Индэр    
2022 оны 8 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

Э.Билигт: "Би хэн бэ, би яг юунд дуртай вэ" гэдгээ сайн ойлгоогүй болохоор уран зураг, архитектур, интерьерийн үнэ цэнийг ойлгодоггүй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Пабло Пикассо: Урлагийн зорилго нь бидний зүрх сэтгэлийг өдөр тутмын амьдралын тоосноос цэвэрлэх юм

Урлагийн талаарх олон нийтийн хандлага, уран бүтээлч хүний амьдрал болон бүтээл гаргахад төрдөг мэдрэмжийн талаар архитектор, зураач, чөлөөт уран бүтээлч Э.Билигттэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

Тэрбээр 2013 онд Бээжингийн урлагийн академийг архитектор мэргэжлээр төгссөн бөгөөд саяхан өөрийн бие даасан гурав дахь үзэсгэлэн болох "Төрөлтөн /Humanoid/ нэртэй контемпорари зураасан зургийн үзэсгэлэнгээ гаргасан нь бидний ярилцах шалтгааны эхлэл болсныг онцлон тэмдэглэе.

- Сайн байна уу. “Төрөлтөн” /Humanoid/ контемпорари зураасан зургийн үзэсгэлэнгээ дэлгэсэнд юуны өмнө баяр хүргэе. Нэрээсээ авхуулаад олон зүйлийг өгүүлэх гэсэн байх, тийм үү? 

- Сайн байна уу. Энэ үзэсгэлэн миний хувьд гурав дахь бие даасан томоохон хэмжээний үзэсгэлэн болж байна. Хэмжээгээрээ тийм том биш ч ач холбогдлын хувьд нэлээд том үзэсгэлэн юм. Хувьдаа их олон жил бодож явсан санаагаа нэгтгэн гаргасан минь энэ. Би зураасан зургийн зураач гэхээс илүүтэй үндсэн мэргэжил маань архитектор болохоор юмыг хийхдээ орон зайгаар нь төсөөлж хардаг. Тэр утгаараа "Төрөлтөн" үзэсгэлэн дээрээ ч гэсэн архитектурын макетыг зураасан зурагтай хослуулан орон зайд өрөг байдлаар хийхийг хичээсэн.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Үзэсгэлэнгээрээ дамжуулан юуг илэрхийлэхийг зорьсноо товч хуваалцаж болох уу? 

- Би бүтээлүүдээрээ дамжуулан улс төр, нийгмийн асуудлуудыг хөндөж, шүүмжилдэггүй. Харин "Хүн гэж хэн бэ" ... гэдэг талаар их эргэцүүлдэг болохоор хүний тухай утга санааг агуулсан бүтээл хийхийг боддог.

Хүүхэд байхаасаа л зөвхөн хүн зурдаг байсан. Тэгээд хүн яагаад төрсөн юм бол?, бид яагаад энэ дэлхий дээр амьдардаг юм бол? бид ер нь яагаад оршиж байгаа юм бол?, би хаанаас ирсэн юм бол? би үхээд яг хаачих бол? үхвэл яг яах бол? гэсэн асуултууд надад үнэхээр сонирхолтой санагддаг.

Бидний асуудал гэж боддог тэр бүх асуудлууд абсолют утгаараа тийм ч сонирхолтой санагддаггүй. Хүн болсны утга учир юу болохыг хүмүүс заримдаа их өнгөцхөн хараад байгаа мэт санагддаг. Зарим хүн магадгүй зүгээр л бид хүн болоод төрчихсөн хойно энэ амьд явах хугацаандаа сайхан ажил хийж, сайн хүмүүстэй учирч сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ гэдэг.

Мэдээж үүнийг шууд үгүйсгэж болохгүй ч сайхан ажилтай, сайн хүүхдүүд өсгөж хүмүүжүүлээд, сайн хань ижилтэй хамт амьдарлаа. Үхэхдээ сайн зураач, мундаг архитектор гэж хэлэгдлээ. Тэгээд дараа нь үхсэний дараа яах билээ... гэсэн асуултуудтай байнга тулгардаг болохоор хүний төрлийн талаар их сонирхож судалдаг.

- Энэ асуултуудыг өөрөөсөө асуудаг хүн олон байгаасай гэж би бас хувьдаа боддог. Та сая яриандаа дурдсан. Яагаад нийгмийн асуудлуудыг хөндөхийг хүсдэггүй юм бол?  

