Индэр    
2022 оны 10 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч

Река Паи Камат: Монголд энтрепренер сэтгэлгээтэй, асуудлыг шийдэлтэй нь олж хардаг хүн олон байгаад баярласан. Гэвч энэ хүмүүс мэдээллээр их цангажээ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цахиурын хөндийд гарааны бизнесүүдэд менторлож, нийгмийн асуудлыг инновац, технологи ашиглан шийдвэрлэж, бодит үр нөлөө авчрах гарааны бизнесүүдийг эрэлхийлдэг нөлөөллийн хөрөнгө оруулагч, Массачусетсийн Технологийн Их сургуулийн сургагч багш, хатагтай Река Паи Камат Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны урилгаар хоёр долоо хоногийн хугацаатайгаар Монгол Улсад айлчлан ирж, салбарын охид бүсгүйчүүдтэй өөрийн туршлагаа хуваалцсан билээ. 

Хатагтай Каматыг ийнхүү манай улсад саатах зуур Монголын гарааны бизнесүүдийн боломж, хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

- Сайн байна уу. Манай улсыг зорин ирсэн танд баярласнаа илэрхийлье. Таныг цахилгааны инженер мэргэжилтэй гэж сонссон. Мэргэжлээ сонгох болсон шалтгааны талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлэх үү?

- Баярлалаа. Би Энэтхэгт өссөн, миний ойрын хүрээлэл, хамаатнууд дунд инженер мэргэжилтэй хүмүүс их байгаагүй. Нэг үеэл ах маань л Их Британид барилгын инженерээр сурч төгссөн хүн байв. Эмэгтэй инженер байдгийг ч мэддэггүй би ахлах ангид ороод гүнзгийрүүлэн судлах хичээлээ сонгох боллоо. Тэр үед хими-физик-математик уу, хими-физик-биологи уу гэсэн сонголттой тулгарсан, учир нь тэр үед STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарын амжилттай оюутнууд инженер, эсвэл эмч болдог байв.

Ингээд хэд хэдэн хүчин зүйл намайг инженер болох замд хөтөлсөн юм. 

  1. Тухайн үед Ням гараг бүр Энэтхэгийн нэгэн телевизийн сувгаар Карл Саганы сансрын шинжлэх ухааны тухай танин мэдэхүйн Cosmos гэдэг нэвтрүүлэг гардаг байсан. Сансрын шинжлэх ухааны нарийн онолыг маш энгийн хэлээр, сонирхолтой хэлбэрээр харуулсан нэвтрүүлэг байсан учраас би шимтэн үздэг байв. Ингэж анх астрофизик буюу одон орны физикийн шинжлэх ухаанд их дурласан.
  2. Мөн тэр үед Энэтхэгээс анх удаа Ракеш Шарма хэмээх эрхэм ЗХУ-ын хөлгөөр сансарт нисэн тэнд долоо хоносон. Энэ хүн миний хувьд баатар байлаа. Бүр зургийг нь томоор өрөөнийхөө хананд хадчихсан байдаг байв.
  3. Ахлах ангидаа би богино хэлхээний схем зохион бүтээх нэгэн сонирхолтой төсөлд оролцож байсан бөгөөд намайг төгсөх үед Астрофизикийн анги гэсэн сонголт байгаагүй. Багш надад "Математик, физик сонирхдог юм чинь сансар судлалын байгууллагад, магадгүй сансрын хөлөгт ч электроникийн инженерээр ажиллаж болно шүү дээ" гэж тэр үед урам өгч, зөвлөж билээ. 

Эдгээр зүйлс нөлөөлсөн учраас би математикийн хичээлээ сонгож, электроникийн инженер болох шийдвэрийг гаргасан юм. Арванхоёрдугаар ангиа төгсөөд, Мумбай дахь инженерийн дээд сургуульд элсэн орж, микросхем зохион бүтээх төслүүдэд ажилладаг болсон. Улмаар IEEE буюу Олон улсын цахилгаан болон электроникийн инженерийн хүрээлэнгээс зохион байгуулсан Ази, Номхон далайн бүсийн уралдаанд микропроцессорын төслөөр оролцож, хоёрдугаар байр эзэлсэн (инээв). Энэ амжилт маань АНУ дахь Айова мужийн их сургуульд (ISU) судалгааны ажил хийх тэтгэлэг авахад дэм  болсон байх аа. Товчхондоо ийм байна. 

