Загварын салбар дахь чухал арга хэмжээний нэг бол загварын долоо хоног(Fashion week). Хамгийн алдартай загварын долоо хоногууд дэлхийн загварын нийслэлүүд гэгддэг Нью-Йорк, Лондон, Милан, Парис зэрэг найман хотод жилд хоёр удаа зохион байгуулагддаг.
2022 оны Миланы загварын долоо хоног (Milan Fashion Week 2022) есдүгээр сарын 20-26-ны хооронд зохион байгуулагдах юм.
Тэгвэл тус загварын долоо хоногт монгол брэнд оролцуулах зуучлалын албан ёсны эрхийг “Fashuned” загварын зөвлөх агентлагийн үүсгэн байгуулагч зураач, хувцас дизайнер О.Булган авч, монгол брэндийг дэлхийд сурталчлах ажилд шамдан ажиллаж буй аж. Түүнтэй 2022 оны Миланы загварын долоо хоногийг зорих болсон тухай нь ярилцлаа.
- Сайн байна уу, загварын ертөнцийн чухал арга хэмжээний нэг болох Миланы загварын долоо хоногт монгол брэнд оролцуулах эрх авсанд нь баяр хүргэе. Эрх авах үе хүртэл олон зүйлийг туулсан байх. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- Баярлалаа. 2020 онд Миланд Norah Fashion, Uran Jewelry гэх үндэсний брэндүүдийг Миланы загварын долоо хоногт оруулж байсан. Тухайн үед бид албан ёсны эрхээ аваагүй байсан. Тус компанитайгаа харилцаж эхлээд, Милан хотод байхдаа өөрийн биеэр арга хэмжээнд оролцож үзэх үедээ монгол брэндүүдээ оролцуулах хүсэлт тавьж байсан. Таван жилийн хугацаа зарцуулсны эцэст энэ онд Миланы загварын долоо хоногт оролцох, монгол брэнд зуучлах албан ёсны эрхээ авсан.
Миний хувьд Итали улсын Милан хотноо "Ferrari Fashion" академид эмэгтэй хувцасны дизайнер мэргэжлээр 2018 онд магистр хамгаалсан. Монголын загварын салбарт чадахаараа хувь нэмрээ оруулж, монгол брэндүүдийг олон улсад таниулах зорилго, мөрөөдлийг тээн энэхүү ажил руу орж байсан. Мөрөөдлийнхөө эхэн хэсэгт хүрчихлээ гэж бодож байна.
- Эрх авахад хэр их хүндрэлтэй зүйл тулгарсан бэ?
- Миланы загварын шоунд долоон улсаас брэнд сонгож авсан. Энэ бол тэмцээн огт биш. Өөрсдийгөө харуулах том боломж олдсон хэрэг. Шоунд орж байна гэдэг нь тэмцээнд ороод бусад улсын загваруудтай өрсөлдөж байгаа гэсэн үг биш юм. Монголын загварын салбар, монгол ноолуур, монгол бүтээгдэхүүн, монгол оюун ухаан, монгол дизайнер олон улсад хэр хэмжээнд явааг харуулах үйл явц өрнөнө гэсэн үг.
- Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог хотуудад болдог загварын долоо хоногт оролцоно гэдэг нь Монголын загварын салбарт шат ахисан үзэгдэл болсон гэж бодож байна. Загварын долоо хоногийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөх үүднээс та өөрийн байр сууриа хуваалцахгүй юу?
- Загварын долоо хоногийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс энэ салбартай холбоотой шилдгүүд цуглардаг. Тэр утгаараа улс орнууд өөрсдийн онцлогийг харуулсан загварын долоо хоногтой байхыг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл, Милан, Парис, Нью-Йорк, Лондон зэрэг хотуудын загварын долоо хоног жилд хоёр удаа болж, ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог бөгөөд агентлаг, компаниуд өөрсдийн загварын шоугаа танилцуулдаг. Тэр үеэр улс орнуудаас маш олон инфлүүнсэрүүд, загварын салбарын нөлөө бүхий эрхмүүд, алдартай агентлагууд болон загварын салбараар дагнадаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирдэг.
