Индэр    
2022 оны 7 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Ибүкүро Томоко: Татвар төлдөг хүмүүсийн нуруун дээр хамаг ачаалал ирж байгаа шүү дээ. Залхуу хүмүүс хожиж болохгүй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын зөгийн аж ахуйн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, шинэ салхи татуулж яваа хүн бол Ибүкүро Томоко. Мөн тэрбээр монголчуудын өөрсдөө ч анзаардаггүй олон сонирхолтой өнцгийг гаргаж, бодитой шүүмжлэл хэлдэг цөөн гаднынхны нэг. 

“Михачи” компанийн захирал Ибүкүро Томокотой ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр алдаа гэдэг хөгжлийн маш том боломж байдгийг Монголд үнэлэхгүй өнгөрч байгааг онцолсон юм.



-Та 2015 оноос хойш зөгийн аж ахуй эрхэлж байна. Таны бодлоор тухайн үеийн бизнесийн орчныг өнөөдрийнхтэй харьцуулбал сайжирсан уу, эсвэл муудсан уу?

-Харьцангуй сайжирч байгаа гэж бодож байна. Надтай холбоотой юм уу, нийтээр байсан эсэхийг мэдэхгүй байна, ойлгомжгүй торгууль, дарамт их байсан нь харьцангуй гайгүй болсон. 

-Хэн ямар шийдвэр гаргав, гаргасан шийдвэрийнх нь үр дүнд ДНБ өсөж байх нь л чухал гэж Та хэлж байсан удаатай. Ямар шийдвэр танд хамгийн их нөлөө үзүүлсэн бэ? 

-Хөл хорионы үед уялдаа холбоогүй асуудлууд гарсан. Аймаг болгоны тус тусдаа гаргасан шийдвэр, УОК-ын шийдвэр зэрэг нь уялдаа холбоогүй байсан. Түүнээс болоод нэг аймгаас нөгөө аймаг руу орж чадахгүй байсан гэдэг ч юм уу, Хятадаас бусад улс оронд байгаагүй тийм хэмжээний хөл хорио болсон. Тэр бол үнэхээр хэцүү байсан шүү дээ. Манай үйлдвэр,  салбарууд Сэлэнгэ аймагт байдаг. Би явж чадахгүй. 

-Тэр шийдвэрүүдтэй холбоотойгоор хохирол учирсан байх. Мөнгөн дүнгээр тооцвол хэдий хэмжээний хохирол амссан бол?

-Мэдээж байгаа. Тухайн үед шинэ бүтээгдэхүүн хийж чадахгүй, бараагаа авч чадахгүй болсон. Үйл ажиллагаа бүр зогссон шүү дээ. Мөнгөн дүнгээр тооцож үзвэл ямар ч байсан элбэг 60-70 сая төгрөгийн хохирол хүлээсэн. Хий хоосон цалин яваад байдаг. Борлуулалтын боломж нь байхад ерөөсөө хаагдчихсан.   

-Манай засаглал бизнесийн салбарт яаж тусаж байна гэж Та боддог вэ?

-Орон нутгийн засаглалын бодлого бүгд Засгийн газраас буюу улсаас шийдээд явж байгаа. Хэрэв орон нутагт бие даах байдал бий болбол аж ахуйн нэгжүүдийг татах боломжтой болж, аль болох таатай нөхцөл бүрдэх болов уу гэж хараад байна. 

Жишээлбэл, одоо орон нутаг улсын татвар үйлчилж байгаа. Бие даасан байдал гэдэг нь орон нутгийн татвартай болно гэсэн үг. Төлж байгаа татвар нь орон нутгийн татвар, улсын татвар хоёр хуваагдаад явбал орон нутаг мөнгө татах гэж үзнэ шүү дээ. Ялангуяа, үйлдвэрлэл хөгжүүлье гэсэн аймаг байвал тэр татварыг чөлөөлөх, эсвэл татварыг эхнээсээ бий болгож орон нутагт хөрөнгө оруулалт хийх зэрэг янз бүрийн боломж байгаа байхгүй юу. Тийм татвар байдаггүй нь Монголын нэг онцлог юм болов уу. 

