Индэр    
2022 оны 10 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

Г.Даваамаа: Монгол Улс сайн сортын кофег Вьетнамаас шууд импортлох боломжтой. Гуравдагч улсаар дамжуулах шаардлагагүй

Зураг

Вьетнам улсын Ханой хотод болсон бизнесийн санал солилцох уулзалтад Монгол, Вьетнамын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон.

Энэ үеэр Монголын талаас кофе нийлүүлэлтийн талаар судлахаар очсон бизнес эрхлэгч, "Сайхан булаг" ХХК-ийн захирал Г.Даваамаатай ярилцсанаа хүргэе.



- Кофены талаар сонирхож яваа гэдэг утгаар уламжлалт бизнесүүдээс арай содон санагдлаа. Та энэ салбарт хэдэн жил, аль чиглэлээр ажиллаж байна вэ?

- Сайн байна уу. Би энэ салбарт 10 орчим жил ажиллаж байна. Эхэн үедээ сонирхогч байсан бол одоо кофег илүү сайн судлах болсон. Манай байгууллага сүүлийн 10 жил Монголын Баристагийн холбоотой тасралтгүй хамтран ажиллаж яваа. Тэр утгаараа кофе, цай бэлтгэх бариста нарын мэргэжлийн ур чадварыг ахиулах хамгийн ойр боломжит бүс гэж үзэж байгаа.

- Вьетнам улс кофены экспортоороо тэргүүлэгч орон. Кофены соёл хөгжиж эхэлж буй гэж хэлж болох манай орны хувьд энэ салбарт бизнесийн орчин ямар байдаг вэ. Мөн тус улсаас ямар боломж хайхаар ирсэн бэ? 

- Монгол Улсад сүүлийн 10 жилд кофе болон цайны соёл нэлээд хөгжиж байна. Тэр дундаа гаднын кофе болон цайгаар үйлчилдэг сүлжээ кофе шопууд нэлээд орж ирсэн. 

Дэлхийн чиг хандлагаас харвал вьетнам кофе нь кофе шопуудын блэнд кофены гол хольц болж байгаа. Тэгэхээр бид дотоодын сүлжээ брэндийг Монголдоо хөгжүүлэх нь гадагш урсгах валютын урсгалыг тодорхой хэмжээнд багасгах боломжтой. Мөн Вьетнам руу кофены чиглэл сонирхсон аялагчдын урсгалыг бий болгох, цаашлаад аяллын компаниудтай хамтарсан кофены тариалалтын соёлын аяллын хөтөлбөр сонирхож байгаа. Ийм сонирхолтой аяллыг манай улсын кофе сонирхогчид болон бизнес эрхлэгчид ихээр сонирхоно гэж бодож байна.

- Вьетнам кофе нь кофе шопын блэнд кофены гол хольц болж байгаа гэлээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу? 

- Тэгэлгүй яах вэ. Кофе шоп нь дан ганц үрээр бэлтгэсэн кофе хэрэглэх нь ховор байдаг. Ихэвчлэн хоёр болон түүнээс дээш төрлийн үрээр холимог кофег бэлтгэн түүгээрээ үйлчилдэг бөгөөд тэр хольцдоо Вьетнамд тариалсан үрийг нэлээд ашиглаж байгаа гэсэн үг. Ингэснээр амт үнэрийн гоё цогц чанарыг гаргахад нэлээд үүрэгтэй байдаг юм. 

- Кофены салбарт манай улсад ямар боломж байна вэ?

- Монголын хувьд бид сайн сортын кофег Вьетнамаас шууд импортлох боломжтой. Заавал гуравдагч улсаар дамжуулах шаардлагагүй гэсэн үг. Ингэснээр монгол сүлжээ цай, кофегоор үйлчилдэг газруудыг илүү дэмжиж, гадагш урсах валютын урсгалыг тодорхой хэмжээнд багасгана гэж харж байна.

Дэлхийд кофе тариалалтаараа нэгт Бразил, хоёрт Вьетнам улс ордог. Бразил улс бол нэгт тээвэрлэлтийн хувьд хол, хоёрт Монгол Улсын Элчин сайдын яамгүй учир бид Вьетнам улсыг давуу тал их байна гэж харж байгаа. Гадаад хэргийн дэд сайд Б.Мөнхжингөөр ахлуулсан энэ удаагийн айлчлалаар тээвэрлэлтийн асуудал болон хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааны талаар нааштай түвшинд яригдаж байгаад бизнес эрхлэгч бидний хувьд баяртай байна. Учир нь тээвэр бол бизнесийн хувьд хүнээр зүйрлэвэл судас нь юм.

- Вьетнамд тариулж буй үрийг Монголд тариалах боломж ер нь байгаа болов уу?

- Халуун дулаан, чийглэг уур амьсгалтай орчин нь кофены үр ургахад таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Тэгэхээр Монголын эрс тэс, хуурай уур амьсгалтай орчинд тариалахад ургах боломжгүй. Ганц нэг кофе сонирхогчид гэрийн нөхцөлд кофе ургуулж, туршиж байгаа гэх ганц нэг тохиолдлыг сонсож байсан.

- Кофе уухаар зүрх нь дэлсдэг хүмүүс цөөнгүй байдаг. Энэ нь ууж байгаа кофетой холбоотой юу, эсвэл тухайн хүний биеийн онцлогтой холбоотой юу?

- Энэ асуултад би хоёр талаас тайлбарлах гэж хичээе. Хүний биеийн талаас харвал төрөлхийн кафейнд мэдрэг хүмүүс байдаг. Энэ төрлийн хүмүүст зүрх дэлсэх асуудлууд гардаг. Ийм хүмүүст зориулсан кафейнгүй кофе ч гэж байдаг. Кофены амт, үнэр нь байгаа ч тусгай аргаар кафейнгүйжүүлсэн кофе буюу үүнийг "decaf coffee" гэдэг. Ийм хүмүүс дэкаф кофег сонгож хэрэглэж болно. Кофены хувьд авч үзвэл кафейн өндөртэй сорт гэж бий. Энэ нь харьцангуй хямд сортын буюу "Робуста" сорт ихээр агуулагдсан кофег хэлж байна.

Үндсэндээ кафейны агууламжаар нь кофег сайн чанарын "Арабика" үр үү, эсвэл хямд чанарын "Робуста" сорт уу гэж ялгаж болно.

зураг
 

Вьетнамын өндөгтэй кофе

зураг