- Монголд нийгмийн шийдэгдээгүй тулгамдсан асуудлууд, хар бараан зүйлс маш их бий. Гэхдээ би бүтээлээ кайф авч хийх дуртай. Бүтээлээ хийхдээ тайвширч, түүнээсээ аз жаргалыг мэдэрч хийдэг учраас хэрэв хүнд нийгмийн асуудлыг хөндсөн бүтээл хийвэл зүрх өвдөөд салахгүй байх. 

Үзэсгэлэнгийн санааны хувьд бүтээлүүдийг сайн ажиглавал байгаль өөрөө ямар ч тохиолдолд үзэсгэлэнтэй байдлаа хадгалдаг. Нэг ширхэг борооны дусал дотор ч гэсэн орчлон ертөнцийн шинж чанар агуулагдаж байдаг. Мөн энэ хорвоод хүн төрлийг олж төрсөн хүмүүс бид өөр өөрийнхөөрөө үйлийн үрээ эдэлж зовдог. Тэрхүү зовлонг үсээр төлөөлүүлсэн. Жишээ нь заримдаа ямар нэгэн зовлон, асуудал тохиолдох үед  учир зангилааг нь тайлах хэцүү байдаг шүү дээ. Тэр тохиолдолд хүн зовлонгоо хүчээр таслан зогсоохыг хүсдэг байдлыг шийдчихсэн харцтайгаар үсээ хайчилж байгаа эмэгтэйгээр дүрсэлж өгсөн. Энэ мэтээр бид аливаа саад бэрхшээлийг хүчээр, эсвэл чимээгүй тэвчиж, заримдаа хэн нэгний тусламжтайгаар даван туулахыг хүсдэг болохыг өөр өөр дүрээр төлөөлүүлэн харуулахыг зорьсон.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Бүтээлээ ямар аргаар хийсэн бэ? 

- Бээжингийн урлагийн академид очиж суралцахаасаа өмнө Дүрслэх урлагийн сургуульд нэг жил зураасан зургаар Я.Оюунчимэг багшийн ангид сурч байх үед модон барын хичээл ордог байсан. Тэгэхэд л анх зураасан зургийн техниктэй танилцсан. Зураасан зураг нь миний зан араншинд таардаг техник гэж хэлж болно. Дээрээс нь Монголын нөхцөлд гараар хийчхэж болдог ба заавал тоног төхөөрөмж, тусгай студи шаардлагагүй. 

Гарын доорх материалаар хийж болох техник нь хулдаасан барын техник юм. Гэхдээ сая би бүтээлээ хийх гэтэл Монголд ийм том хэмжээтэй зориулалтын хулдаас нь олдохгүй болохоор нь Германы шалны хулдаасан дээр сийлсэн. /инээв/ Юм байхгүй гээд суугаад байвал суугаад л байх болохоор нөөц бололцоондоо тааруулаад хийлээ.

- Зураасан зургийн үзэсгэлэн тийм ч их гараад байдаггүй санагддаг? 

- Тийм ээ. Зураасан зургийн төрөл одоогийн байдлаар Монголд бага зэрэг унтаа байдал дунд байгаа гэж хэлж болно. Д.Амгалан, Ж.Болд гуай хэмээх алдартай зураач нар байсан. Ж.Болд агсан графикаар дагнан уран бүтээлээ хийдэг хүн байсан. Социализмын үеэс хойш хулдаасан бар, зураасан зургийн чиглэлээр тууштай уран бүтээл хийж байгаа уран бүтээлч ховор байгаа.

- Таныг гэхдээ зураачаар сурч төгсөөгүй гэж нэг ярилцлагаас сонсож байсан? 

- Би архитектор мэргэжлээр бакалавраа төгссөн. Зураасан зургаа зүгээр л хажуугаар нь өөрийн дурандаа хийдэг байсан. Одоо бол би чөлөөт уран бүтээлч.

- Зурах авьяас тань өвлөгдсөн үү, эсвэл гэр бүл дотроос анхных уу? 

- Ээжийг маань Б.Насанцэнгэл гэдэг. Зураач хүн бий. Аавыг маань Р.Энхтайван гэдэг. Барималчин хүн. Багаасаа л ийм гайхалтай хүмүүсийн дэргэд, урлагийн орчинд өссөн. Хүүхэд байхын байнга зураг зурдаг байсан болохоор эргэн тойрны хүмүүс Билигт зураач л болох байх гэдэг байсан. Би ч багаасаа зураач л болно гэж боддог байсан учраас өөр мэргэжлүүдийн тухай бодож ч үзээгүй. 

