Индэр    
2022 оны 6 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

Л.Мөнхзаяа: Хүмүүс сумын төвийг жижигхэн газар л гээд байдаг. Надад харин томддог. Сургууль нь хүртэл...

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сумын төвөөс гадаад руу суралцахаар яваад, тэндээ ажиллаж буй амжилттай хүн олон ч гадаадад боловсрол эзэмшиж ирээд сумын төвд амжилттай ажиллаж яваа нь цөөн.

Тэдний төлөөлөл бол Италид долоон жил дүрслэх урлагийн боловсрол эзэмшин эх орондоо ирээд 2021-2022 оны хичээлийн жилээс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн дүрслэх урлагийн багшаар ажиллаж яваа бүсгүй Л.Мөнхзаяа.

Хэн хүний гаргаад байдаггүй шийдвэрийг гаргаж, Италийн урлагийн боловсролыг Хутаг-Өндөрт түгээж яваа, залуу дайчин бүсгүйн орон нутагт амьдрах болсон шалтгаан, өөрийгөө дайчлах тууштай зан, хором мөч бүрийг ашиглаж байгаа ажилсаг байдлын талаар өгүүлэх ярилцлагыг хүлээн авна уу. 

Түүний үндсэн мэргэжил нь график дизайнер, зураач бөгөөд анх МУБИС-ийн Дүрслэх урлаг, дизайны ангийг төгсөөд, багагүй хугацаанд мэргэжлээрээ ажиллаж байгаад хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Италийн Перужа хотын дүрслэх урлагийн академийн уран зургийн ангид боловсрол эзэмшжээ. Одоо багшаараа ажиллахын зэрэгцээ дунд, ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан дүрслэх урлагийн дугуйлан хичээллүүлж, бидний сайн мэдэх хэвлэлийн компаниудад үндсэн мэргэжлээрээ ажиллаж явна.



- Сайн байна уу. Энэ сарын эхээр нээлтээ хийсэн танай дугуйлангийн сурагчдын "Том хүүхэд" контемпорари үзэсгэлэнг үзээд үнэхээр их таалагдсан. Юуны өмнө үзэсгэлэнгээ амжилттай нээсэн та бүхэнд дахин баяр хүргэе. 

- Баярлалаа. Энэ үзэсгэлэнд есөн хүүхэд найман бүтээлээр оролцоод хүүхдүүд маань их сэтгэл өндөр буцсан. Үнэнийг хэлэхэд үзэсгэлэн гаргах нь манай хүүхдүүдэд ахадсан ажил байсан ч сайнаар даван гарсандаа баяртай байна. Хүүхдүүд маань бүтээлээ хийхдээ шантрах үе байсан. Зураг зурахаас хэцүү юм байна ч гэж хэлсэн удаатай. Бүтээлүүд дунд нулимстай бүтээл ч бий. 

- Хүүхдүүдийнхээ үзэсгэлэнг хараад багш хүний хувиар төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

- Одоо миний сэтгэл үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна. Италийн үзэсгэлэнгийн нэг хэсэг энд дэлгэгдлээ. Би ирээдүйгээ тав, таван жилээр төлөвлөж явдаг. Тэр дунд багшилна, шавьтай болоод үзэсгэлэн гаргана гэсэн төлөвлөгөө орсон байсан ч санасныг бодвол эрт гаргачихлаа. Бидний үзэсгэлэнгийн зорилго нь хүмүүст магтуулж, урмын үг сонсоод өнгөрье гэж хүсээгүй. Бидний хийсэн бүтээлийг үзсэн 10 хүний нэг нь ядаж хогоо хаяхаа болиосой, хүнд хэрэгтэй л байгаасай гэсэн сэтгэлийг тээсэн. Үзэсгэлэнг үзсэн хүмүүс эндээс ямар нэгэн юм авч гарч байгаагаа илэрхийлсэнд их баярласан.