Ийм учраас ач холбогдол асар өндөртэй тус арга хэмжээнд монгол брэнд ямар байдгийг харуулах завшаан олдож буй хэрэг гэж бодож байна. Бид дотоодын брэндээ илүү сайн агуулга, бодлоготойгоор таниулж чадвал загварын шилдэгүүдийн нүдэнд өртөх боломжтой.
- Монголоос шоунд оролцох брэндээ сонгосон уу. Шалгаруулалт хэрхэн явагдсан бэ?
- Цаг тулчихсан байсан болохоор ерөнхий хэдэн брэндүүдэд санал тавиад, тэр дундаас Ханбогд Кашимер (Khanbogd Cashmere) оролцохоор болж, шоуны бэлтгэл ажлаа хангаад байна.
Шалгаруулалтын хувьд үйлдвэрлэлийн хүчин чадал, компанийн ерөнхий мэдээлэл, түүх, соёл, загвар гэх мэт олон хүчин зүйлсийг харгалзан үзсэн. Ханбогд кашимер нь Монголын ноолууран брэнд үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл тул тус брэндийг олон улсад илүү таниулж, мэдүүлэх зорилготойгоор хамтран ажиллаж байна. Бидэнд энэ удаад нэг брэнд оролцуулах эрх олгосон. Дараагийн удаа олон брэндийг загварын шоунд оролцуулах яриа хийж байгаа.
- Энэ жилийн оролцох брэндийн онцлог юу байх вэ. Мөн та бүхний зүгээс юуг илүүтэй чухалчилж Миланы шоунд оролцохыг зорьж байгаа вэ?
- Миланы загварын шоунд Ханбогд кашимер нь ноос, ноолууран бүтээгдэхүүнд тулгуурласан бүтэн коллекц буюу цуглуулга гаргана. Бүтээгдэхүүний чанарын хувьд дотооддоо сайн гэснийг сонгох учиртай. Ханбогд кашимерын хувьд сайн чанарынх бөгөөд хийцээрээ ч тэр давуу байж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Бусад орны брэндүүдтэй эн зэрэгцэхүйц потенциал бий гэж харж байна.
Дээрээс нь монгол дизайнертай Италид үйлдвэрлэдэг гоёл чимэглэлийн брэнд дэмжигч байгууллагаар хамтрагч байгууллага болж оролцоно. Ерөнхий агуулга нь Монголын хувцас загвар, угсаатан эмэгтэйчүүдийн үндэсний гоёл чимэглэлийг контемпорари буюу орчин үе рүү хөрвүүлсэн байдлаар танилцуулна. Тухайлбал, үсний гоёл чимэглэл, зүүлт, хувцасны деталь зэргээр дамжуулан орчин үеийн залуусын хэрэглээнд нийцэхүйц байдлаар харуулахыг зорьсон.
“Fashuned” -ийн зүгээс энэ удаа монгол өв соёл, түүхийг харуулахыг илүүтэй зорьж байна. Монголчууд юугаараа илүү байж, ялгарч чадах вэ гэдэг нь маш чухал. Бидэнд маш их өв соёл бий. Өөрсдөө ч байнга хэрэглээд заншчихсан зүйлс ч байдаг.
Эко талаас нь бодсон ч тэр манай оронд ноос, ноолуур, арьс, нэхий, эсгий гэх мэт үнэт баялгаас авхуулаад маш их түүхий эдийн нөөц бий.
- Хэзээ Миланыг зорих билээ?
- Миланы загварын шоуны эхнийх нь есдүгээр сарын 20-26-ны хооронд болно. Манайх 21-нд шоугаа явуулж, тодорхой хэмжээний худалдан авагчдад танилцуулна. 2023 оны зуны загварын чиг хандлагыг тодорхойлох шоу учраас өөрсдийгөө таниулах боломж олдоно гэж бодож байна. Багийн хувьд гурван дизайнертайгаа нийлээд нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг Миланыг зорино. Очоод өөрсдийгөө тултал нь харуулахыг хичээнэ.
- Хэчнээн коллекц танилцуулах вэ?
- Одоогоор бол 10-15 коллекц танилцуулдаг. Ирээдүйд өшөө тэлэх, бүтэн монголчуудыгаа хамарсан загварын шоуг Миланд хийх хүсэл бий. Бид шоун дээр гаргах лүүкүүдээ бүрдүүлчихсэн. Эцсийн байдлаар бэлтгэлээ хангачихсан. Одоо шоугаа их л догдлон хүлээж сууна.
