Дэлхийн хэмжээний холимог тулааны тэмцээнийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр энэ оны арваннэгдүгээр сарын 26-нд Мөсөн өргөө (Степпе Арена)-д зохион байгуулах гэж байна. Холимог тулааны One Championship холбооноос "Road to One" төслийн хүрээнд тамирчдыг шалгаруулж, бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм. Тус төслийг дэмжих зорилгоор One Championship холбооны дэд ерөнхийлөгч, UFC дундын аварга асан Рич Франклин манай улсад ирээд байна. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.
-Та өмнө нь манай улсад ирж байсан. Харин энэ удаа "Road to One" төслийг дэмжих зорилготой ирсэн гэсэн үү?
-Миний хувьд 2019 онд Монголд анх удаа ирж байсан. Тухайн үед сайн тамирчдыг олж илрүүлэх, улмаар Монголын соёлыг дэлхийд сурталчлах зорилготой байсан. Харин энэ удаагийн айлчлалын хүрээнд "Road to One" төслийг дэмжих зорилготой ирсэн. Олимпын наадам зэрэг дэлхийн хэмжээний томоохон тэмцээнээс харахад, монголчууд ихэнхдээ тулаантай холбоотой спортод өндөр амжилт үзүүлсэн байдаг. Энэ төрлийн спортоор тив дэлхийгээс медаль хүртсэн амжилт цөөнгүй бий. Энэ нь монголчуудын өөрсдийнх нь дайчин баатарлаг соёлд байна. Хэдийгээр холимог тулааны хөгжил эхэн үедээ байгаа ч Монгол тамирчид аль хэдийн маш өндөр зэрэглэлд хүрч, өрсөлдөөд эхэлсэн. Монголоос дэлхийн хэмжээний холимог тулааны тамирчид гарах бүрэн боломжтой.
-Холимог тулааны спортын гол онцлог юу вэ?
-Монголын уламжлалт спортоор жишээ авч холимог тулааны спортыг тайлбарлах гэж хичээе. Жишээлбэл, үндэсний бөх болон боксын тамирчид дэвжээн дээр боксоор өрсөлдлөө. Энэ үед боксын тамирчин ялах нь тодорхой. Харин дэвжээнээс буугаад бөх барилдвал боксын тамирчин ялагдал хүлээнэ. Өөрөөр хэлбэл, аль алинд нь сул тал байгаа. Тэгэхээр холимог тулааны гол зорилго нь олон янзын тулааны төрлүүдийг нэгтгэж, дундаас нь нийлүүлсэн төрөл гаргаж авч байгаагаас ялгаагүй.
-Монгол тамирчдыг онцолж, холимог тулааны тэмцээн зохион байгуулахаар болжээ. Одоогоор хэчнээн тамирчин шалгарч, бэлтгэлээ үргэлжлүүлж байна вэ?
-Тамирчдын сонгон шалгаруулалтыг Монгол дахь багийнхан маань хариуцан ажиллалаа. Би 2019 онд анх сонгон шалгаруулах зорилготой ирэхдээ олон тамирчинтай уулзаж, хамт бэлтгэл хийсэн. Тухайн үед олон авьяаслаг тамирчдыг харсан. Н.Отгонбаатар, З.Шинэчагтага, О.Пүрэв зэрэг тамирчидтай зураг авалт хийх үеэр уулзаж байсан. Өмнө нь One Championship холимог тулааны холбоо нэг Монгол аваргатай байсан. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр холимог тулааны Монгол аваргууд олон болно гэдэгт итгэлтэй байна. Дараагийн таван жилд Монголоос дэлхийн хэмжээний холимог тулааны тамирчид олноор төрөх бүрэн боломжтой хэмээн харж байна.
-Бүхий л спорт хүнд тэсвэр хатуужил суулгадаг. Холимог тулаан бусад спортоос ялгаагүй. Аливаад амжилт үзүүлэхийн тулд тухайн тамирчин бэрхшээлийг даван туулж, зорилгодоо үнэнч байх нь чухал. Өдөр болгон өөрийгөө сайжруулъя гэсэн бодолтой явбал зорьсондоо хүрч чадна. Бөх, жүдо, холимог тулаан, уран гулгалт ч байж болно, бүгд адилхан тэсвэр шаарддаг. Хамгийн гол нь ямар ч төрлийн спортод амжилт үзүүлэхийн тулд эхлээд хүний өөрийн бодол зөв байх ёстой.
-Дэвжээн дээр гарахад тамирчдын сэтгэл зүй бэлэн байх нь хамгийн чухал болов уу?
