Индэр    
2022 оны 9 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Н.Зинэмэдэр: Геологи, уул уурхай бол Монголын хоёр багана

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын геологийн салбарт 50 гаруй жил ажилласан ахмад геологич Н.Зинэмэдэртэй ярилцлаа.

Тэрбээр цементийн гол түүхий эд болох гөлтгөнийг импортоор авдаг байсныг эх орноосоо бүрэн хангадаг болоход гар бие оролцож, цементийн томоохон үйлдвэрүүд тогтвортой үйл ажиллагаа явуулж, орон нутагт ажлын байр бий болгох суурийг тавилцсан геологич хүн юм.

Геологи нь улс орны хөгжилд ямар чухал салбар болохыг 50 гаруй жилийн хөдөлмөрөөрөө нотолж яваа тэрбээр энэ тухай иргэн бүрд ойлгуулж, хөгжлийн тэргүүлэх салбаруудын уялдааг сайжруулах шаардлагатай байгааг онцолж байна. 



-1969 онд МУИС-ийн Геологийн ангийг төгссөн цагаасаа хойш та мэргэжлээрээ тасралтгүй ажилласны хувьд геологийг иргэдэд энгийнээр хэрхэн ойлгуулах вэ. Өнөөдрийн нөхцөлд байгаль орчныг сүйтгэдэг гэдэг тал руу туйлшрах хүн нь олон болоод байх шиг. 

-Геологи нь орд газрын нөөцийг эрж хайж судлахаас гадна эрдэм шинжилгээний ажлыг хийдэг гэж ойлгох хэрэгтэй. Геологичид байгалийн нөөцийг судалж, тогтоож, илрүүлж, төлөвлөдөг. Үүний араас уул уурхайн олборлолт явагдаг учиртай. Монгол Улсын хувьд геологи, уул уурхай хоёр бол гол тулгуур багана нь. Яагаад гэвэл Монгол Улсын экспортын орлогын 88 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Энэ боломжийг геологичид бий болгосон гэсэн үг. 

Гэвч иргэдийн ойлголт дутмаг, эсэргүүцэх хандлага нь давамгай байна. Энэ нь хоёр талтай байх. Нэгдүгээрт, уул уурхай зарим тохиолдолд хууль дүрмийн дагуу явахгүй, хариуцлагагүй байдлаас болж байгаа байх. Нөгөө талдаа ойлголт муутайгаас болж байна. 

Улс орны хэмжээнд экспортын орлогын 88 хувийг геологи, уул уурхайн салбар бүтээдэг болохыг хэлсэн. Тэгэхээр үнэндээ энэ улс орныг хөдөлгөх гол хүч нь геологи, уул уурхайн салбар гэж би урамшиж явдаг. Үүнийг л хүмүүст бүрэн дүүрэн ойлгуулж, бие биеэ мэдрээд салбар хоорондын уялдаагаа сайжруулаад явах юм бол цаашдаа хэрэгтэй гэж бодож байна.

-Эсэргүүцэх хандлага ихсээд байна гэж та хэллээ. Эсэргүүцлийн гол шалтгаан нь байгаль орчноос болж байгаа байх. Үүнтэй та санал нийлэх байх, тийм үү?

-Энэ бол яах аргагүй манай монгол хүмүүст тогтсон сэтгэлгээнээс үүдэлтэй. Нялх багаас л ганц чулуу ч хамаагүй битгий хөдөлгө, амьтан, байгаль усанд хамаагүй битгий хүр гэж аав ээжээс сургаж ирсэн. Тэр бол байх ёстой асуудал. Энэ талаараа монгол хүн илүү ойлголттой, бусад орны хүмүүсээс ч илүү мэдрэмжтэй, мэдлэгтэй байх. 

Дээр дурдсанчлан хоёр талтай л даа. Ашиглалт, олборлолтын талдаа жаахан замбараагүй, хариуцлагагүй хандсаных. Нөгөө талаар, геологийн салбар бол улс орны чухал салбар. Геологич хүн геологи, хайгуулын ажлаа хийгээд явж байхад орон нутаг, орон нутгийн иргэдээс байгаль орчинтой холбоотой эсэргүүцэл илэрхийлж, ажлыг нь хийлгэхгүй гацааж зогсоодог явдал түгээмэл боллоо. Гэтэл үүний цаана геологич гэдэг хүн мэргэжлийн ажлаа хийгээд явж байгаа юм. Үнэ цэнтэй энэ мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийн хийж байгаа ажлаар дамжуулаад улс орон экспортын гол орлогоо бүрдүүлж байдаг ийм гинжин хэлхээтэй юм. 

