Зураг
Зураг
Индэр    
2022 оны 10 сарын 31
Зураг
iKon.mn сэтгүүлч

Цөмийн зэвсэг дэлбэрвэл... ХҮН ЮУ БЭЛДЭХ ВЭ?

Зураг
europa.eu

Дэлхийн цөмийн зэвсгийн 92 хувь нь Зүүн Хойд Азид төвлөрч байгаа ба ОХУ-5,977, АНУ-5,428, БНХАУ-350, БНАСАУ-20 цөмийн цэнэгт хошуутай гэх тооцоо гарчээ.

2022 оны хоёрдугаар сарын байдлаар дэлхийд цөмийн зэвсэгтэй есөн улс байгаад АНУ, ОХУ, БНХАУ, БНФУ, ИБУИНВУ, ИБНПУ, БНЭУ, Израиль болон БНАСАУ нэрлэгдэж байна.

Цөмийн зэвсэг, цөмийн дайн... гэх үгсийн талаар олон давтамжтай сонсох болсон энэ цаг үед бодит мэдээлэл хамгаас чухал.

Иймд цөмийн зэвсэг болон дэлбэрэлтээс үүсэх болзошгүй хор хөнөөл, магадгүй сэргийлэх боломж бий эсэх талаар тус салбарын мэргэжилтнүүдтэй ярилцсанаа бэлтгэн хүргэж байна.



 

зураг
 

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжавын өгсөн мэдээллээр:

Цөмийн болон цацрагийн ослыг хэд ангилдаг вэ?
  • Олон улсын атомын энергийн агентлаг(ОУАЭА)-аас гаргасан “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ” аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага хэмээх баримт бичигт зааснаар цөмийн болон цацрагийн ослыг тав ангилдаг.
  • Хил дамнасан цөмийн осол, гамшиг үүсэх нөхцөл байдал бий болсон тохиолдолд тавдугаар ангиллын осолд хамааруулдаг. Энэ нь хил дамнасан цацрагийн бохирдол үүсэх нөхцөл бий болсон, ус, хөрс, агаараар дамжин цацрагийн бохирдол улсын хилээр нэвтэрсэн үеийн байдлыг хэлнэ.
  • Улсын төлөвлөгөөнд бас тус ангиллын үед авах хариу арга хэмжээ, яаралтай авч хэрэгжүүлэх ажлуудыг заасан. Тухайлбал, МХЕГ-ын үүрэг бол цацрагийн хэмжилтийг хийж, ослын  мэдээллийг баталгаажуулах, олон нийтэд үнэн зөв мэдээллийг өгч, мэргэжлийн зөвлөмж гаргах, импортын болон үндэсний бараа бүтээгдэхүүнд тавих цацрагийн хяналтыг эрчимжүүлэх, ус, хөрс, агаараас дээж авч цацрагийн хэмжилтүүдийг хийх гэх мэт ажлуудыг зааж өгсөн байдаг.
цөмийн зэвсгийн тоо
зураг
 
  • Дэлхийн цөмийн зэвсгийн 92 хувь нь Зүүн Хойд Азид төвлөрч байгаа буюу ОХУ-5,977, АНУ-5,428, БНХАУ-350, БНАСАУ-20 цөмийн цэнэгт хошуутай гэсэн тооцоо байна.
  • Монгол Улс оршдог Зүүн Хойд Азийн бүс нутагт АНУ-ыг хамруулж авч үзвэл, цөмийн зэвсэгтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын таван гишүүний гурав болох ОХУ, АНУ, БНХАУ-аас гадна цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлж буй БНАСАУ бий.
  • 2022 оны хоёрдугаар сарын байдлаар дэлхийд АНУ, ОХУ, БНХАУ, БНФУ, ИБУИНВУ, ИБНПУ, БНЭУ, Израиль Улс, БНАСАУ гэх албан ёсоор цөмийн зэвсэгтэй есөн орон байна
  • Эдгээрээс гадна Ираны цөмийн болон сансрын пуужингийн хөтөлбөрүүдийн сүүлийн үеийн үйл ажиллагаа, хөгжүүлэлтийг анзаарч үзвэл Иран улс нь цөмийн зэвсэгтэй болсон байх магадлалтай хэмээн олон улсын шинжээчид үздэг.
  • 1945 оны долдугаар сард АНУ анх цөмийн зэвсгийг туршиж, наймдугаар сард Хирошима, Нагасакид цөмийн бөмбөг хаясан бол үүнээс дөрвөн жилийн дараа ЗХУ анхны туршилтаа хийснээр цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлсэн хэмээн үздэг. 1967 онд АНУ-ын цөмийн цэнэгт хошууны тоо 32 мянга хүртэл нэмэгдсэн бол 1986 онд ЗХУ 45 мянган цэнэгт хошуутай болсноор цөмийн зэвсэглэл оргил үедээ хүрсэн гэгддэг.
  • Нэг талаар, их гүрнүүдэд давуу байдлаа хадгалахын тулд болон хариу арга хэмжээ авч чадахуйц хэмжээний цөмийн зэвсэгтэй байх шаардлага гарсан. Нөгөө талаар, Их Британи, Франц, Хятад улс мөн адил туршиж эхэлсэн бөгөөд цөмийн туршилтыг хориглох тухай яригдаж байсан ч Кубийн цөмийн хямралын дараа л дорвитой ажил хэрэг болсон байдаг.
Цөмийн бөмбөг дэлбэрвэл хүн амьд үлдэх үү?
зураг
 