- Таныг инженерээр сурч байх үед эмэгтэй оюутан цөөхөн байсан байх, тийм үү? 

- Тийм ээ. Манай ангийн 60 оюутнаас зургаа нь эмэгтэй байсан. Бид нэг нэгнээ дэмжиж, хэдий хоорондоо холбоотой байдаг байсан ч эмэгтэй гэдгээрээ л их ганцаардаж гадуурхагддаг байсныг сүүлд ойлгож билээ. Мэдээлэл авахаас эхлээд ер нь л юм юмнаас их хоцордог байсан, интернэт байгаагүй үе л дээ. Сургууль, хичээлтэй холбоотойгоор хаана, юу болж байгаа талаар, ямар шалгалт болох гэж байгаа, хаанаас хичээлээ уншиж болох вэ гэх мэт оюутан хүнд хэрэгтэй наад захын мэдээллийг хүртэл эрэгтэй оюутнууд түрүүлж, охид хамгийн сүүлд олж авдаг байв. Тэр утгаараа ч эмэгтэй оюутнуудад тусгаарлагдсан юм шиг мэдрэмж төрдөг байсан биз ээ. Тэр үед соёл нь тийм байж. Эрэгтэй, эмэгтэй оюутнууд хоорондоо бараг л ярьдаггүй, ойр байдаггүй соёл байсан болохоор тэр нь нөлөөлдөг байсан болов уу.

"АМЬДАРЧ БУЙ ОРЧИН, НИЙГЭМДЭЭ САЙН САЙХНЫГ АВЧ ИРЭХ ШИЙДЭЛ САНААЧИЛСАН, АШГИЙН КОМПАНИД БИ ХӨРӨНГӨ ОРУУЛДАГ" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Инженерээс хэрхэн энтрепренер, бүр нөлөөллийн хөрөнгө оруулагч болсон тань маш их сонирхол татаж байна?

- Инженерийн мэргэжлээрээ 12 жил ажиллаж, АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Эмис лабораторид супер компьютертой холбоотой судалгааны ажил хийх боломж надад олдсон. Ингэхдээ алгоритмаар программчлалын хэсгийг хийдэг байв. Энэ бүхэн надад Цахиурын хөндийд ажил олоход нэмэр болсон юм.

Цахиурын хөндийд Application-Specific Integrated Circuit буюу тусгайлсан нийлмэл схемийн дизайнер боллоо, арав гаруй жил ажилласан байх аа. Энэ үед надад "Энэ үйлдвэрлэж байгаа схем, чипийн бизнес модель нь юу вэ? Энэхүү архитектурыг, технологиийг хэрхэн зах зээлжүүлэх боломжтой вэ?" гэдэг асуудлууд ихээр сонирхол татсан. Үйлдвэрлэсэн чипийг хэрхэн борлуулж, арилжаалдаг зэргийг шимтэн сонирхсон, тухайн компани дотроо энтрепренер болсон гэх үү дээ.

Улмаар ашигладаг төхөөрөмж маань зах зээлд хэрхэн нэвтэрч, борлуулагддаг талаар нарийн судалж, бизнес модель дээр нь ажилладаг Juniper Networks гээд компанид ажилд орсон юм. Бизнес модель дээр ажиллахын хажуугаар АНУ-ын Төрийн департаментын 20 орны 100 эмэгтэйг хамруулдаг солилцооны Tech Women хэмээх хөтөлбөрт ментор хийдэг байлаа. Энэ нь ч надад ихэд таалагддаг байсан болохоор сурсан мэдсэн, чаддаг зүйлээ бусад эмэгтэйчүүдтэй хуваалцаж, тэднийг илүү чадавхжуулахыг хүссэн. Ингэснээр технологиор дамжуулж нийгэмдээ, өөртөө, эмэгтэйчүүдэд эерэг өөрчлөлтийг авч ирэхэд нөлөөлж чадна гэдгийг ойлгосон. 

Дараа нь би Fast Forward хэмээх хурдасгагч хөтөлбөр хэрэгжүүлдэг ашгийн бус байгууллагад орсон. Өөрөөр хэлбэл, Википедиа, Khan Academy гэх мэт ашгийн бус, нийгмийн сайн сайхан руу чиглэсэн платформыг зохион бүтээхэд чиглэсэн хөтөлбөрт нь ментор болон хөрөнгө оруулагчаар ажилласан.

