Кино уран бүтээлчдийн ихэнх нь Холливудаас суралцахыг, тэнд очиж ажиллахыг хүсдэг.
Зорилгынх нь дээд цэг энэ гэмээр. Тэгвэл энэ орчинд суралцаж, уран сайхны кино, телевизийн олон ангит шоунуудад найруулагчаар ажиллаж буй Л.Нямжаргал хэмээх бүсгүй эх орондоо түр хугацаагаар иржээ.
Тэрбээр монгол уран бүтээлчидтэйгээ хамтрахын зэрэгцээ Кино урлагийн зөвлөлд Зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
- Сайн байна уу, өөрийгөө танилцуулна уу?
- Намайг Лхагвын Нямжаргал гэдэг. АНУ-д 20 жил амьдарч байна. 2014 онд Columbia college Hollywood-ийг төгсөөд, кино үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн чиглэлээр олон төрлийн ажил хийсэн. Одоо кино найруулагчаар ажиллаж байна.
- Ямар кино, шоунд ажиллаж байсан талаараа хуваалцвал?
- Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Paramount TV-ийн "American Gigolo" олон ангит кинон дээр ажилласан. Голчлон Sony, Paramount, Warner Bros, Hulu зэрэг кино студид ажилладаг. Уран сайхны кино болон телевизийн шоунд ажиллаж байна.
Тухайлбал, "Grand Crew", "Ray Donovan", "Reasonable Doubt" зэрэг телевизийн шоу, "Against The Clock", "Amateur night", "6Underground" гэх зэрэг уран сайхны кинонд ажилласан.
- Монголд ямар ажлаар ирсэн бэ. Амарч байна уу, эсвэл ажиллаж байгаа юу?
- Ажил, амралт хослуулж байгаа. Би Монголын кино урлагт өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг тул кино урлагийн зөвлөлд Америкийн талыг хариуцан, зөвлөхөөр ажиллаж байгаа. Өөрийн сурсан мэдсэн зүйлийг монголчуудтайгаа хуваалцахаар энэ ажлыг хийж байна. Кино урлагийн зөвлөл нь дөрөвдүгээр сард байгуулагдсан. Есдүгээр сараас бэлтгэлээ хангаад саяхан гаднаас томоохон студийн уран бүтээлчдийг Монголд урьж авчирч, уулзалтууд хийлээ.
- Уулзалтын үр дүнг дүгнээд хэлэхгүй юу?
- Миний бодлоор тун үр дүнтэй байсан. Бүгд кино бүтээдэг хүмүүс учраас манай улсад ирээд, шинэ орчин үзсэндээ зочид маань өндөр сэтгэгдэлтэй буцсан, одоо ч холбоотой байгаа. Кино урлагийг ирээдүйдээ зориулж үлдээдэг бүтээл гэдгийг ойлгочхоор сайжраад л явдаг.
- Кино бол урлаг, гэхдээ нөгөө талаар бизнес. Ашиг орлого ихтэй салбар. Тийм ч болохоор олон хүн ийшээ орж байна. Тэр хэрээр салбар хөгжиж байна гэж уран бүтээлчид үздэг. Харин зарим нь эсрэг байр суурьтай. Таны хувьд дотоодын салбарыг хэрхэн харсан бэ?
- Маш гоё ирээдүй харагдаж байна.
Гэхдээ кино уран бүтээлчдэд олон талын мэдээлэл хэрэгтэй гэж бодогдсон. Мөн онолын мэдлэг шаардлагатай. Кино бол олон жилийн түүхтэй, том салбар. Манай уран бүтээлчид гаднаас аливаа санаа авч, дуурайх биш, дотоод үйл ажиллагаа, онол, мэдлэгээ сайжруулах нь зөв. Мөн эв нэгдэлтэй, хамтарч ажилладаг байх ёстой. Ойлголцол сул байгаа юм шиг санагдсан.
- Таны бодлоор сайжруулахын тулд өөр ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
- Сайтар төлөвлөх шаардлагатай. Солонгос улс гэхэд 20-25 жилийн турш уран бүтээлчдээ гадаад улсад сургасан. Том хэмжээний төсөв, тодорхой төсөлтэйгөөр залуусаа сургасны үр дүнд одоо Солонгосын кино урлаг дэлхийд гарч ирж байна шүү дээ. Манай улсад ийм бодлого, мөн зохиолоо чанаржуулах шаардлагатай.