  • Цөмийн зэвсэгтэй улс цөмийн зэвсгээ бүхэлд нь ашиглавал манай гарагийн нэг хэсэг нь хүн амьдрах боломжгүй болно. Гэхдээ энэ зэвсгийн багахан хэсгийг ашигласан ч гэсэн урт хугацааны хор хөнөөлтэй үр дагавар бий болно гэж үздэг.
  • Атомын бөмбөг нь хуваагдах урвалыг өдөөж эхэлдэг. Хуваагдах гэдэг нь хүнд атомуудын цөмийг хөнгөн цөмүүд болгон хуваах үйл явц бөгөөд энэ нь нейтрон ялгаруулдаг. Эдгээр нейтронууд нь эргээд ойролцоох атомуудын цөмд нэвтэрч, тэдгээрийг хувааж, удирдах боломжгүй цөмийн гинжин урвал үүсгэдэг. Үүний үр дүнд үүссэн задралын дэлбэрэлт нь маш хүчтэй.
  • Устөрөгчийн бөмбөг нь цөмийн гинжин урвалын хүчийг ашиглан зэвсэг доторх устөрөгчийн изотопуудын нэгдэх урвалыг өрнүүлдэг. Үр дүнд нь хуваагдах урвалын бөмбөгөөс хэд дахин их энерги ялгаруулдаг. Өнөөдрийн байдлаар устөрөгчийн бөмбөгийг хүн төрөлхтний эсрэг азаар ашиглаагүй байна. (Хамгийн хүчтэй устөрөгчийн бөмбөг нь ЗХУ-ын туршсан Царь бөмбөг байв. Энэхүү устөрөгчийн бөмбөг 50 сая тонн тротилийн (TNT) хүчтэй байсан бол Хирошима, Нагасаки хотуудад хаясан бөмбөг нь харгалзан 15, 21 мянган тонн TNT хүчтэй байжээ. Устөрөгчийн нэг томоохон бөмбөг 30-40 км-ийн радиус дахь хүн, эд зүйлсийг устгах чадалтай гэж үздэг байна.)
зураг
 
Цөмийн бөмбөг дэлбэрсний дараа...
  • Цөмийн зэвсгийн эхний үр дагавар нь дэлбэрэлтийн халуун илч буюу дулааны долгион, дэлбэрэлтийн даралт буюу цохих долгион, цахилгаан соронзон импульс байх болно.
  • Ионжуулагч цацраг бол цөмийн дэлбэрэлтийн бас нэгэн аюултай үр дагавар юм.
  • Цөмийн бөмбөг дэлбэрсний дараа түүний цацраг идэвхт цөмүүд агаарт дэгдэж, хөрсөнд унан дотоод шарлага үүсгэж, урт хугацаанд хүн ам, байгаль экологид сөргөөр нөлөөлдөг.
  • Цөмийн дэлбэрэлт болсны дараа эхний 48 цагийн дотор цацрагийн бохирдлын эрсдэл хамгийн их байна. Энэ нь богино настай цацраг идэвхт изотопууд маш их хэмжээгээр ялгардагтай холбоотой.
Монгол Улс ба цөмийн осолтой холбоотой конвенц, төлөвлөгөө
зураг
 