-2022 оны хөдөө аж ахуйн ээлжит тооллого явагдаж байгаа. Танай аж ахуй тооллогод хамрагдчихсан уу? 

-Бид орон нутгийн малын эмчтэй гэрээ хийгээд, тоогоо өгөөд, тэндээс давхар гарал үүслийн бичиг нь гараад, мэдээлэл нь сумын болон аймгийн Хөдөө аж ахуйн газарт очих ёстой. Тооллого ийм системээр явж байгаа. 

-Танай зөгий хэдий тоо толгой байгаа вэ?

-Манайд 100 гаруй бүл зөгий бий. Нэг их өсгөөгүй. 

-Монголчуудын зөгийн балны дундаж хэрэглээ өсөж байгаа юу?

-Ер нь жилээс жилд нэмэгдэж байгаа гэж санагддаг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Зөгийн балны шошгон дээрээ өөрийнхөө зургийг тавьдаг болсон байсан. Бусад зөгийн балнаас андуурагдахгүй гэж тэгсэн үү?

-Бид хөндлөнгийн компаниар судалгаа хийлгэсэн юм. "Михачи" зөгийн балыг мэдэх үү, Томоког мэдэх үү гэхэд хүмүүс намайг илүү таньдаг юм билээ. Тэгээд зургаа оруулах болсон.

-Та Монголын зөгийн балны аж ахуйд маш том хувь нэмрээ оруулаад явж байгаа. Энэ салбар хөгжихөд саад болж байгаа зүйл нь Таны бодлоор юу вэ?

-Энэ аж ахуй сайн танигдаагүй байна. Салбар өөрөө хөгжөөгүй байгаа. Салбарт байнга ашигтай ажиллаж байгаа компани маш цөөхөн. Тэгэхээр зөгийн салбар руу мөнгөтэй орж ирэх хүмүүс, томоохон тоглогчид хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид хэрэгтэй. Их мөнгө байж байж салбар өөрөө тэлж, гадагшаа гаргах хүч нэмэх гээд байгаа. 

-Дотоодын зах зээлээс гадна экспорт бол бизнес эрхлэгчдийн хувьд мэдээж гол амбийц нь. Танай компанийн үйлдвэрлэлийн оргил үе хэзээ ирнэ гэж Та тооцож байна вэ?   

-Үүнийг төлөвлөхөд хэцүү. Коронавирусийн үед хичээгээд ч хийж чадахгүй боловч Хятадын зах зээл Монголын зөгийн балыг хүлээж авдаг болсон цагт л үйлдвэрлэл хөгжинө. Одоо болтол Хятад руу зөгийн бал экспортлох улс хоорондын гэрээ байхгүй байгаа. Тийм гэрээ хийгдэж байж том зах зээл нээгдэнэ

-Шийдвэр гаргах түвшинд яриа хэлэлцээ хийх шаардлагатай асуудал байна, тийм үү?

-Тийм ээ.  

-Монгол зөгийн балны үнэ цэнийг 5 орны тансаг хэрэглээний дэлгүүрт тавьж, таниулах таны зорилго биеллээ олсон уу?

-Одоо Япон руу гаргаж байна. Солонгос руу жаахан явж байгаа. Америк руу гаргамаар байна. Тийшээ гаргахад жаахан хэцүү байгаа. Зорьж байгаа хүмүүстэйгээ уулзаж чадаагүй байгаа. Франц, Англи руу гаргамаар байна. Бага багаар явж л байна. 

-Европ бол зөгийн балны үйлдвэрлэл өндөр хөгжсөн маш том зах зээл. Энэ зах зээлд манайхаас зөгийн балаа гаргахад өрсөлдөх гол давуу тал нь юу вэ? 

-Зөгийн балд дуртай хүмүүс тэнд их байгаа учраас харьцангуй амархан байгаа юм. 

