Индэр    
2022 оны 6 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Аиша Бөү: 13 настайдаа анх надаас зөвлөгөө авч байсан охин одоо сансрын инженер болоод хүн тээвэрлэх шинэ пуужин бүтээхээр ажиллаж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 Эмэгтэйчүүд сансрын, тэр дундаа пуужингийн инженер болж, дэлхийг өөрчлөх боломжтойг мянга мянган охид залууст үлгэрлэж, өөрийн мэдлэгээ түгээж буй Аиша Бөү Монголд анх удаа хөл тавьж, монгол охид, эмэгтэйчүүдэд инженер, байгалийн шинжлэх ухааны чухлыг таниулах уулзалт хийсэн юм. 
 
Америкийн Үндэсний аеронавтик, сансар судлалын захиргаа буюу НАСА-д аэронавитикийн инженерээр ажиллаж байсан тэрбээр залуусын нийтлэг ойлголтыг эвдэх, STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) салбарт ажиллаж мэргэшихэд нь туслах зорилго тавин ажиллаж байна. 
 
Inc. сэтгүүлээс гаргасан 2020 оны эхний хагас жилийн хамгийн өндөр өсөлттэй 5,000 компанийн жагсаалтад багтсан инженерчлэлийн шийдлийн STEMBoard компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Аиша Бөүтэй ийнхүү Монголд саатах үеэр нь уулзаж, ярилцсанаа хүргэж байна.
 
Тэрбээр Мичиганы Их Сургуульд Аэронавтикийн Инженерчлэлийн чиглэлээр Шинжлэх ухаан, инженерчлэлийн бакалавр болон Сансрын системийн инженерчлэлийн чиглэлээр Инженерчлэлийн магистрын зэргийг тус тус хамгаалжээ.   



-НАСА-гийн пуужингийн эрдэмтнээр залуу эмэгтэй ажиллаж байгаа нь олон  эмэгтэйчүүдэд шинжлэх ухааны салбарт өөрийгөө сорих урам зоригийг өгсөн нь дамжиггүй. Анх яагаад инженер болохоор шийдсэн түүхээ хуваалцахгүй юу?
 
-Би инженер болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Би жаахан охин байхдаа математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлд сонирхолтой байгаагүй. Энэ охидын сонирхдог зүйл биш гэж боддог байснаас гадна сургуульд орсон хойно ч тийм зугаатай санагдаагүй. Уг нь бизнес хийнэ гэж бодож байсан ч надад тохирно гэж бодоогүй, дуртай ч байсангүй. Харин эцэст нь би математик, байгалийн шинжлэх ухаанаар суралцаж, сансрын инженер болоод НАСА-д ажиллах болсон бөгөөд өдөр бүр ажлаа дурлаж хийдэг болсон. Түүгээр зогсохгүй инженерийн ажилд дурласан шиг минь бусад хүн энэ мэргэжлийн сайн сайхныг мэдрээсэй гэж хүсдэг. Энэ салбарт карьер хөөх боломж байгаа гэдгийг мэдэж авч, энэ чиглэлээр сурснаар дэлхийг өөрчлөх хэмжээний гайхамшгийг бүтээж чадна гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Хэрэв би математик, байгалийн шинжлэх ухаанаар суралцаагүй бол би энэ сайхан оронд ирээд тантай ярилцаад сууж байхгүй байлаа. 
 
-НАСА-д ажлын гараагаа эхлэх үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? Ажил дээр гарах сургуулийн танхимаас огт өөр байдаг. Мэдэхгүй чадахгүй зүйл олон байсан байх. Хамгийн хүнд сорилт нь юу байв? Та хэрхэн давж туулж байв?
 