Гэрэл зургийг mpa.mn
  • Монгол Улс цөмийн осолтой холбоотой олон улсын конвенцуудад 1987 оноос нэгдэн орсон.
  • Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн болон цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенцуудад нэгдсэн ба эдгээр конвенцэд хил дамнасан цөмийн аливаа ослын үед хүлээх үүрэг, хариуцлага, хариу арга хэмжээний талаар заасан байдаг.
  • Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Цөмийн болон цацрагийн ослын үед мэдээлэл солилцох нэгдсэн систем гэж бий. Манай улс энэхүү системд нэгдэж, 2019 оноос бүртгэгдсэн гишүүн орнуудад гарсан цөмийн болон цацрагийн ослын мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүлээн авдаг болсон юм. Тодруулбал, конвенцод нэгдэн орсон улсуудын холбогдох эрх бүхий албан тушаалтнууд аливаа цөмийн болон цацрагийн осол, хэвийн бус нөхцөл байдал, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл солилцдог. Цөмийн Энергийн Комисс мэдээллийг нэгтгэн боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудад тогтмол хүргүүлж байна. Үүний гол зорилго нь ижил төстэй осол гарч болох эрсдэлийг бууруулах, цацрагийн үүсгүүр хэрэглэгч ААН, байгууллагын ослын бэлэн байдлыг хангуулахад чиглэдэг.
  • “Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө”-г Засгийн газраас 2020 онд баталсан. Уг төлөвлөгөө нь цөмийн болон цацрагийн ослын үеийн эсвэл хэвийн бус нөхцөл үүссэн үед зохион байгуулах, гүйцэтгэхэд ашиглагдах удирдлагын үндсэн баримт бичиг юм. Төлөвлөгөөг Монгол Улсын нутаг дэвсгэрт цацрагийн ослын нөхцөл байдал үүсэж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц шарлага үүсэх, хүрээлэн байгаа орчин зохиомол цацраг идэвхт изотопоор бохирдох зэргээр улс орны нийгэм, эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүй үед, бас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглах юм. Энэ үед хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх байгууллагуудын ерөнхий чиг үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Жишээлбэл, мэргэжлийн хяналтын байгууллага нь мэдээллийг үндэслэн ослын эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг хийх, шуурхай хариу арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран төлөвлөх, хэрэгжүүлэх, аюулгүй ажиллагааг хангуулах, хяналт тавьж ажиллах,  дүрэм журам заавар боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байна.
Монгол Улс цөмийн зэвсэг эзэмшиж болох уу?
  • Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг 2021 онд Монгол Улсын Их хурал соёрхон баталсан. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний хувьд улс бүр хэзээ ч, ямар ч нөхцөлд цөмийн зэвсэг, цөмийн бусад төрлийн тэсрэх төхөөрөмж боловсруулах, турших, гаргаж авах, үйлдвэрлэх, өөр арга замаар олж авах, эзэмшихгүй байх үүрэг хүлээсэн. (Цөмийн зэвсэглэлийг цаашид хязгаарлах, өргөжүүлэхгүй байхад анхаарч холбогдох улс орнууд 1968 онд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, 1996 онд Цөмийн зэвсгийг хориглох гэрээг байгуулжээ)
  • УИХ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь түүний дотор агаар мандал, газар, ус, газрын хэвлийг цөмийн зэвсгээс ангид байлгахтай холбогдсон харилцааг зохицуулахаар Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг 2000 онд баталсан. (Цөмийн дайнаас сэргийлэхээр цөмийн зэвсэггүй 86 орны байгуулсан Цөмийн зэвсгийг хориглох тухай конвенц нь цөмийн зэвсгийг бүрмөсөн хориглох зорилготой бөгөөд 2021 оны нэг сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Гэвч тус конвенцод гол төлөв жижиг, хөгжиж буй орнууд нэгдэн орсон байгаа нь бодит үр дүнгээ өгөх эсэх нь тодорхойгүй байна)
  • Олон улсын гэрээгээр цөмийн зэвсэггүй улс цөмийн энергийг гагцхүү энхийн зорилгоор ашиглаж, цөмийн материал, ураны уурхай болон боловсруулах үйлдвэрийн байршил, үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээ, цөмийн материалын экспорт зэрэг мэдээллийг ОУАЭА-т хүргүүлэн ажилладаг.