Өөр нэг зүйл нь "Бүгдээрээ хот явна шүү дээ, очоод гоё юм үзнэ" гээд хэлсэн чинь манай хүүхдүүд бүр илүүтэй зүтгэсэн. Нэг хүүхдийн маань бүтээл явж өгөхгүй тойрч зугтаад байхаар нь "Ингээд бүтээл нь дуусахгүй бол хот авч явж чадахгүй, хүмүүсийг хуурч болохгүй, би та нарын өмнөөс хийж болохгүй, багш нь хийчих л юм бол бүгдээрээ хүмүүсийг хуурна гэсэн үг" гэж хэлээд ангиас гарсан юм. Орой нь нөгөө хүү маань гэрийн хаалга нүдээд "Багш аа, та намайг хасчихсан юм уу" гэсэн. "Үгүй ээ багш нь чамайг хасаагүй ээ" гэсэн чинь тэд нар харин намайг тэгээд, би айгаад гээд... иймэрхүү хөгжилтэй замыг туулсаар эцэст нь үр дүнг нь сайнаар дуусгаж чадлаа.

- Орчин үеийн хэв маягийг харуулсан контемпорари төрлийг сонгох болсон шалтгаан юу байв? 

- Хүүхдүүд маань реалист эсвэл өөр зураг зурах хэмжээнд арай суралцаагүй байгаа. Гэхдээ тэдний дотор өөрсдийгөө илэрхийлэхийг хүссэн хүсэл эрмэлзэл их байгааг мэдэрдэг байсан. Хэдий хэрсүү яриатай ч Улаанбаатарын хүүхдүүдийг бодоход цэвэрхэн цаас шиг санагддаг. Тэгээд хөдөө орон нутгийн онцлог, уул ус, мал амьтны талаар сайн мэддэг болохоор өөрсдийнх нь мэддэг зүйл дээр дөрөөлөөд үзэсгэлэн гаргая гэж бодсон.

Бас бид дугуйлан дээрээ орчин үеийн урлагийн талаар их ярилцдаг. Ойлгохгүй бол асуугаарай, нэг л юм эргэлзээтэй болоод эхэлбэл цаашдаа илүү төвөгтэй болдог юм шүү гэж их захиж хэлдэг. Одоо тэд их сайн асуудаг. Түүнчлэн үзэсгэлэнгээ хаана гаргах вэ гэдэг чухал. Хэд хэдэн газар судалж байгаад бидний саналыг найрсгаар хүлээн авч хөнгөлөлт үзүүлсэн Норпэй Арт Галерей болон дэмжиж тусгасан бүх хүнд баярласнаа илэрхийлмээр байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Миний нэг тооцоолоогүй зүйл байсан... 

- Тэр нь юу вэ?

- Сумын төвд юу ч олддоггүй гэдгийг тооцоолоогүй байсан болохоор нэлээд зардал гарсан. Юм олдохгүй болохоор Эрдэнэт, бүр болохгүй бол Улаанбаатар руу гараад давхичихдаг байлаа. Юмнуудаа авч ирээд хүүхдүүдээ үнэгүй гээд туйлах вий гэсэндээ “Багш нь эд нарыг цалингаараа… ” гээд хэлдэг. Тэрийгээ бас их хэлэхгүй ээ. Бидний бүтээл маш их сэтгэл шингэсэн нь харахад л мэдэгдсэн гэдэгт итгэлтэй байна. Анх удаа хотод ирсэн нэг хүүхэд байсан бөгөөд тэд маань амьдралдаа том дурсамж бий болгоод, сэтгэл өндөр харьсан. Хүүхдүүддээ бас баярлалаа гэж хэлмээр байна. 

- Хүүхдүүдийн дугуйланд хамрагдалт хэр байдаг вэ?

