байгаа байх. Гэр бүлд нь нисгэгч байгаа юу?

-Баярлалаа. Манай өвөө нислэгийн удирдагч хүн байсан. Ээж минь мөн нисэхийн салбарт олон жил ажилласан хүн бий. Аав, ээж хоёр маань эдийн засагч мэргэжилтэй. Ухаан орсон цагаасаа л ээжийгээ дагаад нисэх рүү явах дуртай, их гоё санагддаг байсан. Тийм болохоор би багаасаа л нисэхийн салбартай ойр өссөн. 

Нисгэгч болох яг тэр шийдвэрийг ээж минь надад санал болгож, би шийдвэр гаргаж, энэ мэргэжлийг эзэмшихийн төлөө явахаар шийдсэн. 

-Гэр бүлийнхэн нь энэ шийдвэрийг яаж хүлээж авч байв?

-Гэрийнхэн маань намайг бага байхаас урам өгч, “Миний охин бүхнийг чадна” гэсэн ойлголттой өсгөсөн. Тиймээс “Миний охин бүгдийг чадаад ирнэ шүү дээ” л гэж хэлсэн. 

-Онгоц жолоодоод явна гэхэд анх хэцүү санагдаж байсан уу? Эсвэл гоё байсан уу?

-Маш гоё санагдаж байсан. Ер нь хүүхдүүд онгоцонд суух дуртай байдаг шүү дээ. Хөөрөх, буух тэр мэдрэмжид багаасаа их дуртай, хурдан тэр үе нь болоосой гэж боддог байсан. Яг тэр мэдрэмжээ өөрөө удирдаад явахаар их гоё байдаг юм билээ. Гэхдээ нисгэгч боллоо гээд шууд онгоцоо хөөргөж, буулгана гэсэн үг биш. Бие дааж онгоцыг хөөргөж, буулгана гэдэг бол маш удаан хугацааны сургалтын дараа гарт ордог чадвар. 

-Нисгэгч мэргэжлээ хаана эзэмшсэн бэ? Суралцаад эхлэхэд төсөөллөөс хэр зөрүүтэй санагдаж байв?

-Дунд сургуулиа төгсөөд арванхоёрдугаар сард нь Канад улс руу сурахаар явсан. Нисэхийн салбарт англи хэл маш чухал учраас англиар ярьдаг орон руу явна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Амьдрах нөхцөл болон сургалтын түвшнээ харгалзаж үзээд Канадыг сонгосон. 

Сурахад хүнд байх болов уу гэсэн төсөөлөлтэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй очсон болохоор шантрахаар хэцүү зүйл байгаагүй. Мэдээж аав ээжээсээ хол, шинэ газар очоод сурахад эхний улиралд хэцүү байсан. Хэлний бэрхшээл мөн гарч ирсэн, цаг уур, нислэг гэх мэт мэргэжлийн хэллэгийг үзээд эхлэхээр. Тэр болгоныг Монгол руу орчуулаад ойлгохоосоо илүү шууд англиараа ойлгоод явах нь амар гэж үзээд цааш сурсан. Мэргэжлээрээ сурахад нэг бодлын хэцүү юм шиг боловч сонирхолтой, амархан байсан.

Бие дааж онгоцыг хөөргөж, буулгана гэдэг бол маш удаан хугацааны сургалтын дараа гарт ордог чадвар

зураг
 
Хувийн архиваас

-Төгсөөд шууд ирсэн үү?

-Тийм ээ. Таван жил сураад 2017 онд төгсөж ирээд шууд “Хүннү Эйр” компанид ажиллаж эхэлсэн. Ажиллаад таван жил орчим болжээ.

-Яагаад “Хүннү Эйр”-ийг сонгох болсон бэ? Тухайн үед агаарын тээврийн олон компани байсан биз дээ?

-Иргэний нисэхийн дүрэм маш нарийн байдаг. Сургууль төгсөж ирээд шууд тийрэлтэт хөдөлгүүрт онгоц жолоодож болохгүй. 1,500 цагийн туршлагыг сэнст хөдөлгүүрт онгоцон дээр заавал цуглуулж байж тийрэлтэт хөдөлгүүрт онгоц жолоодох эрхтэй болно. Үүний дараа мөн тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байж агаарын хөлгийн дарга болно гэсэн үг. 