-Эргэн тойрондоо ухаалаг хүмүүсээр хүрээлүүлж, тэнд байх эсэхдээ эргэлзэхэд хүргэсэн хүнд цаг хугацаа ч гарч байлаа. Гэвч би шаргуу ажиллаж, миний оруулсан хувь нэмрийг хүмүүс хараад байр суурийг минь хүндэтгэдэг болсон. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрсний дараа би гайхалтай зүйлсийг хийж эхэлсэн бөгөөд өөртөө итгэлтэй байхаас гадна өөрийгөө батлахын тулд бусад хүмүүсийг харах шаардлагагүйг ойлгосон. Улмаар компаниа үүсгэн байгуулж байв. Одоо би инженерийн чиглэлийн хоёр ч компанитай болж, математик болон байгалийн шинжлэх ухааны тухай, энэ бүхэн амьдралыг минь хэрхэн өөрчилсөн тухай дэлхийгээр аялан, түүхээ ярих боломжтой болсон. Түүгээр ч зогсохгүй аав минь энэ бүхнээс урам зориг авсан шүү. Тэрбээр үүнийхээ ачаар цахилгааны инженерээр сурч, хэдийн бакалавр, магистрын зэрэгтэй болсон бөгөөд докторын зэргээ ч хамгаалах байх. Ээж минь харин надад тусалж, нэг компанийг маань ажиллуулж байна. 

Гэр бүлээ халамжилж, суралцахаар, мэдэхээр сонгосон зүйлдээ сэтгэл хангалуун байх боломжтой болсон нь миний хувьд аз жаргал юм даа.

-Та хоёр ч компаниа байгуулсан тухай ярилаа. Нэг нь охид, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг гэж байсан. Танаас хэр олон хүн урам зориг авч, ямар амжилт гаргасан тухай ярихгүй юу?

-Миний ажлаас урам зориг авч урагшилж байгаа хүмүүсийг харах үнэхээр гайхамшигтай. Тэр бүх хүнийг тоолж чаддаг ч болоосой. Гэхдээ би хоёр жишээ хуваалцахыг хүсэж байна. Миний зөвлөгчдийн нэг болох охин бий. Бид анх танилцаж байхад тэр 13 настай байсан бол одоо сансрын инженер болоод Blue Origin компанид, хүмүүсийг сансарт хүргэх шинэ зөөгч пуужин бүтээхээр ажиллаж буй. 

Дэлхийн 10 улсын 5,000 гаруй сурагч миний бүтээлийг хэрэглэж байна. Америкийн өнцөг булан бүрд байгаа олон арван хүүхдэд хандив өгч, дэмжлэг болсон шиг Монголд ч гэсэн олон хүнд хүрч чадна гэж итгэж байгаа. Ямар нэгэн урьдач мэдлэггүйгээр хэрхэн барилга барих, код бичих ухааныг өгдөг учраас инженерийн чиглэлээр суралцах сонирхолтой олон мянган монгол охид, хүмүүст хүрч чадна гэж би итгэж байна. Цахим видеонуудаараа дамжуулан манай STEMBoard компани хаа байгаа газраасаа, гэртээ ч суралцах боломжийг бүрдүүлсэн. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Охид энэ салбарт хөл тавихаас цааргалдаг нэг шалтгаан нь хэвшмэл ойлголт болов уу. Математик, шинжлэх ухааны салбар бол эрчүүдийн байх газар гэсэн ойлголтоос болоод охид энэ төрлийн хичээлүүдээс хол хөндий байх нь элбэг. Танд ч бас ийм бодол байсныг ярьсан. Тэгвэл яг энэ ойлголтыг эвдэхийн тулд та юу гэж зөвлөдөг вэ, охидод?

-Математик болон байгалийн шинжлэх ухаан бол охид, эмэгтэйчүүдэд ч хамаатай болохыг ойлгуулж, зоригжуулах нь миний хувьд их чухал. Надад өөр өнцгөөс харах боломж олдсон. Тиймээс миний хуваалцахыг хүссэн зүйл бол надад итгэх албагүй ч дараах Харвардын судалгаанд итгэж болно. Удирдлагын багтаа эмэгтэйчүүдийг ажиллуулж буй корпорацуудын талаар Харвардын их сургууль нэгэн гайхалтай судалгаа хийсэн. Эмэгтэйчүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулснаар тэдгээр компани илүү их мөнгө олохоос гадна өмнө байсан бүтээгдэхүүнүүдээ сайжруулж чадсан, шинэ зах зээлд гарах боломж бүрдсэн зэрэг амжилтууд гарсныг судалгааны үр дүн харуулсан.   

Гэртээ суунгаа санхүүгээ авч яваа олон эмэгтэй бий. Тэд хоолоо хийж, гэрийн бүх ажлаа амжуулахын зэрэгцээ үл хөдлөхийн зөвлөгөө өгч, үндсэндээ гэртээ бизнес эрхэлж байгаа юм. Энэ бол гараад бодит орчин нөхцөлд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаагаас ялгаагүй. Тэгэхээр би тэдгээр эмэгтэйчүүд өөрсдийнхөө төлөө ажиллаад зогсохгүй бусдадаа ч нөлөөлж чадаж байгаагаа ойлгоосой гэж хүсэж байна.