- Манай дугуйлангийн хамгийн идэвхтэй сурагчид бол дунд ангийнхан. Ахлах ангийн гурван хүүхэд бий. Тэдний нэг болох Билгүүн бид хоёр саяхан Улаанбаатарт ирээд “Hugo and Color” клубийн нэрэмжит уран зургийн улсын уралдаанд шагналт байр эзлээд, Соёл урлагийн их сургуулийн хуваарь авсан баяртай мэдээтэй сууна. Хүмүүст хэлээгүй явж байгаад сая “Том хүүхэд” үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр эрхийн бичгийг нь гардуулж өгсөн. Билгүүн бэлдэж байснаараа үнэхээр сайн оролцсон болохоор хөл нь газар хүрэхгүй л хөөрч баярласан. Өөрөө ч их авьяастай мундаг хүүхэд байгаа юм.

"Итали багш нар их гоё. Надад Хокусай таалагдаад, Пикасо тийм ч их таалагдахгүй байхад яагаад чамд Пабло Пикасо таалагддаггүй юм гэж хэзээ ч хэлдэггүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Мундаг юм аа. Одоо Итали руу суралцах болсон түүхээр хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье. 

- Би график дизайнер мэргэжилтэй хэдий ч бага байхын сайн зурдаг байсан. Өөрөө зурахдаа их дуртай. Ер нь л дотор маань гадагшаа явж сурах сонирхол байсаар л... Ар гэрийнхэн явуулах боломжгүй болохоор тийм зүйл хүлээгээд ч нэмэргүй байв. Өөрөө мөнгө олоод, цалингаа хураагаад явъя гэхээр мөн л боломжгүй. Гэсэн хэдий ч гадаад явж сурах бодлоо хаяхгүй явсаар байгаад их сургуулиа төгссөний дараа нэлээд хожуу өөрт байгаа давуу талаа ашиглая гээд зургийн үзэсгэлэн гаргах санаагаа 2012 онд бодож олсон.

Эхэндээ Америк явна гэж боддог байлаа. Танил ах Сан-Францискогийн урлагийн академийг санал болготол тэр сургуулийнх төлбөр 36 мянган ам.доллар гэсэн. Тэгэхээр нь 36 зураг зураад нэгийг нь 1,000 доллароор заръя гээд зүтгэчихсэн. Би шийдэх л юм бол шууд дайраад эхэлчихдэг зантай болохоор тэр зангаараа зураад эхэлсэн дээ. Тухайн үед азаар зөвлөгөө өгөх хэмжээний мундаг хүмүүстэй санамсаргүй байдлаар таарсандаа талархдаг.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гээд бас болоогүй долларын данс нээгээд 36 зургаараа "Улаан гэр" галерейд 2012 оны аравдугаар сард үзэсгэлэнгээ гаргалаа. Үзэсгэлэнгээ дөрвөн өдөр гаргахад 12 зургийг тус бүрийг нь 1,000 ам.доллароор зарчихсан гээд боддоо. Зураг авсан газруудын ихэнх нь манай харилцагч нар байсанд баярладаг. Урлагийн зөвлөл, ХААН банкнаас эхлээд олон байгууллага, хувь хүмүүс намайг дэмжиж зургийг минь авсан. Одоо бодоход заавал 1,000 доллароор зарна гээд гүрийж байсан нь хүмүүст их сэтгэгдэл төрүүлсэн байх. Би 12 мянган долларын түүхийг номон дээрээ бичиж байгаа.

Ингээд Заяа Монгол Италийн төвөөр дамжуулаад 12 мянган ам.доллартой Итали улсыг зорьсон. Хэл ус ч мэдэхгүй надад эхний сар үнэхээр хэцүү санагдсан ч "Заяа минь чи өөрөө хүсээд л ирсэн шүү" гээд өөрийгөө зоригжуулдаг байв. Эхний жилээ тэтгэлгийн материал өгөх хугацаанаас хоцроод өөрөө бүх зардлаа гаргахаар болсон. Тэр үедээ Мөнхийн Үсэг ХХК-ийн дизайнер байсан болохоор тэтгэлийн хэмжээний мөнгө олох гээд ажлуудаа аваад хийж өгсөн дөө. Монгол, Итали зургаан цагийн зөрүүтэй болохоор шөнөжингөө ажилладаг өдөр олон. Ингэж явсаар өвөл гэхэд би тэтгэлгийн мөнгөө аль хэдийн олчхоод тэтгэлэг авсан юм шиг л бусад хүүхдүүдтэйгээ зугаалж байж.