Мал аж ахуй, газар тариалан гээд Монгол Улсын хөгжлийн үндсэн хэдэн салбар байгаа. Энэ хэдэн салбар хоорондоо зохицож ажиллах ёстой юм. Манай нөхцөлд бол малчид, тариаланчид хоорондоо зөрчилтэй. Уул уурхайтайгаа гурвуулаа зөрчилтэй. Үүнийг зохицуулж ойлголцолд хүргэх хэрэгтэй ба энэ үүрэг нь төрд бий. Хуулиараа хоёр талд зохицуулалт хийж, төр өөрөө хуулийн хүрээнд менежментээ оновчтой сайн хийснээр геологич нэр хүндтэй ажлаа тайван амгалан хийнэ. Байгаль орчныг ч бага сүйтгэснээр орон нутгийн иргэд ч бага бухимдана.   

Байгаль орчноос гадна иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа зүйл бол уул уурхайгаас орж ирж байгаа ашиг орлого ард иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй байгаа явдал. Гэтэл уул уурхай өөрөө экспортын орлогын 88 хувийг бүрдүүлээд байдаг. Орлого орж ирж байгаа нь үнэн боловч энэ мөнгө улстөрчдийн явуулж байгаа буруу хуваарилалт, үр ашиггүй зарцуулалт, авлига, хээл хахуульд далдуур зарцуулагдан, үр дүнд нь цөөн хүн хөлжиж байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Тэгэхээр мөнгө бүрдүүлж байгаа салбарыг хүмүүсийг мөнгө бүрдүүлж байна гэж харахгүй буруугаар ойлгож, энэ бүхэн салбарыг муухайгаар харагдуулаад байгаа хэрэг. Иймд улстөрчид хождог биш, хоорондын уялдааг хангаж, олон нийтэд үр ашгийг хүртээдэг, бүх талын ойлголцлыг хангадаг байх зохицуулалт шаардлагатай. 

-Өнөөдрийн геологи хайгуулын салбарыг та хэрхэн дүгнэж байна вэ? Өөр ямар тулгамдсан асуудлууд байна вэ?

-Одоогийн геологи, хайгуулын салбар үүсэж хөгжөөд 1939 оноос хойш 80 гаруй жил болсон байна. Энэ салбар социализмын үед гэх юм уу, өмнө нь төлөвлөгөө, бодлоготойгоор боловсон хүчнийг бэлдэж ажиллаж байгаад 1990 оноос хойш зогсонги байдалд орсон. Эргээд 2005 оноос дахиад сэргэж байгаа. Улс орны хөгжилд чухал салбар болохыг ойлгож, харьцангуй сэргэж байна. Ялангуяа миний олон жил ажилласан барилгын материалын салбар сүүлийн үед овоо хөгжиж байна. Түүхий эдүүдээ эхнээс нь өөрсдөө бэлтгэдэг болчихлоо. Гэхдээ л доголдол байна аа. Ялангуяа, хуульдаа байх шиг. 

Ашигт малтмалын тухай хуульд барилгын материалаа дотор нь түгээмэл тархацтай гээд салгаж, ангилж өгсөн. Гэхдээ түгээмэл тархацтай гэдэг нэрээсээ эхлээд явцуу ойлголтыг төрүүлээд эхэлсэн. Ашигт малтмалын тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хоорондын нийцэл сайн хийгдэж чадаагүй. Барилгын материалыг ерөнхий утгаар элс, шавар, хайрга, барилгын чулуу гэхчлэн дөрөвхөн төрөлд ангилчихсан. Гэтэл тэрний цаана барилгад хэрэглэдэг, нэлээд олон төрлийн түүхий эдийг ашиглах боломжгүй болчхоод байгаа юм. Гэвч ашиглах гэхээр хуульд багтаагүй тул зөрчилдөх болсон. Жишээ нь, зарим барилгын чулуугаар гэхэд ерөөсөө л  дайрга бэлтгэх болчхоод байдаг. Уг нь өөр өөр чиглэлээр, томоор нь ч хэрэглэдэг янз бүрийн боломжтой шүү дээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Хуульд зааснаас өөрөөр ашиглахаар ердийн ашигт малтмал болчих гээд байгаа гэсэн үг үү?

-Тэгээд байгаа юм. Салбарын яам, харьяа байгууллагууд энийг зөв уялдуулаад, барилгын материалын түүхий эдийг хэт явцуу биш, өргөтгөөд оруулаад өгчихвөл дотоодын хэрэгцээг олон чиглэлээр хангах боломж нээгдэх юм гэж хардаг. 

Жишээ нь, 1990-ээд оны үед Дорноговь аймагт нэг сайн чанарын шохойн чулуу байсан. Тэрэн дээр хайгуул хийгээд даавууны үйлдвэрт Германы технологи ашиглаад мяндас хийх боломжтой гэж үзээд үргэлжлүүлэн судалж байтал 1990 он гараад замхарсан байдаг. Одоо энэ мэтээр судалъя гэхэд л хууль зөрчих юм шиг болчхоод байгаа юм. Энэ хязгаарыг л өргөн хүрээтэй болгочих хэрэгтэй. 

