Индэр    
2022 оны 10 сарын 25
Зураг
Эдийн засагч, шинжээч

Долларыг дарах Жангар байна уу?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жангар, Гэсэр-т гардаг арван таван толгойтой атгаалжин хар мангасчин өнөөдөр ам.доллар болж хувирлаа. Иргэдийн худалдан авах чадвар огцом буурч байна.

Гэтэл ам.доллар гэх хар мангасыг дарах Жангар байна уу?

Ам.долларын ханш өсөх шалтгаан юу байв?

Цар тахлын нөхцөл байдал шувтарсан ч Хятад руу гаргах нүүрсний эскпортод найдсаар эдийн засгийн нөхцөл байдлыг бид бүхэн улам дордууллаа. Ам.доллар төгрөгийн эсрэг хүчтэй болсон дараах шалтгааныг дурдаж болно:

  • Ковидын үед эдийн засгаа дэмжих зорилгоор нийлүүлсэн 7 их наяд төгрөг нь импортыг дэмжин валютыг гадагшлуулав.
  • Экспортоос орж ирэх ёстой 600 сая ам.долларын валютын орлого нь Монгол Улсад орж ирэхгүйгээр гаднын гэрээт компаниудад үлдсэн. Улмаар дотоодын валютын нөөцөө хэрэглэсэн(импортын 1 сарын хэрэглээ).
  • Тансаг зэрэглэлийн худалдан авалтад эхний 10 сарын байдлаар 400 гаруй сая ам.доллар зарцуулж байгаа нь импортын 8 хувийг бүрдүүлж байна(импортын 1 сарын хэрэглээ).
  • 2022 он гарснаас хойш иргэд 600 сая ам.долларын төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлсэн байна(импортын 1 сарын хэрэглээ)
  • Дайны нөхцөл байдал импортын барааг(шатахуун, гурил) илүү үнэтэй болгов. Түүнчлэн АНУ-ын бодлогын хүү өссөн нь нөлөөлж байна.
зураг
 

Цаашид өссөөр байх уу?

Жангар бол нүүрс: Маш олон хүчин зүйл байх боловч ханшийг тогтвортой болгох ганц л зүйл нь нүүрс юм. Бид төмөр зам бариад л нүүрсийг 50, 60 сая тонноор гаргачихдаг юм биш. Энэ бол Хятадын талын хэрэг зориг хэр байхаас шууд хамаарна. Ирэх жил ТЭГ ковид үргэлжилнэ. Тиймээс манай нүүрс 20 гаруй сая тонноос хэтрэхгүй байх магадлал их. Чамлахаар чанга атга гэж энэхүү 20 сая тонны валютын орлого бодитоор орж ирэх нь чухал байна. Сая бол нүүрс экспортоор гарч байгаа ч оптэйк гэрээнээс шалтгаалаад бодит валют орж ирэхгүй байсан. 20 сая тонноор бодоход 1.2 тэрбум ам.доллар ороод ирнэ. Энэ бол одоогийн валютын нөөцийн 50 хувьтай тэнцэх мөнгө. 

Жангарыг дэмжье: Төсөв бол тэр чигтээ импортыг дэмждэг. Сая төмөр замыг харсан биз дээ. Баригдсан нь зөв ч гэлээ богино хугацаанд барих гэж хэт улайрснаас бид боломжит валютын нөөцөө шавхахад гол хувь нэмрийг оруулсан. Уг нь Монголбанк руу орилох биш Засгийн газар руу л орилох ёстой юм. Учир нь засаг л ам.доллар олж ирэх бүх боломжоор хувийн ААН-үүдээ хангах хэрэгтэй.

Санаагаар болдог бол иргэд, ААН, Засгийн газрын аль ч түвшинд төгрөгийн ханшаа хамгаалах бодитой үйлдэл хийх нь юу юунаас чухал байна.

Монгол Улсыг Монголчууд л өөрсдөө аврах хэрэгтэй. Монголчууд бид хүнд цаг үед эвтэй байж, үнийн өсөлт болон ханшийн уналтын эсрэг хамтдаа тэмцсэнээр дундаж давхаргаа хамгаалах, ард иргэдийнхээ худалдан авах чадварыг нэмж унагахгүй байх, цаашлаад эдийн засгаа сэргээхэд чухал нөлөөтэй билээ.