Зөгийн бал цэцэгнээс гарч байгаа шүү дээ. Японд ч гэсэн, Франц, Германд ч гэсэн очоод дэлгүүрт орох юм бол хаанахын, ямар цэцгийн зөгийн бал вэ гэдэг нь бичээстэй байгаа. Зөгийн балд дуртай хүмүүст “Энэ цэцгийн зөгийн балыг идэж үзэхсэн” гэсэн сонирхол байгаа. Европын холбоо бас Хятадтай адилхан, бидэнд экспортлох нөхцөл байхгүй. Монголын цэцэг нь ховор учраас тийшээ гарц нээгдвэл монгол зөгийн бал овоо явах байх

-Таван оронд бүтээгдэхүүнээ гаргаад, хэрэглэгчдийнх нь сэтгэлд хүрээд, байнга авдаг болчихвол манайд тогтвортой нийлүүлэх нөөц боломж байгаа юу?

-Тэрэн дээр нэг их санаа зовох зүйлгүй байх. Хэрэв гаргаад эхэлбэл ашигтай юм байна гэдгийг мэдэрсэн зөгийчид зөгийгөө нэмнэ шүү дээ. Салбар өөрөө томроод явна. Одоохондоо бид байгалийн бэлчээрийн хязгаартаа хүрэх болоогүй байгаа.  

-Энэ бол мэдээж таны бизнесээ өргөжүүлэх томоохон төлөвлөгөө байх. Ойрын хугацааны төлөвлөгөө юу байгаа вэ. Ялангуяа, тариаланч феремрүүдтэй үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар яаж ажиллаж байгаа вэ. Ахиц гарч байгаа юу?

-Америкийн зөгийн аж ахуйн орлогын 90% нь тариаланд үзүүлэх үйлчилгээнээс авах төлбөр байдаг. Зөгийн бал зарахдаа биш, зөгий тавиад, тоос хүртээгээд авдаг төлбөрийн орлого нь ийм хэмжээг эзэлдэг гэсэн үг. Монголд бол зөгийчид үнэгүй тавьж байгаа шүү дээ. Ер нь энэ талаар ойлголт муу байгаа. Ялангуяа, рапсын талбайн ургацыг 40-100% нэмэгдүүлэх ажлыг зөгий хийж өгдөг. Тэгэхээр түүнд таарсан хөлсийг зөгийчид авмаар байна.

Манайх авна гээд бусад нь хөлс авахгүй бол явахгүй. Тэгэхээр энэ тал дээр зөгийчид нийлээд тариачидтай ойлголцох шаардлагатай. Тариачид яг төлбөрөө төлөөд, оновчтой тоогоор зөгий тавихгүй бол хэт их ч юм уу, багадвал утгагүй. Ер нь хэтэрч л байгаа л даа. Үнэгүй ч гэсэн 2-3 бүл зөгий 1,000 га-д аваад ирэхээр ямар ч хэрэггүй. Тэгэхээр энэ талаар хэн хэндээ ашигтай бизнесийн загвар үүсгээд явмаар байгаа юм. 

Мэдээж зөгийчид ямар байх, оновчтой тоо ямар байх, хэн очих зэргээр зохицуулалт хэрэгтэй байх. 

-Энэ тухай МҮХАҮТ-тай ярьж байсан уу?

-Яриагүй. Гэхдээ удахгүй энэ асуудал явах байх. Зөгийчид хоорондоо эхлээд ярих хэрэгтэй. 

-Ер нь хоорондоо хамтрах тал дээр ямар вэ, манай бизнесийнхэн? Зөгийчид асуудлаа яриад шийдэл хүрэх гэж явж чадаж байгаа юу?

-Зөгийн салбар бол жаахан хэцүү. Гэхдээ сүүлийн үед салбар хоорондын ч юм уу, өөр хүмүүстэй хамтын ажиллагаа маш идэвхтэй явагдаж байна. Хүмүүсийн харилцаа, олон төрлийн бизнес дээр хамтарч байж амжилтад хүрэх юм байна гэсэн ойлголттой болж байгаа. Би бас тийм ойлголттой болж байна. Яг салбар дотор бол мэдэхгүй байна. 