"Иодот кали бодис нь бүтэн биеийг цацрагаас хамгаалахгүй, булчирхайн хордлогыг л саармагжуулна"

зураг
 

Монголын цөм цацрагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Бямбажаргалын хэлж буйгаар:

Цөмийн зэвсгийн хор уршиг
  • Цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн анхаарал хандуулж буй асуудал нь зэвсэг хийхдээ бус харин хэрхэн тээвэрлэж, болзошгүй дайны үед өрсөлдөгч талынхаа нутаг дэвсгэрт хүргэх тухай асуудал. Тухайлбал АНУ, ОХУ зэрэг улс нь тив алгасаж цохилт өгөх чадалтай пуужингуудтай.
  • Цөмийн зэвсэг дэлбэрэх үед ялгарах асар их энерги нь цохилтын голомтод өндөр температур үүсгэж, тэр хавийн бүх юмыг юу ч үгүй шатаана. Тухайлбал, Хирошима хотын атомын бөмбөг хаясан голомтод байсан хүнээс сүүдэр нь л үлдсэн гэх яриа бий. Өөрөөр хэлбэл, эгшин зуур болсон тэр явдлаар хүнээс юу ч үлдээгүй. 
  • Цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийн улмаас үүсэх цацраг идэвхт бодисын хордлого нь өнгө, үнэр, амт зэрэг хүний мэдрэх эрхтэнд мэдрэгдэхгүй. Хүний мэдрэх эрхтэн биологийн зарчмаар мэдэрдэг. Тэгэхээр цөмийн түвшинд хүн юуг ч мэдэрч чадахгүй гэсэн үг.
  • Цацрагийн нөлөө тухайн бүс нутгаас хэр зайд байгаагаас хамаарч хохирол үүснэ. 
  • Магадгүй болзошгүй цөмийн дайн боллоо гэж бодоход Монгол Улсад цацрагийн аюул тийм их биш байх болов уу. Урд, хойд хөрш хоорондоо довтлохгүй бол шүү дээ. Нөгөө талд эдийн засаг, аюулгүй байдлын сонирхлын бүс биш манайх шиг нутаг дэвсгэрийн ойролцоо их гүрнүүдийн цөмийн цэнэгт хошуу байх магадлал өндөр.
  • Цацраг идэвхт бодисын тодорхой хэмжээний тун авах нь хорт хавдрын үндэс, тун авсан л бол хүн шууд үхнэ гэдэг нь батлагдсан зүйл биш.
дэлхийг устгах хэмжээний цөмийн зэвсэг хуримтлагдсан 
зураг
 
Photo by StrahilDimitrov
  • Цөмийн цохилт болбол ганцаарчилсан цохилт гэж байхгүй. Улсууд харилцан бие биеийнхээ цөмийн зэвсгийг хянадаг системтэй болчихсон. Өөрөөр хэлбэл, нэг пуужин харвах юм бол бусад бүх пуужин бэлэн байдалд автоматаар зэрэг орно. Үүнийг амдан устгах буюу агаараас эсэргүүцэн хамгаалах систем гэдэг.
  • Иймд цөмийн дайн эхэлбэл ганц пуужин харвахгүй. Улс орнууд тэр дундаа АНУ, ОХУ нь хүнээс хамаарахгүй, хүний хурд гүйцэхгүй систем хийчихсэн. Харилцан эсэргүүцэх систем нь эхэлж харвасан пуужингийн өмнөөс нь илүү олон пуужин харваж, харваж амжаагүй байгаа пуужингийн байрлалыг шууд устгах зорилготой. Өөрөөр хэлбэл, Москва, Нью-Йорк алга болохоос үл хамааран пуужингууд автоматаар компьютер тоглоомд гарч буй мэт бие биеийнхээ эсрэг харвана. Ийм зүйл болбол өнөөдөр дэлхийг устгах хэмжээний цөмийн зэвсэг аль хэдийнээ хуримтлагдсан.
  • Цөмийн зэвсэг дэлбэрэх нь маш олон галт уул нэгэн зэрэг дэлбэрч буй мэт үзэгдэлтэй төстэй. Мөн түймэр гарсан мэт тоос шороо, утаат манан татаж, дэлхий хуучин мөстлөгийн үе шиг хүйтэн болно. Үүнийг “цөмийн өвөл” гэж нэрлэдэг.
Цөмийн бөмбөг дэлбэрвэл хүн юу бэлдэх вэ?
  • Цацраг идэвхт бодис нь усаар шүршээд угаагддаг зүйл биш.
  • Цацрагийн хордлого нь хүний эмзэг эрхтэн буюу бамбай булчирхай, хөхний булчирхай, эрэгтэй хүний үржлийн эрхтэнд сөрөг нөлөөтэй гэдгийг тогтоосон байдаг.
  • Иодот кали бодис нь бүтэн биеийг цацрагаас хамгаалахгүй, булчирхайн хордлогыг л саармагжуулна.
  • Цөмийн дэлбэрэлт ямар нэгэн газар боллоо гэхэд газар хөдлөлт, чичирхийллийн станцуудад бүртгэгдэж, хүмүүст мэдээлэл очих байх. Гэхдээ энэ үед бид (хүн) яах ч арга байхгүй. Тэгээд лаа, шүдэнз гэх мэт амьдралын амин чухал зүйлсээ бэлдэж, өөрийн аюулгүй байдлаа л хамгаалах гэж оролдох байх. Өөрөөр хэлбэл, тэрхүү шууд аюулын үр дагаврыг хүн яаж ч чадахгүй.
  • Цөмийн зэвсгийн цацрагаас хүн өөрийгөө бүрэн хамгаалж, сэргийлж чадна гэдэгт би хувьдаа итгэдэггүй. Тэр бололцоо мэргэжлийн хүний нүдээр харахад туйлын бага.
МЭДВЭЛ ЗОХИХ НЭР ТОМЪЁО