- Загварыг монгол модель өмсөх үү?
- Энэ удаад Италийн талаас шалгаруулалт хийгээд гадаад моделиуд авч байгаа. Гэхдээ дараагийн улирал буюу хоёрдугаар сард болох загварын долоо хоногт монгол модель авч явах талаар ярьж байгаа.
- Таны хувьд одоо Монголдоо ажиллаж, амьдардаг уу?
- Тийм ээ. 2017 онд үүсгэн байгуулсан “Фашунед” нэртэй загварын зөвлөх агентлагийнхаа үйл ажиллагаа жигдрүүлээд, энэ ажилдаа илүү төвлөрч Монголдоо ажиллаж, амьдарч байгаа. Монгол соёлыг гадагш түгээх нь бидний зорилго юм. Би загварын салбарт маш их хайртай учраас энэ салбарт шунаж, дурлан байж мэргэжлээ сонгосон. Одоо бол энэ мэргэжлээ өөртөө хангалттай суулгаж чадсан гэж боддог. Надад олдсон боломж, сурсан мэдсэн зүйлээ эх орондоо өгөөжтэй байлгаж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс компанийнхаа ажлыг эхлүүлсэн. Мөн итгэж орж ирсэн компаниуддаа баярлаж байгаагаа хэлмээр байна.
Хүн өөрийгөө үг, үйлдэл, гадаад үзэмжээрээ бус хувцсаар дамжуулан илэрхийлдэг болсон
- "Хувцас" гэдгийг орчин үеийн ойлголтоор та юу гэж тайлбарлах вэ?
- Хувцас бол тухайн бие хүнийг тодорхойлогч. Мөн өөрийгөө бусдад үггүйгээр таниулахад хамгийн их нөлөөтэй зүйл. Тэр стиль имижийг сүүлийн үед хүмүүс хувцас болон өнгөний сонголтоор бүрдүүлдэг болжээ. Хүн болгон өөрсдийн гэсэн дүртэй буюу имижтэй гэсэн үг.
- Сүүлийн үед загварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд эрчтэй гарч ирж байна шүү. Танай байгууллагын зүгээс зөвлөгөө авахаар очсон үйлчлүүлэгчдэд өгөх энгийн зөвлөгөө нь юу вэ?
- Нэн тэргүүнд хүн өөрийгөө сайн таних хэрэгтэй гэж хэлэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл, биеийнхээ онцлог, гоё хэсгийг олж хараад, тэр хэсгээ илүү тодотгосон хувцас сонгож өмсөхийг зөвлөдөг. Өөрийн чинь биед ямар нэгэн давуу тал байж л таарна. Хувцас бол ерөнхийдөө туслах үүрэг гүйцэтгэдэг болохоор биеийн гоё сайхан хэсгийг олж харах нь чухал. Үүний дараа өөрт тохирох өнгийг сонгож өгдөг. Мөн цаг үе өөрчлөгдөөд, энэ талаарх нээлттэй мэдээлэл их болсон.
- Тийм шүү. Таныг "Гэм зэм" постдрамын жүжгийн хувцасны зураачаар ажилласан гэж сонссон. Ажил мэргэжлийнх нь хувьд хэр сорьсон ажил байв?
- "Гэм зэм" жүжиг миний хувьд театрын анхны бүтээл байсан. Үнэхээр том төсөл болсон. Эхлээд бол үнэхээр их сүрдэж, чадах болов уу, чадахгүй болов уу гээд айж байсан. Гэхдээ "Гэм зэм" жүжгийн хамгийн сүүлийн тоглолт дээр өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. (Инээв) Сүүлд Соёлын төв өргөөнд тоглоход тоглолтоо үзчихээд "Энэ л байсан юм байна. Энэ хувцастай, энэ тайзан дээр энэ л өөрөө гэм зэм юм байна” гэх бодол төрсөн.
Одоо дахиад "Орфей" театрын гурав дахь уран бүтээл "Опал" саркастик мелодрамын жүжиг дээр багаараа ажиллаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө постер нь цацагдсаныг харсан байх аа. "Опал" жүжиг надаас илүү бүтээлч байдлыг, илүү их ур чадвар шаардаж байгаа.
- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!
- Баярлалаа.