Эхний хоёр жил багш нар маань ч намайг олж хараагүй, би ч өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй явсаар гурав дахь жилээсээ учиргүй тодорсон. Бакалавраа төгсчхөөд буцах гэтэл багш нар маань магистртаа орох хэрэгтэй гээд намар авдаг бүртгэлээ зургаан сард хийж өгөөд Монгол руу явуулж байсан. Италид долоон жилийг өнгөрөөжээ.

- Итали бол дүрслэх урлагийн гайхамшгийг мэдрэх боломжтой орон. Танай дугуйланг тэр байдлаар, тэр соёлоор төсөөлөөд л байна. 

- Дугуйланд хүүхдүүд анх орж ирэхдээ их баригдмал байдаг. Би Италиас чөлөөтэй байдаг, чөлөөтэй сэтгэдэг тэрхүү соёлыг сурч ирсэн болохоор харандаа, цаас ашиглаад уламжлалт зургийн дугуйлан шиг байлгахыг хүсээгүй. Италид сурахын нэг давуу тал нь юу гээч. Тэнд дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг гэсэн зургууд цугладаг болохоор тэр бүгдийг үзэх боломж тохиодог.

Монголд байхдаа нэг удаа Норман Роквеллын хуулбар зургуудын үзэсгэлэнг очиж үзээд зүгээр л ангайгаад эх зургуудыг нь харах юм сан гэж бодоод өнгөрсөн. Италид нэгдүгээр курсэд байхад Ром руу сургалтын аялал хийхэд нь амжиж бүртгүүлээд явтал Норман Роквеллын үр хүүхдүүд түүний ихэнх бүтээлүүдийг эх хувилбараар нь аваад ирсэн үзэсгэлэн гаргаж байхад нь таараад үнэхээрийн биширч үзсэн дээ.

Италид галерей үзэх гэж хүмүүс маш удаан оочирлож байж ордог. Итали багш нар их гоё. Надад Кацусика Хокусай таалагдаад, Пабло Пикасо тийм ч их таалагдахгүй байхад яагаад чамд Пабло Пикасо таалагддаггүй юм гэж хэзээ ч хэлдэггүй. Харин ч "Зүгээрээ Заяа, чамд таалагдахгүй байж болно" гэж байв. Энэ бүх зүйлийг сураад ирсэн хүний хувьд би дугуйландаа тэр соёлыг бий болгох гэж хичээдэг.

"БАЙРНЫ АХААС ТҮРЭЭСИЙГ НЬ АСУУХАД 150,000 ТӨГРӨГ ГЭХЭД НЬ БИ АРВАН САРААР ӨГЬЕ ГЭЭД ТЭР ДОР НЬ ТАНИХГҮЙ ХҮН РҮҮ МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛЧИХСЭН"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Ийм байдлаар суралцах нь сайхан байсан байх. Хутаг-Өндөрт амьдрахыг сонгосон шалтгаанаа Та өмнө нь хэвлэлд ярихдаа байгальд нь татагдсан гэж хэлснийг уншсан. Өөр ямар нэгэн шалтгаан байсан уу?

- Би хотод бужигнаж байх дургүй. Бас чимээгүй тайван орчинд юмаа хийвэл надаас сайн бүтээл гардгийг мэддэг. Тэнд амьдрах шалтгаан гэвэл би байгальд үнэхээр их дуртай. 2018 онд Хөвсгөл явж байх замдаа унтаж байгаад нэг сэрсэн чинь үнэхээр үзэсгэлэнтэй газраар явж байсан. Энэ хаана вэ гэтэл Хутаг-Өндөрийн нутгаар явж байна гэсэн. Одоо бодоход Чагтагын нурууг тухайн үед харсан юм билээ. Тэр үед дотроо энэ моднууд намар их гоё харагдах байхдаа, энд амьдрах юм сан гэх бодлыг анх тээж байсан. Тэгж харснаас хойш би Итали руу буцсан ч Хутаг-Өндөрийг ярьсаар байгаад угаасаа хөдөө очиж амьдрах юм чинь Хутаг-Өндөртөө амьдаръя гээд, сургуульд нь багшлах хүсэлт сайн дураараа гаргаад, ажиллаж, амьдарч байна.

- Суманд амьдрахад хамгийн хэцүү зүйл нь өнөөдрийг хүртэл юу байв, байрлах байрнаас эхлээд мэдээж хэрэг асуудлууд тулгарч байсан байх тийм үү? 

- Багшилна гэдэг үнэхээр сайхан. Хүүхдүүд ч үнэхээр хөөрхөн. Харьцангуй жижиг бэрхшээлүүдийг даваад л гарсан. Байр чухал шүү. Азаар дотроо ариун цэврийн өрөөтэй, халуун хүйтэн устай байр олдсон. Байрны ахаас түрээсийг нь асуухад 150,000 төгрөг гэхэд нь би арван сараар өгье гээд тэр дор нь танихгүй хүн рүү мөнгөө шилжүүлчихсэн. Ингэж л миний суман дахь амьдрал эхэлсэн. (Инээв)

Хамгийн хэцүү нэг зүйл байсан нь хүмүүсийн хэл ам, хүнд итгэдэггүй зан гэж хэлнэ.

Манайхны хүнд итгэдэггүй зан их хэцүү. Би байгальд дурлаад ирсэн гэхэд хэн ч итгээгүй. Насаараа амьдрах гэж ирсэн гээд байхад л удахгүй шантраад буцна гэж хардаг байсан. Аав, ээж маань олон хүүхдээ тэжээж чадахгүй, амьдрал хэцүү байсан ч ороод ирсэн хүнд чадахаараа туслаад гаргадаг байлаа. Надад тэр зан, хүмүүжил байдагт нь баярладаг. Одоо гэхдээ харьцангуй хүмүүс мэддэг болсон байх. Би одоо Хутаг-Өндөрт бүр мөсөн шилжин амьдарч байгаа.

- Уран бүтээлчид өөрсдийн урлантай болох хүсэлтэй байдаг. Танд бий бол хаана байгуулахаар төлөвлөдөг вэ? 

- Нэг сэтгүүлч өмнө нь надаас хотод гоё урлантай болоод зургаа зураад явж болохгүй юу гэж асууж байсныг саналаа. Тэр үед "Эргэн тойрны байгалийг хардаа, би хамгийн гоё урланд байна" гэж хэлж байсан.

Хичээлгүй цагаараа би шууд уул руу давхичихдаг. Би сумын төвийнхөө хаана, юу байгааг одоогоор тийм ч сайн мэдэхгүй мөртлөө нар хаана хамгийн гоё харагдахаар мандаж, жаргадгийг мэддэг. Намайг байгальд үнэхээр их дуртайг хамт ууланд гарсан хүмүүс л ойлгоно. Хүмүүс сумын төвийг жижигхэн газар л гээд байдаг. Надад харин томддог. Сургууль нь хүртэл томдоод байна.

Болдог бол төвөөсөө зайтай байгальд амьдарч, тэндээ гоё урлантай болчихвол үнэхээр сайн бүтээлүүд надаас гарах байх. Тэгээд тэр гоё урландаа хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргана гэж боддог. График дизайны ажлаараа амьдралаа залгуулаад явж чадна. Харин зургийнхаа ажлыг жинхэнэ жаргалтай үедээ хийдэг юм.