Технологи бол нийгмийн сайн сайхны төлөө ашиглаж чадвал өргөн хэмжээнд нөлөөлж, том өөрчлөлтийг авч ирдэг зүйл

Боловсрол, эрүүл мэнд гэхчлэн аливаа нийгмийн асуудлыг шийдэхэд технологи ашигласнаар бага зардлаар өргөн далайцтай өөрчлөлт авч ирэх боломжтой. Жишээ нь, Fast Forward бизнес инкубатороос төрсөн Nexleaf гээд эмэгтэй эзэнтэй байгууллага нь вакцины хадгалалтын температур хянадаг мэдрэгч зохион бүтээсэн бөгөөд өдгөө Энэтхэгийн мэдрэгч үйлдвэрлэлийн зах зээлийн 85 хувийг эзэлж байна.

- Таны хувьд гарааны бизнесийг санхүүжүүлэхдээ ямар шалгуур нэн түрүүнд тавьдаг вэ? 

- Амьдарч буй орчин, нийгэмдээ сайн сайхныг авч ирэх шийдэл санаачилсан ашиг орлого олдог компанид би хөрөнгө оруулдаг. Технологийн хүн болохоор ч тэр үү судалгааны ажлуудыг ер нь их дэмждэг. Тухайлбал, инженер, технологийн салбарын судалгааны ажлыг арилжааны хэлбэрт оруулах байдлаар зөвлөгөө өгч ажилладаг. Судалгааны ажлыг арилжааны түвшинд хүргэх чиглэлээр Массачусетсийн Технологийн Их сургуулийн I-Corps хөтөлбөрт сургагч багшаар ажиллаж байна. 

- Монголд ирээд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон оюутнуудтай уулзсан гэж сонссон. Юу мэдрэгдэж байсан бэ, таны сонирхсон чиглэлд бизнесийн санаа гаргасан хүмүүстэй хэр таарсан бэ?

- Монгол их сайхан орон юм. Ирээд олон байгууллагаар явж, олон хүнтэй уулзлаа. Азийн хөгжлийн сан, Бизнес төвийн эмэгтэйчүүд, Дархан хотын эмэгтэй бизнес эрхлэгчидтэй уулзсан. МУИС болон Дархан, Эрдэнэт хотын ШУТИС-ийн салбар сургуулийн оюутнуудтай уулзлаа. Мөн Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хот дахь Америкийн Соёл мэдээллийн төвд олон хүнтэй уулзсан. Эдгээр уулзалтыг хийхэд таатай байснаа хэлмээр байна. 

Надаас хүмүүс маш их асуулт асууж байсан. Ялангуяа, оюутнуудтай уулзаж байхад асуулт ихээр тавьж байсны дотор MIT-д яаж сурах талаар ч асууж байв. Зарим хүн нь тоглоомын чиглэлээр сонирхдог, яаж, хэрхэн хөгжүүлбэл болох талаар хүртэл асуусан.

Бизнес эрхлэгчидтэй уулзахад санаачилсан, эхлүүлсэн бизнесийнхээ талаар, зарим нь бизнест нь хөрөнгө оруулах боломжтой эсэхийг ч асуусан. Тэгээд бизнестээ санхүүжилт хэрхэн босгож, хөрөнгө оруулалт татахыг лавласан.

Монголд энтрепренер сэтгэлгээтэй, асуудлыг шийдэлтэй нь сайтар олж хардаг хүн маш их байгааг хараад хувьдаа их баярлаж байна. Америкийн соёл мэдээллийн төвүүдээр уулзалт хийж явахад охид миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн.

Шинжлэх ухааны салбарт ажиллах хүсэлтэй, код бичиж сурах сонирхолтой монгол охид их байсан. Тэд мөрөөдлөө ярихдаа нүд нь гэрэлтэж байлаа

- Та боломж харагдсан гэж хэлсэн. Бидэнд ямар боломж байгаа бол?

- Эмэгтэйчүүд аливаа асуудлыг гярхай олж хардаг. Шийдэл олохын төлөө тууштай явдаг болохоор Монголын эмэгтэй интепренерүүдэд боломж их бий гэж бодож байна. Ингэхдээ бизнестээ технологийг ашиглавал боломж нь илүү сайжрах юм гэж харлаа.

Бидний амьдарч буй дэлхий эргэж буцалтгүйгээр цахим шилжилт рүү орж байна. Цар тахлын үед бид цахимаар сурч, ажиллаж, аливаа үйлчилгээг авч сурлаа. Аж үйлдвэр, эдийн засаг гээд бүх салбар ирээдүйгээ технологи, автоматжуулалтгүйгээр төсөөлөхгүй байхын аргагүйд хүрсэн. Уул уурхайн салбарт л гэхэд Рио Тинто групп хүнд даацын автомашинуудаа бүгдийг нь автоматжуулж байна шүү дээ. Энэ утгаараа хүн төрөлхтний ажил, мэргэжил дээр ч хүчтэй өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ажлын хүч ирээдүйд ямар байх вэ гэдэг дээр маш их өөрчлөлт орж байна.

Мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэл байна гэдэг нь өөрөө бас нэгэн боломж байдаг

- Та өөрийн санхүүжүүлсэн төслүүдээсээ сайн жишиг дурдаж болох уу?

- Өөрийнхөө санхүүжүүлсэн төслүүдээс хоёрыг нь жишээ болгож хэлье.

 АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын эмэгтэй эзэнтэй нэг гарааны бизнес тод бууж байна. Тэр эмэгтэй фермерүүдийн үр ашиг, орлогыг нэмэгдүүлэхийн сацуу бэлчээрийн доройтлыг бууруулж, малчдын хүртэх үр ашгийг нэмэгдүүлсэн технологи санаачилсан байсан учраас би PastureMap хэмээх тэр төсөлд хөрөнгө оруулсан.

Энэтхэг улсын нэг эмэгтэй технологид суурилсан мах нийлүүлэх процессыг хөнгөвчилсөн төслийг санаачлан мах үйлдвэрлэгч нарт махаа нийлүүлдэг зах зээлийг нь технологиор дамжуулан цэгцтэй болгож өгсөн. Ингэснээр мах хаягдлыг бууруулж, ханган нийлүүлж буй ресторан, дэлгүүрт шинэ мах нь цаг хугацаа алдалгүй очдог болсон. FreshR гээд энэхүү төслийн гол шийдэл нь зах зээлийн үнэ нь, ангилал нь ил тод харагддаг аппликэйшн бүтээсэнд байгаа юм. Энгийнээр тайлбарлавал, нийлүүлэгчээс олон дамжлагагүйгээр ресторан, дэлгүүрт хүргэгдэх боломжтой аппликэйшн гаргасан. Эдгээр санаанууд Монголд ч хэрэгжих боломжтой санагдсан шүү.

"АЛИВАА ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ НЬ ХҮНИЙ ТОЛГОЙД Л БАЙДАГ ЗҮЙЛ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Эмэгтэйчүүдэд бизнесээ авч явахад тулгардаг нийтлэг зүйлсийг та магадгүй онож хэлэх болов уу гэж бодлоо. Эмэгтэйчүүд нэн тэргүүн яг ямар асуудлаа шийдчихвэл бизнесийн салбарт илүү амжилттай ажиллаж чадах бол? 

- Бүтээгдэхүүнээ хэрхэн зах зээлд гаргах вэ, хэрхэн борлуулах вэ, механизм нь юу вэ... гэдэг нь бизнес эрхлэгчид ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байдаг юм шиг. 

Монголд хүмүүстэй уулзаад явахад англи хэл гол асуудал нь байгаа харагдсан. Англи хэлний мэдлэг нь хангалтгүйгээс болж, илүү мэдээллийг олж авах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломж нь хязгаарлагдсан гэх үү дээ. Тэд мэдээллээр цангасан санагдсан. Эхний ээлжид энэ асуудлаа шийдэх хэрэгтэй болов уу.

Уулзсан охид дунд "би инженер болох болов уу, яах вэ? Хүмүүс эмэгтэй хүн инженер болоход хэцүү шүү дээ гэж хэлдэг" гэсэн асуултууд байсан.

- Та юу гэж хариулсан бэ? 