“Хүннү Эйр” компанид орох болсон шалтгаан нь үүнтэй холбоотой. Монголд ирээд ATR-72 онгоцон дээр туршлага хуримтлуулна гэсэн тооцоотой байсан. Яг намайг төгсөөд ирж байхад “Хүннү Эйр” хоёр ATR-72 загварын сэнст хөдөлгүүрт онгоцтой байсан. 

-1,500 цагийн туршлага хуримтлуулна гэхээр хэдий хэмжээний хугацаа зарцуулсан гэсэн үг вэ?

-Энэ нь нисгэгч бүрийн хувьд янз бүр. Сүүлийн хоёр жилд КОВИД-19 гээд иргэний нисэхийн салбар зогсонги байдалтай байсан. Жишээ нь, сард дунджаар 60 цаг нисдэг. Миний хувьд сургуулиа төгсөж ирээд ATR 72 онгоцон дээр 1,500 цаг нисээд өнгөрсөн есдүгээр сард тийрэлтэт хөдөлгүүрт “Embrear E190” агаарын хөлөг дээр анхны бие даасан нислэгээ хийсэн. 

-Хамтран нисгэгчийн гол үүрэг юу вэ?

-Дүрэмд зааснаар хамтран нисгэгч нь агаарын хөлгийн дарга ямар нэгэн байдлаар ажиллах чадвараа алдахад онгоцыг аюулгүйгээр буулгаж чаддаг байх үүрэгтэй. Мэдээж шийдвэр гаргах үед хамтран ажиллах чадвартай байхыг шаарддаг. Нислэгийн ур чадварын хувьд онгоцоо аюулгүй буулгах, бүрэн хэмжээнд мэддэг байх буюу бие даагаад нисгэдэг байх ёстой. 

Хамтран нисгэгчээр 3,000 цагийн туршлага хуримтлуулж байж агаарын хөлгийн дарга болдог. Гэхдээ 3,000 цаг нь дотроо задарна. Ямар төрлийн онгоцоор нисэж байна, тэр төрлөөрөө ниссэн, даргын сургалтдаа амжилттай суусан байх ёстой гэх мэт олон шаардлага шалгуур тавьдаг. 

-Эмэгтэй нисгэгч маш ховор байдаг шүү дээ. Монголд л гэхэд өмнөх 12 эмэгтэй нисгэгч нь сэнст хөдөлгүүрт, хуучны онгоцнуудыг жолооддог байсан гэсэн. Чамайг сурч байхад эмэгтэй оюутан цөөхөн байсан уу?

-Манай ангид надаас гадна гурван л охин байсан. Бусад нь дан эрэгтэй. Ер нь бид оюутан байхаасаа эхлээд л цөөнх байв. Гэхдээ дэлхий даяар эмэгтэй нисгэгч өмнөх үеэ бодвол харьцангуй өсөж байгаа. 

-Шантрах үе гарч байсан уу?

-Жоохон байхаас л манай аав ээж намайг бие даалгаад сургачихсан. Зуны амралтаар ганцааранг нь өөр өөр улсын зуслан руу явуулчихдаг ч юм уу. Тиймээс шинэ орчинд дасан зохицох чадвар сайтай, бие даагаад өсчихсөн. Тиймээс Канадад сурч байхад гэрээ санах үе гарсан ч харьцангуй гайгүй байсан. Хичээлийн хувьд хүнд үе байсан ч шантарч байгаагүй. Би чадах ёстой, чадна, чадахаас өөр сонголт байхгүй. Хийх л ёстой гэж бодож байсан. Гэхдээ айхавтар мундаг юм хийгээд байна гэж бодож байгаагүй. Энэ бол миний хийх ёстой зүйл, хийх ёстой юмаа хийх л ёстой гэсэн бодол байсан.

-Хамгийн анх онгоц жолоодсон дурсамж, тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Тэрийг нисэхийн хэллэгээр бие даасан гэж нэрлээд байгаа юм. Онгоц өөрчилж шилжих үед онгоцны маягийн сургалтад явдаг. Жишээ нь, ATR-72-ийн сургалтад анх 45 хоног явж ирээд багштайгаа хамт олон цаг ниснэ. Намайг бэлэн байна гэж үзсэн үед шалгуулж байж бие даасан нислэг хийх эрхтэй болдог. Дараа нь “Embrear E190” хөлгийн сургалтад мөн 45 хоног суугаад, багштайгаа олон цагийн нислэг хийгээд шалгуулна. Онгоц солигдох тоолонд ингэж сургалтад сууж, шалгуулдаг. Тийм болохоор миний хувьд бие даасан нислэг гэвэл маш олон. Оюутан байхдаа бие даасан нислэг хийсэн. Дараа нь ATR-72 гээд маш олон удаагийн бие даасан нислэг хийсэн. Тэр бүхэн өөр өөрийн адил гоё мэдрэмж төрүүлж байсан.