-Шинжлэх ухаан, технологийн салбарт хөл тавих хүсэл мөрөөдөлтэй сурагчдад та ямар ур чадвараа хөгжүүл гэж хэлэх вэ?

-Сониуч байх бол хамгийн чухал чадвар гэж би боддог. Хоёрдугаарт, компьютерын шинжлэх ухаан үнэхээр чухал. Учир нь өнөөгийн дэлхий ертөнц өөрчлөлт шилжилтийг туулж байна. Улс орнууд хүмүүсээ илүү тав тухтай амьдруулахын тулд шинэ технологиудыг яаж ашиглаж байгааг бид харж байна. Мөн бидний амьдралд NFT, биткойн, блокчэйн, хиймэл оюун ухаан гэх мэт цоо шинэ үг хэллэгүүд нэвтэрсээр байна. Хэрэв та сониуч, цахим байж чадвал энэ бүхнийг онлайнаар үнэгүй сурах боломжтой. 
 
-Инженер эмэгтэй байхын сайхан нь юу вэ? Нөгөө талаараа давуу тал нь юу гэж бодож байна вэ?
 
-Инженер байх, энэ салбар дахь эмэгтэй байхын сайхан тал нь би өдөр бүр өөрийн бүтээсэн зүйлдээ өөрийн туршлагаа тусгаж чаддагт оршдог. Миний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг оюутнууд багадаа бүтээхийг хүсэж байсан зүйлсээ бий болгохыг хүссэн учраас ашигладаг. Би залуухан эмэгтэй байхдаа өөрийн байх газраа олохыг хүссэн бөгөөд энэ нь компаниа байгуулах миний шалтгаан болсон. Хэрэв эмэгтэй хүн өвөрмөц үзэл бодолтой бол тэд ихэнхдээ зах зээл дээр байхгүй байж мэдэх зүйлийг авчирдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь боломж гэсэн үг юм.
 
-Магадгүй заримдаа ажил тань хүнд санагдах үе байдаг уу. Ийм үед хэрхэн, юунаас урам зориг авдаг вэ?
 
-Нэг өдөр аавтайгаа карьерынхаа тухай ярилцсан юм. “Та намайг эртхэн гэрлэж, хүүхдүүдтэй болоосой гэж хүсэж байна уу” гэж асуухад аав “Аиша, чи аль хэдийн хүүхдүүдтэй болсон. Чамаас суралцсанаараа боломжийг олж харж, чи байгаа учраас амьдралаа өөрчилж чадсан тухайгаа эргээд чамд хэлэх дэлхий даяар мянга мянган хүүхэд чамд байна. Чамайг нэг өдөр гэрлэхэд бид санаа зовохгүй ч хүүхэдтэй болохоороо чи хүүхдэдээ л анхаарлаа хандуулна. Дэлхийд, бусдад тавих анхаарал чинь хоёрдугаарт байх болно” гэж хэлсэн юм. 

Тиймээс бусдын хүүхдүүдийг сайн сайхан амьдрахад нь туслах зүйлсийг хийж бүтээх боломжийг гэр бүлийнхэн маань надад өгсөн бөгөөд үүгээрээ би дэлхийд өөрчлөлт, хувь нэмрээ оруулж байна гэж боддог. 
 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Шинжлэх ухаан, технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ямар дэмжлэг хэрэгтэй вэ? Монгол охид эмэгтэйчүүдэд хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?
 
-”STEM салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь” буюу яг энэ сэдвээр би монгол эмэгтэйчүүдтэй ярилцахаар АНУ-ын Элчин сайдын яамны урилгаар Монголд ирсэн. Монголын албаны хүмүүс мөн оролцсон эдгээр арга хэмжээ нь хүмүүст төрийн бодлогын талаар суралцах эх сурвалж болж, бизнесээ санхүүжүүлэх, зөвлөгч олоход нь туслах, харилцаа холбоо тогтоох боломж олгосон гайхалтай жишээ гэж би бодож байна. 