Миний зураг тэр чигээрээ би болохоор тэр чинээгээрээ их үнэ цэнтэй

- Багшлах туршлага өмнө нь байсан уу, өөр орчинд өөр байдлаар ажиллах гэж хэцүү байсан байх тийм үү. Бас та давхар ажил хийдэг гэж сонссон, тэр ажлуудаа хэрхэн амжуулдаг вэ?

- Дугуйлан ажиллуулах гэж байсан хүн чинь бүр сургуулийн үндсэн багш болчихсон. Үндсэн багш юу хийдгийг мэдэхгүй надад өөрийн чинь хэлснээр бүх юм шинэ байлгүй яах вэ. Доод талдаа 19 цаг хичээл заадаг болохоор тэгээд л сайхан нөгөө цагт баригдмал амьдрал эхэлсэн. Багшийн ажил үнэхээр их юм билээ. Гэсэн хэдий ч нэгт дуртайдаа хийж байгаа, хоёрт хүүхдүүдтэй ажиллах их сайхан байдаг. Би очоод үнэндээ их турсан. Хүмүүст уг нь хэлээгүй байсан юм одоо гэхдээ хэлчихлээ. (Инээв)

"Хүн өөрөө юунд дуртай, тухайн зургаас юуг илүү таашаан харж, сэтгэл нь хэрхэн хөдөлж, ямар дурсамж нь сэдэрч байгаагаа анзаарч уран зургийг сонгож аваасай гэж боддог"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Багшийн ажлын хажуугаар гэвэл Мөнхийн үсэг ХХК-ийн дизайнераар 10 гаруй жил ажиллаж байна. Мөн Монгол Италийн төвд бүртгүүлэх гэж очсон өдрөөсөө хойш дизайнер хийж байгаа. Хутаг-Өндөрийн сургуультай зэрэгцээд Бат Солюшн Партнерс ХХК-д гэрээт дизайнераар ажилладаг болсон. Энэ газрууд миний багшийн ажлыг их хүндэтгэдэг болохоор би үнэхээр баярладаг. Хэзээ ч намайг хичээлтэй байхад залгадаггүй. Би гэхдээ ажилтай байна гээд тэр газруудын ажлуудыг хойш тавихгүйгээр шөнө ч болтугай суугаад хийдэг.

Манай сумынхан намайг дизайнер гэдгийг мэдээд Тамгын газар, эмнэлэг, сургуулиас эхлээд ийм юм хийгээд өгөөч гэж хэлдэг болсон. Би үгүй гэж хэлж чаддаггүй болохоор нэг хэсэг ачаалал ихсээд ядаргаанд орсон.

- Урлаг гэдэг хүнд онцгой баяр баясгаланг, мэдрэмжийг өгдөг зүйл. Уран зураг сонирхдог хүмүүс ч манайд ихсэж байгаа. Уран зураг авах гэж байгаа хүмүүст та юуг нь харж авахыг зөвлөх үү? 

- Аливаа юмыг дүрсэлж байгаа бүх юмс дүрслэх урлаг гэж боддог. Кино хүртэл дүрслэх урлаг. 

Орчин үеийн урлагаар хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болчихсон. Нэг зургийг хүн бүр өөрөөр харж, таашаана. Надад таалагдсан зураг нөгөө хүнд таалагдах албагүй. Тэгэхээр тухайн хүн өөрөө юунд дуртай, тухайн зургаас юуг илүү таашаан харж, сэтгэл нь хэрхэн хөдөлж, ямар дурсамж нь сэдэрч байгаагаа анзаарч сонголт хийж, аваасай гэж боддог.

Миний хувьд утга учрыг нэгт тавьдаг болохоор бүтээл бүтсэн түүхийг сонирхох дуртай. Бас хийсвэр, гоё өнгөтэй, гоё байгальтай зургийг илүү таашаадаг. Би цаг хугацааг өнгөөр төсөөлдөг юм. Миний төсөөлөл дунд улаан, ногоон өнгө байдаггүй.

- Ярилцсанд баярлалаа.