Нисгэгч болгон гоё буулт хийхийг зорьдог. Энэ нь хамгийн хэцүү ч миний хамгийн дуртай хэсэг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Сэнст хөдөлгүүрт онгоц дөрвөн жил орчим жолоодож байгаад тийрэлтэт онгоц жолоодоход ямар байсан бэ?

-Өмнө нь дандаа сэнст хөдөлгүүрт онгоц жолоодож байсан. Оюутан байхдаа ч мөн “Cessna-172”, Piper гээд онгоцнууд дээр нисэж байсан. Ирээд “ATR-72” дээр нисэж байгаад “Embrear E190” руу шилжихэд мэдээж хоёр ялгаатай хөдөлгүүр болохоор шал өөр байсан. Хурд, хүчний хувьд ондоо. Тэр утгаараа надаас илүү их хурд шаардсан. “Онгоцныхоо хойно яваад байвал онгоц чинь чамайг авч явна. Онгоцныхоо урд байж, онгоцоо авч яв. Юу хийхээ мэддэг байх ёстой” гэж манай багш нар хэлдэгчлэн онгоцны хурд, хүч ихсээд ирэхээр илүү их хурдыг нисгэгчээс шаарддаг болж байгаа юм. 

-Нисэх бол мэдээж хүн бүрийн чадах зүйл биш. Тэр тусмаа айдсаа даван туулах нь амаргүй мэт санагддаг. Ямар үед хамгийн их айдас төрж, түүнийгээ хэрхэн даван туулдаг вэ?

-Айдас нэг их төрдөггүй. Ер нь айдаггүй. Би хийхгүй бол хэн хийх билээ гэж боддог. Миний хойно сууж яваа хүмүүс надад найдчихсан, амь насаа даатгачихсан явж байхад би айж болохгүй. Анхнаасаа тийм бодол төрж байгаагүй. Би чадах ёстой л гэсэн бодол байдаг. 

-Онгоцоо жолоодоод нисэж байхад хамгийн гоё мөч нь хэзээ байдаг вэ? 

-Агаар цэлмэг, нислэг тогтвортой явагдаж байгаа тэр үед маш тайван байдаг. Агаар ер нь хэцүү, биднээс шалтгаалахгүй маш их зүйл байдаг учраас. 

Хөөрөлт, буулт бол хамгийн их анхаарал шаарддаг хэрнээ надад маш гоё санагддаг үе нь. Нисгэгч болгон гоё буулт хийхийг зорьдог. Энэ нь хамгийн хэцүү ч миний хамгийн дуртай хэсэг.

"Ээж байх үүргээ ч, нисгэгч байх үүргээ ч хоёуланг нь тогтвортой авч явдаг гэж боддог. Энэ бол миний бахархал"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Нисгэгч тавигддаг гол шаардлага юу байдаг вэ?

-Бие бялдрын хувьд эрүүл байх ёстой. Энэ бол хувь хүний анхаарах ёстой асуудал. Мэдээж сургалт бүхнийг даваад гарах нь чухал. Нисгэгч болсон хойно тэр бүгд чухал байдаг. 

Оюун санаа, сэтгэл зүйн хувьд хүчтэй байх ёстой. Иргэний нисэхэд бүхий л оронд англи хэлээр ярьж байгаа. Тиймээс англи хэлний өндөр мэдлэгтэй байх ёстой. Түүнээс гадна нисгэгч бүр тусгай чадвартай байх ёстой. Тухайлбал, шийдвэр гаргах чадвар, эргэн тойронд юу болж байгаад сонор сэрэмжтэй байх, лидершип буюу хүмүүсийг удирдан авч явах чадвар шаарддаг. Эдгээрийг жил болгон хичээлээр заадаг. 