Анхнаасаа урлагийн гэрт өссөн болохоор ч тэр үү их л гоё санагддаг. Жижиг өрөөнд аавын баримлууд, ээжийн зургууд, гэрээр дүүрэн зургийн, урлагийн номууд байдаг байсан. Өдөржин тэр ном, сэтгүүлийг л үздэг байлаа. Одоо бодохоор ямар азаар тийм орчинд өсөө вэ гээд аав, ээждээ их баярладаг шүү. 

- Аргагүй өөр орчинд өсжээ. Аав, ээж тань таныг урлагийн хүн болоход ур чадварынх нь хувьд их заадаг байсан уу? 

- Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ бага зэрэг зурах авьяастайг нь мэдээд, илүү сайжруулах гээд шууд дугуйланд явуулчихдаг шүү дээ. Манай аав, ээж болохоор надад зурахыг огт зааж өгдөггүй, дугуйланд ч явуулдаггүй байлаа.

- Яагаад? 

- Өөрсдөө уран бүтээлч хүмүүс учраас чөлөөтэй сэтгэж, зурж байгаа нь дугуйланд явбал алга болчихно гэж бодсон юм байна лээ. Тэгээд хэнээр ч заалгахгүйгээр өөрөө зурж явсаар байгаад дүрслэх урлагийн дээд сургуульд орж байв. Хэлний бэлтгэлд сурахдаа ямар ч зураг зурахгүй жил гаруй хугацааг өнгөрүүлээд, эргэж зурж эхэлсэн. Тэр үед алдартай зураач болох нь чухал биш зурж байх үйл явцдаа би өөрөө жаргалтай байдаг нь л хамгийн чухал учраас зурдаг болохоо ойлгосон. Одоо харин би уран бүтээлчийнхээ хувьд илүү төлөвших, зогсолтгүй сайжрах шаардлагатай байгаа.

Уран бүтээлч хүмүүс хүүхдүүддээ бүтээх эрх чөлөөг нь олгодог болохоос яаж хийхийг нь заадаггүй

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Яагаад архитектор болсон тухайгаа хуваалцаач?

- Ээж, аав маань уран бүтээлч хүмүүс байсан болохоор ерээд оны хүнд хэцүү үед бэлэг дурсгалын хүүхэлдэй хийх зэргээр мөнгө олж, харьцангуй боломжийн амьдардаг байсан л даа. Ээж хүүхдүүдээ тэжээнэ, бидний сургалтын төлбөрийг олно гээд заримдаа захиалгын зураг зурж мөнгө олно. Заримдаа хэцүү захиалагч нар ч таарна. Дээрээс нь захиалгын зураг зурахаар өөрийнхөө бүтээлийг ч цаг гаргаж хийж чадахгүй үе гарна. Энэ болгоныг нь хараад хэцүү санагддаг байв. 

Уг нь Бээжингийн урлагийн академийн зураасан зургийн ангид нь тэнцээд хичээлдээ орох гэж байх үед манай сургуулийн магистрт сурч байсан Баярцэцэг эгч надад "Билигээ чи архитектор болооч, гоё мэргэжил ш дээ. Дээрээс нь чи төгсөхдөө бэлэн төслүүдтэй төгсөнө. Монголдоо очоод ажилласан ч цалинтай. Зургаа хажуугаар зураад яваад байж болно” гээд зөвлөсөн. Тэгээд л гэнэт шийдээд орчихсон. Үнэхээр хэцүү байсан. /Инээв/

Би чинь шугам, 0.5 харандаа бариад суухаар баригдаж үхэх гээд байгаа юм шиг санагддаг байсан хүн. Ёстой давахгүй гэсэн даваагаараа гурав давна гэдэг шиг яах гэж оров оо гээд л хичээлээ хийдэг байж билээ. Харин гуравдугаар курсээсээ архитектор мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож, мэргэжилдээ нэг юм дурлаж эхэлсэн дээ. 

Архитектур бол барилгын объём, ерөнхий төлөвлөгөө, барилгын орон зайг гоо зүйтэйгээр норм дүрэм, стандартад нийцүүлж хийдэг маш том урлаг. Архитектур өөрөө урлагийн таван том төрлийн нэгд ордог. Хүн төрөлхтний анхдагч гурван хэрэгцээний нэг нь юм. Харин интерьер дизайнер өгөгдсөн орон зайгаа өөрчилж, хүний хэрэгцээнд илүү сайн нийцүүлэх, гоо зүйн талаас нь өөрчилдөг мэргэжил.

"ЯПОНЧУУД ГУРВАН ЖИЛ ЗУРГАА ГАРГААД ГУРВАН САР БАЙШИН БАРЬДАГ БОЛ МОНГОЛЧУУД ГУРВАН САР ЗУРГАА ГАРГААД ГУРВАН ЖИЛ БАРЬДАГ ГЭЖ ЯРЬДАГ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Төгсөөд мэргэжлээрээ ер нь ажилласан болов уу?