Зохиол бичихийн тулд судалгаа сайтай, онолын мэдлэг арвинтай байх ёстой болдог. Энэ зэргээр бэлтгэлээ сайн хангавал ирээдүй байна. Кинонд бэлтгэл ажил хамгийн чухал.
Киноны талаар ном орчуулахдаа монгол үг зөв сонгогдсон эсэхийг хянаж, санаагаа зөв илэрхийлэхэд онцгой анхаарах нь чухал.
- Тэгвэл техник талаас нь харвал?
- Камертай харилцах гэдэг нь том урлаг. Киноны зураг тавилт, киноны гэсэн зүйлийг илүү сайн заах хэрэгтэй. Учир нь ихэнх нь тайзных байна.
Тайз, кино гэдэг нь хоёр өөр урлаг. Тайзны урлагт нүүрний хувирлаа яаж тод гаргах вэ, хоолойныхоо өнгийг ямар байлгах вэ, үзэгчдэд ямар мэдрэмж төрүүлэх вэ гэдэг нь чухал. Харин кино урлагт камер ойр тул нүдний багахан хөдөлгөөн ч гүн утгыг гаргаж болдог.
Орчин үед техникээс илүү зохиол чухал болсон
Орчин үед техникээс илүү зохиол чухал болсон. Өгүүлэх санаа, үйл явдлаар яаж тодруулах зэрэг нь чухал. Техник бол дараагийн асуудал. Манай Монголд авьяас байна, техник байна, гэхдээ зохиол дээрээ сайжирч, онолын мэдлэгээ дээшлүүлэх нь чухал.
Би өөрийн ажилладаг орчин, Монгол дахь нөхцөл хоёрыг их харьцуулж, ялгааг нь харж байгаа. Монголчууд сэргэлэн, юмыг хурдан сурдаг. Харин тэнд хэв маягаа сайн барьдаг, бүх юм нь жигдэрчихсэн. Энэ хоёр ертөнцийг яаж холбох вэ гэдэгт би их анхаарч байгаа. Боломж их бий.
- Холливудад ажилладаг, киноны мэргэжлийн хүн учраас нэг зүйл сонирхож асуумаар байна. Манай улсын Ерөнхий сайд соёлын салбарынхантай уулзах үеэрээ 2024 он гэхэд Холливудын нэг кинонд хамтарч ажиллан, Нетфликс дээр таван контент гаргая гэж хэлсэн. Энэ хэрэгжихэд хэр бодитой үг вэ?
- Зөв багаа олоод, багаа сайн бүрдүүлбэл бүх юм боломжтой.
Кино олны хүчээр бүтдэг. Хэн нэгнийхээ амбицын төлөө биш, нэг зүйлийн төлөө хамтдаа хичээдэг. 2024 он гэхээр үндсэндээ хоёр жил гаруйн хугацаа. Энэ хугацаанд сайн зохиол, сайн багтай, гаднын мэргэжилтнүүдтэй хамтарвал чадна байх. Гол нь гадаад уран бүтээлчидтэй харьцах гүүр болох хүмүүс их хэрэгтэй санагдлаа.
- Монгол уран бүтээлчид олон улсын кино наадмуудад сүүлийн жилүүдэд тун амжилттай оролцож, шагнал арвинтай болсон. Зарим киног олон улсын наадмуудад өрсөлдүүлэх зорилгоор бүтээдэг болсон байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
- Манай киночид гадаадад үнэхээр амжилттай, сайн байна.
Гэхдээ миний үзэл бодлоор кино бол уран бүтээл, хүнд юм бодуулах ёстой. Хүний нэвтэрч чадахгүй орон зайг харуулж, ойлгуулах том соёл. Том мөрөөдөлтэйгөөр хийх нь зөв, гэхдээ шагналын төлөө биш, хайртай урлагтаа хувь нэмрээ оруулахын төлөө байвал зөв. Би ч бас кино хийдэг хүн учраас том мөрөөдөл бий, гэхдээ киногоо уран бүтээл байлгах нь надад үнэ цэнтэй.