- Аливаа хүндрэл бэрхшээл нь хүний толгойд л байдаг зүйл. Чамд инженер болъё, энэ салбарт ажиллая гэсэн чин хүсэл байвал бусдын юу гэж хэлэх нь огт хамаагүй. Чи тархиа чөлөөлөөд өөрийнхөө бодолд зүрх сэтгэлээсээ үнэнч хандахад л болно. Мэдээж амаргүй байх болно. Гэхдээ хэцүү юмгүй амьдрал, хэцүү зүйлгүй ажил, бизнес, хөгжил гэж байхгүй. Чи л өөрөө тархиндаа "чадна" гэж бодвол инженер ч болж чадна, аливаа асуудлын шийдлийг ч хангалттай олно гэж би хариулсан.

Аливаа асуудлыг шийдэхийг үнэхээр их хүсэж байгаа бол анхны алхмаа л хийчих. Тэгвэл тэр чинь энтрепренер болохын эхлэл

Дараагийн нэг хэлмээр байгаа зүйл бол эмэгтэйчүүд аливаа хүндрэл бэрхшээлийг давахдаа хоорондоо хамтарч ажиллаасай гэж хүсдэг. Уулзсан эмэгтэйчүүддээ ч би их захиж хэлдэг юм. “Нэгдэж, биенээ дэмжиж чадвал илүү том боломж бий болоод л байна” гэж. Ялангуяа Монголд шийдлээ хүлээж буй асуудал их байгаа шүү дээ.

- Танд Монголын хөрөнгө оруулалтын орчин хэрхэн анзаарагдсан ярилцлагын төгсгөлд хуваалцахгүй юу, бид хөрөнгө оруулалтынхаа орчныг сайжруулахад юуг дутуу хийгээд байгаа бол? 

- Технологийн салбарын гарааны бизнес хөгжихөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Цахиурын хөндийн гарааны бизнесийг бойжуулдаг жишээ дээр тайлбарлая. 

  • Технологийн чиглэлийн гарааны бизнес гэдэг маш өндөр эрсдэлтэй тул эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг гаргаж чадах хөрөнгө оруулагч нь байх хэрэгтэй.
  • Хөрөнгө оруулагчийг хамгаалсан хууль эрх зүйн орчин нь байх хэрэгтэй.
  • Шинэ бүтээгдэхүүн зохиогчийн эрхийг хамгаалсан хууль хэрэгждэг байх ёстой. Учир нь зохиогчийн эрхийг хамгаалж чадахгүй бол бизнес нь хол явахгүй.
  • Гарааны бизнесийн экосистем маш чухал. Цаашид томрохын тулд амжилттай бойжиж, хөгжсөн гарааны бизнес байвал зүгээр шүү дээ.

Дээрх бүх нөхцөл нь хангагдаж чадвал бусад гарааны бизнесийг дэмжиж, хөгжүүлээд хөрөнгө оруулж эхэлдэг.

Экосистем дотор нь судалгааны ажил, оюуны өмчийг хамгаалах хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан хууль эрх зүйн орчин, гарааны бизнесийг бойжуулдаг болон судалгааны байгууллагууд багтана. Амжилттай хөгжиж чадсан эхний гарааны бизнесүүд, түүхүүд байхад цаашаа экосистем нь шинээр төрөн гарч буй гарааны бизнесүүдээ дэмжээд аваад явдаг юм.

Монголын нөхцөлд энэ бүх мэдээллийг авч сайтар судлахын тулд англи хэлийг сайн сурах хэрэгтэй. Монголд энэ мэт экосистем байвал гарааны бизнесүүд хөгжиж томрох боломж сайжирна.

Хөрөнгө оруулж буй аливаа бүтээгдэхүүн ашиггүй байвал тэр хүн мөнгөө л алдана. Сайн судалгаа хийгээд, бүх юм нь асуудалгүй байлаа ч миний хөрөнгө хамгаалагдахгүй, хуулиар баталгаажаагүй байх юм бол би хэзээ ч хөрөнгө оруулахгүй. Миний оронд өөр хөрөнгө оруулагч ч хөрөнгө оруулахгүй байх аа. Ашигтай байгаад миний оруулах хөрөнгө хамгаалагдсан байсан ч өөр нэг нь дуурайлгаад хийгээд эхэлбэл бас л онцгүй.

Нэгтгээд хэлбэл, нэгдүгээрт, хууль эрх зүйн тогтвортой орчин, хоёрдугаарт, тэр хууль нь хэрэгждэг байх нь хөрөнгө оруулалтад маш чухал зүйл.

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

- Танд бас баярлалаа.