- Төгсөхөөсөө өмнө Бээжинд олон улсын архитектурын студид дадлагын архитектороор ажилладаг байсан. Бүх юм нь цаг нартай, хүн бүр өөрсдийн хариуцсан ажлаа сайн хийдэг байдлыг харж байгаад Монголдоо ирж ажилласан. Япончууд гурван жил зургаа гаргаад гурван сар байшин барьдаг бол Монголчууд гурван сар зургаа гаргаад гурван жил барьдаг гэж ярьдаг.

Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг ихэнхдээ давчуу хугацаанд яаруу зургаа гаргаж хийдэг тул дараа нь алдаа гарах, алхам тутамд асуудал үүсэх эрсдэлтэй. Ихэнх захиалагч нар "ажлаа өнөө маргаашгүй эхлэх гээд байна. Зургаа тэд хоногт дуусгаад өгөөч" гэх нь энүүхэнд.

Дээрээс нь энд ирээд мэргэжлээрээ ажиллахад ажиглагдсан зүйл нь захиалагч нар ихэнхдээ зөвхөн мөнгө л боддог хүмүүс. Метр квадратаасаа их ашиг олохын тулд тэр байранд ажиллаж, амьдрах хүмүүсийн тав тухыг бодохоос илүү зүгээр аргалаад л барьчихъя, зарчихъя, оруулчихъя гэх хандлага нь надад ерөөсөө таалагдаагүй. Ёс зүйгүй санагдсан болохоор мэргэжлээрээ ажиллахаас илүүтэй чөлөөт уран бүтээлч, дизайнераар ажиллахаар шийдсэн. Одоо харин өөрийг маань жаргалтай болгодог зургаа зурж, уран бүтээлээ түлхүү хийхийн хажуугаар жижиг хувийн бизнесээ хийгээд явж байна.

- Таныг хэд хэдэн газрын интерьерийг гаргасан байхыг харсан. Үнэхээр их таалагдсан. Энэ сэдвээр нэгэнт ярьсных интерьерийн талаарх ойлголт дээр ямар байр суурьтай явдгийг чинь сонирхож болох уу? 

- Баярлалаа. Хэдэн жилийн өмнөөс интерьерийн хичээл мэргэжлийн бус хүмүүст зааж эхлэхдээ анзаарсан зүйл нь хүмүүс гоё орчинд амьдрахыг хүсэж байгаа ч тэр гоё орчин нь өөрт нь таалагдах, өөрийг нь хувь хүн талаас нь илэрхийлэх ёстойг сайн мэддэггүй байсан. Манайхан заримдаа өөрт нь таалагдахгүй байхад энэ зураачийн бүтээл алдартай, үнэтэй гэсэн, энэ интерьер моодонд орж байгаа гэсэн, би юугаа мэдэх вэ гэх хандлагаар юу ч бодохгүй трэнд болж байгаа юмыг маш их мөнгө зарцуулаад хийлгээд эсвэл худалдаад авчихдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа харахаар өөрт нь огт таалагдахгүй байгааг анзаардаг. Мэри Кондогийн номд гардаг шиг өөрийгөө дуртай юмаараа хүрээлүүлэх хэрэгтэй.

Заавал минамилист байх албагүй. Эргэн тойронд байгаа бүх юм өөрт чинь таалагдах ёстой гэдэг нь л чухал гэж боддог.

Нэг цэцгийн ваарыг юу ч бодохгүй авах биш яг өөрт чинь таалагдаж байгаа ваараа авчихвал дараа нь тэр ваарыг харах болгонд таашаал авна шүү дээ. Тэгэхээр интерьерийг хийхдээ хүн өөрийгөө сайн чагнах ёстой. Магадгүй чи классик юманд үнэхээр дуртай мөрдлөө минималист хэв маяг трэнд болж байгаа юм чинь гээд заавал минималист хэв маягаар гэрээ тохижуулах албагүй.

Урлагийн бүтээл ч мөн адил алдартай зураачийн зураг гэхээс илүү өөрт таалагдсан бүтээлээ сонгож авах хэрэгтэй.

- Уран бүтээлийг, уран зургийг харах өнцөг манайханд хэр байдаг гэж та боддог вэ? 