- Сүүлийн үед хийгдэж буй монгол киноны сэдэв их хүнд, тулаант, адал явдалтай төрлийнх зонхилж байгаа. Олон улсдаа чиг хандлага, төрлийн хувьд ямар байдаг вэ?
- Хүн бүрийн санал бодол өөр. Би мэргэжлийн хүний хувьд дахиад хэлэхэд, онолын мэдлэгээ тэлж, бэлтгэл ажил дээрээ онцгой ач холбогдол өгмөөр байа. Бэлтгэл дутуу ажлаа эхлүүлчихвэл дутуу л зүйл гарна гэхээр харамсалтай болчихдог. Ажил эхэлсэн л бол мөнгө орж байгаа, түүнийгээ нөхөхийн тулд ажиллах ёстой болно. Монголчууд мундаг байна, хурдан байна. Гэхдээ энэ бол гайхуулах зүйл биш.
Хурдан хийгээд байхаар үр дүн нь удаан хоногшихгүй мэт санагдсан. Монгол кино үзээд таалагдсан нь их бий. Өөр өөр төрлийнх, авах санаа нь ч өөр. Монголчууд шүүмжлэл хүлээж авахдаа тааруу. Шүүмжлэл болгон муу, буруу зүйл биш.
Кино бол хүний нэвтэрч чадахгүй орон зайг харуулж, ойлгуулах том соёл
Би маш их кино үздэг. Киног сайн үзэх хэрэгтэй байна, зөвхөн олон хүн үздэг адал явдалт эсвэл супер баатруудын тухай киног биш. Холливудад ихэвчлэн арилжааны кино хийгддэг учраас нэг хэв загвараа барьчихдаг тал бий. Ийм кино үзээд байвал тэр төрлийнхийг хийх гээд байдаг болчихдог. Тэгэхгүйгээр өөр өөр төрлийн кино үз. Цаг зориулаад янз янзын кино үзээд байвал сурах юм их бий.
- Лос Анжелест кино яаж хийгддэг вэ?
- Судалгаа их хийгдсэн байдаг. Кино багийнхны ялгаа нь энд харагддаг. Монголд нэг хүн олон ажлыг зэрэг хийдэг. Нэг хүн таван ажил хийлээ гэхэд алдаа гаргах магадлалтай. Харин тэнд багаа бүрдүүлэхээс өмнө маркетинг, судалгааны багийнхан ажиллаад эхэлсэн байдаг. Хэдээс хэдэн насны, ямар хүмүүс үзэх талаар статистик гарчихсан байдаг.
Холливудад бол кинонууд ангиллаараа явдаг. Tier 1-д 1-5 сая ам.доллар, Tier 4-т 100 сая ам.долларын төсөвтэй кино багтана гэх мэтчилэн ангилалтай. Киноны холбоо нь хөгжчихсөн учраас киноны ангиллын дагуу хүмүүсийн цалин ямар байхыг тодорхой тусгасан хууль нь ч бий. Жишээлбэл, би нэг кинон дээр ажиллахаар болбол хэр хэмжээний цалин авах, даатгал бий эсэх гэхчлэн бүгд тодорхой.
Төрлийн хувьд адал явдалт кино нь харилцан яриа багатай учраас дэлхий даяараа үздэг. Мөн сүүлийн жилүүдэд уран сайхны киноноос илүү хүмүүс телевизийн шоу үзэх болсон.
- Ярилцлагын төгсөлд, монгол уран бүтээлчид жишээлбэл, АНУ-д киноны чиглэлээр суралцахад тэтгэлэг авах боломж хэр их байдаг талаар асууя?
- Гаднаас ирж байгаа учраас тэтгэлэг олдох боломж хомс.
Гэхдээ Солонгос улсаар жишээлж үзвэл, тэр улс уран бүтээлчдийнхээ төлбөр, зардлыг нь даагаад гадаад улсад их сургачихсан. Зөвхөн нэг шаардлага тавьсан нь эх орондоо заавал буцаж ирэх байсан. Гэтэл одоо солонгос кино, дуу хөгжим олон улсад гарч, ялгарч байна шүү дээ. Манай улс ч ийм бодлого хэрэгжүүлж чадвал өөрсдийн ялгарлыг харуулах боломжтой.