Гаднын зарим орны туршлагыг сонсож байхад арай өргөн хүрээнд ашигладаг юм билээ. Заавал хайгуулын ажил хийхгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь шууд өгчихдөг. Ашиглаж чаддаг бол татвар хураамжаа төлөөд, ном журмаар нь ажилла гэдэг. Янз бүрийн тусгай зөвшөөрөл, шаардлага тавьдаггүй, харин нөхөн сэргээлтийнхээ мөнгийг урьдчилаад авчихдаг. Байгаль орчинд хор нөлөө учруулбал зарцуулна гээд. Учир нь зам, барилга гэдэг бол эдийн засгийн суурь нь шүү дээ. Замаар машин явж, барилгад амьдарч ажиллаж байж эдийн засгийн эргэлт явагдаг. Энэ утгаараа зам, барилгын материалыг хүндрэл чирэгдэлгүй хурдан эдийн засгийн эргэлтэд оруулж байж улс хөгжинө. 

-Чулуунаас мяндсан утас гаргаж авахтай адил судалгаагаар өөр ямар боломжууд байдаг бол? 

-Өнгөт чулуу төрөл төрлөөрөө байна. Барилгын материалын болон өөр бусад түүхий эд болгон ашиглах боломжтой. Тэр болгоныг судалдаг чиглэл нь олон байлаа. Одоо бол Монгол Улсын судалгаа цөөхөн түвшинд байна л даа. Алт, нүүрс, төмөр, металлаас хэтрэхгүй байна. Өргөн хүрээнд судлах боломж, хөрөнгө нь ч байхгүй бололтой. Улс зураглалын хэдэн тендер зарлахаас өөр төсөв хуваарилахгүй байна. 

Геологичид маань ажилгүй байна. Мэргэжилтнүүдийг олноор бэлтгэдэг байсан сургуулиудад сүүлийн үед залуучууд элсэхээ больж байна. Мэргэжил эзэмшээд хөдөө гадаа явахаар хэл ам ихтэй байх шиг байна. Харьяалсан газар байхгүй. Геологийн томоохон институц ч алга. Гэтэл уур уурхайн салбарыг авч явдаг зүтгүүр нь геологи. 30 жилийн урд хөгжиж явах ёстой энэ салбар ард нь хоцорчихсон. Бидний үед гаднын улс орнуудтай хамтран хайж нээсэн болон эх орны геологичдын хайж нээсэн ордууд ашиглагдаад дуусаж байна. Дараагийнхаа нөөцийг бэлдэхэд анхаарч судалгааны арга аргачлалыг боловсруулж өгмөөр байгаа юм. 

-Лицензүүдийг цуцалж, шинээр олгохгүй байх бодлого дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Үнэхээр хууль дүрэм мөрддөггүй, зөрчилтэй бол цуцлах нь зөв. Гэхдээ хэт нэг талыг барьж цуцлаад байна уу гэсэн хандлага ажиглагдаад байгаа, иргэдэд таалагдахын тулд. Засаж залруулж болох зүйл дээр заавал цуцлаад, хориод байх шаардлагагүй гэж боддог. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч ихээхэн зардал гаргаад хайгуул хийгээд судалчихсан байдаг. Яг ашиглах гэхээр олон шаардлага тавьж боодог. Монголд тийм баян компани цөөхөн. Ингэхээр гаднын хөрөнгө оруулагчид зугтаад, сүүлийн үед орж ирэхээ ч байлаа. Гаднын хөрөнгө оруулалтыг бас зөв оруулж ирэх хэрэгтэй. Бүрэн эзэмшүүлэх үү, хувь эзэмшүүлж хамтруулах уу гэдэг аргачлалаа бодмоор. Дээр нь хуулиа бас бодолцмоор. 

Уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэхээр гэнэт малчид, эсвэл тариаланчид нь бэлчээр, талбай гээд ороод ирдэг. Яг энэ мөчид ард түмэнд таалагдах үүднээс геологи, уул уурхай дээр хамаг буруу муухайг чихээд байдаг. Гэтэл хамаг орлого нь тэндээс орж ирээд байдаг. Иймээс л талуудын ойлголцол, зохилдлогоог зөв хийх шаардлагатай гээд байгаа юм.

Ингэж чадвал уул уурхайд, геологичдод ирэх дарамт багасна. Ажлаа чөлөөтэй явуулах боломжтой болно. Төр өөрөө бас хүчтэй байх хэрэгтэй байна. Улс орны эрх ашигт, нийт ард түмэнд хэрэгтэй бол шийдвэрлэх хэрэгтэй. Жишээ нь, Ховдын усан цахилгаан станц, хил орчмын чухал гарц боомт зэрэг. 

Миний хувьд залуу геологичид маань баталгаатай ажил төрөлтэй, улс орныхоо эрдэс баялгийг судлах, арвижуулах ажилдаа амжилт гаргаж, сэтгэл тайван ажилладаг болох болтугай гэж хүсэж байна.