-Эмэгтэй нисгэгч гэдгээрээ мэдээж бахархдаг байх. Хамгийн гоё зүйл нь юу байдаг вэ? 

-Дийлэнх хүмүүс нисгэгч байх нь эмэгтэй хүнд илүү хэцүү гэж боддог шиг байгаа юм. Яагаад гэвэл эмэгтэй хүн хүүхдээ харна. Гэр бүлийнхэндээ анхаарал хандуулна. Тиймээс эмэгтэй хүнд зохихгүй гэсэн ойлголттой байдаг байх. Харин би эсрэг байр суурьтай байдаг. Яагаад эмэгтэй хүн, ээж хүн нисгэгч байгаад, энэ хоёр чухал ажлыг тогтвортой авч явж болохгүй гэж. Тиймээс би ээж байх үүргээ ч, нисгэгч байх үүргээ ч хоёуланг нь тогтвортой авч явдаг гэж боддог. Энэ бол миний бахархал.

-Сайн ээж байхын хажуугаар ажлаа авч явах нь мэдээж эрэгтэйчүүдийг бодвол илүү ачаалал нэмдэг байх. Эрэгтэй нисгэгчид бол тасралтгүй ажиллаад, дэвшээд явчихна. Эмэгтэй нисгэгчийн хувьд хүүхэд гаргалаа гэхэд нисэхгүй завсарлага авах зэрэг асуудлууд гардаг уу?

-Би жирэмсэн болсныхоо дараа хэдий болтол нисэж болохгүй юм бол гээд судалж, хайж байсан. Манайх аюулгүй байдал болон миний эрүүл мэндийг бодоод жирэмсний гурван сартайгаас намайг нислэгээс буулгаж байсан. Тухайн үед би “ATR-72” дээр нисэж байсан. Өндрийн хувьд хамаагүй доогуур нисдэг байсан болохоор харьцангуй гайгүй байсан л даа. 

Бид нислэгийнхээ хажуугаар оффисын ажил хийдэг юм. Жишээ нь, би нисэх багийнхаа сургалтыг хариуцдаг. Хэн, хэзээ, ямар сургалтад явах хуваарь гаргах, сургалтын төвтэй холбогдох гэх мэт ажлыг хийнэ. Сургалтын төв дөрвөн хүнтэй, бүгд өөр өөрийн ажилтай. Нисэхээ больсон тэр үедээ би оффисынхоо ажлыг дааж аваад хийж байсан. 

Нислэг бол оффисын ажлаас тэс өөр. Нислэг болгон адилгүй. Зорчигчийн тоо, онгоцны жин, агаарын байдал, нислэгийн чиглэл гээд өчигдөр хийсэн нислэг өнөөдрийнхөөс тэс өөр байдаг. Энэ нь өдөр бүр шинээр намайг турших сорилт болдог тул надад гоё санагддаг

Гэхдээ би төрөөд сар болоод л ажилдаа орсон. Зургаан сараас дээш хугацаагаар завсардсан учраас бүх сургалтдаа шинээр суух хэрэгтэй болсон. Ингээд сургалтууддаа давтан хамрагдаад хоёр сарын дараачаас нисэж эхэлсэн. 

зураг
 
Хувийн архиваас

-Энэ ярилцлагыг уншаад олон охид чамаас үлгэр дуурайлал авч, эмэгтэй хүн нисгэгч болох бүрэн боломжтой юм байна гэсэн итгэл найдвар олж авах байх гэж бодож байна. Ер нь нисгэгч болох мөрөөдөлтэй, энэ мэргэжлээр сурах хүсэлтэй хүүхдүүдэд хандаж юу хэлмээр байна вэ?

-Зөвхөн нисгэгч болох гэдгээс гадна бусад мэргэжил дээр ч ялгаагүй, хүн өөрөө шийдвэрээ гаргаад, шийдвэрийнхээ төлөө явбал бүх зүйл боломжтой. Угаасаа шийдвэр бүрийн ард ямар нэгэн хариуцлага дагаж ирдэг. Тэр хариуцлагаа хүлээх чадвартай байвал хүн сонгосон мэргэжлээ бүрэн эзэмшиж, зорьсон зорилгодоо бүрэн хүрч чадна гэж боддог. Би анх нисгэгч болно шийдэхэд дагаад маш олон хариуцлага ирж байсан. Тэр болгоноос ухарч байгаагүй, нүүр тулж, хүлээж авч сурсан болохоор нисгэгч болж чадсан болов уу гэж боддог.

Хүнд ямар нэгэн өгөгдөл байхгүй байж болох ч хичээвэл түүнийг туршлагаасаа олж авах боломжтой. Алдаж болно. Түүнийгээ засаад явах чадвартай л байх ёстой. 

-Одоо аль улсын, ямар чиглэлүүдэд нисэж байгаа вэ?

-Манай компани “ATR-72” болон "Embear Е190" агаарын хөлгүүдээр орон нутаг олон улсад нисэж байгаа. КОВИД-19-ийн хөл хорионы өмнө орон нутагт хамгийн олон чиглэлд нислэг үйлддэг авиа компани байсан. Баруун гурван аймаг, Хөвсгөл, Дорнод, Даланзадгад, Завхан, Говь-Алтай гээд ихэнх аймаг руу нисэж байсан. Олон улсын тухайд Эрээн, Манжуур, Улаан-Үд бас тогтмол нислэгтэй байсан. Цар тахлын дараа Төв Ази руу гарах гарцыг нээж, Казахстаны Алматы, Киргизстаны Бишкек хотууд руу шинэ чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. Мөн захиалгат нислэгээр Доха, Дели, Будапешт, Карчи, ХонгКонг, Токио, Сөүл, Ташкент, Эрхүү, Новосибирск гээд олон хот руу ниссэн. Хуваарьт бүх нислэгийн чиглэлд, зарим захиалгат нислэгт хамтран нисгэгчээр нисэж байна. Өвлөөс шинэ шинэ чиглэлүүд нэмэгдэхээр байгаа. 

-Нислэг болгон өөр өөр байдаг гэж түрүүн ярьсан. Тухайлбал, улс болгонд бууж, хөөрөх ялгаатай байдаг байх. Тэнд газардах хэцүү байдаг гэсэн газар байдаг болов уу?

-Бүх газардалт ер нь хэцүү, маш өндөр анхаарал шаарддаг. Яг энэ асуултын тухайд нисгэгч болгоны туршлага өөр өөр байдаг байх. Саяхан бид энэ талаар ярьж байсан юм. 

Миний хувьд Баян-Өлгий жаахан хэцүү санагддаг. Өндөр уулстай. Уулаар, хөндийг дагаж ордог болохоор нарийн тооцоолол хийсэн байх ёстой. Мөн агаарын шилжилт буюу салхин баруунаас үлээж байсан бол хэдхэн секундийн дотор зүүнээс үлээдэг. Тэр нь онгоцонд өөрөөр мэдрэгддэг тул маш хурдан хариу үйлдэл үзүүлж ажиллах ёстой. Тийм болохоор эвгүй санагддаг.   

-Ойрын хугацааны төлөвлөгөө нь юу байгаа бол?

-Нисгэгчийн мэргэжил сураад л байвал сураад л байдаг. Би хамтран нисгэгчээр ажиллаж эхэлсэн. Дараа нь агаарын хөлгийн дарга болно. Түүндээ суралцана. Дараа нь багш нисгэгч болно. Дараа нь шалгагч багш болно гээд цааш сураад л байдаг. Тиймээс миний мэргэжлийн хамгийн дээд цэг юу байна, түүнд хүрэхийн төлөө явна. 

Би хэчнээн өдөр бүр ажилдаа явж байгаа ч зургаан сар тутам сургалтад суудаг, шалгуулдаг. Нисгэгчийн ур чадвараа шалгуулна. Бусад олон хичээл байдаг. Тэр сургалтуудад сууж, шалгуулна. Сургалтаас сургалтын хооронд, миний амьдрал зургаа зургаан сараар өнгөрөөд байгаа юм шиг санагддаг. 

-Өөр мэргэжлээр сурах бодол байгаа юу?

-Карьерын хувьд хуулийн талын мэдлэгтэй байх ёстой юм болов уу гэж боддог. Манай аав сурах эд насан дээрээ байгаа дээрээ сур, эдийн засаг ч юм уу, өөр сонирхолтой чиглэлээр сур гэж байнга түлхдэг. Хүн хуулийн талын мэдлэгтэй байх ёстой юм болов уу. Тийм болохоор хуулийн чиглэлээр сурвал сонирхолтой гэж боддог.