Агаарын тэсрэлт: Ердийн тэсрэх бодисын нэгэн адил цөмийн дэлбэрэлт нь цохилтын долгион буюу агаарын тэсрэлтийн долгион үүсгэдэг. Агаарын тэсрэлтийн нөлөөгөөр барилга байгууламж нурж, хүн амыг гэмтээнэ. 1 килотон (кТ)-ын дэлбэрэлтийн улмаас үүссэн агаарын тэсрэлт нь ойролцоогоор 275 метр радиус талбайг хамардаг бол энэ талбай 10 кТ хүчин чадалтай дэлбэрэлтийн хувьд ойролцоогоор 590 метр болж нэмэгддэг.

Дулаан: Хоёр дахь нөлөө нь хэт халуун, целсийн хэдэн мянган градус хүртэл температуртай галт бөмбөг үүсэх. Галт бөмбөлгөөс гарах дулаан нь материалыг хайлуулахад хангалттай бөгөөд галт бөмбөлгөөс хол зайд байгаа хүний хувьд түлэгдэх ба хурц гэрлийн нөлөөгөөр хараагүй болох эрсдэлтэй. 1 кТ хүчин чадалтай дэлбэрэлтийн үүсгэх халуун нь ойролцоогоор 610 метр радиусад байгаа хүмүүсийн 50%-ийг үхэлд хүргэх боломжтой. Энэ радиус нь 10кТ дэлбэрэлтийн хувьд ойролцоогоор 1,800 метр болж нэмэгддэг.

Цацрагийн анхдагч шарлага: Анхны цацраг нь дэлбэрэлтийн дараах эхний минутад үүсдэг. Дэлбэрэлтийн анхны импульс нь ионжуулагч цацраг үүсгэдэг бөгөөд цацрагийн шарлагыг эрчимжүүлдэг. 1 кТ дэлбэрэлтээс гарсан анхны цацрагийн импульс нь ойролцоогоор 790 метр радиусад байгаа хүн амын 50% нь цацрагийн хордлогын улмаас үхэж болзошгүй. Энэ радиус нь 10 кТ тэсэлгээний хувьд ойролцоогоор 1,200 метр болж нэмэгддэг. Дэлбэрэлт болон хүн амын хооронд байрлах барилга, байгууламжууд болон барилгын хонгил цацрагийн шарлагад өртөх нөлөөг багасгах боломжтой.

Доргилт: Дэлбэрэлтийн улмаас газар хөдлөлттэй дүйцэхүйц хэмжээний доргилт чичирхийлэл үүсдэг. Агаарын тэсрэлт, доргилтын нөлөөгөөр барилга байгууламж, зам, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ болон дэд бүтцийн бусад хэсгүүдэд ихээхэн хэмжээний хохирол учруулдаг. 

Цацрагийн хоёрдогч шарлага: Тэсрэлтээс үүссэн цацраг идэвхт тоосонцор салхиар зөөгдөн газарт унаж хоёрдогч цацрагийн шарлагыг үүсгэх ба цаг агаарын өөрчлөлтөөс хамааран цацрагийн тархалт, нөлөөллийн бүс тэлдэг. 1 кT тэсрэх бодисын хувьд, ойролцоогоор 5,500 м зайд байсан хүмүүс тэсрэлт болсноос хойш нэг цагийн дотор эмнэлгийн тусламж авч чадахгүй бол 50% нь цацрагийн шарлагаар нас барах магадлалтай.10 кT тэсрэх бодисын хувьд, энэ тоо 9,600 м зай болж нэмэгддэг. Эдгээр зай нь салхи, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их эсвэл бага байж болно. Мөн ямар барилгад байгаагаас эсвэл барилгын хаана байгаагаас хамааран хүмүүсийн цацрагт өртөх магадлал өөр өөр байж болно.