"Хамгийн эрхэм зүйл нь хүн байх нь ямар сайхан юм бэ гэж боддог. Энэ бол тайлбарлаж чадахгүй, гэхдээ надад төрсөн бодит мэдрэмж"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Таныг 1999 оноос хойш Монголд нутагшиж, манай бэр болсныг уншигчид андахгүй байх. Хэрэв 2015 онд зөгийн аж ахуй эрхэлж эхлээгүй бол өөр ямар салбарт орсон байх байсан бэ?

-Би сэтгүүлчийн ажлаа хийж байх байсан болов уу. 

-Та өвөл нь япон орчуулгын ном редакторлох ажил хийдэг гэж байсан. Одоо ч мөн энэ ажлаа хийж байгаа хэвээр үү? 

-Тийм тийм. Хийж байгаа. 

-Хамгийн сүүлд ямар ном хянан тохиолдуулсан бэ?

-Одоо нэг их удахгүй гарах юм, ногоогоор хийх хоолны тухай ном. Энэ ажилдаа их дуртай. 

-Ном болгоноос өөртөө үнэ цэн бий болгож, авч үлддэг байх, тийм үү? 

-Мэдээж. 

-Хамгийн үнэ цэнтэй мэдлэг үлдээсэн ном гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Бүгдийг нь нэрлэж чадахгүй байх даа. Япон зохиолчдоос би Нацүмэ Соосэкид хамгийн дуртай. Соосэкигийн “Боччан” гэдэг номыг Монсудартай хамтран гаргаж байсан. “Боччан” бол Японы орчин үеийн уран зохиолын суурь болсон анхны том зохиол. 

Н.Соосэкиг Мейжигийн үед уран зохиол, сонгодог зохиол, яруу найргийг судлуулахаар Англи руу улсын тэтгэлгээр явуулсан байгаа юм. Маш хол газар усан онгоцоор очсон. Тэс ондоо нутагт бараг сэтгэцийн өөрчлөлтөд ортлоо стрестсэн ч улсын төлөө гэж явсан учраас ямар ч гэсэн “Уран зохиолын онол” гэдэг ном гаргасан. Тэр нь уран зохиол ямар байх ёстой, юу бичих ёстой, уран зохиолд заавал байх элементүүд нь юу байдаг, ямар уран зохиолыг сайн, ямрыг муу гэх онолыг гаргасан, Японы уран зохиолчдын үндсэн суурь болсон бүтээл. Тэр номоо дуусгах хүртлээ Токиогийн их сургуульд уран зохиол, англи хэлний багшаар ажиллаж байгаа номоо дуусгаад анхны зохиолоо бичсэн нь “Муур миний өчил”. Уран зохиолд онол байдаг юм байна, дан мэдрэмжийн урлаг биш юм байна, суурь, ур чадвар гэж байх ёстой, сайн, муу гэж байдаг гэсэн суурийг цутгасан гэдэг утгаараа би Н.Соосэкид дуртай.

-Тэгвэл Монголын зохиолчдоос хэний бүтээлийг унших дуртай вэ? 

-Миний хамгийн дуртай уран зохиолч бол С.Эрдэнэ. “Хулан бид хоёр” гэж гоё зохиол байдаг. Яруу найрагчийн хувьд “Зангуу”, “Амитаба” шүлгийг бичсэн Д.Нямсүрэнг нэрлэнэ. Яагаад гэвэл байгаль, хүний сэтгэлийн дотоод гоо сайхныг яг тод харуулсан гэж бодож байгаа. 

-Зөгийнөөс өөр таны сэтгэлийг татаж байгаа шинэ салбар бий юу уу? 

-Байгаа. Гэхдээ одоохондоо яриад яахав. Хоол хүнстэй холбоотой. 

-Сүүлийн хянасан номтой тань холбоотой байх нь, тийм үү?

-Жаахан холбоотой (Инээв). Тодорхой биш ч дөхүүлээд ярья. 

Карантины үед би гэрээс гарч чадахгүй болонгуутаа сонирхол хоол хийж идэхэд чиглэсэн. Анзаараад байхад ер нь зөвхөн би биш, маш олон хүн гэртээ хоол хийж эхэлсэн. Хоол хийнэ гэдэг хүнийг тайвшруулж байгаа юм. Би амьдрах эрхтэй юм байна, боломжтой юм байна гэдгийг мэдрүүлдэг. Түүнчлэн сайхан хоол хийгээд иднэ гэдэг аз жаргал байгаа юм. Хоол бол аз жаргал шүү гэдгийг түгээх нэг ажил эхэлмээр байгаа

-Таныг хөндлөнгөөс хараад бараг монголжсон гэж санадаг. Гэхдээ гаднын хүний нүдээр монголчуудыг арай өөр өнцгөөр харж, бодитоор шүүмжилдэг. Монголчуудад нийгмийн хувьд, сэтгэлгээний хувьд ямар өөрчлөлт хамгийн чухал санагддаг вэ?

-Бизнес эрхэлж байгаа хүний хувьд надад ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ гэхээр хүмүүс бүгдээрээ ямар нэгэн ялгаваргүйгээр татварыг төлөөсэй. Татвар төлдөг хүмүүсийн нуруун дээр хамаг ачаалал ирж байгаа шүү дээ. Залхуу хүмүүс хожиж болохгүй. Залхуу хүмүүс байсан ч хожиж болно л доо. Хамаг ачааг татвар төлөгчдөд үүрүүлж болохгүй, бүгд тэгш үүрмээр байна. Энэ тал дээр татвар төлмөөргүй, өөрийгөө эмзэг байр сууринд байлгах, тэгж ярих дуртай хүмүүс хэтэрхий их байна. Тэд чинь бас сонгуулийн санал өгдөг шүү дээ. Тэрэн дээр улстөрчид эргэлзээд байна уу?

Энэ бол зөвхөн Монголын асуудал биш. Халамжийн асуудал Японд ч гэсэн байдаг. Улс төртэй гүн холбоотой. 

Гэхдээ шударга бус шүү дээ. Одоо бид юуны төлөө НӨАТ төлж байгаа билээ. Гэтэл НӨАТ төлөхгүй хүмүүс зөндөө байгаа. Тийм хүмүүсийг илүү харж үздэг нийгэм байж болохгүй байхгүй юу. 

-Монголчуудтай ажиллахад юу нь хамгийн хэцүү байдаг вэ?

-Би япончуудтай ажиллаж үзээгүй болохоор харьцуулж чадахгүй. Цагаа барьдаггүй гэж ярьдаг ч монголчуудаас өөр цагаа барьдаггүй хүмүүс зөндөө байх.  

-Энэ жил Монгол Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор Японд төгсөгчдийн төлөөллийн цуврал ярилцлага манай сайтад нийтлэгдэж байгаа. Тэд япончуудаас үнэнч хичээнгүй шударга байх бусдад төвөг болохгүй зэрэг сайн чанаруудыг өөртөө суулгасан талаар ярьж байгаа. Япон хүний хувьд монголчуудаас авсан сайн чанар гэвэл та юу хэлэх вэ? Тийм чанар байгаа юу?

-Байгаа. Гэр бүлдээ хайртай байх, хамгийн чухал юмтай байх, тэр нь хүн байх тэр чанар. “Хамгийн эрхэмлэдэг, хамгийн хайртай юм юу вэ?” гэхээр манай япончууд хүн биш, ажил ч юм уу, хобби ч юм уу, уран зохиол ч юм уу шал хөндлөнгийн юманд сэтгэлээ зарцуулсан байдаг. Монголчууд бол ихэнх нь гэр бүл, хань ижил гэж хариулдаг. Үнэхээр тийм. Хамгийн эрхэм зүйл нь хүн байх нь ямар сайхан юм бэ гэж боддог. Энэ бол тайлбарлаж чадахгүй, гэхдээ надад төрсөн бодит мэдрэмж. 

-Энийг Та сүүлд мэдэрсэн үү, эсвэл дөнгөж Монголд ирээд тэгж санагдсан уу?

-Монголчууд бол гэр бүлсэг хүмүүс юм байна гэж мэдэрсэн нь бол аль дээр. Одоо бол нэг мэдэхэд би тийм хүн болсон байгаа юм. Хэзээ болсныг мэдэхгүй. Гэр бүлсэг гэдэг чинь бас гэр бүлдээ арчаатай байх, ардчилсан байх биш, сууриндаа, сэтгэлдээ гэр бүлдээ хайртай гэх юм уу. 

Би чинь япон хүн болохоор нөхөртөө, хүүхдэдээ хэлдэг юм, намайг үхвэл яахыг. Тэгэхээр тэр хоёр уйлах гээд байдаг. Би болохоор тэднийг үхвэл гээд аягүй хөнгөн боддог байхгүй юу. Үхэх юм бол ингэхгүй бол, тэгэхгүй бол болохгүй гээд бэлтгэлтэй байдаг. Хүний үхлийг ер нь бодож чадахгүй хүмүүс, монголчууд

-Яг үүнээсээ болоод, гэрээслэлийн талаар ч ойлголтгүй шахам байдаг нь сүүлийн үед  асуудал болж байгаа. Үхлийн талаар ярихаар муу ёр болчихдог. Харин Та бэлтгэлтэй байх ёстой гэдэг агуулгаар хандаж байна. Японд бол багаас нь ойлгуулчихдаг уу? 

-Ер нь тийм байх. Манай аав, ээж намайг үхвэл ингээрэй, үүнийг тэр хүнээр хийлгээрэй гээд захина. Япончууд гарын үсэг зурахгүй шүү дээ. Бүх юм тамга тэмдгээр явдаг. Миний тамга энд байдаг шүү, үхсэний дараа мөнгө төгрөгийг ингэж хуваагаарай гээд бүгдийг ярьчихдаг. Төрж, үхэх нь ёс юм байна гээд ойлгочихдог. Аав, ээж бол үхэхээсээ өмнө сэтгэл хангалуун явах ёстой. Сэтгэл хангалуун явна гэдгийг, амьдралын учир утгыг үгээрээ,  захиагаараа харуулдаг. 

-Монголын хөгжил, ирээдүйд Та тодорхой хэмжээнд санаа зовдог уу?

-Монголын ирээдүйд би биш, монголчууд санаа зовоосой гэж боддог. Би гадаад хүн болохоор айлын дотоод асуудалд орохгүй. Хуулиар ч бас заасан байдаг, улс төр ч юм уу хүмүүст нөлөөлөхүйц байж болохгүй гээд. Тиймдээ ч юм уу, өөрийгөө би япон хүн гэж боддог. Монголоор мундаг ярьдаг ч би япон л хүн. Эцсийн эцэст монголчуудын орон юм чинь өөрсдөө санаа зовох зүйл дээр өмнөөс нь би зовоод яах билээ. Энэ тал дээр хатуу сэтгэлтэй байгаа(инээв). Японд би хариуцлагатай хүн. Японд ч гэсэн эзэн нь, япончууд л хичээхгүй бол хохь чинь л байхгүй юу. 

-Удаан хугацаагаар явахаараа Та Монголын юуг нь санадаг вэ?

-Байгаль юм уу. Худлаа хэлчихлээ, байгаль биш, гэрээ санадаг юм байна(инээв). Японд байхдаа гэрээ, хоёр өрөө орон сууцаа санадаг юм уу. Энд байхдаа Японыг санадаггүй. Ер нь дуртай үедээ явах боломж байгаа тул санаад ч хэрэггүй байх. Харин Японд очихоор гэрээ санана. Зөгийндөө бол санаа зовохгүй. 

Сэлэнгэд очихоор гоё байдаг. Одоо аж ахуйгаа сайжруулна даа. Манай аж ахуй амьдрахад жаахан хэцүү. Монгол гэрт амьдарч байгаа бөгөөд зундаа олон нүүж явдаг. Тэрийг яаж тухтай болгох вэ гэдгийг дараа жилээс сайн бодно. 

-Бизнесийнхний хувьд ямар өөрчлөлт хэрэгтэй гэж боддог вэ?

-Сая махны салбарт том асуудал гарсан. Тэр нь хэний, ямар санаатайг мэдэхгүй. Ямар ч байсан тэр салбарт асуудал байх нь байж. Тэр нь бодлогын талын асуудал байсан уу, үнэхээр ариун цэврийн асуудал байсан уу сайн мэдэхгүй байна. Зөгийн бал дээр ч цаашдаа асуудал гарах байх. 

Асуудал болгоныг аливааг сайжруулах нэг сайн завшаан гэж үзэх, асуудлыг угаар нь шийдэх, дахиад ийм асуудал гаргахгүй байхад ашигламаар байгаа юм. Ямар нэгэн асуудал гарахаар боож, хааж, дарамтлах биш. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн тулд яах ёстой вэ гэдгийг нийтээр бодож явах суурь хэрэгтэй байх гэж бодож байна.

Тэгэхгүй бол энэ асуудал нийтийн асуудал байхад хэн нэгний асуудал болоод дуусчихдаг. Ахин дахин, энд тэнд гарч магадгүй асуудал байхад нийтийг нь шийдэхгүй болохоор энэ нь хэн нэгний буруу байсан болоод, тэрийг халлаа, шийтгэлээ, шоронд хийлээ, компанийг татан буулгалаа гээд дуусдаг. Тэгээд цаашаа яах вэ гэдэг сургамж, шинэ дэвшил байхгүй. 

Алдаа гарна гэдэг дэвшлийн маш том боломж байхгүй юу. Хүн алдаа хийнэ, алдаа гаргана. Алдаа гаргахад эргэн тойрон тэрийг яаж анзаарч, хохирлыг бага дээр барьж авах вэ гэдэг ухаан Монголд үнэлэгдэхгүй байгаа юм, энэ бол алдаа гаргаж байгаа хүний буруу гээд бүгд дуусчихаар. Үүн дээр харин манай япончууд их хөгжсөн улс. Алдаа болгон хөгжлийн боломж гэдгийг нийтээр мэддэг гэж бодож байна. 

-Нийтээр гэж та онцоллоо. Нийтийн төлөө явах монголчуудын хандлагын талаар ямар бодолтой байна вэ?

-Тухайн асуудал болгон, кэйс болгоныг өвөрмөц, анхны, онцгой кэйс гэж үздэг болохоор уг үндсийг ухаж үзэх юм бол нийтлэг асуудал байгаа гэж бодоод байна. 

Би Монголд 1999 оноос хойш амьдарч байгаа шүү дээ. Улаанбаатарт тэгж удаан хугацааг өнгөрөөсөн бол Улаанбаатарт байгаа энэ түгжрэл, агаарын бохирдол гээд янз бүрийн асуудалд энд амьдарч байгаа хоёр сая хүн, надаас бас болж байгаа шүү дээ. Гэхдээ хүмүүс ингэж бодохгүй юм билээ. Улсын асуудал, дарга нарыг шийдэж өг гээд байдаг. Тийм ард түмэн байхаар дарга нар нь ингэж болохгүй, тэгж болохгүй, ингэх ёстой гээд баахан шийтгэл, боож хаах юм бэлдэж өгөхөөс яах билээ. Энэ бол хоёр талаасаа болж байгаа асуудал. Нийтийн асуудал. Энд амьдарч байгаа бүх хүний хариуцлага. Би ч гэсэн монголжчихсон байдаг юм уу, хааяа мартчихсан байдаг. Өөрөө машинаар явахгүй байгаа юм шиг заримдаа “Яагаад би завгүй байхад та нар гэртээ байхгүй байгаа юм бэ” гээд боддог(инээв).

-Ярилцсанд баярлалаа.