Элчин сайдын яам МҮХАҮТ зэрэг байгууллагуудтай хамтраад бизнес эрхлэгчдэд эдгээрийг илүү хүртээмжтэй болгох чиглэлээр илүү их ажил хийгээсэй гэж хүсэж байна.

-Монгол эмэгтэйчүүдтэй хийсэн уулзалтын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Уулзалт маш сайхан байсан. Технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй, итгэл найдвар тээсэн, мөрөөдлөө хуваалцсан монгол бүсгүйчүүдтэй уулзах завшаан тохиолоо. Мөн тэд цаашид суралцах хүсэл эрмэлзэл, өөрийгөө хөгжүүлэх эрч хүчийг олж авахад туслах нөөц бололцоогоо тодорхойлоход надаас зөвлөгөө тусламж хүслээ.

Монголын ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа нь урам зориг өгсөн. Тэд өөрсдийгөө илүү  сайжруулж, Монголыг сайхан болгохыг хүсэж байна. Энэ бол биширмээр зүйл. 

-Хэрэв нууц биш бол та багадаа ямар тоглоомоор илүү тоглодог байсан бэ? Таны математик болон логик сэтгэлгээ хөгжихөд юу нөлөөлсөн бол?

-Би компьютер тоглоом их тоглодог байсан. Тэр нь математик, шинжлэх ухаан шаарддаг байсан. Тухайлбал би Number Munchers тоглоомыг тоглох дуртай байсан. Энэ тоглоом одоо байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тоглоом дээр самбар дээрх зүйлсийг идэхийн тулд тоо бодож, зөв хариуг тавихыг шаарддаг. Үнэхээр сонирхолтой. Бас ээжтэйгээ флаш карт, тооны хүрд зэргийг тоглодог байсан. Ээж үргэлж надаас асууж, бодуулж, шалгадаг байсан. Тиймээс дэлхий, газар нутаг, хүмүүсийн тухай гээд гэр бүлийн аяллын үеэр надаас байнга асууж ярилцдаг байсан нь үнэхээр сайн хэрэг. 
Сүүлд Socrates гээд видео тоглоомоор тоглодог байсан. Энэ бүх тоглоом математик, шинжлэх ухаанд суурилсан байсан. 

-Хүчирхэг эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх вэ? Эмэгтэй хүн хүчирхэг байна гэхээр ямар байх ёстой вэ?

-Хариулахад хэцүү асуулт байна. Маш олон хүчирхэг эмэгтэй бий. Би гайхамшигтай ээжтэйдээ баярладаг гэдгээ хэлмээр байна. Миний ээж сайн боловсрол эзэмшээгүй байж болох ч үргэлж намайг хайрладаг. Өнөөг хүртэл ээж минь миний хамгийн сайн найз. Тиймээс сайн эхнэр, сайн ээж, сайн охин, эгч гэдэг бол яаж туслах, хэрхэн өгөхөө ойлгодог, бас яаж дэмжихээ мэддэг, өөртөө үргэлж хөрөнгө оруулалт хийх сонирхолтой эмэгтэйг хэлэх байх.

Бид амьдралдаа юу тохиолдохыг ихэнхдээ сонгож чаддаггүй ч үүнд хэрхэн хандах, эргэн тойрныхоо хүмүүсийг хэрхэн дэмжихээ сонгож болдог. 

Эмэгтэй хүн хүчтэй ч бас эмэгтэйлэг, тайтгаруулагч байж чаддаг гэж би боддог. Хүүхэд төрүүлэх нь маш хэцүү. Үүнийг эмэгтэй хүн даван туулж хүүхэд төрүүлдэг. Хүчирхэг гэдэг ойлголтын талаар бодохдоо хайрлахаас гадна зарим зүйлсэд суралцах чанар – хүмүүст зааж, үлгэр дуурайл болж чадахуйц байдлаар өөрийгөө авч явах, өөрсдөө ч хайр татам байж тусалж дэмжиж чадварыг нь бусдаас суралцдаг хүнийг хэлэх болов уу гэж би боддог. 

Эцэст нь хэлэхэд, би олон монгол хүнийг мөрөөдлөө биелүүлэхэд нь түлхэц болж, математик, шинжлэх ухааныг сонирхох урам зориг өгөхийг хүсэж байна. Учир нь энэ нь минийхтэй адил тэдний гэр бүлийн ирээдүйг өөрчилж чадна.

-Ярилцсанд баярлалаа.