-Ямар ч тамирчинд “Өрсөлдөгчдөө ялагдчих вий” гэсэн айдас хэзээд байдаг. Ширээний теннис тоглосон ч, төгөлдөр хуур дарсан ч, тулааны талбар дээр гарсан ч олон нийтийн өмнө гарахад ийм бодол ялгаагүй төрнө. Гэхдээ тэр айдсаа даван туулах сэтгэл зүйн тэнхээтэй байж л өрсөлдөөний талаар ярина. Жишээ нь, ширээний теннистэй харьцуулбал холимог тулаанд ялагдал тухайн тамирчинд илүү хүнд тусна. Дэлхий даяар цацагддаг, олон мянган хүн үздэг спорт учраас ялагдал маш олон хүнд хүрнэ, бие махбодын хувьд маш их гэмтэл бэртэл авдаг. Үүгээр бусад спортоос илүү ялгаатай байх.
Багийн спортод ялагдвал нэгнийгээ буруутгадаг. Магадгүй манай хаалгач, хамгаалагч, довтлогчоос болж гоол оруулсангүй гэдэг ч юм уу. Харин ганцаар тоглодог спортод чи зөвхөн өөрийгөө л буруутгана. Хэрэв ялагдал хүлээвэл өөр хэний ч буруу биш зөвхөн чиний алдаа байдаг. Ийм сэтгэхүй нь бусад багийн спорттой харьцуулахад арай өөр. Холимог тулаанд ялахын тулд хүн өөрийгөө л сайжруулах хэрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй.
-Холимог тулаанд биеийн хүч хэр чухал вэ?
-Хүмүүс тулааныг 90 хувь нь биеийн хүч, 10 хувь нь сэтгэл санааных гэж боддог. Бодит нөхцөлд 90 хувь нь сэтгэл зүйн бэлэн байдал үлдсэн хувь нь биеийн хүч. Тулааны карьерын дунд үед миний сэтгэл санаа спортдоо бэлэн биш байсан. Тэр үеэр манай холбооноос "Удахгүй тулаан болох гэж байна. Чи орох хэрэгтэй" гэдгийг хэлсэн. Миний сэтгэл зүй бэлэн бус байсан ч би зөвшөөрсөн хариу өгсөн. Гэвч оюун санаа маань тогтож өгөхгүй, бэлтгэлээ ч дутуу хийсэн. Тулаан болох үед ялагдсан. Яагаад гэвэл сэтгэл зүрх нь тэнд байгаагүй учраас бэлтгэлээ дутуу хийгээд техникүүдээ ч буруу давтсан. Тиймээс холимог тулааны спортод сэтгэл зүй маш чухал. Олон цагийн бэлтгэлийн дараа тамирчдын дийлэнх нь оюун санаагаараа ядарсан байдаг. Үргэлж хүний бие ядрахаас өмнө оюун санаа ядардаг. Ийм байвал мэдээж ялагдана.
-Тулааны спортын дэвжээнд гарахад бэлдэж байгаа Монгол тамирчдын сургуулилалтыг үзэж танилцсан уу?
-Одоогоор бүх тамирчны тулааныг үзэж чадаагүй байна. Монголд байх долоо хоногийн хугацаанд бусад тамирчдын тулааныг үргэлжлүүлж үзнэ. Манай төсөлд анх орсон 40 тамирчнаас тал нь хасагдсан байгаа. Шилдгүүд тунаж үлдсэн учраас тамирчдын сургуулилалтыг харахаар ирсэн.
-Монголын анхны холимог тулааны тэмцээнийг Мөсөн өргөөнд зохион байгуулахаар болсон. Та өчигдөр танилцсан гэсэн үү?
- Тийм ээ. Өчигдөр Степпе Аренагаар бүтэн өдөр аялсан. Дэлхийн хэмжээнд баригдсан үнэхээр чанартай барилга байна. Нэг ч муу суудлын өнцөг харагдаагүй шүү. Аль ч суудлаас үзэх боломжтой, технологи нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй байсан. Мөн доторх загвар, дизайн болон VIP өрөө гэх мэтчилэн дэлхийн хэмжээний байсан. Миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. One Championship холбооноос олон хүнийг хамарсан дэлхийн хэмжээний шоуг зохион байгуулдаг. Тиймээс ганцхан шүүмжлэл нь илүү олон суудалтай том байхгүй яав даа гэж бодсон.
-Тухайн тэмцээнд бизнесийн байгууллага хэрхэн яаж оролцох боломжтой байна вэ?
-Энэхүү үйл ажиллагаанд дотоодын бизнесийн байгууллагууд оролцох боломж нээлттэй. Жишээлбэл, реалити шоуны зураг авалт болон тамирчдын хувцас дээр лого байршуулах, эсвэл тамирчдыг брэндийн нүүр царай болгох гэх мэтчилэн. Нэгдүгээрт, дотоодын эвент учраас зорилтот хэрэглэгчдэд хүргэх гэж байгаа компаниуд дотооддоо сурталчлаад хамтарч ажиллаж болно. Монголын компаниуд гадагш дэлхийд танигдана гэвэл сошиал платформ, веб сайт, сувгаар дамжуулах давуу талтай. Монголд анх удаа холимог тулааны шоу зохион байгуулж байгаа. Иймээс компаниуд хамгийн анхны реалити шоу болон тэмцээний үеэр хамтарч оролцох боломж байгаа.
Гэрэл зургийг MPA агентлаг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!