- Монголчуудын ихэнх нь яг үнэндээ "би хэн бэ, би яг юунд дуртай вэ" гэдгээ анзаарч боддоггүй. Урлаг болон өөрийг нь хүрээлж буй интерьер орчин ямар мэдрэмж өгч байгаад төдийлөн анхаарал хандуулдаггүй юм шиг санагддаг. Тиймээс уран зураг, архитектур, интерьер дизайны үнэ цэнийг тэр бүр ойшоож чухалчилдаггүй. Үүнийг буруутгах аргагүй л дээ. Манай улсад нийгмийн суурь асуудлууд нь шийдэгдээгүй яваа болохоор урлаг, дизайныг ойлгож хэрэгцээ болгохтой манатай байгаа.

Европчууд бол олон жилийн хөгжлийн түүхтэй төдийгүй бүх процессоо даван туулсан хүмүүс. Бас нийгмийн асуудлууд нь шийдэгдчихсэн, ихэнх зүйл нь хэрэглээнээсээ давчихсан учир урлагийг ойлгох, хүлээн авах хийгээд урлагийн өгүүлэмж нь хүртэл өөр байх нь аргагүй.

Тиймээс урлаг бол үндсэндээ бараг тансаг хэрэглээ гэж хэлэхэд буруутахгүй. Ойлгож мэдрэх завтай, боломжтой байж гэмээнэ уран бүтээлийг илүү таашаах сонирхох боломж бүрдэнэ. Тэгэхгүйгээр өнөө, маргаашийн талхны мөнгийг яах вэ гэж яваа хүн урлагт мөнгө зарцуулна гэдэг боломжгүй зүйл. Урлаг бол хүн бүрд олон тайлбар хэрэггүйгээр мэдрэгддэг ойлгогддог гайхамшигтай хүчтэй зүйл учраас урлагаар дамжуулан нийгэмд гэрэл гэгээ нэмж, олон мессэжийг түгээх боломжтой. Тийм учраас нийгмийн бүхий л давхаргад урлагийн арга хэмжээнүүд хүрээсэй гэж боддог.

Урлаг нь улс оронд өнөө маргаашийн биш урт хугацааны үнэт капиталыг бүтээдэг

Тийм ч учраас дэлхийн том улсууд зөвхөн урлаг соёлын өвөөрөө жуулчин татаж маш их хэмжээний мөнгө олдог.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Залуу уран бүтээлчдийн төлөөллийн хувьд салбартаа эсвэл нийгэмд сайжруулахыг хүсдэг зүйл чинь юу вэ? 

- Манай уран бүтээлчид маш мундаг. Уран бүтээлчдийн хувьд үзэл бодлоо илэрхийлэх мессеж хүргэх зорилгоор үзэгчдэд зориулж бүтээлээ хийдэг. Зарагдаж, борлогдох нь тийм ч чухал биш. Иймээс хийсэн уран бүтээлийг нь үзэгчтэй холбож өгөх шаардлагатай гэж боддог. Тухайлбал, томоохон хэмжээний орчин үеийн урлагийн музейтэй болбол хүмүүс их мөнгө шаардлагагүйгээр хүссэн үедээ очиж үзээд олон сонирхолтой бүтээл, үзэл санаатай танилцах, мэдрэх боломжтой болбол сайхан.

Нэмж хэлэхэд манай улсын боловсролын системд дүрслэх урлаг, хөгжмийн хичээл зүгээр л хаягдчихдаг. Үүнд би их эмзэглэдэг юм. Тэр хичээл дээр хүүхэд болгоныг заавал зуруулах гэхээс илүүтэйгээр урлаг судлал талаас нь урлагийг ойлгодог болоход нь туслах зорилгоор сонирхолтойгоор зааж өгөх ёстой болов уу.

Бас нэмж хэлэхэд манайхан мэргэшсэн хүмүүсээ сайн цалинжуулаад хийх ёстой ажлыг нь хийлгэхгүй ихэнхдээ өөрсдөө бүхнийг бага зардлаар шийдэхийн тулд монголчилж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахгүй хийдэг. Эсвэл хүн ам цөөн болоод тэгдэг юм уу нэг сайн чадвартай хүндээ бүх ажлаа овоолж, 2-3 ажлын байрны үүрэг даалгаврыг тэр л хүнээрээ гүйцэтгүүлээд маш бага цалин өгдөг. Үүнээс үүдэлтэйгээр залуучууд нуруугаа авхуулсан морь гэдэг шиг хэсэг ажиллаж байгаад залхдаг. Ажил хийхдээ монголчлохоо болиод ном дүрмийн дагуу чадвартай хүмүүсээр нь хийж чаддаг ажлыг нь хийлгээд, яарч адгахаас илүү анхнаас нь зөв хийгээд явдаг бол амар болох байх.

- Цаг гарган ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа.